| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/03811/И |
| Дугаар | 102/ШШ2024/03250 |
| Огноо | 2024-06-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2024/03250
| Дугаар 102/ШШ2024/03250 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, * дүгээр баг, * байр, * тоотод оршин суух, * овогт * * /рд:*/
Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, Энхтайваны өргө чөлөө гудамж, * байр, * тоотод оршин суух, Чонос овогт * * /рд:*
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Э.*,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.* нь хариуцагч И.*д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 2017 онд И.*тай танилцаж дотносон улмаар бид 2018 оны 8-р сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн * дугаартай гэрчилгээ авсан. Бидний хүү * нь 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн. Анх танилцсан цагаас хойш бид байнгын хол зайн харилцаанд байсан. Хүү * төрсөн цагаас хойш өнөөдрийг хүртэл бүх хугацаанд би ганцаараа өсгөсөн. И.* нь 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл Австрали улсад суралцсаар байгаа. Энэ хугацаанд ирэн очин байдаг байсан ба 2022 оны 10 дугаар сараас хойш гэр бүлийн том маргаанаас үүдэн салж сүүлийн 2 жил гаруй хугацаанд буюу өнөөдрийг хүртэл бид огт гэр бүлийн харилцаа мөн ямар нэг холбоогүй байсан. 2022 онд бид маргалдсанаас үүдэн гэр бүлийн хүчирхийллийн хэрэг И.* дээр Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст бүртгэгдсэн. Бидний дунд ямар нэг эд хөрөнгийн маргаангүй. Би *тай харилцан ойлголцолд хүрээгүй цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзэн гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь сар бүр тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Хариуцагч И.* би гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Шүүх хурал болох өдөр буюу 2024.06.19-ний өдөр би гадаадад байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцох болно гэжээ.
3.Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 4, 6/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 3/, хүү Д*ын төрсний гэрчилгээний хуулбар лавлагаа, эрүүл мэндийн тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр цэцэрлэгийн тодорхойлолт /хх 8, 5, 7/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх 9/.
4.Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 19/, итгэмжлэл /хх 20/.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгчээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...2022 оны 10 дугаар сараас хойш гэр бүлийн том маргаанаас үүдэн салж сүүлийн 2 жил гаруй хугацаанд буюу өнөөдрийг хүртэл бид огт гэр бүлийн харилцаа мөн ямар нэг холбоогүй байсан. ...цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн агуулгаар тайлбарласан.
3. Хариуцагчаас нэхэмжлэлийн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай шаардлагуудыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.
4. Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар Э.* болон И.* нар гэр бүл болсныг эрх бүхий байгууллага 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр * дугаарт бүртгэсэн ба гэрлэгчдийн дундаас 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүү Д* төржээ.
4.1. Шүүх гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох, мөн гэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс талуудыг эвлэрүүлэхэд анхаарах үүрэгтэй.
Гэрлэгчид тусдаа амьдарч байгаа нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байхаас гадна хэн аль нь гэр бүл цуцлахыг зөвшөөрсөн, цаашид хамт амьдрах хүсэлгүй нөхцөл байдлыг үндэслэж шүүхийн зүгээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгүүдэд заасны дагуу эвлэрүүлэх арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
4.2. Хариуцагчийн зүгээс хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй, хүүхдийг эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн, мөн хүүхдийн насны байдлыг харгалзан хүү Д*ыг эхийн асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасантай нийцнэ.
Түүнчлэн хүү Д*ыг эхийн асрамжид үлдээж байгаатай холбоотойгоор хуульд заасан хугацаа болон хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг эцэг И.*гаас гаргуулан хүүхдэд олгох нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт нийцнэ.
4.3. Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Чонос овогт * *, * овогт * * нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Д*ыг эх Э.*ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Д*ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг И.*гаас гаргуулан олгосугай.
4. Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.*гаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.*д олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарлаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН