Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 125/2017/0012/З |
Дугаар | 221/МА2017/0491 |
Огноо | 2017-07-04 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2017/0491
2017 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 221/МА2017/0491 | Улаанбаатар хот |
Г.Б-ы нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Ховд аймгийн Булган сумын Засаг дарга Б.А нарын гаргасан давж заалдах гомдлоор, Г.Б-ы нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн иргэдийн нийтийн хурлын дарга, Булган сумын Засаг дарга, Баянгол багийн иргэдийн нийтийн хурлын тооллогын комиссын дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн иргэдийн нийтийн хурлын хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоол, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Г.Б-ыг Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Засаг даргаар томилсон захирамж гаргахыг Ховд аймгийн Булган сумын Засаг даргад даалгах, Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн иргэдийн нийтийн хурлын хуралдааны тооллогын комиссын 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Санал хураасан дүнгийн тухай 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан үеийн цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг Ховд аймгийн Булган сумын Засаг даргад даалгах гэжээ.
Анхан шатны шүүх шийдвэртээ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.4, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн иргэдийн нийтийн хурлын хуралдааны тооллогын комиссын 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Санал хураасан дүнгийн тухай 01 дүгээр тогтоол, Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн иргэдийн нийтийн хурлын хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоол, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/03 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчээс Г.Б-ы Ховд аймгийн Булган Сумын Баянгол багийн Засаг даргаар томилсон захирамж гаргахыг, ажилгүй байсан үеийн цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг тус тус Ховд аймгийн Булган сумын Засаг даргад даалгах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Г.Б давж заалдах гомдолдоо: ...1.Шүүхийн шийдвэрийг үндэслэх хэсэгт ...Булган сумын Засаг даргын Сонгууль дахин явуулах тухай албан бичгийг биелүүлж Баянгол багийн иргэдийн нийтийн хурлаар Баянгол багийн Засаг даргыг сонгох асуудлыг дахин хэлэлцсэн байх тул Баянгол багийн иргэдийн нийтийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Санал уламжлах тухай 02 дугаар тогтоолыг хүчинтэй гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд Г.Б-ыг Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Засаг даргаар томилсон захирамж гаргахыг Ховд аймгийн Булган сумын Засаг даргад даалгасан шийдвэр гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хууль бус гэж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь Баянгол багийн иргэдийн нийтийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг Санал уламжлах тухай 02 дугаар тогтоолыг хүчингүй болгоогүй, Булган сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Сонгууль дахин явуулах тухай 01 дүгээр албан бичгээр Баянгол багийн Засаг даргаар Г.Б-ыг томилохоос татгалзаж, тус багийн Засаг даргын дахин сонгуулийг 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулахыг багийн иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчдэд мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл Булган сумын Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг биелүүлэх хугацааг багийн иргэдийн нийтийн хуралдолгоогүй, Засаг даргаар томилохоос татгалзсан үндэслэл нь хуульд нийцээгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан.
Миний бие 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Баянгол багийн Засаг даргыг сонгох сонгуульд иргэдийн нийтийн хуралд оролцсон иргэдийн 56.8%-ийн санал авсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад бүрэн нийцсэн гэж үзэж байна.
Гэтэл шүүхээс Санал уламжлах тухай тогтоолыг хүчинтэй гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь хууль бус үндэслэлгүй шийдвэр гарсан гэж үзэн гомдол гаргаж байна.
2.Ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг Ховд аймгийн Булган сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Баянгол багийн иргэдийн нийтийн хурлын 02 дугаар тогтоол нь хууль ёсны гэж үзэж байгаа тул Баянгол багийн Засаг даргаар томилогдох үндэслэлтэй гэж дүгнэж байна.
Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 12 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж миний биеийг Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Засаг даргаар томилсон захирамж гаргахыг Ховд аймгийн Булган сумын Засаг дарга Б.А-д даалгах ажилгүй байсан үеийн цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг Ховд аймгийн Булган сумын Засаг даргад даалгаж өгөх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Булган сумын Засаг дарга давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрт ...Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар багийн Засаг даргад тухайн нэгжийн нийтийн хуралд оролцсон иргэдийн олонх буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгох ёстой. Гэтэл энэ тохиолдолд хуралдаанд оролцсон иргэдийн 48.8 хувийн санал авсан Б.Г-ийг багийн Засаг даргаар томилуулахаар өргөн мэдүүлсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчжээ.
Өөрөөр хэлбэл нэр дэвшигчийн саналын хувийг гаргахдаа хуралд оролцсон нийт иргэд буюу 443 хүний саналын хуудаснаас тооцож гаргах нь дээрх хуулийн зохицуулалттай нийцнэ. Тухайн өдрийн иргэдийн нийтийн хуралд багийн Засаг даргад 2 иргэн нэр дэвшиж 443 саналын хуудас тоологдож хэн аль нь олонхийн санал аваагүй болох нь хэрэгт авагдсан хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна.
Хариуцагчийн багийн иргэд 2 нэр дэвшигчийн хэн их санал авсныг Засаг даргад өргөн мэдүүлэхээр тогтсон тул Б.Г-н нэрийг дэвшүүлсэн, мөн хүчинтэй саналын хуудаснаас хувийг тооцоход Б.Г 53.8 хувийн санал авсан гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд иргэдийн нийтийн хурал нь багийн Засаг даргад хуулийн шаардлага хангасан буюу хуралд оролцсон иргэдийн 50-иас дээш хувийн санал авсан иргэдийн нэрийг Засаг даргад танилцуулахаар дээд шатны буюу сумын Засаг даргад өргөн мэдүүлэх үүрэгтэй, мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар, томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэж заасан ба нэр дэвшигчдийн саналын хувийг тооцохдоо хуралдаанд оролцсон нийт иргэд төлөөлөгчдийн саналын хуудаснаас /Баянгол багийн хуралд оролцсон 443 хүнээс/ нэр дэвшигчдийн саналын хувь тооцох эрх зүйн зохицуулалтаар ба хүчинтэй саналын хуудаснаас тооцох үндэслэлгүй байна.
Иймд Баянгол багийн Засаг даргад өрсөлдсөн Б.Г нь 213 хүн буюу 48.8 хувийн санал авч, хуульд заасан 50 хувиас дээш хувийн санал аваагүй байхад Баянгол багийн иргэдийн нийтийн хурлын тооллогын комиссын тогтоол гарсан нь хууль бус байх тул Баянгол багийн иргэдийн нийтийн хурлын 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д Энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэр дэвшигдсэн бол баг, хорооны Засаг даргыг сум ...Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй гэж заасан ба Булган сумын Засаг дарга нь 50-иас дээш хувийн санал аваагүй Б.Г-ийг томилсон нь үндэслэлгүй буюу дээрх хуулийн заалтыг зөрчсөн байх тул Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэн шийдвэрлэжээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлд Засаг дарга, түүний бүрэн эрх, 26.4-д энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-д заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй гэж заасны дагуу Баянгол багийн иргэдийн нийтийн хурлаас өргөн барьсан 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолд нийт сонгогчдын 53.5 хувийн санал авсан Б.Г-ийг Баянгол багийн Засаг даргад уламжлан өргөн мэдүүлснийг хүлээн авч 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр сумын Засаг даргын Б/03 дугаар захирамжаар Б.Г-ийг Баянгол багийн Засаг даргаар томилсон юм.
Сумын Засаг дарга тухайн хурлын хуралдааныг дүгнэх, хуралдааны шийдвэрийг хүчингүй болгох эрхгүй бөгөөд багийн иргэдийн нийтийн хурлаас өргөн барьсан тогтоолыг үндэслэн албан тушаалтныг томилох үүрэгтэй. Иймд миний бие сумын Засаг даргын хувьд хуулийн хүрээнд сумын Засаг даргын Б/03 дугаар захирамжийг хүчин төгөлдөр эрх зүйн акт гэж үзэж байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйл, 32 дугаар зүйл, 34 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэж байна.
Баянгол багийн иргэдийн нийтийн хурлаас сумын Засаг даргад нэг өдөр эхлээд багийн Засаг даргад Б.Г-ийг 53.5 хувийн саналаар багийн Засаг даргад өргөн мэдүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолыг үнэлээгүй харин дараа нь буюу 02 дугаар тогтоол давхардсан 1 цагийн дараа бичиг хэргийн ажилтан дээр оруулж ирсэн, багийн Засаг даргад Б.Г-ийг 48.8 хувийн саналаар багийн Засаг даргад өргөн мэдүүлсэн, 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолыг бодитоор үнэлсэн шийдвэр гаргасныг буруу гэж үзэж байна.
Нэгэнт шүүх үнэлэхдээ 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болохоор миний бие дараах тайлбарыг хийж байна.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар багийн иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчид, Засаг даргыг сонгох ээлжит сонгууль нь 4 жилд 1 удаа явагддаг бөгөөд Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн адил албан ёсны сонгуулийн хороо байгуулагдаж зохион байгуулж ажилладаггүйгээрээ бусад сонгуулиас онцлог юм.
Нэг үгээр хэлбэл багийн иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчид, Засаг даргаар хэнийг сонгох нь зөвхөн тухайн багийн иргэд, сонгогчдын саналаар шийдвэрлэгддэг. Тухайн багийн хурлыг ямар хэлбэрээр явуулах, яаж шийдвэрлэх талаар хурлын хуралдаанд оролцогчид хэлэлцэн хурлын дэг баталдаг бөгөөд тухайн өдрийн хуралдаан зөвхөн хурлын дэгийн дагуу явагддаг. Хавтаст хэргээс харахад 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн иргэдийн нийтийн хурлын дэг батлахад багийн иргэд, сонгогчид Г.Б, Б.Г нарын олонхийн санал авсан нь багийн Засаг даргаар өргөн мэдүүлнэ гэж тусгасан байдаг. Энэ нь цаг үеийн асуудал хүндэрч цас зудтай байгаа, бид дахин дахин сонгуульд оролцоод байх боломжгүй гэж иргэд хэлж хурлын тэмдэглэлд тэмдэглүүлснээс харж болох юм.
Шүүх шийдвэр гаргахдаа практик талаас авч үзэх ёстой байсан. Жишээ нь: Хоёр хүн өрсөлдөөд нэг нь олонх болоогүй тиймээс сонгууль дахин явуулах ёстой гэж үзэх нь логик ойлголтонд тохирохгүй байх. Хэрэв шүүхийн шийдвэрээс болж ийм буруу жишиг тогтвол одоогийн байдлаар манай сумын хэмжээнд Байтаг, Баянсудал багийн сонгууль хүчингүй болж эдгээр багууд дээр багийн Засаг даргын дахин сонгууль явагдахад хүрнэ. Тэгвэл өрсөлдсөн хүн бүхэн гомдол гаргавал Монгол Улсын хэмжээнд хэдэн багийн сонгууль дахин явагдахад хүрэх бол гэж бодоход хүрч байна.
Хөдөөгийн багийн иргэд, сонгогчдын боловсрол дутмаг учраас саналын хуудас хүчингүй болгох тохиолдол гарсан. Тиймээс хүчинтэй хуудаснаас хувийг тооцож саналыг Засаг даргад өргөн барьсан гэж багийн иргэдийн нийтийн хурлын даргын тайлбар нь бодит амьдралд тохиолддог зүйл гэдгийг олон талаас үнэлж үзэх нь чухал юм.
Хэрэв би сумын Засаг даргын хувьд 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзэж багийн Засаг даргыг томилохоос татгалзаж дахин сонгууль явуулах тухай шийдвэр гаргасан бол багийн иргэдийн нийтийнхурал, багийн иргэд хүлээж авахгүй байсан бөгөөд хуульд зааснаар 5 хоногт багтааж томилох үүргээ биелүүлээгүйн улмаас миний бие сумын Засаг даргын хувьд бас л буруутах байсан юм.
Иймд миний гаргасан гомдлыг олон талаас нь үнэлэлт дүгнэлт өгч хянан үзээд Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчин төгөлдөр хэвээр үлдээж шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэдийн ...олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэж заасан байна.
Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Засаг даргад нэр дэвшигч Б.Г 213 сонгогчийн буюу 48.8 хувийн санал, Г.Б 185 сонгогчийн буюу 41.7 хувийн санал авсныг тооллогын комисс нэр дэвшигчдийн нийт санал өгсөн хүнээс саналын хүчингүй хуудсыг хасаад хүчинтэй хуудаснаас тооцож, улмаар тус багийн иргэдийн нийтийн хурлаас Б.Г-ийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалт, тооллогын комиссын тогтоолыг тус тус үндэслэн багийн Засаг даргад томилуулахаар сумын Засаг даргад өргөн мэдүүлжээ.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн агуулгаас дүгнэхэд багийн хуралд оролцсон иргэдийн 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар санал болгох байтал 50-иас дээш хувийн санал аваагүй Б.Г-ийг багийн иргэдийн нийтийн хурлаас өргөн мэдүүлж, Засаг даргаар томилсон нь хуульд нийцэхгүй байгаа төдийгүй уг сонгуульд нэрээ дэвшүүлж өрсөлдсөн нэхэмжлэгч Г.Б-ы багийн Засаг даргад хуульд заасан журам, шаардлагыг хангаж өрсөлдөх эрхийг зөрчсөн байгаа тул нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Хариуцагчаас давж заалдах гомдлын үндэслэлээ ...тухайн багийн хурлыг ямар хэлбэрээр явуулах, яаж шийдвэрлэх талаар хурлын хуралдаанд оролцогчид хэлэлцэн хурлын дэг баталдаг бөгөөд тухайн өдрийн хуралдаан зөвхөн хурлын дэгийн дагуу явагддаг. Хавтаст хэргээс харахад 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын дэг батлахад багийн иргэд, сонгогчид Г.Б, Б.Г нарын олонхийн санал авсан нь багийн Засаг даргаар өргөн мэдүүлнэ гэж тусгасан байдаг. Энэ нь цаг үеийн асуудал хүндэрч цас зудтай байгаа, бид дахин дахин сонгуульд оролцоод байх боломжгүй гэж иргэд хэлж хурлын тэмдэглэлд тэмдэглүүлснээс харж болно... гэж тайлбарладаг ч багийн иргэдээс цас зудтай байгаа, бид дахин сонгуульд оролцоод байх боломжгүй гэсэн хүсэлт гаргасан нь хуульд заасан хувьд хүрээгүй санал авсан нэр дэвшигчийг өргөн мэдүүлж, түүнийг томилох үндэслэл болохгүй юм.
Нэхэмжлэгчээс давж заалдах гомдлын үндэслэлээ ...Баянгол багийн иргэдийн нийтийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг Санал уламжлах тухай 02 дугаар тогтоолыг хүчингүй болгоогүй... гэж тайлбарладаг ч багийн иргэдийн нийтийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Санал уламжлах тухай 02 дугаар тогтоолыг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргаж маргаагүй, өөрөө дахин сонгуульд оролцсон байгаа тул давж заалдах шатны шүүхээс гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Харин нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулан олгохыг хариуцагчид даалгах үндэслэлгүй, энэ тохиолдолд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, зохих бичилт хийлгэх шаардлага ч хангагдах боломжгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Ховд аймгийн Булган сумын Засаг дарга Б.А нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Баас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Ц.ЦОГТ