Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 123/2018/0016/З |
Дугаар | 0509 |
Огноо | 2018-12-19 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 0509
“Суварга буян” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал, тус сумын Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Х.Батсүрэн
Шүүгчид: Г.Банзрагч,
Д.Мөнхтуяа,
П.Соёл-Эрдэнэ,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Ц.Ундрал.
Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн дүн, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/24 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 32 дахь заалт, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/645 дугаар захирамжийн С ХХК-д холбогдох, Төв аймгийн Сэргэлэн Засаг даргын 2018 оны 04- дүгээр сарын 05-ны өдрийн А/86 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгуулах”,
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 123/ШШ2018/0017 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0500 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б, түүний өмгөөлөгч А.Д нар.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 123/ШШ2018/0017 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, мөн зүйлийн 26.2 дахь заалт, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэг, мөн зүйлийн 73.1.2 дахь заалт, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн дүн, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/24 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 32 дахь заалт, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/645 дугаар захирамжийн С ХХК-д холбогдох, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/86 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0500 дугаар магадлалаар: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 123/ШШ2018/0017 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 73 дугаар зүйлийн 73.1, 73.1.2, 74 дүгээр зүйлийн 74.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1, 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн дүн, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/24 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 32 дахь заалт, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/86 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгон, үлдэх Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/645 дугаар захирамжийн С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, түүний өмгөөлөгч М.А нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгчээс: “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, мөн сумын Засаг дарга нарт холбогдох захнргааны хэргийн нэхэмжлэгчээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0500 дугаар магадлалыг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүх Газрьн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр хяналтын журмаар дараахь гомдол гаргаж байна.
4. Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/86 дугаар захирамжаар Сэргэлэн сумын 1 дүгээр багийн 4 дүгээр зөрлөг, Бага Баян уулын энгэр нэртэй 12 га газарт дуудлага худалдаа явуулах тус сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурал /цаашид “Хурал” гэх/, Засаг дарга нарын шийдвэрүүдийг хууль бус гэж маргасан үндэслэл нь манай компанийн эзэмшиж байсан газартай давхцуулан 12 га газрыг дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж маргаж байгаа болно.
5. Хариуцагч давж заалдах гомдлынхоо зарим хэсгээс татгалзсаны үр дагавар нь нэхэмжлэгч хуулийн дагуу газар эзэмших эрхтэй болох, түүний хуулийн дагуу эзэмшиж буй газар дээр дуудлага худалдаа явуулах нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн болохыг тоггоосон анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.1-д “энэ хуулийн 114.1-д заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй” бол шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох гэж заасны дагуу хүчин төгөлдөр болж байгаа юм. Ийнхүү хариуцагч дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийн үндэслэлд өгсөн анхан шатны шүүхийн дүгнэлт хүчин төгөлдөр болсон байхад давж заалдах шатны шүүх нь уг маргаанд холбогдох хэсэгт дахин өөр дүгнэлт өгсөн зөрчилтэй болсноос гадна давж заалдах журмаар гомдол гаргаагүй асуудалд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.
6. Давж заалдах шатны шүүх газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулах ёсгүй гэж дүгнэжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтаар “С” ХХК нь 2016 онд хуучин оршуулгын газрыг арчлан тордож, тохижуулах төслийг боловсруулан Сэргэлэн сумын Засаг даргад хандан хүргүүлж байсан бөгөөд тэрээр тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй гэж үзэн нэг удаа буцаасан боловч 2017 онд манай комнанийг дуудан ирүүлж, танай боловсруулсан төсөл дэмжигдсэн, иймд төслийн дагуу оршуулгын газрыг тохижуулах ажлаа хийхийг үүрэг болгож, төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн тухайгаа мэдэгдэж, үүний дагуу захирамж гарсан юм.
7. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрхийг зохих Засаг даргад олгосон тул уг эрх бүхий захиргааны албан тушаалтан газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэснээр тухайн газар дээр эрх зүйн харилцаа үүсч тус газар нь өөрөө эрх зүйн харилцааны объект болно.
8. Ийнхүү сумын Засаг даргаас газар эзэмшүүлэх 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/444 дүгээр захирамж гарснаар уг газар дээр газрын эрх зүйн харилцаа үүсч, эрх зүйн харилцаа үүссэнээр “С" ХХК болон сумын Засаг дарга нарын хооронд эрх, үүрэг бий болж байгаа юм. Захирамж гарсны дагуу бид төслөө хэрэгжүүлж, уг оршуултын газрыг хашаажуулан, зам тавих ажлыг хийж эхэлсэн. Нэгэнт манай компани хэн нэгнийг хуурч мэхлээгүй, үгсэж хуйвалдаагүй, шударгаар, төрийн хуулийн дагуу томилогдсон сумын Засаг дарга гэгч албан тушаалтанд хандаж “газар эзэмших” хүсэлтээ, төслийн хамт гаргасны дагуу уг албан тушаалтан манай компанид газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан тул манай компани нь Иргэний хуулийн дагуу уг газрын шударга эзэмшигч юм.
9. Нөгөө талаас Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т захиргааны албан тушаалтан асуудлыг шийдвэрлэхдээ хуульд заасан боломжит хувилбараас сонгох боломжтой олгосон байгаа учир тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Газрын тухай хуулийн дээрх заалтын дагуу Сэргэлэн сумын Засаг даргаас дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмаар газар олгох эрхийнхээ төсөл сонгон шалгаруулах журмаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болно. Нэгэнт шударгаар газар эзэмшиж, төр болоод бид хоорондоо газрын эрх зүйн харилцаа үүсгэсэн бол энэхүү харилцааг болон манай компанийн газар эзэмших эрхийг зөвхөн Газрын тухай хуулийн дагуу дуусгавар болгох, цуцлах ёстой байхад сумын Засаг дарга өмнө олгосон шийдвэрээ цуцлаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Иргэний хуулийг зөрчин манай компанийн шударгаар газар эзэмших эрхийг зөрчиж байна.
10. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар эзэмших эрхийг дуусгавар болгох хууль зүйн үндэслэлийг тогтоож өгсөн байдаг. Нэгэнт үүссэн газрын эрх зүйн харилцааг дуусгавар болгох үндэслэл нь ийнхүү Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан байхад хуульд зааснаар өөр үндэслэлээр уг харилцааг дуусгавар болгож байгаа нь хууль бус болно. Эрх зүйн онолын “байгууллага, албан тушаалтанд хуулиар эрх олгоогүй бол хориглоно, иргэнд хуулиар хориглоогүй бол зөвшөөрнө” гэх үндсэн зарчим байх бөгөөд нэгэнт Газрын тухай хуулиар дуртай үндэслэлээрээ газар эзэмших эрхийг дуусгавар болгох эрхийг Засаг даргад олгоогүй бол тэрээр ийм шийдвэр гаргах эрхгүй болно.
11. Нэг засаг дарга солигдсоны дараа дараагийн Засаг ийм шийдвэр гаргаж байгаа нь төрийн алба тасралтгүй байх, залгамжтай байх зарим зөрчигдөж байгаа гэдгийг ч анхаарахгүй байж болохгүй юм. Нөгөө талаас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” нь захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим байхаар, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж, мөн зүйлийн 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж тус тус заасан. Хуулийн энэ заалтын дагуу сумын Засаг дарга нь манай газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргахдаа сонгох ажиллагаа явуулахгүйгээр гаргаж, уг хуулийн заалтыг зөрчсөн болно.
12. Эдгээр байдлыг анхаарахгүй давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйл, 27 дугаар зүйлийн 27.1-т заасныг хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1-т заасныг хэрэглээгүй байна.
13. Хариуцагчийн өмгөөлөгч “төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газрыг эзэмшүүлэхийг хориглодог төлөвлөгөөнд тусгаагүй газрыг эзэмшүүлэх ёсгүй байсан” гэх гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авсан нь үндэслэлгүй юм.
14. Нэгдүгээрт, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын “С” ХХК-д эзэмшүүлсэн газар нь “шинээр оршуулгын газар байхаар төлөвлөсөн газар” биш, хуучин оршуулгын газрын талбайг өргөжүүлэн мөн л зориулалтаар газрыг ашиглахаар шийдвэрлэсэн юм. Иймд уг газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.
15. Хоёрдугаарт, Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2.2-т “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, ..., оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна” гэж заажээ. Маргаан бүхий газрын зориулалт нь оршуулгын зориулалттай учраас оршуулга хийсэн газар нь ямар нэг тусгай шийдвэр гарахгүйгээр шууд нийтийн эзэмшилд шилждэг өвөрмөц харилцаа тул уг газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэх ёстой гэж тайлбарлаж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй бөгөөд уг газрыг нэхэмжлэгч “С” ХХК байнга өөрийн эзэмшилд байлгах үр дагавар үүсэхгүй. Оршуулгын газар нь ийм өвөрмөц харилцаа байдаг тул дэлхийн аль ч улс оронд оршуулгын газрыг дуудлага худалдаагаар зардаггүй онцлогтой юм. Дээрх байдал нь хариуцагч сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаан дээр “оршуулгын газрыг дуудлага худалдаагаар худалдах ёсгүй” гэх агуулгатай тайлбар гаргаж, хүлээн зөвшөөрсөн тайлбараар нотлогдоно.
16. Хариуцагч сумын Засаг дарга нь маргаан бүхий актыг гаргах үндэслэлээ Төв аймгийн Мэргэжлийн хяналтын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэсэн гэжээ. Нэхэмжлэгч нь Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг дээрх үндэслэлүүдээр зөвшөөрөхгүй байгаа боловч шүүхэд уг актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Учир нь улсын байцаагчийн тогтоосон акт хуульд нийцээгүй бол сумын Засаг дарга заавал биелүүлэх үүрэг хүлээхгүй, түүнд хуульд нийцээгүй актыг биелүүлэхээс татгалзах эрх хэмжээ байсан. Хуульд нийцээгүй дүгнэлтийг биелүүлж гарсан захиргааны акт хууль бус болох хууль зүйн үр дагавар үүсгэдэг.
17. Анхан шатны шүүх: Маргаан бүхий захиргааны актын хуульд нийцсэн эсэхийг хянахдаа уг актын үндэслэл болсон үйл баримтуудад дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой гэж нэхэмжлэгчээс үзсэн тул зөрчигдсөн эрхээ Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/645 дугаар захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулснаар сэргэнэ гэж үзсэн юм. Давж заалдах шатны шүүх “нийтийн эзэмшлийн газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний газрын зориулалтаар олгосон нь Газрын тухай хуулийн зорилго, зохицуулалттай нийцэхгүй” гэж дүгнэжээ.
18. Газрын тухай хууль зорилго, зохицуулалтыг /энэ хоёр ойлголт нь нэгдмэл ойлголтоороо зорилт болдог/ уг хуулиар тодорхойлсон бөгөөд нь энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино гэж заасан байна. Нэхэмжлэгч болоод хариуцагч Сумын Засаг даргаас газрын зориулалт өөрчлөгдсөн талаар огт маргаагүй байхад давж заалдах шатны шүүх: нэгдүгээрт, өөрийн санаачлагаар талуудын маргаагүй асуудалд дүгнэлт өгсөн, хоёрдугаарт, манай компани оршуулгын үйлчилгээ эрхэлдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс харагдаж байгаа, мөн уг газрын оршуулгын зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг нь манай боловсруулсан төсөл, талуудын тайлбараар хангалттай нотлогдож байгаа, гуравдугаарт, нас барагчийг оршуулах ажлыг хүн хийдэг бөгөөд хүний үйл ажиллагаа оролцож байгаа ажлыг үйлчилгээ гэж үздэгийг давж заалдах шатны шүүх огт мэдэхгүй байгаа, мөн түүнчлэн оршуулга хийгдсэн газар нь ямар нэг шийдвэрийг тусгайлан гаргахгүйгээр нийтийн эзэмшлийн газарт шилжүүлдэг гэдгийг тайлбарласаар байхад ийнхүү дүгнэлт өгсөн, дөрөвдүгээр, Сумын Засаг даргаас үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлсэн нь газрын харилцааг зохицуулсан захирамж тул Газрын тухай хуулийг зорилгод нийцээгүй гэж үзэх хууль болоод эрх зүйн үндэслэл огт алга байна.
19. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчтай газрьн эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ аваагүй тул газар эзэмших эрхтэй этгээд гэж үзэхгүй гэж дүгнэжээ. Давж заалдах шатны шүүх нь Газрын тухай хууль болоод эрх зүйн онолын хувьд газрын эрх зүйн харилцаа хэзээ үүсдэг, гэрээ, гэрчилгээ ямар үр дагавар үүсгэдэг талаар хууль зүйн ойлголт огт байхгүй, ийм учраас хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна. Газар эзэмших гэрчилгээ, гэрээ нь газрын харилцааг үүсгэх үр дагавр бүхий захиргааны акт биш, харин газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломж олгосон баримт бичиг гэдгийг ойлгохгүй Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-ыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
20. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан. Хуулийн энэ заалт нь газар эзэмшигч 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэхээр, захиргааны байгууллага үнэлгээ хийлгэснийх нь дараа гэрээ, гэрчилгээ олгосон байх зохицуулалтыг тусгасан. Уг хуулиар захиргаа гэрээ байгуулж, гэрчилгээ олгох хугацааг тусгаагүй, нөгөө талаас захиргаанаас гэрээ гэрчилгээ бичиж олгохгүй байгаа нь иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг дуусгавар болсон гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй байхад ийм дүгнэлт өгч байгаа нъ илт хууль бус болно.
21. Эдгээр үндэслэлийг хяналтын шатны шүүх хуралдаанд дэлгэрүүлж тайлбарлах болно. Дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0500 дугаар магадлал нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг буруу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
22. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцсэн байна.
23. Нэхэмжлэгч “С” ХХК нь “Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн дүн, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/24 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 32 дахь заалт, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/645 дугаар захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсэг, Төв аймгийн Сэргэлэн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/86 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
24. Давж заалдах шатны шүүхийн, нэхэмжлэгч “С” ХХК-д газар эзэмшүүлсэн Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын А/444 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, хариуцагчаас хууль зөрчиж гаргасан захирамжаа хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас “Сэргэлэн сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/645 дугаар захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь дараах үндэслэлээр хуульд нийцсэн байна.
25. Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/444 дүгээр захирамжаар, ...Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, ...ыг үндэслэн “С” ХХК-д тус сумын 1-р баг, 4-р зөрлөгт “үйлдвэр, үйлчилгээний” зориулалтаар 26 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
26. Үүний дараа Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчаас Сэргэлэн сумын Засаг дарга Э.Энхбаярт 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 19-04-029-261 тоот албан шаардлагыг хүргүүлсэн байх бөгөөд уг албан шаардлагад “хяналт шалгалтаар ...хуульд заасан хэмжээнээс илүү талбай бүхий газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулахгүй олгосон нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг, ...тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт газар олголт хийсэн нь мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасныг зөрчсөн гэж дүгнэн, ...хууль зөрчиж газар олгосон 2015-2017 оны захирамжуудыг цуцлах талаар” мэдэгдсэн байна.
27. Улмаар Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/645 дугаар захирамж гаргаж, ...Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4-т заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр, дээрх 19-04-029-261 тоот албан шаардлагад нэр дурьдсан 120 аж ахуйн нэгжид газар олгосон шийдвэрийг хүчингүй болгосны дотор нэхэмжлэгч “С” ХХК хамрагдаж, тус компаниид газар олгосон сумын Засаг даргын 2017 оны А/444 дүгээр захирамжийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасантай нийцжээ.
28. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, ...ыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө ...уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ”, 33 дугаар зүйлийн 33.4-т “... аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж тус тус заасан.
29. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, хариуцагч нарын гаргасан тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч компанид 26 га газар олгосон 1 дүгээр баг, 4 дүгээр зөрлөг гэх газар нь Төв аймгийн Сэргэлэн сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд үйлчилгээ /оршуулга/-ний зориулалтаар эзэмшүүлэхээр тусгагдаагүй нь тогтоогдсоны гадна, нэхэмжлэгч хуулийн этгээдээс тус газарт 26 га газар эзэмшихээр хүсэлт гаргасан тул хариуцагч сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4-т заасны дагуу тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газарт, дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар газар эзэмшүүлэх байсан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “С” ХХК-д 26 га газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүсээгүй болох нь тогтоогджээ.
30. Иймээс, “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй газарт дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт зарлах боломжгүй бөгөөд нийтэд энэ талаар мэдэгдээгүй байхад зөвхөн “С” ХХК-иас ирүүлсэн төсөл /нарлаг энгэр төсөл/-ийг үндэслэн нэхэмжлэгч компанийг Газрын тухай хуульд заасны дагуу төсөл шалгаруулалтаар газар эзэмшсэн гэж үзэх үндэслэлгүй. ... Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн А/444 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
31. Ийм байтал анхан шатны шүүх Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, “...хариуцагч газар эзэмшүүлсэн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/444 дүгээр захирамжийн захирамжлах хэсэгтээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэж газар эзэмшүүлсэнээс үзвэл хариуцагчийг “С” ХХК-д төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлсэн гэж үзэх үндэслэлтэй” гэсэн хууль бус дүгнэлт хийжээ.
32. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “С” ХХК-ийн гаргасан “Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/24 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 32 дахь заалт, Төв аймгийн Сэргэлэн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/86 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэнд хэргийн оролцогчдоос гомдол гаргаагүй, өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, түүний өмгөөлөгч М.А нараас “...Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн дүн, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/24 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 32 дахь заалт, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/86 дугаар захирамжууд цаг хугацааны хувьд хэрэгжих боломжгүй болсонтой холбогдуулан гаргасан давж заалдах гомдлоосоо татгалзсан” гэсэн байх тул эдгээр нэхэмжлэлийн шаардлагуудад дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.
33. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0500 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА