Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 47

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

улсын яллагч Г.Эсэн,

шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Ц.А-д холбогдох эрүүгийн 1810000440016 дугаартай, 187/2018/0042/Э индекстэй хэргийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,  М овогт Ц.А

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .................... хотхоны ....... байрны орцонд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр О.А-г зодож түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ц.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..................... хотхоны ....... байрны цахилгаан шатанд түүнийг орилж хашгирахад хохирогч О.А “чи архи уучихаад дуугүй бай, уусан идсэнээ шингээ” гэж зүй ёсны шаардлага тавихад нь “чамд ямар хамаатай юм пизда минь, ална шүү чамайг, хоёулаа зодолдох уу” гэж хэлэн маргалдан хохирогчийг цахилгаан шатнаас буухад нь зүүн хөмсөг тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Ц.А-н шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Мэдүүлэг өгөхгүй, урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

             2. Хохирогч О.А-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 19:32 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ......... хотхоны ..... байрны орц руу ороод цахилгаан шат дуудчихаад хүлээгээд зогсож байхад араас 2 залуу орж ирээд хамт цахилгаан шатанд ороод орилж чарлаад байхаар нь “чи архи уучихаад дуугүй бай, уусан идсэнээ шингээ” гэж хэлэхэд хөх өнгийн малгайтай куртиктэй залуу нь “чамд ямар хамаатайн пизда минь, ална шүү чамайг, хоёулаа зодолдох уу” гэх зэргээр хэл амаар дайрч доромжлоод байхаар нь юм дуугараагүй давхартаа буухад тэр хоёр залуу миний араас буухаар нь би барьж явсан тортой юмаа газар тавиад “байж бай” гэж хэлэхийн завдалгүй миний зүүн нүдний хөмсөг руу цохьсон. Тухайн үед би юу болсныг мэдэхгүй ухаан алдчихсан байдалтай шалан дээр хэвтэж байсан ба босоод гэртээ орчихоод байж байхад намайг зодсон залуу дээд давхарт орилоод хэрүүл маргаан хийгээд байгаа бололтой зогсож байхаар нь цагдаад дуудлага өгсөн...Намайг цохьсон залуу бол нилээн согтуу байдалтай байсан...Миний зүүн нүдний хөмсөг цохиулсанаас болж язарсан байгаа. Тухайн үед гэмтлийн эмнэлэг очиж 5 оёдол тавиулсан. Одоо биеийн байдал хэвийн гэмтэл шарх эдгэрч байгаа...Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7/

            3. Гэрч Г.А-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр намайг гэртээ Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ......... хотхоны ....... тоотод байхад 16:00 цагийн үед Ц.А ирж уулзаад эвлэрье гэж хэлэхээр нь зөвшөөрөөгүй. Тэр үед уурлаж гарч яваад удаагүй Хараа нэртэй 350 граммын савлагаатай архи авч ирээд манай гэрт ганцаараа уугаад согтчихоор нь дагуулж гараад автобусанд суулгаж өгөх гэхэд миний үгэнд орохгүй гудамжаар орилж чарлаад байхаар нь тэр чигт нь хаячихаад гэртээ орсон. Тэгэхэд удаагүй гэрийн хаалга тогшоод байхаар нь онгойлгохгүй байж байгаад манай хоёр дүү ирэх үед гараад ир гээд орцонд орилоод байсан. Тэр үед нэг эмэгтэй хүрч ирээд “чи манай нөхрийг зодсон байна” гэж хэлээд Ц.А-г саатуулж байгаад цагдаа дуудаж өгсөн. Би Ц.А-г хүн зодсон эсэхийг хамт байгаагүй болохоор мэдэхгүй байна. Гэхдээ тэр үед манай доод талын айлын /хэдэн давхарт байдгыг нь мэдэхгүй байна/ нэг ах хүрч ирээд миний хөмсөг рүү цохьсон гээд зүүн хөмсөгний дээд хэсэгт нь язарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/

                        4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№544/-ний дүгнэлт:

                                    -О.А-н биед зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

                                    -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                                    -Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                                    -Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх-ийн 15/

            5. Яллагдагч Ц.А-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 22-ны  өдөр 17:00 цагийн үед найз эмэгтэй Г.А-тай уулзаж эвлэрэх зорилгоор Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ................. хотхоны ...... байрны ...... тоотод гэрт нь очсон. Тэр үед манай найз эмэгтэй Г.А надтай эвлэрэхгүй гээд байхаар нь гарч яваад дэлгүүрээс 1 шил 0,33 граммын Ерөөл нэртэй архи авч ороод ганцаараа уусан. Тэр үед манай найзын хоёр дүү нь гэртээ ирчихээр нь би гарч яваад гадаа жаахан сууж байгаад буцаж орох гэж явахдаа цахилгаан шатанд явж байсан хүнтэй маргалдаж цахилгаан шатнаас буухад нь нүүр рүү нь гараараа нэг удаа цохиход ухаан алдаад уначихаар нь сэргээх гээд байж байхад цаанаас эхнэр нь гээд нэг эмэгтэй гарч ирээд цагдаа дуудсан. Би архи уусан үедээ бусдыг цохиж гэмтээсэндээ харамсаж байна миний буруу. Би тэр залууг цахилгаан шатны хаалга хаах товчлуураа дараач гэж чанга хэлсэн. Тэр үед нөгөө залуу надад хандаж “чи муу бацаан жаахан аятайхан бай” гэж хэлэхээр нь уур хүрээд нэг удаа л цохьсон. Тухайн үед би найз эмэгтэйтэйгээ маргалдчихсан сэтгэл санаа жаахан хямарчихсан явж байсандаа биеэ барьж чадаагүй. О.А гээд надад цохиулсан залуу надаас 500.000 төгрөг нэхээд байгаа. Би тэр мөнгийг боломжоороо төлж барагдуулж дуусгана...Би гэм буруугаа ойлгож ухамсарлаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ц.А нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№544/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Ц.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ....... хотхоны .......байрны цахилгаан шатанд түүнийг орилж хашгирахад хохирогч О.А “чи архи уучихаад дуугүй бай, уусан идсэнээ шингээ” гэж зүй ёсны шаардлага тавихад нь “чамд ямар хамаатай юм пизда минь, ална шүү чамайг, хоёулаа зодолдох уу” гэж хэлэн маргалдан хохирогчийг цахилгаан шатнаас буухад нь зүүн хөмсөг тус газарт гараараа цохиж биед нь “зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэн хэргийг шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.А-н гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг /450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох/ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр төлөгдсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хохирогч О.А-н хүсэлт /хх-ийн 58/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад шүүгдэгч Ц.А-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч М овогт Ц.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М овогт Ц.А-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.А-д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.  Ц.А-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг сануулсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР