Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 0016

 

 

      2016         08            19                                      115/ШШ2016/0016

 

                                                                                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

      Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

        Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багт оршин суух, иргэн Д.С-гийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Дорноговь аймгийн Засаг даргад холбогдох,

 

          “Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, төрийн захиргааны байгууллагад удаан жил ажилласаны тэтгэмж олгох шийдвэр гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С, түүний өмгөөлөгч Л.Д, хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.С би аймгийн Засаг даргын захирамжийг дараах хууль зүйн үндэслэлээр хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт дүүгээ сахиж эмнэлгийн магадлагаатай байх үед ажлаас халсан, ар гэрт гачигдал гарсан, эмнэлэгт дүү нараа эмчлүүлэх талаар аймгийн Засаг даргад чөлөө хүсч 2016 оны 02 дугаар сарын 12-нд /шинийн гурван байсан/ өргөдөл гаргаж бичиг хэрэгт өгсөн.

         Намайг ажлаас халсан дээрх захирамж нь эмнэлгийн чөлөөтэй байх хугацаанд ажил албан тушаал хэвээр хадгалагдах талаарх Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.3 заалт, Байгаль орчны албаны даргыг томилох, чөлөөлөхдөө Төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөх тухай Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16.2.6,16.3 дахь заалт мөн БОНХСайд аймгийн Засаг даргын хооронд  2015 оны 12-р сарын 18-нд байгуулсан ЗД/08 тоот гэрээний 3.4 дэх заалтыг тус тус зөрчсөн.

         Ажлаас халсан үндэслэл нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн шалтгаан байсан бөгөөд энэ талаар аймаг орон нутагт зохион байгуулдаг баяр наадам өдөрлөг, цэвэрлэгээ, үзэсгэлэн, уулзалт, сургалт семинар, хурал зөвлөгөөн зэрэг олон ажилд манлайлан оролцож аймгийнхаа нэр хүндийг өндөрт өргөж ирсэн тухай дурдаж 2015 оны ажлын үнэлгээтэй холбогдуулан аймгийн Засаг даргад 2016 оны 02-р сарын 03-нд 36 тоотоор тайлбар хүргүүлсэн боловч хариу өгөөгүй, Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн  /2 удаа солигдсон ажлыг сайн мэдэхгүй /хэлтсийн дарга  нар харьяа байгууллагын ажлыг үнэлэхдээ зориуд санаатайгаар доогуур үнэлгээ тавьж халах үндэслэл болгосон /улс төрийн зорилгоор  2015 оны сумдын ажлыг Хяналт шинжилгээний хэлтэс, агентлагийн ажлыг харьяа хэлтэс үнэлсэн, ажил хариуцсан мэргэжилтэн нь зэрэг дэвийн нэмэгдэл авч одоо удирдлагын академид сурч байгаа.

       Манай байгууллага байгаль орчны хууль тогтоомж, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулах чиг үүргээ сайн хэрэгжүүлж ирсэн. Аймгийн ИТХ-ын 12-р сарын 03-ны 10/03 тоот тогтоолоор Засаг даргын хөтөлбөр төлөвлөгөөний хэрэгжилт 90.2 хувь, 2015 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт 93.1 хувийн биелэлттэй үнэлэгдсэн, үүнд байгаль орчны салбар бүлэг болон орсон байдаг, мөн манай Байгаль орчин аялал жуулчлалын газар 2015 оны ажлаар 90.8 хувийн оноогоор “А” буюу “Маш сайн” үнэлгээгээр дүгнэгдэж улсад 2-р байранд орсон, улсаас зарласан болзолт уралдаанд шалгарч “Цэвэрч аймаг”-аар шалгарч 5 сая төгрөгөөр шагнагдсан, ажилтнууд зэрэг дэвийн нэмэгдэл авч яамны шагналаар шагнагдаад байгаа зэрэг нь ажлын үнэлгээ сайн байгаагийн нотолгоо болно.

      Ажлаас чөлөөлөх гэсэн асуудал 2013 оноос эхэлж удаа дараагийн шахалт дарамт үзүүлж сэтгэл санааны хүнд нөхцөлд ажиллаж ирсэн эцэст нь төрд удаан жил ажилласан тэтгэмж авах эрхгүй нөхцөл үүсгэж цалин орлогогүй хэлмэгдүүлээд байна.

      Би 2013 оны 08-р сарын 17-нд удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцэн Дорноговь аймгийн Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 08-р сарын 30-ны   өдрийн 15 тоот тогтоолоор удирдах ажилтны нөөцөд бүртгэгдсэн, Байгаль орчны газрын даргын албан тушаалд 2001 оноос тасралтгүй ажиллаж байгаа удирдах албаны болон байгаль орчны салбарын туршлагатай тул үргэлжлүүлэн томилон ажиллуулах саналыг дэмжсэн БОНХСайдын  тоот албан бичгийн дагуу 2013 оны 10-р сарын 07-ны Б/48 тоот захирамжаар томилогдон ажилласан. 2015 оны 3 дугаар сард дахин удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орох асуудал тавигдаж үүрэг гүйцэтгэгчээр томилогдон гомдол гаргаснаар Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны “Нэр дэвшүүлэх тухай” 47 тоот тогтоолын дагуу аймгийн Засаг даргын 2015 оны 06-р сарын 02-ны Б/20 тоот захирамжаар эргэн томилогдсон.

     2015 оны 12 сард Засаг даргын орлогч тэтгэвэрт гарахыг санал болгосон, Засаг даргаас бичиг ирүүлсэн, ар гэрийн байдал, хүүхэд оюутан, цалин болон орон сууцны зээлтэй тул гарах болоогүй гэсэн хүсэлт гаргасан. Ингээд тэтгэвэрт гарахгүй болохоор албан ажлын хариуцлага гэсэн үндэслэлээр албадан халсан нь “Ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх” талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3 дахь заалт, Төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар 65 нас байна гэсэн Төрийн албаны тухай хуулийн 24.3, 24.4 дэх заалтыг зөрчиж байна. 

      Ажлаас халсан шийдвэрийн талаар Төрийн албаны зөвлөлд хандан 2016 оны 03-р сарын 03-нд гомдол гаргасан бөгөөд энэ хугацаанд аймгийн Засаг даргатай уулзаж тэтгэмж олгох асуудлыг тавьсан, мөн 03-р сарын 22-нд салбар зөвлөлд хандан өргөдлөө шийдвэрлүүлэхийг түр хойшлуулахаар тайлбар гаргаж аймгийн Засаг даргатай дахин уулзахаар удаа дараа очсон ч уулзаж чадаагүй, асуудал шийдэгдээгүй учраас  Захиргааны хэргийн шүүхэд хандсан, мөн салбар зөвлөлд дахин өргөдөл гаргасан Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 06-р сарын 14-ний 73 тоотоор шүүхийн журмаар шийдвэрлүүлэх дүгнэлт гарсан.

      2013 оноос хойш ажлаас халах дарамт удаа дараа ирж, ажил үүргээ хэвийн явуулахад саад болж улмаар энэ оны 2 сард ажлаас халснаар удаан хугацааны турш сэтгэл санааны болон эд материалын хохирол учруулсан тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. Харин анх шүүхэд гаргасан төрийн захиргааны байгууллагад удаан жил ажилласны тэтгэмж олгох шийдвэр гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэв.

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Захиргааны байгууллагад удаан жил ажилласны тэтгэмж нь Нийгмийн даатгалын сангаас олгодог бөгөөд үүнийг цалин хөлстэй хольж болохгүй. Улсаас төрд ажилласан төрийн албан тушаалтанд тус тэтгэмжийг олгох боломжтой. Аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/02 дугаартай захирамж нь эрхзүйн үндэслэл муутай буруу гарсан. Тус захирамжийн тухайд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1,  Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгосон байна. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” тохиолдолд захиргааны санаачилгаар ажлаас халах ёстой. Гэтэл Д.С нь удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг нотлох баримт тус хавтаст хэрэгт байдаггүй. Шалгалтын үзүүлэлтээр л хангалтгүй ажиллаж байна гэсэн үндэслэлээр ажлаас халсан байдаг. Энэ нь хуульд заасан үндэслэл журмаа биелүүлж чадаагүй мөн хангалтгүй гэсэн үнэлгээгээ нотолж чадаагүй байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт “ажлын бүхэл бүтэн алба гарсан ба ажлын албаны дүгнэлтээр Д.С нь хангалтгүй үнэлгээ авсан” гэж байна. Гэтэл бодит байдал дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ очоогүй бөгөөд 2 хүн л ирж ажил шалгасан байдаг. Харин ч Д.С нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд ажлаа дүгнүүлж 90%-иас дээш үнэлгээ авчихаад, ажлын үр дүнгээрээ улсын хэмжээнд 2-р байранд орсон. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Байгаль орчин аялал жуучлалын яаманд Д.С гомдол гаргасан байсан ба тус гомдлын албан ёсны мэдэгдэл нь “Хамтран ажиллах гэрээний биелэлтийг дүгнэхэд 90.8% А буюу маш сайн үнэлгээгээр дүгнэгдсэн” гэсэн байсан. Яам энэ хүний ажлыг дүгнэхээрээ маш сайн гэсэн үнэлгээ өгдөг, харин аймгийн Засаг дарга 69.4%-иар дүгнэсэн байгаа нь үндэслэлгүй юм. Яамны сайдаас ирүүлсэн уг албан бичгээр Д.С нь ажлаа хангалтгүй биелүүлсэн гэдэг нь няцаагдаж байгаа юм.

        Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт зааснаар Д.Сг ажлаас халах үндэслэлгүй. Мөн Хөдөлмөрийн хуулийн 79 дүгээр зүйлд ажилтанд ээлжийн амралт олгох ээлжийн амралтын хугацааны тухай тодорхой заасан байдаг. Гэтэл үүнийг үндэслэж ажлаас халсан нь хуулийг буруу хэрэглэж ажлаас халсан нь хуульд нийцэхгүй байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг нь аймгийн Засаг даргад эрх олгосон заалт ба энэ заалтаар бусдыг ажлаас халах  үндэслэл биш юм

         Д.С нь 2016 оны 02 дугаар сарын 08-наас 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Гэмтэл согог судлалын үндэсний төвд дүү нараа сахиж байсан ба түүнийг албан ёсны эмнэлгийн магадалгаатай байхад ажлаас халсан. Ажил үүргээ гүйцэтгээгүй үед  ажил албан тушаалыг нь хэвээр хадгалах тухай заалт байдаг.  Мөн Д.С-гийн 02 дугаар сарын 12-ны өдөр гаргасан өргөдлийг 16-нд бичиг хэрэг нь хүлээж аваад 17-ны өдөр түүнийг ажлаас нь халсан. Өргөдлийг бичиг хэргийн ажилтанд өгсөн буюу бусдаар дамжуулж өгсөн гэжээ. Гэтэл үүнийг хориглосон заалт байхгүй. Тийм хүнд байдалд орсон хүн хүнээр дамжуулж өгөхөөс өөр аргагүй. Энэ хүнд 65 нас хүртлээ төрийн байгууллагад ажиллах боломж нь хуулиар олгогдсон байна. Д.С  ажилдаа орвол хэзээ нэгэн цагт тэтгэвэртээ гарна. Тэр үед нь тэтгэмжээ гаргуулах эрхтэй. Иймд миний үйлчлүүлэгч төрийн захиргааны байгууллагад удаан жил ажилласны тэтгэмж олгуулах шийдвэр гаргуулах шаардлагаасаа татгалзаж байгаа юм. 

       2015 он ажлын үр дүнгээр хангалтгүй гэсэн. Удирдлагын өгсөн үүрэг даалгавар хэзээ, яаж өгсөн түүнийг яаж дүгнэсэн талаарх нотлох баримт байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан байдаг тул арга хэмжээ авах боломжгүй. Харин ч төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын болон үйл ажиллагааны мэргэжлийг дээшлүүлэх сургалтад хамруулах боломжоор хангах ёстой эсхүл албан тушаал бууруулах ёстой, харин ажлаас халах заалт байхгүй. Иймд аймгийн Засаг даргын 2016 оны Б/02 дугаартай захирамж нь үндэслэлгүй тул миний үйлчлүүлэгчийн төрийн захиргааны байгууллагад удаан жил ажилласны тэтгэмж гаргуулахаас бусад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв. 

       Хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай" А/512 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсөвт байгууллагууд, сумдын Засаг дарга нарын 2015 оны үйл ажиллагаанд үнэлгээ өгөх ажлын хэсгийг байгуулжээ. Тус ажлын хэсэг аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудад хяналт шинжилгээ, үнэлгээ хийж энэ тухай 2016 оны 01 дүгээр  сарын 28-ны өдрийн А/32 дугаар захирамжаар  /нэгдүгээр хавсралт/ тус аймгийн Байгаль, орчин, аялал жуулчлалын газар 69.4 буюу “D" үнэлгээтэй  “Хангалтгүй” үнэлэгдсэн байна.

     Дээрх хяналт шинжилгээ, үнэлгээг Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ыг болон бусад холбогдох эрх зүйн актуудыг удирдлага болгон дүгнэжээ. Иймээс ажлын үр дүн, мэргэшлийн түвшин нь хангалтгүй үнэлэгдсэн Байгаль, орчин аялал жуулчлалын газрын дарга Д.С-г Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг удирдлага болгон аймгийн Засаг дарга 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар ажлаас нь халсан байдаг.

       Нэхэмжлэгчийг удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн үндэслэл нь аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээ  буюу 2015 оны үйл ажиллагаа нь хангалтгүй  дүгнэгдсэн мөн байгууллагад ирэх ёстой албан бичиг, төсөл хөтөлбөрүүд хугацаандаа ирдэггүй байсан тул -5 оноо өгсөн   эдгээрийг хамааруулж  “хоёр удаа” гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч нь шүүхэд анх “Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох  аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, төрийн захиргааны байгууллагад удаан жил ажилласны тэтгэмж олгох шийдвэр гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан  бөгөөд хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад “төрийн захиргааны байгууллагад удаан жил ажилласны тэтгэмж олгох шийдвэр гаргуулах” шаардлагаасаа татгалзсан болно.

        Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн  “Д.Сүрэнг ажлаас халах тухай”   Б/02 дугаар захирамжаар  Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйл, аймгийн Засаг даргын 2016 оны А/32 дугаар захирамжийг тус тус үндэслэн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.С-г “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, 2015 оны ажлын үр дүнгээр  хангалтгүй үнэлэгдсэн” үндэслэлээр 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс  үүрэгт ажлаас нь халжээ.

        Нэхэмжлэгч Д.С аймгийн Засаг даргын дээрх захиргааны актыг хүчингүй болгуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...эмнэлгийн чөлөөтэй байх хугацаанд ажлаас халсан, ... ажлаас халахдаа төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөөгүй, ...албан үүргээ  удаа дараа хангалтгүй биелүүлээгүй...” гэж, хариуцагч нь “...аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын 2015 оны үйл ажиллагаа, ажлын үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээгээр  хангалтгүй үнэлэгдсэн  тул ... ажлаас халсан” гэж маргажээ.

        Дорноговь аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/512 дугаар захирамжаар  байгуулагдсан “Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, төсөвт байгууллагууд, сумдын дарга нарын 2015 оны үйл ажиллагаанд үнэлгээ өгөх” ажлын хэсгийн хийсэн үнэлгээг 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд  дүнг аймгийн Засаг даргын “Агентлаг, төсөвт байгууллагуудын 2015 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгийн тухай” 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр А/32 дугаар захирамжаар  баталгаажуулахад аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нийт 69.4 оноотой дүгнэгдсэн   байна.

      Нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны актын үндэслэл болох Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх хоёр нөхцлийг дурдсан байх ба уг заалтын “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг, мөн “удаа дараа” гэдгийг 2 буюу түүнээс дээш удаа бөгөөд энэ нь тус тус тогтоогдсон байхыг тус тус ойлгохоор Улсын дээд шүүхийн тогтоолд тайлбарлажээ.  Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч нь 2 буюу түүнээс дээш удаа /энэ нь тус тусдаа тогтоогдсон байх/ “ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй” нөхцөлд тэрээр төрийн албанаас халагдах үндэслэл болохоор байна.

   Хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь 2014 оны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр “Хангалттай” үнэлэгдсэн бөгөөд талууд энэ талаар маргаагүй, улмаар 2015 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгээр 69.4 оноотой дүгнэгдсэн нь тогтоогдож байх ч энэ нь түүнийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх улмаар төрийн албанаас халах үндэслэл биш байна гэж үзлээ.

      Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудын 2015 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-уудын дагуу  хийжээ.

           Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтооно” гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын Зургаа.Гэрээний биелэлтийг дүгнэж баталгаажуулах хэсгийн  6.4.4-т  60-70 хүртэл оноо авсан бол “D” буюу “Дутагдалтай”,  0-60 хүртэл оноо авсан бол “F” буюу “Хангалтгүй”  үнэлгээ өгнө гэжээ. 

        Мөн Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлнэ”, 19.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэх” гэж тус тус зааснаас гадна  дээрх журмын Долоо. Гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээний мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ хэсгийн 7.1-д Төсвийн ерөнхийлөн захирагч  нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг тус тус баримтлан...дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх...”, “D” буюу “Дутагдалтай” үнэлгээнд албан тушаал бууруулах, албан тушаалын цалинг бууруулах, дутагдаж буй мэдлэг, чадвар олгох сургалтад хамруулах, “F” буюу “Хангалтгүй” үнэлгээнд сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас халах гэж тус тус заасан байна.

      Хууль болон журмын дээрх зохицуулалтуудаас үзэхэд 69.4 оноо нь “D” буюу “Дутагдалтай” гэсэн үнэлгээнд хамаарахаар байх бөгөөд энэ тохиолдолд авах арга хэмжээ нь “албан тушаал бууруулах, албан тушаалын цалинг бууруулах, дутагдаж буй мэдлэг, чадвар олгох сургалтад хамруулах”-ын аль нэг байна. Харин төрийн албанаас халах арга хэмжээг  “F” буюу “Хангалтгүй” үнэлэгдсэн, тодруулбал 60-аас доош оноо авсан тохиолдолд авахаар байгаагаас тус тус дүгнэхэд 2015 оны ажлын  үр дүнтэй нь холбогдуулан нэхэмжлэгчид авсан арга хэмжээ нь  хуулиар тогтоосон журамд нийцээгүй байна.

     Мөн нэхэмжлэгчийг албан үүргээ “удаа дараа” хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлийн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Д.Сг албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэдгийг  тусад нь тогтоогоогүй, 2015 оны ажлын үр дүнгээр нийт 69.4 оноо авч хангалтгүй үнэлэгдсэнээс гадна захиргааны байгууллагад ирэх ёстой албан бичиг, төсөл хөтөлбөрүүд хугацаандаа ирээгүй учраас хасах 5 оноо  авсан, үүнийг нь хамааруулж удаа дараа гэж үзсэн” гэснээс дүгнэхэд нэхэмжлэгчийг албан үүргээ удаа дараа биелүүлээгүй гэдгийг тус  тусад нь тогтоосон зүйлгүй улмаар нэг үйлдлийг 2 зөрчилд тооцсон, тодруулбал нийт оноонд хамаарах ажлын нэг үзүүлэлтийг /аймгийн Засаг даргын 2016 оны А/32 дугаар захирамжийн  нэгдүгээр хавсралтын “Тайлан мэдээ хоцроосон байдал” хүснэгтэд -5 оноотой/ тусад нь нэг зөрчилд тооцож улмаар үүгээрээ нэхэмжлэгчийг  2 удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэн ажлаас халах үндэслэл болгосон нь хууль бус байна.

       Мөн түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  тус аймгийн Засаг дарга, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдтай 2015 онд байгуулсан хамтран ажиллах гэрээний биелэлт 90.8 оноотой “A” буюу “Маш сайн” гэсэн үнэлгээтэй дүгнэгдсэн нь тогтоогдож байгаагаас дүгнэхэд  “... бодит байдлаас доогуур үнэлгээ өгч...” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхээр байгааг дурдах нь зүйтэй байна.

 

      Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын “эмчийн магадлагаатай үед ажлаас халсан нь хууль бус...” гэх  үндэслэлтэй  холбогдох хуулийн зохицуулалтаас үзэхэд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д  Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална”, 35.1.3-т “... эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа” гэж  тус тус заажээ.

       Хэрэгт авагдсан нотлох баримтаар  нэхэмжлэгч Д.С нь 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төвд өвчтөн асарч эмчийн магадлагаагаар чөлөөтэй байсан   улмаар энэ хугацаанд буюу 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “өвчтөн асрах шалтгаанаар өмнөх оны ээлжийн амралтын дутууг нөхөн авах тухай” хүсэлтээ бичгээр гаргасан , уг хүсэлттэй нь хариуцагч тал 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр буюу түүнийг ажлаас халах шийдвэрийг гаргахаасаа өмнө танилцаж цохолж хийсэн   нь тус тус тогтоогдож байна.

        Дээрх үйл баримтаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгч Д.С-г “эмчийн магадлагаагаар чөлөөтэй” байх хугацаанд нь төрийн албанаас халж, “ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг нь хэвээр хадгалах” талаарх ажил олгогчийн  үүргээ хэрэгжүүлээгүйгээс төрийн албан хаагчийн Хөдөлмөрийн хуулиар тогтоосон  “...ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдах...” баталгааг алдагдуулжээ.

           Мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдагдсан Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  6/ дахь заалт нь тухайн албан тушаалтныг  зөвхөн томилох, чөлөөлөхтэй холбоотой зохицуулалт тул төрийн албан хаагчийг төрийн албанаас халсантай холбоотой энэхүү маргаанд  хамааралгүй.

 

       Дээр дурдсан нөхцөл байдлуудаас дүгнэхэд  Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/02 дугаар захирамжийг төрийн жинхэнэ албан хаагчийн, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх баталгаагаар хангагдах эрхийг хөндсөн хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байх тул уг захиргааны актыг хүчингүй болгож улмаар нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох  үндэслэлтэй байна.

 

         Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь  эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ...олгоно” гэж заасан.

         Нэхэмжлэгч урьд нь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байхдаа ТЗ-9-5 зэрэглэлээр 864211 төгрөгийн үндсэн цалин, төрийн  алба хаасан хугацааны болон зэрэг дэвийн нэмэгдэл тус бүр 25 хувийн нэмэгдэл авч байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  тогтоогдож байгааг үндэслэн  Монгол Улсын нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу тооцоолж, түүний ажилгүй байсан 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс /2016.02.17-2016.03.25-ыг хүртэлх хугацаанд ээлжийн амралт эдэлсэн/  2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх  ажлын нийт 99 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6 290 949 төгрөгийг холбогдох байгууллагаас гаргуулж нөхөн олгох нь зүйтэй байна.

 

        Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “төрийн захиргааны байгууллагад удаан жил ажилласны тэтгэмж олгох шийдвэр гаргуулах” шаардлагаасаа татгалзсан тул түүнд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаны үр дагаврыг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгах замаар танилцуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан болохыг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйл, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.С-г урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

         2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан  2016 оны 03 дугаар сарын 25-наас 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх ажлын нийт 99 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6 290 949 /зургаан сая хоёр зуун ерэн мянга есөн зуун дөчин ес/ төгрөгийг Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч Д.Сүрэнд олгосугай.

       3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч  нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн буюу “төрийн захиргааны байгууллагад удаан жил ажилласны тэтгэмж олгох шийдвэр гаргуулах” шаардлагаасаа татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

      4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

        5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СИЙЛЭГМАА