| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 185/2017/0611/Э |
| Дугаар | 15 |
| Огноо | 2017-12-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхтогоо |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж,
Улсын яллагч: Д.Мөнхтогоо,
Нарийн бичгийн дарга: О.Бадмаараг,
Шүүгдэгч Г,
Шүүгдэгч Э /шүүгдэгч нар өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г, Э нарт холбогдох эрүүгийн 1709007690210 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, ... тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаар ..., Э,
2. Монгол Улсын иргэн, ....тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаар ...., Г.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Яллагдагч Э нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто молл” төвийн гадна иргэн Г-тэй маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Яллагдагч Г нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто молл” төвийн гадна иргэн Э-тай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г мэдүүлэхдээ: Би мөн адил мөрдөн байцаалтын шатанд тодорхой мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд гэрч .. /хх-ийн 23/, гэрч .. /хх-ийн 26/, яллагдагч Э /хх-ийн 48-49/, яллагдагч Г /хх-ийн 54-55/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №10591 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29/, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №10623 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүгдэгч Г, Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г, Э нар нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто молл” төвийн гадна харилцан маргалдаж зодолдон улмаар бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э-ийн өгсөн: “...Г тэр 2 дээр очоод таксины 3000 төгрөг төлчих гэсэн чинь Г гэх залуу байхгүй гээд надтай маргалдсан. Тэгэхээр нь гарт нь байсан ууттай төмрийг нь булаагаад авах гэтэл над руу барьж байсан ууттай урт төмрөө савах агшинд уут нь задраад жижиг төмөр нь цацагдаж миний уруул шүдийг цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г өгсөн: “...Найз М-тай хамт такси бариад Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто молл төв рүү орж машины сэлбэг аваад иртэл тэр таксины жолооч намайг удаан хүлээлгэлээ, намайг хуурах гэлээ гээд учиргүй зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,
Гэрч Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...дэлгүүрийн үүдэн дээр таксины жолооч шууд Г ахын нүүр болон толгой руу нь гараараа хоёроос гурван удаа цохисон. Намайг салгах хооронд Г ахын нүүр хавдчихсан байсан ба би таксины жолооч эрэгтэйг “та яаж байгаа юм бэ” гэтэл “муу хогийн архичин царайтай юмнууд хулхидах гэж байгаа юм, халаасандаа мөнгөгүй хулгайч” гээд Г ах руу дайраад байсан. Дахиад Г ах руу дайраад гараараа улаан нүүр лүү нь цохиод байсан. Г цагдаа дуудна гэтэл зугтах гэж оролдсон. ...Г ахын гэрт нь хөдөөнөөс айраг ирсэн байсан. Бид хоёр 2 аяга айраг л уусан байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
Гэрч Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Авто моллын зогсоол дээр харуулын үүрэг гүйцэтгэж байсан. Приус маркийн машин ирээд зогссон ба машинаас нэг залуу буугаад Авто молл орсон. Тэгээд 5-10 минут болоод дахин нэг хүн буугаад орсон. Хэсэг хугацаа өнгөрсөний дараа машины жолооч бууж ирээд энэ хоёр хаашаа алга болчихов гээд байсан. Тэгээд нөгөө хоёр залуу гарч ирсэн чинь жолооч хамгийн эхэнд орсон залууг шууд цохисон. “Чи хаашаа алга болчихдог юм би явах гээд байна” гэсэн. Приусийн жолоочийг намайг цаашаа харсан байхад цохисон байж болзошгүй. Тэр хоёр хоорондоо зууралдаад байсан. Хамт явж байсан залуу нь хажууд нь зүгээр зогсоод байсан. Хамгийн эхэнд орсон залуу гартаа ууттай төмөр барьсан явж байсан. Машины урд төмөр байсан. Жолооч тэр хоёр хоорондоо зууралдаж байхад барьж явсан төмөрнөөс нь шаариг тарж унасан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26/,
Яллагдагч Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Авто молл төвийн гадна Г нь таксины мөнгөө төлөхгүй болохоор нь маргалдаж би уурандаа түүний хацар, нүүр хэсэгт нь 1-2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,
Яллагдагч Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Авто молл төв орж машины сэлбэг аваад гараад иртэл таксины жолооч намайг шууд нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. Би машины төмөр сэлбэг барьсан болохоор миний гарт байсан төмрийг булааж авах гэж байгаад төмөрний жижиг хэсэг нь шүдийг цохисон байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №10591 дугаартай дүгнэлт: Г-ийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, дээд уруул, баруун чихний ар, хүзүүний баруун хажуу хэсэгт цус хуралт үүсжээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 29/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №10623 дугаартай дүгнэлт: Э-ийн биед баруун дээд үүдэн 2 дугаар шүдний сулрал, бүсэлхийн зүүн доод хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун гарын алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 33/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г, Э нарын гэм буруутай үйлдэлүүд нь хангалттай тогтоогдсон гэж дүгнэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хувьд нийгэмд тогтсон зан, ёс суртахууны хэм хэмжээ, харьцааны болон соёлын түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нар нь өөрсдийн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар харилцан маргаагүй тул шүүх энэ талаар няцаан үгүйсгэх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Г, Э нар харилцан бие биедээ хөнгөн гэмтэл учруулж, үүний улмаас эрүүл мэндэдээ учруулсан хохирлын хувьд харилцан тохиролцож эвлэрсэн, гомдол саналгүй тухай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно.
Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал, санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Г, Э нарт торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ял оногдуулах боломжтой байна.
Шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нар /мөн хохирогч/ нь харилцан сайн дураар эвлэрсэн, хохирол төлбөргүй, гомдол саналгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г, Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-г 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-г 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г, Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г, Э нарт оногдуулсан 460.000 төгрөгийн торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г, Э нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй шүүх торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г, Э нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.АЛДАР