Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/255

 

Г.Г-, Б.Г- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор К.Чимгээ,

хохирогч Н.М-гийн өмгөөлөгч Г.Энхболд,

шүүгдэгч Г.Г-, түүний өмгөөлөгч К.Бауиржан, Д.Дэлгэрцэцэг,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/886 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Ц.Амар, К.Бауиржан, Д.Дэлгэрцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Г.Г-, Б.Г- нарт холбогдох 1906 03270 2389 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Ш овгийн Г-ийн Г-, 1986 оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Дорнод аймаг дахь Хэрлэн сумын шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1/33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан;

  1. Б овгийн Б-ийн Г-, 1969 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... гудамжны ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Г.Г- нь БНХАУ-ын иргэн, хохирогч Н.М-г Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нисора цамхаг” үйлчилгээний төвийн ххх тоот албан өрөөнд “Миний нэр дээр төлбөр гэрээгээ хийж, төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд л хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг таны нэр дээр гаргаад өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “П” хотхоны ... дугаар байрны ... тоот 102.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг “Э” ХХК-тай орон сууц захиалах гэрээ байгуулан, уг орон сууцны төлбөрийг төлөх зорилгоор 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд бэлнээр болон өөрийн эзэмшлийн харилцах дансаар нийт 254.738.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт,

Г.Г-, Б.Г- нар бүлэглэн Г.Г-ийн холбогдох БНХАУ-ын иргэн, хохирогч Н.М-г залилсан гэх хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд, 1456 дугаартай цагаатгах тогтоолоор цагаатгаж шийдвэрлэсэн шийдвэрийг хэвээр үлдээх, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргуулахгүй байх зорилгоор буюу өмгөөлөгчийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулахтай холбогдуулан тус хэрэгт хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож байсан өмгөөлөгч Ж.Г-д 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд люкс” нэртэй зоогийн газарт 18.000.000 төгрөг бэлнээр өгч, ятгасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газар: Г.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш овогт Г-ийн Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч, бодит байдлыг нуух замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 254.738.000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулахтай холбогдуулан 18.000.000 төгрөгийг бэлнээр өгч, ятгаж өмгөөлөгчид хууль бусаар нөлөөлсөн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Б-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулахтай холбогдуулан 18.000.000 төгрөгийг бэлнээр өгч, ятгаж өмгөөлөгчид хууль бусаар нөлөөлсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г- нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Г-г 25.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 25.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний эдлэх ялыг 35.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 35.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д оногдуулсан 35.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 35.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар эрүүгийн 1906 03270 2389 дугаартай хэрэгт Ж.Г-ас гарган өгсөн 18.000.000 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар тооцсон ба уг 18.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн Прокурорын газрын барьцааны Төрийн сангийн 100200306351 тоот дансанд байршуулсныг улсын орлого болгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийн өмчлөлд байгаа Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “П” хотхоны ... дугаар байрны ... тоот үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-220ХХХХХХХ дугаартай 4 өрөө орон сууцыг шилжилт хөдөлгөөн хязгаарласан 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 225 дугаар прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг орон сууцыг хохирогч Н.М-гийн өмчлөлд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г-, Б.Г- нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Г- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Ц.Амар давж заалдах гомдолдоо: “...Шүүхээс хэргийн үйл баримтыг тогтоохдоо шүүгдэгч Г.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Ж.Г-ын мэдүүлэг, хохирогч Н.М-, гэрч Т-, Б.О, Б.И, С.Б, Ч.Ц, Ж.Г- болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг үндэслэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийн хэзээ, хаана, яаж үйлдсэн болон эрүүгийн хуульд заасан бусад байдал/-г нотолбол зохино гэж заасан. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд бэлнээр болон өөрийн эзэмшлийн харилцах дансаар 254.738.000 төгрөг залилан мэхэлж авсан гэж тойм байдлаар дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, дээрх мөнгийг хэд хувааж, хэзээ, хэнд, яаж өгсөн талаарх ямар ч дүгнэлт хийгээгүй, энэ талаар ямар ч баримт хэрэгт байхгүй болно. Учир нь Г.Г- нь “Э” ХХК-ийн кассанд нийт 9 удаагийн төлөлтөөр /бэлнээр болон бартер/ 253.175.000 төлсөн ба хохирогч Н.М- нь дээрх 9 удаагийн төлөлтийг өөрөө төлсөн мэтээр зохиомол байдлыг төрүүлсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ. Хэрэгт хохирогч Н.М- удаа дараа мэдүүлэг өгөх боловч өгсөн мэдүүлэг, өргөдөл нь өөр хоорондоо зөрүүтэй, хэрэгт авагдсан бусад баримтуудаар няцаагдах байтал шүүх ямар үндэслэлээр үгүйсгэж, эсхүл хүлээн авч байгаа талаараа дурдаагүй.

Хохирогч Н.М- 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст өргөдөл гаргасан. Гэвч хохирогч ямар учраас өргөдөл гаргасан нь эргэлзээтэй, тухайн цаг хугацаад Н.М- нь “Нисора цамхаг”-т үйл ажиллагаа явуулж байгаагүй, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн нутаг дэвсгэрт байрладаг. Мөн тус өргөдөлдөө “Нисора цамхаг”-т үйл ажиллагаа явуулж байсан оффисын өрөөндөө 9 удаа нийт 253.738.000 төгрөг өгсөн гэсэн. Гэвч дээр дурдсанчлан “Нисора цамхаг”-т 2016 оны 5 дугаар сараас хойш үйл ажиллагаа явуулаагүй нь гэрч Б.Н-ын мэдүүлэг, “С” ХХК-ийн албан тоот зэргээр тогтоогдоно. Хохирогч Н.М- дээрх байдлаар өргөдлөө гаргасан боловч хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ зөрүүтэй мэдүүлсэн. Мөн мэдүүлэгтээ “...100.000.000 төгрөгийг төлөхөд Г.Г- “Миний зарж байгаа 4 ширхэг “Prius” авто машиныг 39.000.000 төгрөгт тооцоод төлбөртөө оруулаад төлөөч” гэж надад хэлэхэд нь би зөвшөөрсөн. Би Г.Г-ийн 4 ширхэг “Prius” загварын автомашины үнэ 39,000,000 төгрөгийг 2016.06.20-ны өдрийн үед түүний дансаар шилжүүлж өгсөн. ...” гэж зөрүүтэй мэдүүлсэн.

Г.Г- нь “Э” ХХК-д байрны урьдчилгаа төлбөрт 3 ширхэг “Prius” загварын авто машин шилжүүлж өгсөн болохоос 4 ширхэг авто машин шилжүүлж өгөөгүй, түүний дансанд 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн үед 39.000.000 төгрөг, өөр бусад цаг хугацаанд ч Н.М-гаас дансаар 39.000.000 төгрөг орж ирээгүй болох нь түүний дансны хуулга, “Э” ХХК, Г.Г- нараас гаргаж өгсөн төлбөр төлсөн баримтууд, тооцоо нийлсэн акт зэргээр хангалттай нотлогдоно. Хохирогч Н.М- нь дээрх нөхцөл байдлыг мэдэнгүүтээ 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр бэлнээр Г.Г-д мөнгө өгсөн гэх боловч тухайн цаг хугацаанд Монгол Улсад байгаагүй талаарх хилийн лавлагаа гарч ирмэгц, компанийн данснаас Г.Г- авсан гэж удаа дараа өөр байдлаар мэдүүлсэн байдаг. Дээрх зөрүүтэй мэдүүлгүүдийн алийг нь шүүх үнэлж байгаа талаар шийтгэх тогтоолд огт дурдаагүй болно. Мөн хохирогч Н.М- нь 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 30.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 20.000.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 45.000.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 31.200.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 8.538.000 төгрөг өгсөн гэх боловч хэзээ, хаана яаж, бэлнээр, дансаар, ямар мөнгө дэвсгэртээр өгсөн болох нь одоог хүртэл нотлогдон тогтоогдоогүй байгаа.

Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болох Т-, Б.О нар нь “Хохирогч Н.М-д мөнгө өгсөн, байр авах гэж байсан” гэж мэдүүлэх боловч мөнгө шилжиж орж ирсэн гүйлгээний утга нь өөр буюу техник хэрэгслийн төлбөрийн утгатай, мөн хохирогч Н.М-тай садан төрөл, хувийн харилцаатай, мэдүүлэг авах ажиллагаанд хохирогчийн өмгөөлөгч Ж.Г- оролцож байсан. Нэр бүхий дээрх гэрч нарын мэдүүлэг нь хохирогч Н.М-д өөрсдөө мөнгө өгсөн гэдгийг нотлох болохоос хохирогч Н.М-гаас шүүгдэгч Г.Г-д мөнгө өгч байхыг, мөнгө шилжүүлж байхыг огтоос хараагүй, үзээгүй, гэрчлээгүй болохыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Түүнчлэн хохирогч Н.М-гийн Г.Г-д шилжүүлсэн гэх мөнгөн хөрөнгө нь түүний хувийн хөрөнгө үү эсхүл “Ш” ХХК-ийн мөнгөн хөрөнгө үү, эсхүл авга дүү D-ийн техник хэрэгсэл худалдан борлуулсан мөнгөн хөрөнгө үү гэдэг нь одоог хүртэл тогтоогдоогүй, хохирогч Н.М-гийн мөнгөн хөрөнгийн эх үүсвэр нь тодорхойгүй байна.

Харин миний үйлчлүүлэгч Г.Г-г Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “П” хотхоны ... дугаар байрны ... тоот 102.5 м.кв талбайтай 4 өрөө сууцыг “Э” ХХК-тай орон сууц захиалах гэрээ байгуулан, уг орон сууцны төлбөрийг өөрөө төлсөн, хөрөнгийн эх үүсвэртэй байсан болох нь хэрэгт авагдсан “Э” ХХК-аас гаргаж өгсөн санхүүгийн анхан шатны баримт, орон сууц захиалгын гэрээ, бартерын зүйл хүлээн авсан баримт, уг компанийн менежер н.Б, нярав н.б нарын мэдүүлэг, Г.Г-аас гаргаж өгсөн анхан шатны баримтууд, түүний удаа дараа тогтвортой өгч байгаа мэдүүлэг, дансны хуулга, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /авто зогсоолууд болон бусад үл хөдлөх эд хөрөнгүүд/, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгүүд, гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн лавлагаа /Г.Г- болон түүний төрсөн дүү Г.Г / зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно.

Миний үйлчлүүлэгч Г.Г-ийн “Э” ХХК-д төлсөн төлбөрийг задалбал:

  • 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 100.000.000 төгрөг урьдчилгаа төлсөн. Төлөхдөө 2016 оны 5 дугаар сард “Land Cruiser 200” загварын авто машин зарсан төлбөр, өөрт байсан бэлэн мөнгө нийт 61.000.000 төгрөг, 3 ширхэг “Prius” загварын тээврийн хэрэгсэл 39.000.000 төгрөг, нийт 100.000.000 төгрөгийг төлсөн нь дансны хуулга, гэрчийн мэдүүлэг, тооцооны хуудас, кассын орлогын баримт зэргээр нотлогдоно.
  • 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 30.000.000 төгрөг төлсөн. Уг мөнгийг өөрийн танил эгч Э-аас зээлж төлсөн ба Э-д 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр буцаан төлсөн нь тооцооны хуудас, кассын орлогын баримт, дансны хуулгаар нотлогдоно.
  • 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 10.000.000 төгрөг төлсөн. Уг мөнгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийн данснаас авсан 10.000.000 төгрөгөөр төлсөн нь тооцооны хуудас, кассын орлогын баримт, дансны хуулгаар нотлогдоно.
  • 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 20.000.000 төлсөн. Уг мөнгийг мөн адил өөрийн данснаас 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 11.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 9.000.000 төгрөг тус авч өөртөө байлгаж байгаад төлсөн нь тооцооны хуудас, кассын орлогын баримт дансны хуулгаар нотлогдоно.
  • 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 45.000.000 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцон бодож, Н.М-гаар касст орлогодуулсан. Н.М- байрны түрээсийн төлбөр төлөх боломжтой байна гээд 45.000.000 төгрөг өгөх гэхэд Н.М-г “Э” ХХК-руу явуулан байрны төлбөртөө тушаалгаж, баримтыг Г.Г-д авчирч өгсөн. Кассын орлогын баримтыг Г.Г- гаргаж өгсөн.
  • 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 10.000.000 төгрөг Н.М-гаар касст орлогодуулсан. Уг мөнгийг Г.Г- 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн данснаас 5 сая, 5 сая төгрөгөөр хоёр хуваан авч, Н.М-д өгч явуулан тушаалгасан. Мөн Н.М- нь мөнгө тушаасан баримтаа авчирч өгсөн. Дансны хуулга, кассын орлогын баримтыг Г.Г- гаргаж өгсөн.
  • 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 16.000.000 төгрөгт тооцуулж “Prius 30” загварын 1 ширхэг авто машиныг хүлээлгэн өгсөн.
  • 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тооцоо нийлэн, үлдэгдэл 22.175.000 төгрөг төлсөн. Уг төлбөрийг өөрийн данснаас гаргаж бэлнээр төлсөн.

Г.Г- нь дээрх хуваариар “Э” ХХК-д байрны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болохоос Н.М-гаас бүх мөнгийг авч байрны төлбөрийг төлсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй юм. Дээрх төлбөрийг төлөх цаг хугацаанд Н.М- нь 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 45.000.000 төгрөгийг “Э” ХХК-д төлсөн, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Г.Г-ийн дансанд 31.200.000 төгрөгийг шилжүүлсэн болно. Уг хоёр төлбөр нь анх хэлэлцэн тохирсон байрны түрээсийн төлбөр болохоос байр худалдаж авах төлбөр огтоосоо биш юм. Түрээс болон оффисын зардал нийт 3.500.000 төгрөг орчим төлж байсан талаараа Н.М- мэдүүлсэн. Н.М- нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “П” хотхоны ...-... тоотод 2016 оны 6 дугаар сараас 2018 оны 10 дугаар сар хүртэл 28 сар амьдарсан. Гэвч 76.200.000 / 3.500.000 = 21.7 сарын түрээсийн төлбөр төлсөн. Гэхдээ түрээсийн төлбөрөө бүрэн төлөөгүй, төлбөр дутуу.

Дээр дурдсан үндэслэл, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Г.Г- нь Н.М- гэх хүний эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж шилжүүлж аваагүй болох хангалттай нотлогдон тогтоогдоно. Иймд миний үйлчлүүлэгчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Өмгөөлөгч Ж.Г-ыг ятгасан гэх хэргийн тухайд:

Миний үйлчлүүлэгч Г.Г- нь 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо “Гранд люкс” зоогийн газарт өмгөөлөгч Ж.Г-д 18.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад гэмт хэргийн сэдэлт санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотолбол зохино гэж заасан. Гэвч тухайн 18.000.000 төгрөгийг ямар учраас өгсөн, ямар учраас Ж.Г- өмгөөлөгч мөнгө авах газар, байршил, цаг хугацаа зэргийг өөрөө санаачлан зааж өгсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөх зайлшгүй шаардлагатай юм. Өмгөөлөгч Ж.Г- нь хохирогч Н.М-гийн өмгөөлөгчөөр ажиллахдаа 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 1456 дугаартай цагаатгах тогтоол гарч, хэрэгт ялагдаж, улмаар маргаан бүхий Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ...-... тоот байрыг авах боломжгүй болмогцоо тухайн орон сууцыг хууль бусаар авах, бусдыг гэмт хэрэг үйлдүүлэх замаар нөгөө гэмт хэргийг нотлох зорилгоор 18.000.000 төгрөгийг авсан санаа зорилгыг шүүх анхаарч үзсэнгүй.

Өмгөөлөгч Ж.Г-ын дээрх санаа зорилго нь түүний удаа дараа өгсөн “Энэ үл хөдлөх хөрөнгийг буцаагаад шилжүүл, цагаатгах шийдвэр хэвээр үлдэг” гэсэн мэдүүлгүүд, шүүгдэгч Б.Г-ад “Дүүд чинь боломж байгаа" гэж хэрэг үйлдэх сэдэлт төрүүлсэн байдал. Мөн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 1241 дугаартай магадлал гарч цагаатгах тогтоол хэвээр үлдсэн өдөр Ж.Г-ын ярьсан ярианы бичлэг, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн урд Ж.Г-тай уулзсан бичлэг, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоол зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Ярианы бичлэгт Ж.Г-ын хэлж байсан нь түүний зорилгыг давхар нотолж байгаа юм.

Өмгөөлөгч Ж.Г- нь хууль эрх зүйн мэдлэггүй энгийн иргэн Г.Г-г өөрт нь 18 сая төгрөг өгөх, өөрөө 18 сая төгрөг авах нөхцөл боломжийг бүрдүүлж, дүүд чинь боломж байгаа гэж сэдэлтийг Б.Г-, Г.Г- нарт төрүүлж, улмаар гэмт хэрэг үйлдсэн гэх газар, байршил, цаг хугацааг өөрөө сонгож, түүнээс 18 сая төгрөгийг авмагцаа “байраа буцаан шилжүүл” гэж хууль бус шаардлага тавьж, “байраа шилжүүлэхгүй бол 2 зүйл ангиар ял авна” гэж сүрдүүлсэн, бусдыг гэмт хэрэг үйлдүүлэх замаар нөгөө гэмт хэргийг нотлох гэсэн үйлдлийг анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд миний үйлчлүүлэгч Г.Г-ийн үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинж бүрэн дүүрэн тогтоогдохгүй, өмгөөлөгч Ж.Г- нь бусдаар гэмт хэрэг үйлдүүлэх сэдэлт, нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна.

Иймд миний үйлчлүүлэгч Г.Г-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч К.Бауиржан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэхүү хэргийг мөрдсөн мөрдөгч, хяналт тавьсан прокурор, хянан шийдвэрлэсэн шүүхийн хувьд хэн аль нь хуулиар хүлээсэн энэхүү үүргээ хэрэгжүүлэлгүй эргэлзээтэй, нотлогдоогүй үйл баримтуудыг үндэслэн Г.Г-г буруутган яллаж, улмаар ял шийтгэл оногдуулаад байна.

Тухайлбал, энэ хэргийг мөрдөн шалгах явцдаа хохирогч гэх БНХАУ-ын иргэн Н.М-гийн гаргасан өргөдөл болон түүнийг нэг удаа асууж тэмдэглэл нь хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд тэрээр цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлдөө “Нисора цамхагт үйл ажиллагаа явуулж байсан оффисын өрөөндөө 9 удаа нийт 253.738.000 төгрөгийг өгсөн” талаар дурдсан бол хохирогчоор  “...Орон сууцаа компанийн нэр дээр авах уу, ...өөрийн нэр дээр авах уу гэсэн асуудлыг Г.Г-д ярьж байсан, нийт 253.738.000 төгрөгийг хувиасаа төлсөн, ...байрны 253.738.000 төгрөгийг Г.Г- компанийн данснаас бэлнээр гаргуулж аваад надтай болон ганцаараа орон сууцны борлуулалтын албан дээр очиж төлбөрийг төлж байсан. ...” гэж мэдүүлсэн байдаг. Эндээс хохирогч Н.М- гэгч нь тухайн байрны үнэ болох 253.738.000 төгрөгийг өөрөөсөө буюу хувиасаа гаргаж Г.Г-д бэлнээр өгч байсан уу, эсхүл компанийн данснаас авч өгч байсан уу гэх асуудал ойлгомжгүй, мөн компанийн нэрийн өмнөөс байр авахаар ярьж байсан уу, эсхүл өөртөө хувьдаа авахаар ярьж байсан уу гэдэг нь ч тодорхой бус эргэлзээтэй байгаа бол, мөн энэхүү асуудалтай холбоотойгоор хохирогчийн өмгөөлөгчөөс Н.М- болон “Ш” ХХК-ийн данснаас мөнгө гарсан талаар тайлбарлаж, энэ талаарх баримтуудыг хавсарган ирүүлсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад тухайн байрны мөнгийг Н.М- дангаараа төлсөн гэж прокурор, шүүх хэн аль нь дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна.

Хэрэгт “Ш” гэх компанийн үүсгэн байгуулагч нь Н.М- гэгч биш бөгөөд тэрээр тус компанийн гүйцэтгэх захирлаар 2019 оны 6 дугаар сард томилогдсон гэсэн баримт л авагдсан болохоос уг компанийг төлөөлөөд Н.М- гэгч нь орон сууцны байр захиалсан, эсхүл “Ш” гэх компани байр захиалсан талаар нэг ч баримт авагдаагүй юм. Үүнээс гадна БНХАУ-ын иргэн Н.М- гэгчийн хэлсэн ярьсан зүйлийг нотлуулахаар түүний дүү гэх БНХАУ-ын иргэн D гэх хүнийг гэрчээр асуусан тэмдэглэлд “...Би 60.000.000 төгрөгийг 2016 онд, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1.937.341 төгрөгийг Г.Г-ийн Хаан банкны 50ХХХХХХХХ дансанд хийсэн. ...Эхний 60.000.000 төгрөг, 1.937.341 төгрөгийг манай бизнесийн хамтрагч Б.О-ын данснаас шилжүүлсэн. ...Нийт 70.475.000 төгрөг надаас гарч Г.Г-ийн данс руу орсон. ...Манай ах Н.М-гийн байр ба мөнгийг 100 хувь гаргасан” гэж мэдүүлсэн бол гэрч Б.О гэгч нь “...Т-ээс авсан сэлбэг, техникийн мөнгө гэж 60.000.000, 30.000.000, 10.000.000 төгрөгөөр хэд хэдэн удаа Н.М- захирлын данс руу хийж байсан, ...2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 60.000.000 төгрөгийг машины үнэ гэсэн утгаар, ...30.000.000 төгрөгийг ковшийн үнэ гэсэн утгаар шилжүүлж байсан” гэсэн мэдүүлгийг өгсөн байдаг. Эндээс үзэхэд эдгээр хүмүүсийн өгч байгаа мэдүүлгүүд хоорондоо эрс зөрүүтэй, эргэлзээтэй байхад шүүх энэ нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэнгүй.

Хэрэг шалгах явцад хохирогч Н.М-гийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан Ж.Г- нь хохирогчийн өмнөөс тайлбар хийж нийт 253.738.000 төгрөгийг худалдан авч байгаа байрны төлбөрт зориулж Г.Г-д бэлнээр болон банкаар шилжүүлсэн гэсэн баримт өгсөн боловч Н.М- болон “Ш” ХХК-ийн дансаар орж ирсэн, данснаас гарсан гэх мөнгийг Г.Г-д бэлнээр өгч байсан гэдгийг нотолсон ямар ч баримтыг гаргаж өгөөгүй болно. Хохирогчийн өмгөөлөгч “Н.М- нь байрны мөнгийг Г.Г-д өгч байсан гэдэг нь Хаан банкны дансны хуулга, гэрч Т-ийн мэдүүлгээр нотлогдож байгаа” гэдэг боловч энэ талаар өмнө дурдсан БНХАУ-ын иргэн D гэгчийн мэдүүлгээс өөр ямар ч баримт байдаггүй болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2016 оны 6 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд хохирогч гэх Н.М- гэгч нь Г.Г-д нийт хэдэн төгрөгийг, хаана, хэрхэн бэлнээр өгч байсан бэ гэдгийг тогтоосон, нотолсон ямар ч баримт авагдаагүй. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдож, тогтоогдоогүй болно. Үүнээс гадна “Ш” ХХК нь 2012 оны 11 дүгээр сараас 2016 оны 5 дугаар сарыг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Нисора цамхаг”-ийн ... давхрын ... тоот 58 м.кв талбайтай байрыг түрээсэлж байсан нь “С” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тодорхойлолт, “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н-ын мэдүүлгээр тус нотлогддог. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын иргэн Н.М-гийн гомдолд дурдсан “Нисора цамхагт үйл ажиллагаа явуулж байсан оффисын өрөөндөө 9 удаа нийт 253.738.000 төгрөгийг өгсөн” гэх үйл баримт, прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд дурдаад байгаа “Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Нисора цамхгийн ххх тоот оффист байхдаа миний нэр дээр гэрээгээ хийчих, төлбөрөө бүрэн төлсний дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг таны нэр дээр гаргаад өгье гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж” гэсэн үндэслэлүүд нь дээрх тодорхойлолт, гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгддэг. Энэ талаар өмгөөлөгчөөс өмнө гаргасан өргөдөл, гомдолдоо тодорхой дурдаж байсан боловч өнөөдрийг хүртэл энэхүү нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг өгөхгүй, хэрэгт авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдоогүй үйл баримтыг нотлогдсон мэтээр дүгнэж “...Нисора цамхгийн ххх тоотод хууран мэхэлсэн” гэж дүгнэн яллаж, улмаар шүүх үндэслэлтэй гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

БНХАУ-ын иргэн Н.М-гийн хувьд Монгол Улсын иргэн Г.Г-д залилан мэхлүүлсэн гэж байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудаар энэ нөхцөл байдал нь тогтоогдохгүй буюу 2016 оны хэдэн сард, хаана Г.Г- нь юу гэж хэлж хууран мэхэлсэн, мөнгийг ямар байдлаар авч байсныг хэн нотлох, ямар баримтаар нотлогдох болон тухайн үед Н.М- гэгч ямар орлогын эх үүсвэртэй байсан гэх зэрэг нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно. Харин ч эсрэгээрээ Г.Г- нь өөрийн орлого, хөрөнгийн эх үүсвэрээр “Э” ХХК-аас орон сууц худалдан авч, зохих журмын дагуу өмчлөлдөө шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан орон сууц захиалан бариулах гэрээ, гэрээний төлбөрийг төлж байсан талаарх баримтууд, төлбөрийн баримтууд нь түүнд бүрэн эхээрээ хадгалагдаж байгаа байдал, орон сууцны өмчлөх эрхийг Г.Г-ийн нэр дээр шилжүүлсэн баримт болон “Э” ХХК-ийн ерөнхий менежер Б.Б-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг, Б.И-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг, Г.Г-ийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто худалдааны төвд авто зогсоол өмчилдөг, эдгээр зогсоолууд дээрээ автомашин худалдаалдаг тухай баримт, гэрч Г.Г, Ж.Г, М.Ш нарын мэдүүлэг, Гаалийн Ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа, тодорхойлолт, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Г.Г-ийн Хаан банкны дансны хуулга гэсэн баримтуудаар тус нотлогддог. Гэвч анхан шатны шүүх дээрх үйл баримтуудад үндэслэл бүхий дүгнэлтийг өгөлгүй хэт нэг талыг барьж /БНХАУ-ын иргэн Н.М-гийн мэдүүлгээр/ асуудалд хандан нотлогдоогүй, тогтоогдоогүй үйл баримт, эргэлзээтэй тайлбар мэдүүлгүүдээр Г.Г-г буруутган ял шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

Иймд дээр дурдсан үндэслэл болоод хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/886 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Г.Г-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт буруутгаж, ял шийтгэсэн хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох бусдыг залилан мэхэлсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

   Шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа ноцтой зөрчсөн байна.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад зааснаар хохирогч нь эх хэлээрээ, эсвэл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч оролцуулах, авахаар заасан. Гэтэл хохирогч гэгдэх Н.М- нь БНХАУ-ын иргэн байтал хэрэг бүртгэлтийн хэрэг үүссэн цагаас хойш нэг ч удаа орчуулагч оролцуулаагүй байдаг.
  2. Гэрчээр мэдүүлэг өгсөн БНХАУ-ын иргэн Т-ийг хохирогч Н.М- нь “...Миний төрсөн дүү Т-...” гэж, харин Т- нь “Н.М- бол миний аавын төрсөн дүү” гэсэн байдаг. Гэрчээр асуухдаа мөн л орчуулагч оролцуулаагүй төдийгүй, хохирогчийн өмгөөлөгч Ж.Г- нь өмгөөлөгчөөр байлцсан байдаг. Гэтэл хавтаст хэрэгт Т-, өмгөөлөгч Ж.Г- нарын хооронд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийгээгүй байж өмгөөлөгчөөр оролцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна /1хх 154-155/.
  3. Ж.Г- нь өмгөөллийн үйл ажиллагаа явуулахаас өмнө Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан бөгөөд энэ талаараа Г.Г-, Б. Г- нар 2020 оны 10 сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн урд уулзахад "...Чингэлтэй дүүрэг дээр дарга, цэргийг нь таньдаггүй газар сонгож мөнгийг нь авсан. Бусад цагдаагийн газарт бол дандаа миний таньдаг хүмүүс байдаг..." гэж дарамталсан нь СД-нд бичигдсэн.
  4. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст анх өргөдөл гаргасан байдаг бөгөөд “...БНХАУ-ын иргэн Н.М- монгол нэрээр Н би 2008 оноос тээвэр зууч, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Нисора цамхагийн оффисын өрөөндөө 9 удаа нийт 253.738 000 төгрөг өгсөн...” гэж өргөдөл гаргасан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1, 5, 6 дахь хэсэгт заасан харьяалал зөрчин Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс шалгасан нь дээрх өмгөөлөгч Ж.Г- мөн танил талаараа нөлөөлж, өөртөө болон бусдад буюу үйлчлүүлэгчдээ давуу байдал үүсгэх зорилготой нь тодорхой харагдаж байна.
  5. Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад Г.Г- нь мэдүүлэг өгсний дараа түүний мэдүүлэгтэй танилцаж үйлчлүүлэгчээрээ, төдийгүй гэрчүүдээр уг мэдүүлэгт тохируулан мэдүүлэг өгүүлдэг, уг мэдүүлэгтэй холбогдуулан өмгөөлөгч Ж.Г- нь хүсэлт гаргадаг. Түүнчлэн хохирогч Н.М- ч Г.Г-ийн өгсөн мэдүүлэгтэй тохируулан мэдүүлгээ өөрчилж байсан болох нь доор дурдсан мэдүүлгийн зөрүүнээс харагддаг.

Эндээс үзэхэд мөрдөн шалгах ажиллагаа хууль бус явагдсан процессын хуулийг мөн ноцтой зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд заасны дагуу мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэж, танилцуулан, энэ тухай тэмдэглэл хөтөлнө. Хэргийн материалтай танилцаад тэмдэглэлд, түүнчлэн хүсэлт гомдол гаргахаар хуульчилсан. Түүнээс биш хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчид өмнө нь буюу гэрч, яллагдагчийн мэдүүлгийг, мэдүүлэг өгмөгц нь танилцуулахаар заагаагүй байна.

БНХАУ-ын иргэн Н.М-, эсвэл “Ш” ХХК-ийн аль нь хохирогч болохыг шалгаж тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал тогтоогдсонгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэгт “Ш” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны 51хххххххх тоот дансны хуулга /3хх 6/, мөн компанийн Хаан банкны 50хххххххх тоот дансны хуулга /3хх 11/ тус тус авагдсан байдаг. БНХАУ-ын иргэн Н.М- нь гэрчээр, хохирогчоор удаа дараа мэдүүлэг өгөхдөө “Монгол Улсад байх хугацаанд би түрээсийн орон сууцанд амьдарч байсан ба 2015 оноос манай компанийн үйл ажиллагаа доголдож оффис, орон сууцны зардлын асуудал хүндэрсэн учир орон сууц худалдаж авах шийдвэр гаргасан. Байрны 253.738.000 төгрөгийг Г.Г- компанийн данснаас бэлнээр гаргуулж аваад надтай болон ганцаараа орон сууцны борлуулалтын албан дээр очиж төлбөрийг төлсөн. ...”, Монгол Улсын дээд шүүхийн хуралдаан дээр “...Манай компани зардлаа хэмнэе гэж бодоод байр худалдаж авахаар болсон юм. Хэрвээ зардлаа хэмнэхгүй зарлага ихтэй байя гэсэн бол уг байрыг худалдаж авахгүй байсан юм. ...” гэж мэдүүлсэн байдаг. Эндээс дүгнэхэд БНХАУ-ын иргэн Н.М-, эсхүл компани нь хохирогч эсэх нь эргэлзээтэй байдаг.

БНХАУ-ын иргэн Н.М-гийн гэрч, хохирогчоор удаа дараагийн өгсөн мэдүүлгүүд тогтворгүй байнга зөрүүтэй, үнэн зөв гэдэг нь эргэлзээтэй байдаг. Тухайлбал, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст анх өргөдөл гаргасан байдаг /1хх 9/. Тухайн үед Н.М- нь “Ш" ХХК-ийн гүйцэтгэх захирал байгаагүй нь компанийн гэрчилгээгээр нотлогддог /1хх 30/.

Хохирогчоор 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг /1хх 21, 202, 240/, хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг /хх 240, 95/, хохирогч Н.М-гийн өгсөн дээр мэдүүлгээр, хэрэгт гэрчээр Г-г асууж авсан  мэдүүлэг, “Ш” ХХК-ийн зарлагын баримт /хх 74/, Хэргийн материалтай танилцаад тэмдэглэлд, түүний ар талд бичсэн хүсэлт /хх 102/, өмгөөлөгчийн хүсэлт /хх 105-109/, хариу мэдэгдэх хуудас /хх 110/, Хаан банкнаас хэн 142.000 юанийг авсан эсэх дээр маргаантай, Г.Г- авсан нь тогтоогдохгүй байхад шүүх Г.Г- авсан байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Прокурор хэрэгт хяналт тавихдаа банкны зарлагын баримт дээр Н.М-гийн гарын үсэг байсаар байтал, гэрч Г Н.М- өөрөө авсан, Г.Г- аваагүй гэж гэрчилж, Г.Г- нь үүнийг шалгуулж тогтоолгохыг хүссэн байхад ажиллагаа хийгээгүй байдаг.

Шүүх дүгнэхдээ “Шүүгдэгч Г.Г-, түүний өмгөөлөгч нарын зүгээс түрээсийн гэрээг амаар хийсэн, түрээсийн төлбөрөө аваад хийсэн, гэмт хэрэг үйлдээгүй, өөрийн санхүүгийн эх үүсвэрээр төлж дуусгасан гэх тайлбар, дүгнэлт, үндэслэл, нотолгоо зэргийг эх сурвалжгүй, үндэслэл бүхий хангалттай нотлогдон тогтоогдохгүй,  хавтаст хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлгээр тус тус  үгүйсгэгдэж, өөрийн санхүүгийн эх үүсвэртэй, түүгээрээ орон сууцны төлбөрийг төлж дуусгасан болох нь нотлогддог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн тухайд өмгөөлөгч би хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Б.Г-ын гэрчээр өгсөн мэдүүлэг, “Таны хувьд өмгөөлөгч Ж.Г-ыг хэрхэн мэдэх болсон бэ” гэсэн мөрдөгчийн асуултад “Намайг цагдаагийн байгууллагад ажилладаг байхад Ж.Г- бас цагдаад ажилладаг байсан талаар цухас мэднэ, зүс таньдаг байсан юм” гэх мэдүүлэг, гэрчээр мэргэшсэн хуульч, хохирогчийн өмгөөлөгч Ж.Г-ын мэдүүлсэн мэдүүлэг /4хх 30, 130/,

2021 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 11 дугаартай тогтоолоор Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн Ж.Г-ыг Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.5-д өөрийн үйлчлүүлэгчийн эсрэг ашиг сонирхол бүхий хэрэг маргааны оролцогч талаас шан харамж авах, тэдгээртэй үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүй харилцах, Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1, Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, мөн дүрмийн 39.1-т заасныг тус тус зөрчсөн болох нь дээрх үйл баримтуудаар тогтоогдож байна.

Тодруулбал өмгөөлөгч Ж.Г- нь гомдол гаргагч Г.Г-тай цахим хэрэгслээр харилцан ятгасан, эрүүгийн хэргийн оролцогч буюу эсрэг талын хүн болох Г.Г-ийн өмгөөлөгчийг байлцуулаагүй уулзсан, мөнгө авсан, мөн эсрэг талын хүнтэйгээ уулзах талаар үйлчлүүлэгчээсээ зөвшөөрөл авсан гэх тайлбар өгч байгаа боловч энэ талаар баримтаа гаргаж ирүүлээгүй тул дээрх үйлдлүүдийг Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Өмгөөлөгч Ж.Г-д сануулах сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Түүнчлэн сахилгын шийтгэл оногдуулсан Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй гэжээ. Өмгөөлөгч Ж.Г- нь тогтоолыг эс зөвшөөрч захиргааны шүүхэд гомдол гаргаагүй нь өөрийнхөө ёс зүйн дүрэм болон Өмгөөллийн тухай хуулийг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 130/ Ж.Г- нь өөрийн өмгөөлж байгаа хэрэгтээ үйлчлүүлэгчдээ болон өөртөө давуу байдал бий болгох зорилгоор илт хууль бус шийдвэр гаргасан, ашигтай байдал үүсгэхийн тулд ятгаж, сүрдүүлсэн, зориуд санаатай урьдаас төлөвлөж гэмт хэрэгт холбогдуулан, түүгээрээ барьцаалж, дарамталж, шантаажилж орон сууцыг шилжүүлэхийг шаардсан байдаг.

Түүнчлэн Г.Г-, Б.Г- нар 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн урд уулзахад "...Чингэлтэй дүүрэг дээр дарга, цэргийг нь таньдаггүй газар сонгож мөнгийг нь авсан. Бусад цагдаагийн газарт бол дандаа миний таньдаг хүмүүс байдаг..." гэж дарамталсан нь СД-нд бичигдсэн байгаа. Анхнаасаа зориуд гэмт хэрэгт түлхэх, түүгээрээ дарамталж, шантаажилж өөрийн үйлчлүүлэгчид ашигтайгаар шийдвэрлүүлэх, орон сууцыг нь шилжүүлэн авах зэвсгээ болгох зорилго агуулж байсан болох нь нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл “Мөнгөө аваад ир, энэ дансанд шилжүүлчих” гэж өөрөө санаачлан уулзах газраа товлосон нь Ж.Г- өмгөөлөгч гэмт хэрэг үйлдүүлэхээр зориуд оролцуулсан, нөгөөтэйгүүр давж заалдах гомдол гаргахгүй хэмээн хэлж мөнгө авчихаад цагаатгах тогтоолд гомдол гаргасан байдал нь Г.Г-, Б.Г- нар нь хохирогчийн өмгөөлөгч Ж.Г-д нөлөөлсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Байранд хүн амьдрахгүй байгаа. ...Бид 2 хувийн журмаар тохиролцсон. Компани хамааралгүй. ...Н.М-гаас машины мөнгө аваагүй. Эхлээд надад “Бэлнээр өгсөн” гэж, дараа нь миний “Данс руу хийсэн” гэж, сүүлд “Компанийн данснаас авсан” гэж 3 удаа худлаа хэлсэн. ...” гэв.

Хохирогч Н.М-гийн өмгөөлөгч Г.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн мэдүүлэг зөрүүгүй гэж үзэж байна. Эхлээд 3 машиныг урьдчилгаа 100.000.000 төгрөгт тооцуулж, хаахдаа 1 машин өгч нийт 4 машин болсон. Эхний 3 машины мөнгийг бэлнээр, сүүлийн 1 машины мөнгийг дансаар өгсөн. Нийт 9 удаагийн гүйлгээнээс 2 удаагийн гүйлгээг Н.М- “Э” ХХК-д тушаасан. 7 төлөлтөөс 16.000.000 төгрөгийн машины төлөлт болон сүүлийн мөнгийг Н.М- өөрийнхөө данснаас Г.Г-ийн дансанд шилжүүлсэн буюу 4 гүйлгээ эргэлзээгүйгээр төлөгдсөн болох нь тогтоогдсон. 5 удаа мөнгө өгсөн болох нь нотлогдохгүй гэж тайлбарлаж байгаа ч Н.М-гийн данснаас 10.000.000 төгрөг гарсан өдөр “Э” ХХК-ийн дансанд 10.000.000 төгрөг орсон байдаг. Мөн “Ш” ХХК-ийн данснаас мөнгө гарсан өдөр Г.Г- “Э” ХХК-ид мөнгийг тушаасан байдаг. Г.Г-ийн төлсөн мөнгөний эх үүсвэр нотлогддоггүй. Тэрээр 2, 3 сарын өмнө авсан мөнгөө хадгалж байгаад “Э” ХХК-д төлсөн гэж тайлбарладаг. 142.000 юань нь “Ш” ХХК-ийн данснаас гарсан бөгөөд тухайн үед захирлаар Н.М-, санхүүгийн ажилтнаар Г.Г- гэх 2 хүн л ажиллаж байсан. Хилийн лавлагаагаар Н.М- 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсад байгаагүй, гадаад улс руу явсан болох нь тогтоогдсон. Г.Г- мөнгийг “Хаан” банкнаас очиж авсан бөгөөд теллер нь Г гэх Г.Г-ийн арван жилийн ангийнх нь хүүхэд байсан. Ингээд нэг гүйлгээг Г.Г- авч тушаасан нь нотлогдсон. 1.000.000 төгрөгийн тухайд Т-т өгөх ёстой байсан сэлбэгийн мөнгөө Н.М-д өгсөн байдаг. 60.000.000 төгрөг тухайн байр худалдаж авах гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Н.М-гийн дансанд орж, тухайн өдрөө данснаас нь мөн гарсан байдаг. Мөнгөний орсон, гарсан гүйлгээ, Н.М-гийн орлого, зарлагын гүйлгээгээр байрыг худалдаж авах мөнгөний эх үүсвэр нотлогдсон гэж үзэж байна. Хэргийг бүрэн шалгаж шийдвэрлэсэн болох нь харагдаж байна. Хоёр дахь хэргийн хувьд, Б.Г-аас “...Та өмнөх мэдүүлэгтээ 15.000.000 төгрөгийн саналыг Ж.Г- гаргасан гэж мэдүүлсэн байна...” гэхэд ”...Үгүй, тухайн үед “Бичлэг байхгүй юм чинь хоёулаа 15.000.000 төгрөг авах саналыг Ж.Г- гаргасан гэдгийг хэлчихье” гээд Г.Г- гуйгаад байсан. Г.Г- энэ мөнгийг өгөх санал гаргасан. Г.Г- байнга надаас өмгөөлөгч Ж.Г-тай уулзаад шийдээд өгөөч гэж гуйдаг байсан. ...” гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нар нотлох баримтуудыг шинжлэн судалж байхдаа мэдүүлгүүдийг энд тэндээс нь авч эвлүүлэн өөрт ашигтай байдлаар уншиж тайлбарласан. Хэрэгт авагдсан мэдүүлгүүдийг нарийвчлан дэс дараалан судалж үзвэл хэргийн нөхцөл байдал шүүгдэгчийн өмгөөлөгч нарын тайлбарлаж байгаа шиг биш гэдэг нь харагдана. Иймд анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Прокурор К.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдааны шатанд хэрэгт цугларсан нотлох баримтыг нэг бүрчлэн хэлэлцэж шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс мөнгийг хэн төлсөн талаар санхүүгийн баримтад үзлэг хийж, гэрч нарын мэдүүлэгт үндэслэн тогтоосон. Хохирогч Н.М- агуулгын хувьд зөрүүгүй бөгөөд мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж мэдүүлсэн. 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 61.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж ярьдаг. Энэ мөнгийг Б.О-ын данснаас Н.М-гийн данс руу шилжүүлж, тухайн цаг хугацаандаа Н.М-гийн данснаас гарч “Э” ХХК-д Г.Г- бэлнээр төлсөн гэх мэтчилэн Н.М-гийн данснаас гарсан мөнгөний үнийн дүнгээр нь Г.Г- тушаасан байдаг бөгөөд 2 удаагийн гүйлгээг Н.М- очиж тушаасан байдаг. Анх “Э” ХХК-тай орон сууц худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан байдаг. Хэрэв Г.Г- төлбөрийг өөрөө төлсөн гэвэл гэрээнд заасан 1 жилийн хугацаанд төлбөрийг яагаад төлөөгүй вэ гэсэн асуулт гарч ирж байна. 2018 он хүртэл төлбөрүүд нь хохирогчоос гарсан үнийн дүнгээр төлөгдсөн байдаг. Шүүгдэгч Г.Г- “...Н.М-тай түрээсийн гэрээ байгуулсан, 2 удаагийн данснаас хийсэн гүйлгээ нь миний түрээсийн төлбөр байсан. ...” гэж мэдүүлсэн. Хяналтын шатны шүүхээс түрээсийн гэрээ байгуулсан бол гэрээг хэрхэн, яаж, ямар нөхцөлүүдийг тохирч байгуулсан талаар шалгаж тогтоох нь зүйтэй гэж үзэн хэргийг прокурорт буцааж байсан.  Шүүгдэгч түрээсийн гэрээг бичгээр бус амаар байгуулсан гэдэг боловч хохирогч түрээсийн гэрээ огт байгуулаагүй гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд Г.Г-аас гэрээг ямар нөхцөлтэйгөөр, хэрхэн, яаж, байгуулсан талаар асуусан боловч тэрээр одоог хүртэл тайлбар хэлээгүй байгаа. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад хохирогч Н.М-, гэрч Т-, Б.О нарын мэдүүлэг, Н.М-гийн дансны хуулга, “Ш” ХХК-ийн дансны хуулга, гэрчүүдийн дансны хуулга зэрэг нотлох баримтууд нь харилцан биеэ нөхөж нотолсон, хохирогчийн мэдүүлсэн мөнгөн дүн, “Э” ХХК-д төлөгдсөн мөнгөн дүнгүүд, тушаагдсан он, сар, өдрүүд тохирсон, нотлох баримтын хүрэлцээ хангалттай гэж үзсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Г.Г-, Б.Г- нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн ш ийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Г-, Б.Г- нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

  1. Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан хохирогч Н.М-гийн: “...Би авах орон сууцаа компанийн нэр дээр авах уу, эсхүл өөрийн нэр дээр авах уу гэсэн асуудлыг Г.Г-д ярьж байсан. Г.Г- надад хэлэхдээ “Та компанийн нэр дээр орон сууц авбал төлбөрийн нөхцөл танд ашиггүй, 100 хувь төлбөрөө урьдчилж төлөх болно. Эсвэл та өөрийнхөө нэр дээр байр авъя гэхэд гадаадын хүн 100 хувь төлбөр төлж байж байраа авах болно. Монгол хүний нэр дээр байраа авбал төлбөрийг хэсэгчлэн хувааж өгөх боломжтой болно. Эхний ээлжинд миний нэр дээр гэрээгээ хийчих. Төлбөрөө бүрэн төлсний дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг таны нэр дээр гаргаад өгье” гэж надад хэлсэн. Тухайн үед орон сууцны төлбөрийг 100 хувь төлөөд байр худалдан авах боломжгүй байсан тул өөрийн компанийн ажилтан Г.Г-д итгээд 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “Э” ХХК-ийн борлуулалтын албанд 100 сая төгрөг төлж, Г.Г-ийн нэрээр орон сууц захиалгын гэрээ байгуулсан. ...Нийт 253.738.000 төгрөгийг хувиасаа төлсөн. ...Намайг орон сууцны төлбөрөө төлж дуусгаад хувийн бичиг баримтаа Г.Г-д өгснөөс хойш 1 сарын дараа би 2018 оны 12 дугаар сард түүнээс “Орон сууцны ордер миний нэр дээр гарсан уу” гэж асуухад “Та биеэрээ байхгүй байсан учраас ордер миний нэр дээр гарсан. Удахгүй таны нэр дээр ордерыг шилжүүлж өгье” гэсэн тайлбарыг надад өгсөн. Үүнээс хойш “Ажилтай байна, завгүй байна” гэсэн тайлбарыг өгсөөр өнөөг хүртэлх хугацаанд миний худалдан авсан орон сууцыг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй намайг залилсан. ...” /1хх 21-22/,

гэрч D /Т-/-ийн: “...Н.М- нь 2016 оны хавар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “П” хотхонд хувьдаа байр авахаар болж 2016 оны 6 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд мөнгийг хувааж төлсөн. Манай ах “Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ба тухайн үед компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Г- гэх хүний данс рүү шилжүүлж байсан. ...Байрны мөнгө гэх 253.175.000 төгрөгийг Н.М- өгсөн ба үүнээс би 60.000.000 төгрөгийг 2016 онд, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1.937.341 төгрөгийг Г.Г-ийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Энэ мөнгийг Н.М- ах “Байрны мөнгийг Г.Г-ийн данс руу шилжүүл” гэж хэлээд уг данс руу би өөр хүний данснаас шилжүүлсэн. ...Эхний 60.000.000, 1.937.341 төгрөгийг манай бизнесийн хамтрагч Б.О-ын данснаас шилжүүлсэн. ...” /1хх 155/,

гэрч Б.О-ын: “...Т-ээс авсан сэлбэг, техникийн мөнгө 60 сая, 30 сая, 10 сая төгрөгөөр тус тус Н.М- захирлын данс руу хийж байсан. Т- “Манай ах Н.М- байр авах гэж байгаа тул надад өгөх мөнгөө түүний данс руу хийгээрэй” гэж хэлээд хийлгэсэн. ...Би өөрийн дансны хуулгыг шүүж үзэхэд өөрийн Хаан банкны данснаас 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 60 сая төгрөгийг “Машины үнэ” гэж шилжүүлсэн. Би Т-ээс бараа авсан ба түүний мөнгийг Т- нь “Манай ах Н.М-д өгчих, байр авсан юм гэхээр нь” Н.М- захирлын данс руу шилжүүлсэн. Түүний дараа 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр мөн өөрийн данснаас өмнө нь шилжүүлсэн данс руу 30 сая төгрөгийг “Ковшны урьдчилгаа Н.М-” гэсэн утгаар шилжүүлсэн. ...” /2хх 7, 112/,

гэрч С.Б-ийн: “...Г.Г- нь 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 61 сая төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 30 сая төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 10 сая төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 20 сая төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 22.175.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 39 сая төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 16 сая төгрөгийг шилжүүлэхэд би хүлээн авсан. Г.Г- гэх залуу ганцаараа ирж тушаадаг байсан. Мөн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 10 сая төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гадаад улсын иргэн ганцаараа ирж байсан. Гэхдээ би тэр хүнтэй ойлголцохгүй учраас ямар нэгэн харилцаа үүсгээгүй гарын үсгээ зурчихаар нь дохиж байгаад “Нэрээ бич” гэсэн чинь 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн баримт дээр “Н” гээд биччихсэн. ...” /6хх 90/,

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “П” хотхоны ... дугаар байрны ... тоот үл хөдлөх хөрөнгөд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 14-17/,

Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 42 дугаар албан бичгээр ирүүлсэн шүүгдэгч Г.Г-ийн нийгмийн даатгалын лавлагаа /2хх 16-18/,

"Э” ХХК, шүүгдэгч Г.Г- нарын хооронд байгуулсан 253.175.000 төгрөгийн үнийн дүн бүхий Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “П” хотхоны ... дугаар байрны ... тоот орон сууц захиалах гэрээ /1хх 63-67/,

дээрх орон сууцыг шүүгдэгч Г.Г-ийн өмчид бүртгэсэн Ү-220ХХХХХХХ дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх 76/,

шүүгдэгч Г.Г-ийн нэрээр 2016 оны 6 дугаар сарын 15-аас 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд 9 удаагийн үйлдлээр нийт 253.175.000 төгрөгийг бэлнээр болон автомашинаар “Э” ХХК-д төлсөн баримтууд /1хх 68-72/,

хохирогч Н.М-гийн эзэмшлийн “Хаан” банк дахь 51ХХХХХХХХ дугаартай дансны хуулга /3хх 7-10/, гэрч Б.О-ын эзэмшлийн “Хаан” банк дахь 51ХХХХХХХХ дугаартай дансны хуулга /2хх 178, 186/ болон бусад нотлох баримтуудаар:

“Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирал, хохирогч Н.М- /БНХАУ-ын иргэн/ нь компанийн зардлыг хэмнэх зорилгоор Улаанбаатар хотод орон сууц худалдан авахаар орон сууцны үнэ, байршлыг судлах үүргийг тус компанийн нягтлан бодогч, шүүгдэгч Г.Г-д өгсний дагуу түүний санал болгосон Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “П” хотхоны ... дугаар байрны ... тоот, 102.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцсон,

улмаар Г.Г-ийн “Гадаадын хүн бол 100 хувь төлбөр төлж байраа авна, миний нэр дээр гэрээгээ хийгээд төлбөрийг бүрэн төлсний дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг таны нэр дээр гаргаж өгье” гэсний дагуу Г.Г- нь дээрх орон сууцыг худалдан авахаар 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “Э” ХХК-тай “Орон сууц захиалах гэрээ” байгуулж, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд бэлэн мөнгө болон бартерын автомашинаар 253.175.000 төгрөгийг төлснөөс 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 45.000.000, мөн оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 10.000.000 төгрөгийн төлбөрийг хохирогч Н.М-, бусад төлбөрийг шүүгдэгч Г.Г- бэлнээр болон бартерын автомашиныг төлбөрт тооцуулахаар хүлээлгэн өгч байжээ.

Гэрээнд заасны дагуу орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулснаар тус орон сууцны өмчлөгчөөр Г.Г-г өмчлөгчөөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ Г.Г-ийн нэр дээр гарсан үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Н.М-, түүний өмгөөлөгч нараас “...Г.Г- “...Та компанийн нэр дээр орон сууц авбал төлбөрөө 100 хувь одоо төлөх болно. Монгол хүний нэр дээр авбал төлбөрийг хэсэгчилж төлж болно. Миний нэр дээр гэрээ хийчих, төлбөрөө бүрэн төлсний дараа гэрчилгээг таны нэр дээр гаргаж өгнө“ гэсэн учир төлбөрийг Г.Г-гаар тушаалгаж байсан. Орон сууцыг компанидаа авсан. ...” гэсэн бол шүүгдэгч Г.Г-, түүний өмгөөлөгч нараас “...Н.М- “Чи байр өөрийн мөнгөөр худалдаад авчих, би энэ байрыг чамаас түрээсэлье. Чамд ашигтай” гэсэн. ...Г.Г- өөрийн орлого, хөрөнгийн эх үүсвэрээр орон сууц худалдан авч, зохих журмын дагуу өмчлөлдөө шилжүүлсэн. ...” гэсэн тайлбаруудыг гаргажээ.

Шүүгдэгч Г.Г- нь хохирогч Н.М-г компанийнхаа санхүү, төсвийг хэмнэх зорилгоор орон сууц худалдаж авах шаардлагатай талаар хандахад нь “Өөрийнхөө нэр дээр гэрээ байгуулах нь ашигтай, худалдаж авсны дараа гэрчилгээг шилжүүлэх боломжтой” хэмээн итгүүлж гэрээ байгуулан, хохирогч Н.М-гаас авсан мөнгийг өөрөө төлсөн мэтээр маргаж байх боловч маргаан бүхий орон сууцыг худалдан авахад шүүгдэгч Г.Г- нь 39.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг төлбөрт тооцуулж “Э” ХХК-ийн санхүүгийн албанд хүлээлгэн өгсөн, харин үлдэх хэсгийг хохирогч Н.М- төлсөн болох нь хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч Н.М-гийн мэдүүлэг, гэрч D /Т-/, гэрч Б.О, гэрч С.Б нарын мэдүүлгүүд, бусад баримтаар тогтоогдсон болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж, яллах, цагаатгах шинж байдлаар нь харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр шүүгдэгч Г.Г-г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах, няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй, анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна гэж үзэв.

Тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000.000 төгрөгөөс дээш хэмжээг хуульд зааснаар “их хэмжээний хохирол”-д хамааруулахаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан бөгөөд шүүгдэгч Г.Г-ийн хохирогч Н.М-г залилж их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Г.Г-ийн залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.М-гийн эд хөрөнгө өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй төдийгүй Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд шүүгдэгч Г.Г-ийн өмчлөлд бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “П” хотхоны ... дугаар байрны ... тоот үл хөдлөх хөрөнгийг хууль ёсны бөгөөд шударга өмчлөгч хохирогч Н.М-гийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн хуулийн 228, 229 дүгээр зүйлд заасан зохицуулалтад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирогч Н.М-гийн “...2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр урьдчилгаанд төлсөн 100.000.000 төгрөгийг төлөхөд Г.Г- “Миний зарж байгаа 4 ширхэг “Prius” загварын автомашиныг 39.000.000 төгрөгт тооцоод төлбөртөө оруулаад төлөөч” гэж надад хэлэхэд нь би зөвшөөрсөн. ...” /1хх 22/,

шүүгдэгч Г.Г-ийн: “...Урьдчилгаа 100 сая төгрөгт би өөрийн нэр дээр орж ирсэн гаалийн бичигтэй 3 машин бартерт оролцуулсан. Нэг бүрийг нь 13 сая төгрөгөөр бодож, нийтдээ 3 машиныг 39 сая төгрөгт бодож өгсөн. ...” /7хх 8/ гэсэн мэдүүлгүүд,

2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шүүгдэгч Г.Г-аас 3 ширхэг автомашиныг 39.000.000 төгрөгт тооцож “Э” ХХК-д хүлээлгэн өгсөн тухай тус компанийн кассын орлогын ордерын баримт /1хх 68/ зэрэг нотлох баримтуудаар “Э” ХХК, шүүгдэгч Г.Г- нарын хооронд байгуулсан орон сууц захиалах В-31 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлд шүүгдэгч Г.Г- нь өөрийн өмчлөлд байсан 3 ширхэг авто машиныг 39 сая төгрөгт тооцон шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдож байх ба хохирогч Н.М-гаас шүүгдэгч Г.Г-д энэхүү мөнгийг өгсөн талаар “...Би Г.Г-ийн 4 ширхэг “Prius” загварын автомашины үнэ 39 сая төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн үед түүний дансаар шилжүүлж өгсөн. ...” хэмээн мэдүүлсэн /1хх 22/ байх боловч энэхүү мэдүүлгийг давхар нотолсон баримт хэрэгт алга.

Иймд маргаан бүхий орон сууцыг хохирогч Н.М-гийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн тул дээрх 39 сая төгрөгийг хохирогч Н.М-гаас гаргуулан шүүгдэгч Г.Г-д олгох нь зүйтэй гэж үзэв.

Харин хохирогч Н.М- нь энэхүү 39 сая төгрөгийг шүүгдэгч Г.Г-д өгсөн талаарх баримт байгаа бол Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах замаар шийдвэрлүүлэх эрхийг энэхүү магадлалаар хязгаарлаагүй, ийнхүү шийдвэрлүүлэх эрх талуудад нээлттэй болохыг дурдаж байна.

Хэргийн 2 дугаар хавтасны 121-123 дугаар талд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 11/4550 дугаар албан бичгээр ирүүлсэн “Ш” ХХК-ийн лавлагаанд тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Н.М- байх бөгөөд түүнийг хохирогчоор тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь зөв болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар сэжигтэн, яллагдагч, хохирогч нь эх хэлээрээ болон өөрийн сайн мэдэх хэлээр мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах эрхтэй бөгөөд мөрдөгч 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Н.М-г хохирогчоор тогтоож, мэдүүлэг авахдаа түүнд хуульд заасан эрх, үүргийг танилцуулахад тэрээр орчуулагч, хэлмэрч авах талаар хүсэлт гаргаагүй, мөн хохирогч Н.М- нь 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өмгөөлөгч Ж.Г-тай гэрээ байгуулан хууль зүйн туслалцаа авсан байх тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Мөрдөгч нь гэрч D /Т-/-ээс мэдүүлэг авахад гэрчид эрх, үүргийг танилцуулж, асууж тодруулах зүйл байгаа эсэхийг асуухад тэрээр “Би ойлгосон. Надад асууж тодруулах зүйл байхгүй. Би одоо өгөх мэдүүлгийг өмгөөлөгч Ж.Г-ыг байлцуулна” хэмээн гэрч нь өмгөөлөгч Ж.Г-ын хамт мэдүүлэг өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, түүнийг байлцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй.” гэж заасанд нийцэж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдагдсан “...Н.М-г орчуулагчаар хангаагүй, ...Т-, өмгөөлөгч Ж.Г- нарын хооронд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийгээгүй байж өмгөөлөгчөөр оролцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн...” гэсэн нь үндэслэлгүй байна.

2. Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч Ж.Г-ын: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар Г.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шүүхийн шийдвэрийг гардаж авсны дараа над руу Г.Г-ийн хүргэн ах Б.Г- утсаар холбогдож “Уулзъя” гээд Нийслэлийн Прокурорын газрын гадаа уулзахад  “Би Г.Г-ийн хүргэн ах нь байгаа юм. Чи бид хоёр цагдаад ажиллаж байсан, зовлон жаргалаа мэднэ, миний дүүд холбогдох хэрэгт давж заалдах гомдол битгий гарга, эхний ээлжинд 15 сая төгрөг өгье” гэсэн санал тавьсан. Би тухайн үед тодорхой хариу хэлээгүй. ...2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Гранд люкс” нэртэй ресторанд Г.Г- нь хүргэн ах Б.Г-ын хамт ирж, 18 сая төгрөгийг бэлнээр өгч “Давж заалдах гомдол битгий гаргаач ээ” гэж хэлээд явсан. Би тухайн мөнгийг авсан өдрөө шууд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд очиж, давж заалдах гомдлоо гардуулж өгсөн. ...Мөнгөө зоогийн газарт өгөх гэж байгаад больсноо “Эхлээд мөнгөө цэгцлээд орхиё, та гарч бай” гэж хэлээд би зоогийн газрын үүдэнд гараад байж байтал удалгүй Г.Г-, Б.Г- хоёр гарч ирээд саарал өнгийн жижиг даавуун тортой мөнгө өгсөн. Тэгэхээр нь би цаас байж магадгүй гэж бодоод шалгаж үзэхэд цагаан өнгийн гялгар ууттай, 7 боодол 20.000, 10.000 төгрөгийн дэвсгэртүүд байсан. ...Би уг мөнгийг тэдгээр хүмүүсийн хууль бус үйлдлийг баримтжуулж, нотлох зорилгоор авсан. ...” /4хх 30-31/,

шүүгдэгч Г.Г-ийн: “...2020 оны 8 дугаар сарын сүүлээр Б.Г- ах над руу залгаад “Өмгөөлөгч Ж.Г- бид хоёртой уулзъя гэж байна” гэхээр нь би Дорнод аймагт явж байсан болохоор “Хотод очоод уулзъя” гэсэн. Тэгээд 2020 оны 8 дугаар сарын 31-нд гэртээ байж байхад Б.Г- ах над руу залгаад “Өмгөөлөгч Ж.Г- ярьж байна. Маргааш уулзъя” гэхээр нь би зөвшөөрөөд 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Гранд люкс” нэртэй зоогийн газарт уулзаад Б.Г- ахын авч ирсэн 18 сая төгрөгийг би өмгөөлөгч Ж.Г-д өгсөн. Би ойлгохдоо энэ мөнгийг Ж.Г- өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахгүй, миний оролцож байгаа Н.М-гийн хэргийг зохицуулаад өгнө гэж ойлгосон. ...Ж.Г- өмгөөлөгч хэргийг маань түргэн шуурхай зохицуулаад өгнө гэхээр нь өгсөн. ...” /4хх 221-222/,

шүүгдэгч Б.Г-ын: “...Би өмгөөлөгч Ж.Г-д мөнгө өгөөгүй. Г.Г- өгсөн. Харин Г.Г- нь надаас аваад Ж.Г-д өгсөн. Би тэр үедээ мөнгөө хар өнгийн гялгар уутанд хийсэн байсан. Тэрийгээ “Гранд люкс” зоогийн газарт орохоосоо өмнө өгчихсөн байсан. Тэгээд Г.Г- нь өөрөө тэр мөнгөө зоогийн газраас гарч ирээд үүдэнд нь, замын хажууд Ж.Г-д өөрийнхөө гараас өгч байсан. ...Би өөрийнхөө “Nissan Advan” загварын 2 ширхэг автомашинаа 15 сая төгрөгөөр зараад мөнгөтэй болсон байсан. Харин 3 сая төгрөг угаасаа надад байсан. ...Г.Г- нь энэ хэрэгт ямар нэгэн бичлэг байхгүй болохоор хоёулаа өмгөөлөгч Ж.Г-ыг мөнгө авах саналыг тавьсан. “15 сая төгрөг авъя” гэж хэлсэн гээд мэдүүлэг өгье гэж гуйгаад байсан болохоор нь тэгээд мэдүүлсэн. Яг үнэндээ 15 сая төгрөг өгөх саналыг Г.Г- гаргасан. Би дамжуулж хэлж өгсөн. Бас “Сүүлд мөнгө нь багадаад байна” гэсэн чинь надад байгаа 3 сая төгрөгийг аваад нийт 18 сая төгрөгийг Г.Г- Ж.Г-д өгсөн. ...Г.Г- нь өөрөө л “15 сая төгрөг өгвөл болох уу” гэж асуулгасан. Би юу гэж хүний өмнөөс мөнгө төгрөгийг нь тохироод, өмгөөлөгч ятгаад яваад байх вэ дээ. ...” /4хх 44, 135-136/ гэсэн мэдүүлгүүд,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/1456 дугаар цагаатгах тогтоол /5хх 114-124/,

шүүгдэгч Г.Г-, хохирогч Н.М-д хууль зүйн туслалцаа үзүүлж байсан өмгөөлөгч Ж.Г- нарын хооронд утсаар холбогдож ярьсныг бичсэн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 141-144/ болон бусад нотлох баримтаар:

Шүүгдэгч Г.Г-, Б.Г- нар нь бүлэглэн цагаатгах тогтоолыг хүчин төгөлдөр болгох буюу тухайн цаг үед хохирогч Н.М-д хууль зүйн туслалцаа үзүүлж байсан өмгөөлөгч Ж.Г-ыг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргуулахгүй байх зорилгоор өмгөөлөгч Ж.Г-тай Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гранд люкс” зоогийн газарт уулзаж, улмаар 18.000.000 төгрөгийг түүнд бэлнээр өгч, ятгасан болох нь тогтоогдож байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Г-, Б.Г- нарыг гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн өмгөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулахтай холбогдуулан хууль бусаар нөлөөлсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байх бөгөөд тэдний энэхүү хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, иргэдийн төлөөлөгчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулах, өөрт ашигтай, давуу байдлыг бий болгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх зүйн үр дагавар үүсгэх тодорхой үйлдэл хийх, эсхүл үйлдэл хийхээс түдгэлзүүлэх зэрэг санаа зорилгоор тус ажиллагааг эрхлэн явуулж буй дээрх этгээдүүдэд хүч хэрэглэх, заналхийлэх, ятгах, шан харамж амлах, өгөх гэх мэт хэлбэрээр хууль бусаар нөлөөлснөөр төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Монгол Улсын Үндсэн хууль болон Олон Улсын эрх зүйн хэм хэмжээнд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй аливаа этгээд шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэртэй холбогдуулж гомдол гаргах эрхтэй байдаг.

Гэтэл шүүгдэгч Г.Г- нь өөрт холбогдсон хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан хохирогчийн өмгөөлөгч Ж.Г-д хууль бусаар нөлөөлж, хохирогч, түүний өмгөөлөгчийн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхээ хэрэгжүүлэхийг хаах зорилгоор Б.Г-тай бүлэглэж, хохирогчийн өмгөөлөгч Ж.Г-д 18 сая төгрөг бэлнээр өгч ятгасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болно.

Шүүгдэгч Г.Г-, түүний өмгөөлөгч нараас “...Өмгөөлөгч Ж.Г- нь хууль, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн, Г.Г-г ятгасан, хэрэг үйлдэх сэдэл төрүүлсэн...” хэмээн давж заалдах гомдлууддаа дурджээ.

Хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч Ж.Г-ын мэдүүлэг нь шүүгдэгч Б.Г-ын “...Өмгөөлөгч Ж.Г-тай уулзаж Г.Г-ийн холбогдсон хэргийн талаар ярихад “Анхан шатны шүүх хуралдаанд Г.Г- ялсан. Гэхдээ дараа дараагийн шүүх хурал байгаа, дараа уулзъя” гээд утасны дугаараа үлдээгээд явсан. Ингээд энэ талаар Г.Г-д хэлэхэд тэр өдрөөс хойш Г.Г- надаас байнга “Өмгөөлөгч Ж.Г-тай уулзуулаад өгөөч, хэргийн талаар ярилцаад гайгүй зохицуулаад өгөөч” гээд гуйгаад байх болсон. Энэ гуйлтын дагуу би Ж.Г- өмгөөлөгч рүү залгахад утсаа авдаггүй байсан ба 2020 оны 8 дугаар сарын сүүлээр утсаа авахаар нь би “Г.Г- өөрийг чинь “Давж заалдах шатны шүүхэд битгий гомдол гаргаач, мөнгө өгье, тохиролцъё” гэж хэлүүлж байна” гэсэн. Тэгээд Ж.Г- нь “Танай дүү хэдэн төгрөг өгч чадах юм, бодож байгаад болъё” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд Г.Г-д хэлэхэд “15.000.000 төгрөг өгье” гэсэн. ...” гэсэн мэдүүлэг /4хх 230/-ээр давхар нотлогдож байгаа бөгөөд эдгээр нотлох баримт нь шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын үндэслэл болсон баримтыг үгүйсгэж байна.

Түүнчлэн хэргийн 4 дүгээр хавтасны 138-140 дүгээр талд авагдсан өмгөөлөгч Ж.Г-д Өмгөөллийн тухай хууль болон Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн холбогдох зүйл, хэсгийг зөрчсөн буруутайд тооцож, сахилгын шийтгэл хүлээлгэсэн Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоол нь энэхүү хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, хувийн байдалд,

шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 25.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 төгрөгөөр торгох ял, 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн, түүний эдлэх торгох ялын хэмжээг 35.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 35.000.000 төгрөгөөр тогтоож, 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тус тус тохирсон гэж дүгнэв.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Ц.Амар, К.Бауиржан, Д.Дэлгэрцэцэг нарын “Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Г-г цагаатгуулах”-аар гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/886 дугаар шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлт оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/886 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтын “...даалгасугай.” гэсэн хэсгийг “...даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Н.М-гаас орон сууц захиалах урьдчилгаанд төлсөн 39.000.000 /гучин есөн сая/ төгрөгийг гаргуулан Г.Г-д олгосугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Ц.Амар, К.Бауиржан, Д.Дэлгэрцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                           Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ