Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/240

 

О.Т-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сайнхүү,

яллагдагч О.Т-ын өмгөөлөгч П.Баттулга,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЗ/243 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Сайнхүүгийн бичсэн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр эсэргүүцэлд үндэслэн О.Т-д холбогдох 2206 00000 3223 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овгийн О-ийн Т, 1998 оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ухааны багш мэргэжилтэй, “А” ХК-д ачигч ажилтай гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн ... сумын ... дүгээр баг, ... оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ... /;

О.Т нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан хуушуур” нэртэй цайны газрын хажууд хохирогч Э.Х руу хүч хэрэглэн довтолж, хохирогчоос зөөврийн компьютер, зөөврийн компьютерын хулгана, чихэвч, бэлэн 53.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газар: О.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Яллагдагчид хэргийн материалыг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр танилцуулснаас хойш буюу 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хэргийг прокурорт байх хугацаанд яллагдагч нь өмгөөлөгч П.Баттулгатай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулжээ. Үүнээс хойш яллагдагчийн өмгөөлөгчид хэргийн материалыг танилцуулаагүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагчийн нүүрэлдэж мэдүүлэг өгөх хүсэлтийг гэрч, хохирогч, бусад яллагдагч зөвшөөрсөн бол нүүрэлдүүлэн мэдүүлэг авч болно” гэж заажээ. Нүүрэлдүүлж мэдүүлэг авах ажиллагаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед хийгдэх ажиллагаа тул яллагдагчийн өмгөөлөгчийн “яллагдагч, хохирогч нарын мэдүүлэг илт зөрүүтэй тул нүүрэлдүүлэн мэдүүлэг авч өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй. ...” гэж дүгнэж, О.Т-д холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол О.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Сайнхүү бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрөө байвал хоёр хүний хооронд нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно”, 2 дахь хэсэгт “Яллагдагчийн нүүрэлдэж мэдүүлэг өгөх хүсэлтийг гэрч, хохирогч, бусад яллагдагч зөвшөөрсөн бол нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно” гэж зааснаас үзэхэд яллагдагч зөвшөөрсөн бол нүүрэлдүүлж мэдүүлэг авч болохоор байна. Энэ хэргийн тухайд яллагдагч О.Т, хохирогч Э.Х хоёроос өөр хүн гэмт хэрэг болох цаг хугацаанд байгаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т тус тус зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, хохирогч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй байна. Дээрх 2 субъектийн хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд болон нүүрэлдүүлж мэдүүлэг авах ажиллагааг хийх үндэслэл нь энэхүү хэргийн нөхцөл байдлын тухайд заавал хийх ажиллагаа болохгүй юм.

Харин хэргийн оролцогчоос хүсэлт гаргах эрх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гаргах боломжтой бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх хүсэлтээр энэхүү ажиллагааг хийлгэх талаар өмгөөлөгч хүсэлт гаргасан боловч яллагдагч нүүрэлдэн мэдүүлэг өгөх талаар хүсэлтээ илэрхийлээгүй байна. Мөн өмгөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ба оролцогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байхад шүүхээс дээрх байдлаар хэргийг буцаасан нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгч хүсэлтээ гаргаад хэргийн материалтай танилцаж болно. Шүүхийн шатанд ч танилцах эрхтэй.

Өмгөөлөгч П.Баттулгаас “хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь заалтад зааснаар хэлэлцүүлэг хийж, хэргийг прокурорт буцаах хүсэлттэй байна” гэж дурдаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг гаргасан. Гэтэл шүүх уг хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэж хэргийг буцаасан нь ойлгомжгүй буюу яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй буцаалгах тухай хүсэлтийг хангажээ. Өмгөөлөгчийн хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн аль заалтад заасан ажиллагаа хийлгэх гэж байгаа нь ойлгомжгүй, энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт дэлгэрүүлж яриагүй, хэргийн зүйлчлэлийн асуудал дурдсан нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх асуудал биш гэж үзэж байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруугийн асуудал, хэргийн үйл баримт, хэргийн зүйчлэл, хэргийг хэрэгсэхгүй болгох асуудал хэлэлцэх хууль зүйн зохицуулалт байхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэтэл анхан шатны шүүх шүүхийн шийдвэрээ танилцуулахдаа өмгөөлөгчөөс гаргасан ямар хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа талаар дурдаагүй, өмгөөлөгчийн хүсэлт нь ойлгомжгүй, хэргийг буцаахдаа яг ямар ажиллагаа хийлгэх гэж байгаа нь тодорхойгүй, энэ талаар тайлбарлаагүйгээс гадна шүүгчийн захирамжид мөн дурдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...шүүхийн шийдвэрийн агуулга, ...шаардлагатай бусад асуудлын талаар тайлбарлана...” гэснийг, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэх шаардлагуудыг хангаагүй. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцаах шийдвэр танилцуулахдаа ямар үндэслэлээр, яагаад буцааж байгаа талаар тайлбарлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЗ/243 дугаар захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн. ...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дүгнэлт хийж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч О.Т-ын өмгөөлөгч П.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн материалтай танилцсан. ...Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг гүйцэтгэх шаардлагатай гэж үзэж байна. Яллагдагч, хохирогч нарын мэдүүлэг эрс зөрүүтэй байгаа. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар О.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянав.

Прокуророос О.Т-ыг нь хохирогч Э.Хуягбаатар руу хүч хэрэглэн довтолж, хохирогчоос зөөврийн компьютер, зөөврийн компьютерын хулгана, чихэвч, бэлэн 53.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “...өмгөөлөгч П.Баттулгад хэргийн материалыг танилцуулах, ...хохирогч, яллагдагч нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах ажиллагааг хийх шаардлагатай...” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан гэж үзвэл оролцогчдод хэргийн материалтай танилцахыг мэдэгдэн танилцуулах бөгөөд мөрдөгч танилцах боломж нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээнэ, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-т зааснаар өмгөөлөгч нь мөрдөн байцаалт дууссан бол хэргийн бүх материалтай танилцаж, төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарахаас бусад нотлох баримтыг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах эрхтэй бөгөөд энэхүү эрхээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хэрэгжүүлэх боломжтой.

Хэргийн материалаас үзэхэд мөрдөгч мөрдөн шалгах ажиллааг явуулж дуусган 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч, яллагдагч нарт хэргийн материалыг танилцуулж, мөн өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсний дараа яллагдагч О.Т өмгөөлөгч П.Баттулгаас хууль зүйн туслалцаа авахаар сонгон гэрээ байгуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ба өмгөөлөгч П.Баттулга хэргийг шүүхэд шилжсэний дараа 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хэргийн материалтай танилцсан /хх 60/ байхад анхан шатны шүүх хэргийн материалтай гагцхүү мөрдөн байцаалтын шатанд танилцах шаардлагатай мэтээр хуулийг буруу тайлбарлажээ.

Үүнээс гадна, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг гарсан байдлыг тогтоох асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан оролцвол зохих оролцогчдыг бүрэн оролцуулах замаар хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтоох боломжтой байна.

Иймээс О.Т-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай оролцогчийг талуудын хүсэлтээр оролцуулан гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийн агуулгыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй.

Прокурорын эсэргүүцэлд дурдагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлийг заасан ба энэхүү хэм хэмжээг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээг мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлаагүй болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасан бөгөөд эрх зүйт төр буюу хуулийг дээдэлсэн, хуулийн засаглал бүхий ардчилсан төрийн үед төрийн байгууллага, албан тушаалтанд зөвшөөрснөөс бусдыг бусдыг хориглох зарчим үйлчилдэг.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт давж заалдах шатны шүүх (1) анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, (2) анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, (3) анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шийдвэрийн аль нэгийг гаргахаар заасан.

Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах, шүүн таслах үндэслэл, журам, нөхцөлийг нарийвчлан хуульчилсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар давж заалдах шатны шүүхэд прокурорын эсэргүүцэлд заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээ олгогдоогүй тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЗ/243 дугаар захирамжийн захирамжлах хэсгийг хэвээр үлдээж, прокурор Ц.Сайнхүүгийн бичсэн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЗ/243 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Сайнхүүгийн бичсэн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ