| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбат Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/07225/И |
| Дугаар | 184/ШШ2024/05803 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 184/ШШ2024/05803
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, *****-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* ******* *******-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мядаг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:...Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* *******-д холбогдуулан 74,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Гэтэл 2024.06.17-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/ШЗ2024/16744 дугаар захирамжаар хариуцагч ******* ******* ******* нь нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул хариуцагчийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Иймд ******* ******* *******-ийн хаяг нь тодорхойгүй тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2-р тал/, итгэмжлэл /хх-ийн 3-р тал/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШЗ2024/16744 дугаарта захирамж /хх-ийн 4-5-р тал/ зэрэг баримтууд байна.
3. Шүүхийн журмаар Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс оршин суугаа хаягийн лавлагааг гаргуулсан. /хх-ийн 11-13-р тал/
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* *******-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргасан ба нэхэмжлэлийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 18 гудамж, 297б тоотод оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дах хэсэгт заасан шүүхийн харъяаллыг зөрчөөгүй байна. /хх-ийн 10-р тал/
Нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг нь тогтоолгосноор гэрээний үүрэгт мөнгө нэхэмжилнэ хэмээн нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч ******* ******* ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн ба тэрээр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Юү Би товер, 10 дугаар давхар, 1001 тоот хаягт байдаггүй, ийм хаяг байхгүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШЗ2024/16744 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна. /хх-ийн 4-5-р тал/
Иймд хариуцагчийн оршин суух хаяг нь мэдэгдэхгүй, нэхэмжлэгч түүний хаягийг олох боломжгүй байх тул *******ийн хүсэлттэй, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* ******* *******-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулуун нь шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дах хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоон, нэхэмжлэгч ******* /РД:*******, утас:*******/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст үүрэг болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН