Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/285

 

 

 

 

 

 

  2023             03            14                                        2023/ДШМ/285

 

 

         Г.Л-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Э,

хохирогч “Ц” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Б,

шүүгдэгч Г.Л, түүний өмгөөлөгч Ц.Д,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/1155 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Л, түүний өмгөөлөгч Г.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Л-д холбогдох ........................... дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Г.Л нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 5 дугаар сараас 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Ц” ХХК-ийн ложистикийн мэргэжилтнээр ажиллаж байсан албан тушаалын байдлаа ашиглаж, бараа авах гэж буй мэтээр нэхэмжлэл бичүүлэх, захиалгын дагуу авсан бараагаа авахаа больсон гэж буцааж төлбөрийг авах, захиалгын дагуу авсан барааг компанид хүлээлгэж өгөхгүйгээр захиран зарцуулах зэргээр хуурч, бодит байдлыг нуух, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж нийт 46.572.800 төгрөг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Л-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Л-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглаж үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Л-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-д оногдуулсан 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Л-с 42.145.000 төгрөгийг гаргуулж хохирогч “Ц” ХХК-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний хариуцагч нараас гаргуулах хохирол төлбөргүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Л давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн буруутай үйлдэлдээ маш их гэмшиж мөрдөн байцаалтын шатнаас эхлэн шүүхээр орж эцсийн шийдвэр гарах хүртэл гэм буруугаа хүлээсээр ирсэн ба хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлж байсан. Миний тус хэргээс болж эхнэр надаас салж, Бүгд найрамдах Солонгос улс руу явсны улмаас 3 охиныг минь надаас өөр асран хамгаалах хүнгүй ганц бие эцэг болсон. Иймд та бүхэн миний хүсэлтийг харгалзан үзэж шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. Миний бие 3-6 сарын хугацаанд “Ц” ХХК-ийн хохирол гомдлыг 100 хувь төлж барагдуулах болно гэдгээ хариуцлагатайгаар амлаж байна. Мөн миний 3 охиныг минь надаас өөр харж хандах хүнгүй байгааг минь харгалзан үзэж, надад оноосон хорих ялыг торгуулийн эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Л-ийн өмгөөлөгч Г.Д давж заалдах гомдолдоо: “...Г.Л-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар “Албан тушаалын байдлаа ашиглан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхэд өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийг зүйлчлэл дээр маргаж оролцсон Г.Л нь мөрдөн байцаалтын шатнаас хэргээ үнэн зөв мэдүүлж, гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээж оролцсон. Тэрээр “Ц” ХХК-ийн ложистикийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2021 оны 5 дугаар сараас 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд уг албан тушаалын байдлаа ашиглан 46.572.800 төгрөг бараа авах мэтээр нэхэмжлэл бичүүлэх, захиалгын дагуу авсан бараагаа авахаа больсон гэж буцааж төлбөрийг авах, захиалгын дагуу авсан барааг компанид хүлээлгэн өгөхгүйгээр захиран зарцуулах зэргээр хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон залилсан гэмт хэрэгт яллагдагчаар татагдаж, анхан шатны шүүхээс 2 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Г.Л нь бүрэн дунд боловсролтой бөгөөд ямар нэгэн мэргэжил эзэмшээгүй, “Ц" ХХК-ийн ложистикийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлтод зааснаар “Гаалийн барааг буулгах, ачих” зэрэг ажил үүрэг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд түүний ажлын байр нь “Гаалийн талбай” болохоос шийтгэх тогтоолд заасан “Компанийн барааг худалдан авах, нэхэмжлэл бичүүлэх” эрх үүрэггүй юм. Компанийн барааг худалдан авах, нэхэмжлэл бичүүлэх нь түүний компанийн төлөө хийж байсан сайн дурын ажил бөгөөд үүнийг албан тушаалын байдлаа ашигласан гэж үзэх үндэслэлгүй юм. Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтаас үзвэл хөдөлмөрийн гэрээнд албан тушаалын байдлаа ашиглах тухай ойлголт яригдах боломжгүй бөгөөд энэ нь зөвхөн Төрийн албан тушаалтны тухайд яригдах ойлголт гэж харагдахаар байна. Г.Л нь 2-7 насны 3 охины хамт оршин суудаг, одоо охидууд нь түүний өндөр настай аав дээр байгаа бөгөөд эхнэр нь Бүгд Найрамдах Солонгос Улс руу харлаж, ажиллаж амьдрахаар явсан зэргийг харгалзан түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Л-ийн өмгөөлөгч Ц.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Л өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч этгээдэд учруулсан хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа боловч түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн эсэх, аль гэмт хэргийн шинжийг хангаж байгаа, гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болох албан тушаалаа ашиглаж үйлдсэн гэж үзэх эсэх нь яллах болон цагаатгах талыг өмгөөлж байгаа өмгөөлөгч, улсын яллагчийн мэтгэлцээний үндсэн дээр анхан шатны шүүхээс шийдвэрлэх асуудал. Анхан шатны шүүхээс хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр миний үйлчлүүлэгчийг залилан мэхлэх гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, миний үйлчлүүлэгч Г.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн субъектийн шинжийг хангахгүй байна гэж үзэж байна. Монгол улсын шүүх хуулийг нэг мөр хэрэглэх зарчмын дагуу Улсын Дээд шүүхээс аливаа асуудлыг эцэслэн шийдвэрлэж тухайн тохиолдол бүрд нийцүүлэн гаргасан тайлбарыг баримтлан хууль тогтоомжийг нэг мөр хэрэглэх практик тогтсон байдаг. Үүний дагуу Улсын Дээд шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 435 дугаар тогтоолд ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо хууль тогтоогч, нийтийн албан тушаалтны албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдээс албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдыг хуурч мэхлэх, эсхүл зохиомол байдлуудыг зориуд бий болгох, бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан эд хөрөнгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр тусгайлан зохицуулсан... гэж тайлбарласан. Ийнхүү тайлбарласан нь залилах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь тусгай субъект буюу нийтийн албан тушаалтан гэсэн ойлголт болохыг тайлбарлаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Авлигын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарах субъектүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байгааг Улсын Дээд шүүхийн 435 дугаар тогтоолоор тайлбарласан байна. Миний үйлчлүүлэгч Г.Л нь тухайн компанид ложистикийн мэргэжилтнээр ажилладаг. Түүний ажлын байрны тодорхойлолтод 6 удаагийн үйлдлээр компаниас худалдан авалтын үйл ажиллагаа явуулахаар нэхэмжлэхийн дагуу мөнгө шилжүүлсэн үйлдлийг авч залилсан гэх үйлдэлтэй нь холбоотой эрх, үүрэг тусгагдаагүй. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх хууль ёсны зарчмыг ноцтой зөрчиж, түүний ажлын байрны тодорхойлолтод заасан ойролцоо гэж үзэж болох ажил гүйцэтгэх үүргийг компанийн даалгавар, худалдан авалтын үйл ажиллагаа явуулах эрх, үүрэгтэй мэтээр тайлбарлаж, албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгааг өмгөөлөгчийн зүгээс хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэв албан тушаалын байдлаа ашигласан бол Г.Л-д ямар эрх, үүрэг олгогдсон байсан юм бэ. Дүрэм, журам, тушаал шийдвэрийг зөрчсөн гэх талаар тодруулах ёстой байсан. Гэтэл ийм үйл баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй. Харин Г.Л-ийн нэр бүхий иргэний хариуцагч нараас дансны мэдээллийг болон бараа материал худалдан авна гэж хуурч нэхэмжлэл гаргуулсан үйлдэл ямар нэгэн албан тушаалтай байх эсэх нь хамааралгүй бөгөөд хувь хүн, хуулийн этгээдтэй харилцаж байсан бие даасан ажил үүрэгтэй хамааралгүй харилцаа байсан гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримттай танилцахад эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа дуусахад 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр мөрдөгчийн зүгээс анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлэх санал гаргасан байдаг. Ингэхдээ ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хангаж байгаа тул шүүхэд шилжүүлэх санал гаргаж байна... гэдгээ тодорхой тусгасан байсан. Прокурор мөрдөгчөөс гаргасан санал, дүгнэлтийг ямар нэгэн няцаалт өгөхгүйгээр шууд хүндрүүлж яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлсэн байгааг онцолж хэлэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг баримталж миний үйлчлүүлэгч Г.Л-ийн хувийн байдал болох өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй, мөн бага насны 3 хүүхдүүдийнхээ цорын ганц асран хамгаалагч байгаа. Анхан шатны шүүх хуралдаанаар Г.Л-ийн найз нь ажил хийлгэе, 10.000.000 төгрөгийг өгч байя, машин механизм өгье гэж аль болох боломжит хэлбэрийг гаргаж байсан боловч үүнийг хохирогч тал хүлээж аваагүй нөхцөл байдал байдаг. Миний үйлчлүүлэгч хохирол, төлбөрийг нөхөн төлөхөө удаа дараа илэрхийлж байгаа. Эдгээр бүх нөхцөл байдлуудыг харгалзан зүйлчлэлийг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч “Ц” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Албан тушаалын байдлыг урвуулан ашиглаагүй, ажил үүргийн тодорхойлолт байхгүй, тулгаж ажил хийлгэсэн мэтээр өмгөөлөгчийн зүгээс хэлж байна. Манай байгууллагаас хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт болон холбогдох бүх гэрээг хэрэгт хавсаргасан байгаа. Ажил үүргийн тодорхойлолтод тухайн ажилтны ажил үүргийн дагуу дотоодын худалдан авалтын нэхэмжлэх хувийг авч, байгууллагыг төлбөрийг төлүүлсний үндсэн дээр барааг авч харилцагчид хүргэнэ гэж ажил үүргийн тодорхойлолтод заасан байгаа. Г.Л өөрөө ажил үүргийн тодорхойлолттой танилцаж, сайн дурын үндсэн дээр гарын үсэг зурсан. Бид хүчээр гарын үсэг зуруулж, ажил хийлгээгүй. Манай компанийн зүгээс албан тушаалын байдлаа ашигласан гэж үзэж байна. Бидний зүгээс цагдаагийн байгууллагад 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдөр гомдол гаргаж, 2022 оны 7 дугаар сард хэрэг анхан шатны шүүхэд шилжсэн. 2022 оны 12 дугаар сард шүүх хуралдаан болох хүртэлх хугацаанд Г.Л-ийн зүгээс утсаар, мессежээр хохирол барагдуулах ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Анхан шатны шүүх хуралдааныг завсарлуулж, 5 хоногийн хугацаа авч хохирол барагдуулна, 10.000.000 төгрөгийг өгнө гэж хэлсэн. Бидний зүгээс баримттай нь манай байгууллагын албаны данс руу хий гэхэд за гэж анхан шатны шүүх хуралдааныг завсарлуулсан ч төлөөгүй. Мөн ...Автомашин хохиролдоо тооцуулж өгье... гэхэд нь ...Автомашинаа бэлдчих, хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгэж хохиролд тооцуулж авна... гэж хэлсэн бас хийгээгүй. Анхан шатны шүүх хуралдаан өглөө 08 цаг 00 минутад товлогдсон байхад хохирлоо барагдуулна гэж хэлээд завсарлага авсан ч хохирол барагдуулаагүй. Хохирол, төлбөрийг барагдуулна гэж хэлсэн хэрнээ анх цагдаад мэдүүлснээсээ хойш буюу 9 сарын хугацаанд нэг ч төгрөг  шилжүүлээгүй байгаа, харин ял хөнгөдсөн гэж үзэж байна...” гэв.

Прокурор Н.Э тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь нийтлэг субъекттэй гэмт хэрэг байгаа. Энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж тухайн субъектийг ямар ч албан тушаалтныг ойлгож болохоор нийтлэг байдлаар хуульчилсан байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс нийтийн албан тушаалтан гэж Улсын Дээд шүүхийн тогтоолыг дурдаж байна. Энэ нь 22 дугаар бүлэг буюу нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгох буюу 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийг ялгаж зүйлчлэх талаар гаргасан тайлбарыг дурдаж байна гэж ойлголоо. Нийтийн албан тушаалтан гэдэг нь тусгай субъекттэй тодорхой төрлийн гэмт хэргүүд дээр яригдана. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийтлэг субъекттэй буюу нийтийн албан тушаалтан гэж хүндрүүлээгүй. Албан тушаалын байдлаа ашиглаж гэж хүндрүүлж хуульчилсан. Өөрөөр хэлбэл, Г.Л тухайн байгууллагад ажилладаг, албан тушаал эрхэлдэг байдлаа ашиглаж бусдаас мөнгө шилжүүлэн авч байгаа үйлдэл байгаа. Иймд Г.Л-ийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Л нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 5 дугаар сараас 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн ........... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Ц” ХХК-ийн ложистикийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, бараа авах гэж буй мэтээр нэхэмжлэл бичүүлэх, захиалгын дагуу авсан бараагаа авахаа больсон гэж буцааж төлбөрийг авах, захиалгын дагуу авсан барааг компанид хүлээлгэж өгөхгүйгээр захиран зарцуулах зэргээр хуурч, бодит байдлыг нуух, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж нийт 46.572.800 төгрөг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ч-ын “...Манай “Ц” ХХК нь “...” компанийн ханган нийлүүлэгч буюу уул уурхайн жижиг тоног төхөөрөмж, сэлбэг, материал нийлүүлдэг, Сүхбаатар дүүргийн .... хороо Д оффис ..... тоотод үйл ажиллагаа явуулдаг компани байгаа юм. Манай компанид ложистикийн мэргэжилтнээр ажиллаж байсан Г.Л нь албан тушаалаа урвуулан ашиглаж компанид хохирол учруулсан үйлдэл гаргасан бөгөөд Г.Л нь компанийг төлөөлж гаалиас ирсэн барааг авч, захиалгат байгууллагад нь хүлээлгэж өгөх ажил эрхэлдэг юм. Манай байгууллага нь 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр “М” ХХК-иас 11 тонны арматурын төмөр худалдаж авахаар утсаар тохиролцож тус компанийн нэхэмжлэлийн дагуу 27.500.000 төгрөг шилжүүлсэн боловч Г.Л нь “М” ХХК-ийн данснаас 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 24.750.000 төгрөгийг Л өөрийн данс руу шилжүүлчихсэн байгаа юм. Тэгээд үүнийг тодруулахад ямар нэгэн арматурын төмөр авсан зүйл байхгүй, нэхэмжлэлийн дагуу манай “Ц” компаниас мөнгө авчхаад үүнийг Л өөртөө авсан байсан. Компанид ямар нэгэн арматурын төмөр хүлээлгэж өгсөн зүйл байхгүй байгаа. Энэхүү “М” компани нь арматур зардаг компани биш бөгөөд кабелын утас зардаг компани байгаа юм. Тухайн компанийн захирлаар Б.Э ажилладаг юм. Үүний дараа 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Е” компаниас тросс авахаар 2.728.000 төгрөгийг Г.Л-ийн явуулсан нэхэмжлэлийн дагуу “Ц” компанийн ............... дугаарын данснаас “Е” компанийн ............... дугаарын данс руу 2.728.000 шилжүүлсэн. Тэгтэл нийт 310 ширхэг тросс авах байсныг 100 ширхгийг бараагаар авч 210 ширхэгийн мөнгийг өөрийн данс руу шилжүүлээд авчихсан байсан. 100 ширхэг троссыг компанид хүлээлгэж өгсөн зүйл байхгүй, юунд зарцуулсан нь тодорхойгүй байгаа юм. “Е” компанийн ажилтан ................ утастай байсан юм. Үүний дараа 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр “Ө” компаниас 454.800 төгрөгөөр авах байсан селикон, хөөс, модон пүрш, нойлын утас гэх мэт нэхэмжлэлийн дагуу “Ө” компани уруу шилжүүлсэн бөгөөд үүнийг лавлаж асуухад “бараа материалыг бүгдийг нь Л авч явсан” гэж надад хэлсэн. Тэгтэл Л бараа материал захиалгат компанид өгсөн зүйл байхгүй байгаа юм. Үүний дараа 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдөр “Б” ХХК-иас барилгын материал авахаар 12.055.000 төгрөгийн нэхэмжлэлийн дагуу компанийн данснаас “Б” компанийн ............ дугаарын данс уруу 10.155.000 төгрөгөөр нэг удаа, 1.900.000 төгрөгөөр нэг удаа нийт 12.055.000 төгрөгийг шилжүүлж өгсөн бөгөөд “Б” компанийн ажилтан У-ээс лавлаж асуухад бараа материалаа бүгдийг нь Л аваад явсан, нэмэлт өртгийн албан татвараа шивүүлээгүй, утсаа авахгүй алга болчихсон гэж хэлсэн. Үүний дараа манай компанийн хувьцаа эзэмшигч Э.П-ийн Хас банкны ...............дугаарын данснаас Э гэх хүний ........... гэсэн дугаарын Хаан банкны данс руу 3.250.000 төгрөгийг Г.Л-ийн хэлсний дагуу ширээ авахаар захиалга өгч мөнгө өгсөн бөгөөд ширээ авсан зүйл байхгүй, мөнгөө ч эргүүлж авсан зүйлгүй байгаа юм. Үүний дараа 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай хувьцаа эзэмшигч Э.П-ийн Голомт банкны ................. дугаарын данснаас Г.Л-ийн хэлсэн .............. дугаарын Хаан банкны данс руу 585.000 төгрөгийг Х маркийн машины босоо тэнцүүлэгчийн ком авахаар шилжүүлсэн боловч машины сэлбэг авсан зүйлгүй, энэ мөнгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй болсон юм. Ийнхүү дээрх байдлаар Г.Л нь захиалгын нэхэмжлэлийг компанид үзүүлж үүний дагуу компанийн данснаас болон компанийн хувь эзэмшигчийн данснаас мөнгийг шилжүүлж авчхаад уг бараа материалыг компанид юу ч хүлээлгэж өгөөгүй бөгөөд үүнийг өөрөөс нь тодруулахаар бүгдийг нь өөрөө ашигласан гэж хэлдэг юм. Ийм байдлаар дээрх 6 удаагийн үйлдлээр компанид 46.572.800 төгрөгийн хохирол учруулсан байгаа юм. ...” /хх 34-35, 169/,

гэрч Б.Т-ын “2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 100 айлын манай компанийн дэлгүүрээс Л гэх эрэгтэй нь 300 ширхэг “тросс зүлгүүр”-ийг авахаар болж манай компани 2.728.000 төгрөгийн нэхэмжлэл бичиж өгсөн бөгөөд “Ц” ХХК-иас 2.728.000 төгрөгийг манай “Е” ХХК-ийн данс руу шилжүүлж, үүнээс НӨАТ-ын 10 хувь хассан бөгөөд манай компанид 50 ширхэг зүлгүүр байсан учраас 400.000 төгрөгийн үнэ бүхий бараа материал авахаар болж үлдэгдэл мөнгөөр өөр хүнээс бараа материал авна гэж хэлэхээр нь би өөрийн хувийн данс болох Хаан банкны ............... дугаарын данснаас Л-ийн ................ дугаарын дансанд 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 2.005.200 төгрөгийг шилжүүлж өгсөн юм. Тэгээд надаас авсан 400.000 төгрөгийн үнэ бүхий 50 ширхэг зүлгүүрийг “Машинд багтахгүй байна, дараа авъя” гэж хэлээд үлдээсэн бөгөөд дахиж ирж аваагүй. Тэгээд 7 хоногийн дараа залгаад “Өнөөдөр авна” гэж хэлээд бас ирээгүй, ингээд 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр над руу залгасан бөгөөд Л нь “8000 төгрөгөөр авсан зүйлсээ буцаая” гэж хэлэхээр нь би буцаалт хийхгүй талаар түүнд тайлбарлаж хэлэхэд “Одоо наад зүлгүүр чинь надад хэрэггүй, 1 ширхгийг 2000 төгрөгөөр тооцож 50 ширхгийг буцаалт хийлгэе” гэж хэлсэн. Ингээд би 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр би өөрийн Хаан банкны ................. дугаарын данснаас Л гэх хүний ................ дугаарын дансанд 100.000 төгрөгийг шилжүүлж өгч энэ хүнд ямар нэгэн өр төлбөргүй салсан юм. Л гэх хүнтэй холбоотой өр авлагын зүйл байхгүй. ...” /хх 123, 177/,

гэрч Н.У-ийн “...Өмнө нь манай нөхрийг таньдаг байсан Л гэх залуу нь “Ц” ХХК-ийг төлөөлж түгжээ 2500 ширхэг, вибараторын хошуу 3 ширхэг, вибаратор 2 ширхэг, эргэдэг хомут 400 ширхэг, эргэдэггүй хомут 400 ширхэг, богино дэгээ 750 ширхэг, урт дэгээ 750 ширхэг, чагтан чойнт 250 ширхэгийг авахаар 12.055.000 төгрөгийн нэхэмжлэл бичүүлж уг мөнгийг манай компанийн данс руу шилжүүлж авсан юм. Шилжүүлэхээс өмнө манай компанийн зүгээс Л-д чагтан чойнт 250 ширхэг байхгүй гэдгийг хэлтэл Л нь “НӨАТ шивдэггүй газраас авч байгаа, нэхэмжлэл бичээд өгчих, 10 хувийг нь суутгаж аваад мөнгөө хувийн дансаар аваад би өөрөө өөр газраас худалдаад авчихъя” гэж хэлсэн бөгөөд Л-д хувийн дансаар нь мөнгө шилжүүлж өгсөн бөгөөд үүнээс хойш Л нь хэд хэдэн удаа хувийн дансаар мөнгө авсан бөгөөд 10.592.500 төгрөгийг Л-д өгчихсөн байгаа юм. Энэ мөнгийг би болон нөхрийн хувийн дансаар Л-д өгсөн байгаа. 2022 оны 2 дугаар сарын сүүлээр 30 ширхэг панер авсан гэхдээ энэ дээр нэхэмжлэл бичүүлж аваагүй бөгөөд энэ нь 2.040.000 төгрөгийн үнэтэй юм. Үүний мөнгийг дээрх “Ц” ХХК-иас өгнө гэж хэлсэн юм. Энэ 30 ширхэг хавтанг зээлж авсан юм, юунд ашигласныг мэдэхгүй байна. Мөнгийг одоо болтол өгөөгүй байгаа. Харин нэхэмжлэл бичүүлсэн 12.055.000 төгрөгийн материалаас огт юу ч аваагүй бөгөөд мөнгийг нь цувуулж аваад дуусчихсан. Би Л-ийг танихгүй. Манай компаниас бараа материал авна гэж бичиж өгсөн бөгөөд үүнээс 5.500.000 төгрөгийн үнэ бүхий “чагтан чойнт” байгаагүй учраас хувь хүнээс авна гэж хэлээд нэхэмжлэл дээрээ нэмж бичүүлсэн юм. Гэхдээ манайхаас огт бараа аваагүй юм. Манай нөхөр болон миний хувийн данснаас миний санаж байгаагаар 2.900.000 төгрөг, 7.800.000 төгрөгөөр, 300.000,. төгрөг, 500.000 төгрөгөөр авсан, эдгээр дансны гүйлгээ байгаа бөгөөд үүнийг гаргаж өгнө. ...” /хх 125, 174/,

гэрч Л.Г-ы “...Би хувиараа мужааны ажил хийдэг юм. Л гэх зүс таних хүн надаар ширээ хийлгүүлэхээр 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр ирсэн бөгөөд ширээ хийх төлбөр болгож 3.250.000 төгрөгийг Л-ээс авсан, мөнгөө компаниас шилжүүлнэ гэж хэлээд шилжүүлсэн юм. Тэгтэл мөнгө орж ирсний дараа “материалыг нь өөрөө авч өгье” гэж хэлээд надаас материалын мөнгө гэж 2.150.000 төгрөгийг буцааж шилжүүлсэн бөгөөд 2-3 хоногийн дараа дахиад 300.000 төгрөг авсан. Дараа нь 100 айл дээр уулзаж “Би ширээ хийлгэхээ болилоо” гэж хэлсэн бөгөөд 200.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгч үлдэгдэл мөнгө болох 600.000 төгрөгийг бэлнээр өгч түүнд надад өгсөн 3.250.000 төгрөгийг бүгдийг нь өгсөн юм. Би нэхэмжлэл бичиж өгсөн зүйл байхгүй, “болилоо” гэж хэлээд бүх мөнгөө буцааж авсан. Ямар компаниас гэдгийг мэдэхгүй анх мөнгөө өгчхөөд зургаа баталгаажуулж хийлгэх ширээгээ тодорхой болгоно гэж хэлээд явсан, дахин ярихад материалыг нь Л өөрөө авна гэж хэлсэн юм. Би 2.650.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн бөгөөд үлдэгдэл 600.000 төгрөгийг бэлнээр өгсөн байгаа. Дансаар шилжүүлж өгсөн дансны хуулгыг гаргаж өгнө. ...” /хх 119/,

гэрч Б.Э-ийн “...Манай компаниас өмнө нь “Ц” ХХК компанийн ажилтан Л нь 2021 оны эхээр 2-3 удаа барилгын материалын эд зүйлс авч байсан бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Л нь над уруу утсаар залгаж “Хөгшөөн нэг нэхэмжлэл бичээд өгчих, “Ц" ХХК нь арматур авах гээд нэхэмжлэл хэрэгтэй байна, чи тэгээд 10 хувийг нь суутгаад авчих” гэж хэлсэн юм. Тэгээд Л-д арматурын нэхэмжлэл /хэдэн тонн арматур гэдгийг нь санахгүй байна/ бичиж өгөөд манай компанийн дансанд 27.500.000 төгрөг орж ирсэн бөгөөд үүнийг тэр дор нь 10 хувийг суутгаж авч 24.550.000 төгрөгийг Л-ийн .................... дугаарын Голомт банкны данс уруу шилжүүлсэн юм. Тухайн үед Л манай компаниас ямар нэгэн бараа материал аваагүй бөгөөд манай компани арматурын төмөр зардаггүй юм. ...Л-ийн 27.500.000 төгрөгийн нэхэмжлэл бичүүлж 10 хувийг хасуулсантай тэнцэх мөнгийг буцааж “Ц” ХХК руу шилжүүлсэн байгаа” /хх 128, 180/,

гэрч Э.П-ийн “...2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Л нь Г гэх хүнээр 3.250.000 төгрөгөөр гар хийцийн ширээ сандал хийлгүүлэхээр болсон бөгөөд ...компанийн данснаас мөнгө шилжүүлэх гэхээр тухайн хувь мужаан хийдэг хүн нь баримт гаргаж өгөх боломжгүй байсан учир би өөрийн хувийн Хас банкны .................. дугаарын данснаас 3.250.000 төгрөгийг Г гэх хүний данс руу шилжүүлж өгсөн юм. Харин Л нь Г-аар ширээ сандал хийлгүүлээгүй мөнгийг хувьдаа ашигласан байсан. Мөн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Э гэх хүнээс Киа автомашины сэлбэг худалдан авахаар 585.000 төгрөгийг би өөрийн Голомт банкны ................ дугаарын данснаас Б.Э гэх хүний ............... дугаарын дансанд шилжүүлж өгсөн юм. Энэ сэлбэг зарах хүнийг мөн Л олж өгсөн бөгөөд түүний хэлснээр мөнгийг шилжүүлсний дараа сэлбэг авчирсан зүйл байхгүй байгаа юм. Дээрх хоёр удаагийн гүйлгээгээр гарсан нийт 3.835.000 төгрөг нь надад биш компанид учирсан” /хх 171/,

“Ц” ХХК-иас 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр “М” ХХК-ийн данс руу 27.500.000 төгрөгийг шилжүүлсэн талаарх Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл /хх 19/, “Е” ХХК-ийн нэхэмжлэхийн хуулбар /хх 23/,

“Ц” ХХК-иас 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Е” ХХК-ийн данс руу 2.728.000 төгрөгийг шилжүүлсэн талаарх Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл /хх 24/,  “Б” ХХК-ийн нэхэмжлэхийн хуулбар /хх 25/,

“Ц” ХХК-иас 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдөр “Б” ХХК-ийн данс руу 10.155.000 төгрөг, 1.900.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн талаарх Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл /хх 26/, “Ө” ХХК-ийн нэхэмжлэхийн хуулбар /хх 28/,

“Ц” ХХК-иас 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр “Ө” ХХК-ийн данс руу 454.800 төгрөгийг шилжүүлсэн талаарх Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл /хх 29/,

гэрч Э.П-ээс гэрч Л.Г-ы данс руу 3.250.000 төгрөгийг шилжүүлсэн талаарх Хас банкны цахим гүйлгээний мэдээлэлийн хуулбар /хх 30/,

гэрч Э.П-ээс Б.Э-ийн данс руу 585.000 төгрөгийг шилжүүлсэн талаарх Голомт банкны цахим гүйлгээний баримтын хуулбар /хх 31/,

гэрч Л.Г-ы Хаан банк дахь дансны хуулга, шүүгдэгч Г.Л-д 2.150.000 төгрөгийг, 300.000 төгрөгийг, 200.000 төгрөгийг тус тус буцаан шилжүүлсэн талаарх баримт /хх 106/,

гэрч Б.Т-ын Хаан банк дахь дансны хуулга /шүүгдэгч Г.Л-д нь 2.005.200 төгрөгийг, 100.000 төгрөгийг тус тус буцаан шилжүүлсэн хх 134-135/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн Г.Л-ийг албан тушаалын байдлаа ашиглаж үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Л-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Г.Л-д тухайн зүйлд зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Шүүгдэгч Г.Л “...Миний бие өөрийн буруутай үйлдэлдээ маш их гэмшиж мөрдөн байцаалтын шатнаас эхлэн шүүхээр орж эцсийн шийдвэр гарах хүртэл гэм буруугаа хүлээсээр ирсэн ба хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлж байсан. Миний бие 3-6 сарын хугацаанд “Ц” ХХК-ийн хохирол гомдлыг 100 хувь төлж барагдуулах болно гэдгээ хариуцлагатайгаар амлаж байна. Мөн миний 3 охиныг минь надаас өөр харж хандах хүнгүй байгааг минь харгалзан үзэж, надад оноосон хорих ялыг торгуулийн эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч Г.Л-ийн өмгөөлөгч Г.Д “...Г.Л нь мөрдөн байцаалтын шатнаас хэргээ үнэн зөв мэдүүлж, гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээж оролцсон. Г.Л нь 2-7 насны 3 охины хамт оршин суудаг, одоо охидууд нь түүний өндөр настай аав дээр байгаа бөгөөд эхнэр нь Бүгд Найрамдах Солонгос Улс руу харлаж, ажиллаж амьдрахаар явсан зэргийг харгалзан түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч Г.Л нь гэмт хэргийн улмаас хохирогч “Ц” ХХК-д нийт 46.572.800 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд иргэний хариуцагч “М” ХХК-д 2.950.000 төгрөгийг, “Б” ХХК-д 1.205.000 төгрөгийг, “Е” ХХК-д 272.800 төгрөгийн хохирол тус тус учруулсан байх бөгөөд үүнээс 4.427.800 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байна. Харин шүүгдэгч Г.Л-ээс 42.145.000 төгрөгийг гаргуулж хохирогч “Ц” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч нь хохирогч “Ц” ХХК-д  42.145.000 төгрөг төлөхөөс ямар нэгэн төлбөр төлж барагдуулаагүй байх бөгөөд шүүгдэгч Г.Л нь ганц бие эцэг болон бага насны хүүхдүүдтэй, эхнэр нь Бүгд Найрамдах Солонгос Улс руу явсан гэх албан ёсны баримт хэрэгт авагдаагүй, тэрээр ганц бие эцэг болох нь баримтаар тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Г.Л нь албан тушаалын байдлаа ашиглаж өөрийн ажиллаж байсан “Ц” ХХК-ийн эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр шилжүүлэн авахдаа хууль бус үйлдэл гэдгийг мэдсээр байж үйлдсэн байх ба анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Г.Л, түүний өмгөөлөгч Г.Д нарын ял шийтгэлийг хөнгөрүүлэхийг хүссэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Л-ийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 3 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл нийт 92 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/1155 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Л, түүний өмгөөлөгч Г.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-ийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 3 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл нийт 92 /ерэн хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.АРИУНХИШИГ

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.ЗОРИГ

                                  ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ