Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2020/01869

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“С-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/01582 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “С-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.О-ад холбогдох

 

Автомашины өмчлөх эрхийг буцаан шилжүүлж, гэрээнээс татгалзсантай холбогдуулан орох байсан орлого, хохиролд нийт 50 441 666 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Алтантуяа,

Хариуцагчийн өмгөөлөгч: М.Энхжин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С-” ХХК нь өөрийн өмчлөлийн 25-53 УНӨ улсын дугаартай “цистерн” маркийн бохир соруулах зориулалттай автомашиныг иргэн Б.О-ад 48 000 000 төгрөгөөр худалдахаар тохирч, 2013 оны 7 сарын 29-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Б.О- эхний төлбөр 24 000 000 төгрөгийг төлж, машиныг өөрийн нэр дээр шилжүүлж авч яваад, хоёр дахь төлбөрөө хугацаандаа төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн. Ийнхүү төлбөрөө огт төлөхгүй явж байснаа 2017 оны 5 сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрээний дагуу төлсөн 24 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, тус компанийн зүгээс гэрээний үлдэх төлбөр 24 000 000 төгрөг, хохирол 12 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Улмаар анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах болон хяналтын шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн юм. Ийнхүү сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ шүүх “хариуцагч Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохирлыг шаардаагүй ба хадгаламжийн дундаж хүүгээр хохирол тооцсон нь гэрээнээс татгалзсантай шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн. Мөн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримталсан мөртлөө шийдвэртээ авсан өгснөө харилцан буцааж өгөх 25-53 УНӨ улсын дугаартай “цистерн” маркийн бохир соруулах зориулалттай автомашины өмчлөх эрхийг “С-” ХХК-д буцааж өгөхийг шийдвэрлээгүй байдаг. Иймд дээрхи шийдвэрээр хариуцагчийн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохирлыг шаардах эрх болон Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхээ буцааж өгөхийг шаардах эрхүүд нээлттэй үлдсэн тул автомашины өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, олох байсан ашиг болон хохиролд нийт 50 441 666 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Гэрээний хугацаанд бохир соруулах авто машинаар олох байсан орлогыг “Зайсан скай” ХХК-ийн Б.О-тай байгуулсан түрээсийн гэрээний үнийн дүн болох нэг өдрийн 275 000 төгрөгөөр, 7 сар 26 хоногийн хугацаагаар тооцоход олох байсан ашиг 47 300 000 төгрөг, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар 48 000 000 төгрөгийн үнэтэй автомашин ашигласан хугацааны элэгдэл, хорогдлыг 10 жилийн хугацаагаар тооцоход жилд 4 800 000 төгрөг, үүнийг 7 сар 26 хоногт тооцоход 3 141 666 төгрөг болж байгаа тул нийт 50 441 666 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О- миний бие 2013 оны 7 сарын 29-ний өдөр “С-” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 25-53 УНӨ улсын дугаартай “цистерн” маркийн авто машиныг 48 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Улмаар гэрээнд зааснаар гэрээ байгуулагдсан өдрөө автомашины урьдчилгаа төлбөрт 24 000 000 төгрөгийг төлж, автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Ингээд автомашиныг сар гаруй хугацаанд ашиглаж байх явцад автомашины хянах самбарт улаан гэрэл асч, доголдолтой болох нь илэрсэн тул нэхэмжлэгч “С-” ХХК-нд хандахад 2014 оны 3 сарын 25-ны өдөр автомашиныг засуулна гэж аваад буцааж өгөлгүй гэрээнээс татгалзсан. Ийнхүү гэрээнээс татгалзаж автомашинаа буцаан авсан атлаа урьдчилгаа төлбөрт авсан мөнгөө өгөхгүй байсан тул миний бие шүүхэд хандаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 24 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргахад анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “С-” ХХК-иас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 6 сарын 19-ний өдрийн 1014 тоот тогтоолоор дээрх магадлал хэвээр үлдсэн юм. Гэтэл “С-” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан ч төлбөр төлөлгүй намайг хохироосоор байна. Гэтэл тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэн авах талаар нэг ч удаа надтай холбогдоогүй атал шүүхэд хандаж өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах шаардлага гаргаад зогсохгүй автомашин өөрсдийнх нь  эзэмшилд байсаар атал ашиглаж чадаагүй гэж олох байсан орлого шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэгэнт шүүхийн шийдвэрээр гэрээнээс татгалзаж, талууд худалдах, худалдан авах гэрээгээр өгсөн, авснаа буцаах болохыг тогтоосон тул “С-” ХХК нь Автотээврийн үндэсний төвд шүүхийн шийдвэрээ хавсарган өмчлөх эрхээ шилжүүлж авах бүрэн боломжтой. Би тус компанийг хохироосон зүйл байхгүй, харин “С-” ХХК нь 2013 оны 7 сард 24 000 000 төгрөгийг авч, 2014 оны 3 сард худалдсан автомашинаа буцаан авч өнөөдрийг хүртэл 24 000 000 төгрөгийг эдийн засгийн эргэлтэнд оруулж ашиг хонжоо олж байна. “С-” ХХК нь гэрээнээс татгалзсантай холбоотойгоор хохирол учирсан гэж үзэж байгаа бол 2020 оны 02 сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар хохирол шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Б.О-ыг автомашиныг 7 сар 26 хоног өөрийн эзэмшилд байлгасан талаар шүүхийн шийдвэрт тусгасан ч тухайн тээврийн хэрэгслийг эзэмшилдээ байлгаснаас биш энэ хугацаанд өдөр тутам ашиглаад ашиг, орлого олоод байсан зүйл байхгүй. Тухайн автомашиныг барьж, жолоодож байсан гэрч “... 2013 оны 8 сарын 05-ны өдрөөс эхлэн тухайн авто машиныг эзэмшилдээ аваад ашиглаад явж байхад хянах самбар дээр улаан гэрэл асч, алдаа зааж хоёроос гурван удаа засварын газар очсон. Дараа нь 2014 оны 3 сарын 25-ны өдөр автомашиныг засуулна гэж аваад эргүүлж өгөөгүй талаар Сонгинохайрхан дүүргийн шүүхэд мэдүүлдэг. Давж заалдах, хяналтын шатны шүүхийн магадлал, тогтоол дээр гэрээнээс татгалзсан хугацааг 2014 оны 3 сарын 25-ны өдөр гэж тогтоосныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар дахин нотлох шаардлагагүй баримт гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн мөн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7 дахь хэсэгт зааснаар нэгэн зэрэг үүргээ гүйцэтгэх ёстой гэж үзвэл “С-” ХХК нь Б.О-ын автомашины урьдчилгаа төлбөрт өгсөн 24 000 000 төгрөгийг өгснөөр машины өмчлөх эрхийг шилжүүлнэ гэж үзэж байна. “С-” ХХК-ийн дансанд орж ирсэн бохирын тээврийн хөлс гэх утгатай орлогод маргахгүй ч цаг хугацааны хувьд 2012 оны 7, 10 дугаар сарын баримтууд байна, мөн нэхэмжлэгч нь энэ хэмжээний орлого олж байсан талаараа санхүүгийн тайландаа тусгаагүй байгаа нь татгалзлын үндэслэл болж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.О-аас 47 300 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “С-” ХХК-д олгож, 25-53 УНӨ улсын дугаартай, “цистерн” маркийн автомашиныг “С-” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Б.О-ад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 141 666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 563 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 394 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлж, хуулийг буруу тайлбарлан, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Б.О- нь 2013 оны 8 сарын 05-ны өдөр автомашин түрээслэх гэрээг “Зайсан скай” ХХК-тай байгуулсан байдаг ч уг автомашинаар 7 хоногийн хугацаанд бохир соруулах ажлыг гүйцэтгүүлж байгаад худалдагч нь худалдсан автомашинаа буцаан авсан шалтгаанаар гэрээ хэрэгжээгүй тухай “Зайсан скай” ХХК-ийн 2020 оны 5 сарын 13-ны өдрийн албан бичиг хавтаст хэрэгт авагдсанаас гадна иргэн Б.О- нь цалингаас өөр орлого олоогүй болохоо нотолж нийгмийн даатгалын дэвтэр, харилцах дансны хуулгаа гаргаж өгсөн болно. Гэтэл анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг огт үнэлж дүгнэлгүй, эдгээр баримтыг яагаад үнэлээгүй болохоо  дурдалгүйгээр хариуцагч нь гэрээ сунгагдаагүй талаар ямар ч баримт гаргаж өгөөгүй гэж хийсвэр дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн өмнө Б.О-ын нэхэмжлэлтэй “С-” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн магадлал, тогтоолд Б.О-ыг автомашиныг зориулалтын дагуу аж ахуйн зориулалтаар ашиглуулж, эдийн засгийн эргэлтэнд оруулж ашиг олсон талаар дүгнэлт огт хийгээгүй байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн мэтээр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх хариуцагч Б.О-ыг 7 сар 26 хоногийн хугацаанд автомашиныг ашиглаж, ашиг олсон гэх үндэслэлээр нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж буй тохиолдолд хариуцагч тасралтгүй 7 сар 26 хоногийн хугац автомашиныг бусдад түрээслүүлж ашиг олсон болох нь нотлох баримтаар тогтоогдсон байх учиртай. Гэтэл “Зайсан скай” ХХК-иас Б.О-ад түрээсийн төлбөр төлж байсан талаар ямар ч баримт байхгүй, харин ч “Зайсан скай” ХХК болон Б.О-ын хооронд байгуулсан гэрээ хэрэгжээгүй болохыг тодорхойлсон албан бичиг хэрэгт авагдсан болохыг анхаарч үзэхийг давж заалдах шатны шүүхээс хүсч байна. Анхан шатны шүүх нэхэмжпэгч талаас гаргаж өгсөн Хан-Уүл дүүргийн эмнэлэгтэй байгүулсан ажил гүйцэтгэх гэрээ болон “С-” ХХК-ийн Голомт банкны дансанд тус эмнэлгээс төлбөр шилжүүлж байсан талаарх дансны хуулга, бэлэн мөнгөний орлогын баримтууд зэргээс үзвэл Б.О-ын гэрээгээр тохиролцсон өдрийн 275 000 төгрөгийн хөлс болон “С-” ХХК өдөрт 275 000 төгрөгийн хөлс болон “С-” ХХК өдөрт 275 000 төгрөгийн орлого олох боломжтой гэж шаардсан нь бодит үнэнд нийцсэн, өөрөөр хэлбэл бохир сорох зориулалт бүхий автомашинаар 1 өдөрт 275 000 төгрөг олох боломжтой болох нь нотлогдож байна” гэж дүгнэсэн нь мөн хууль зүйн үндэслэлгүй, хэт нэг талын ашиг сонирхолд нийцсэн байдлаар хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Бэлэн мөнгөний баримтууд дээрх орлогыг олсон гэж үзэх нөхцөлд “С-” ХХК нь хуулийн этгээдийн хувиар санхүүгийн тайлан сангийн хэлтсээр баталгаажуулсан санхүүгийн тайлангаар ямар ч орлого олоогүй болох нь нотлогдсон бөгөөд ийнхүү эргэлзээтэй баримтыг шүүх үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх талуудын хооронд 2013 оны 7 сарын 29-ний өдөр байгуулагдсан гэрээнээс 2014 оны 3 сарын 25-ны өдөр нэхэмжлэгч татгалзсан, дээрх маргаан 2018 оны 2 сарын 23-ны өдөр Улсын Дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн зэргээс үзвэл Иргэний хуулийн 75 дугаар зуйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй” гэсэн нь мөн хууль зүйн үндэслэлгуй байна. Учир нь “С-” ХХК нь 2014 оны 3 сарын 25-ны өдөр Б.О-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан, ийнхүү энэ өдөр гэрээнээс татгалзсан болохыг магадлал, тогтоолоор дүгнэсэн болно. “С-” ХХК гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирлоо шаардаагүй нь нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл болох мэтээр дүгнэн нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанаар шаардах эрх нь үүсэхгүй харин гэрээнээс татгалзсантай холбогдох хэрэг маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн гэж дүгнэж байгаа нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсгийг зөрчсөн буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна. “С-” ХХК нь иргэн Б.О-ад 24 000 000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөлгүй иргэн Б.О-ыг хохироосоор байгаа. Ийм учраас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7, 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт заасныг баримтлан “С-” ХХК-ийн зүгээс 24 000 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлсэн нөхцөлд хариуцагч нь автомашины өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй атал “С-” ХХК-ийн нэр дээр автомашины өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг Б.О-ад даалгасан нь буруу юм. Эцэст нь 2016 онд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул өгсөн, авснаа буцаахтай холбоотой хэрэг маргаан эхлэхэд “С-” ХХК нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлын талаар шаардах эрхээ хэрэгжүүлээгүй атлаа шүүхийн шийдвэрийн дагуу 24 000 000 төгрөгийг төлөх үүрэг биелүүлэхгүй 2 жил гаруйн хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсаар сүүлдээ уг төлбөрийг төлөхөөс зайлсхийж олох ёстой байсан орлогоо нэхэмжилж байхад шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүйгээр хөөн хэлэлцэх хугацаа өнгөөрөөгүй гэж үзээд зогсохгүй нотлох баримтаар бүрэн тогтоогдохгүй байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж эрх ашиг нь хохирсоор буй иргэн Б.О-ыг дахин хохироож маш их хэмжээний өр төлбөрт оруулсан шударга бус шийдвэр гаргасанд үнэхээр гомдолтой байна. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “С-” ХХК нь хариуцагч Б.О-ад холбогдуулан автомашины өмчлөх эрхийг буцаан шилжүүлж, гэрээнээс татгалзсантай холбогдуулан орох байсан орлого, хохиролд нийт 50 441 666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг  хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2013 оны 7 сарын 29-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “С-” ХХК нь 25-53 УНӨ улсын дугаартай, 48 000 000 төгрөгийн үнэ бүхий “Цистерн” маркийн автомашиныг хариуцагч Б.О-ад худалдах, хариуцагч нь автомашиныг хүлээн авч, гэрээнд заасан нөхцөлөөр үнийг төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд хариуцагч Б.О- нь автомашины үнэд 24 000 000 төгрөгийг төлж, үлдэх 24 000 000 төгрөгийг 2013 оны 10 сарын 05-ны дотор төлөхөөр автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байна. /хх-ийн 11-р тал/

 

            Гэвч нэхэмжлэгч “С-” ХХК нь 2014 оны 3 сарын 25-ны өдөр автомашиныг буцаан авснаар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан үйл баримт тогтоогджээ. Улмаар хариуцагч Б.О- нь 2017 оны 5 сарын 03-ны өдөр автомашины урьдчилгаанд төлсөн 24 000 000 төгрөгийг нэхэмжлэгч “С-” ХХК-иас буцаан гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2017 оны 12 сарын 25-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 24 000 000 төгрөг, хадгаламжийн дундаж хүүгээр тооцсон хохирол 12 000 000 төгрөг, нийт 36 000 000 төгрөг гаргуулах тухай “С-” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 12-16-р тал/

 

             Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 сарын 23-ны өдрийн 547 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 6 сары 19-ний өдрийн 1014 дугаар тогтоолоор дээрх шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 17-23-р тал/

 

            Анхан шатны шүүх 25-53 УНӨ улсын дугаартай, “Цистерн” маркийн автомашиныг нэхэмжлэгч “С-” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Б.О-ад даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлээгүй талаас нь үнэлээгүй, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж хохиролд 47 300 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь буруу болсон байна.

           

            2017-2018 онд нэхэмжлэгч “С-” ХХК нь хариуцагч Б.О-аас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 24 000 000 төгрөг, хадгаламжийн дундаж хүүгээр тооцсон хохиролд 12 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргаж байсан бөгөөд хохиролд шаардсан 12 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол гэж үзэхгүй талаар өмнө нь давж заалдах болон хяналтын шатны шүүх дүгнэжээ. /хх-ийн 20, 23-р тал/

 

            Нэхэмжлэгч “С-” ХХК нь одоо хариуцагч Б.О-ад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар орох байсан орлого 47 300 000 төгрөг, автомашины элэгдэл хорогдолд 3 141 666 төгрөгийг тус тус шаарджээ.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдуулан олох байсан ашиг гэж хариуцагчаас хохирол шаардах эрхтэй талаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараас дүгнэвэл гэрээний нэг тал үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор талууд автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзжээ. Иймд нэхэмжлэгч “С-” ХХК нь гэрээний үүрэг зөрчсөний улмаас гэрээнээс татгалзсантай холбоотойгоор Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохирлыг шаардахдаа автомашиныг өөрийн эзэмшилд авсан өдөр буюу 2014 оны 3 сарын 25-ны өдрөөс шаардах эрхтэй байжээ.

 

            Гэвч нэхэмжлэгч нь үүрэг зөрчсөнтэй холбоотойгоор худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны хохирол гэх нийт 50 441 666 төгрөгийн шаардлагыг хариуцагч Б.О-ад холбогдуулан 2020 оны 2 сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэл болж байгаа тул хариуцагчаас 50 441 666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх талуудын өмнө шийдвэрлэгдээгүй маргааныг 2018 оны 2 сарын 23-ны өдөр Улсын дээд шүүхээр шийдвэрлэгдсэн маргаантай хамааруулан дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

            Харин автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгч “С-” ХХК-д шилжүүлэхийг хариуцагч Б.О-ад даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч “С-” ХХК нь автомашины үнэд төлсөн 24 000 000 төгрөгийг хариуцагч Б.О-ад буцаан өгөөгүй нь автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхгүй байх үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна. 

           

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/01582 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 25-53 УНӨ улсын дугаартай, “Цистерн” маркийн автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгч “С-” ХХК-д шилжүүлэхийг хариуцагч Б.О-ад даалгаж, нэхэмжлэгч “С-” ХХК-ийн нэхэмжлэлээс 50 441 666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 563 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 464 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ                                         

                                         ШҮҮГЧИД                                         Д.НЯМБАЗАР

                                                                                                 

                                                                                                     Г.ДАВААДОРЖ