| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2017/0000/э |
| Дугаар | 02 |
| Огноо | 2017-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга С.Буянхишиг,
улсын яллагч Р.Очирсүрэн,
хохирогч Б.Ариунаа,
шүүгдэгч Э.У, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:
Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дархан Уул аймгийн Дархан суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний хөнгөн үйлдвэрлэлийн технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 08 дугаар гудамжны 35 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн .. дугаарын регистртэй, Т.овгийн Э.У-д холбогдох 1708019860268 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.Урантөгс нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нархан” үйлчилгээний төвд байрлах “Нүнжиг” цайны газрын тогооч Б.Ариунааг бусдад хов ярилаа гэж маргалдан түүний чихэн тус газар 2 удаа алгадаж, хөл рүү нь өшиглөн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э. Урантөгс мэдүүлэхдээ:
2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр над руу Гантөмөр гэдэг хүний хүүхэд залгаад “ээжийг ажлаа хийсэнгүй гэж загнасан байна” гэж хэлэхээр нь би ажил дээрээ ирээд Ариунааг “чи Ганаа эгчид юу хэлсэн юм бэ” гэхэд Ариунаа “би Ганаа эгчтэй яриагүй, чи яахаараа Ганааг өмөөрч байдаг юм” гэж хэлээд бид хоёр маргалдсан, би Ариунааг зүүн чих рүү нь нэг удаа алгадсан юм. Ариунаа уйлаад гараад явсан. Миний алгадсанаас болоод чихний хэнгэрэг хальс нь цоорсон юм байлгүй дээ. Хохирогчид хохирол төлөөгүй байгаа. Би энэ асуудлаас болж ажлаасаа хөөгдсөн. Надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ариунаа мэдүүлэхдээ:
2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажил дээрээ байхад У орж ирээд утсаар ярьж байгаад “намайг хов ярьсан байна” гэхээр нь би “хов яриагүй” гэхэд зүүн чих рүү хоёр удаа алгадаж, хөл рүү өшиглөсөн. Миний зүүн чихний хэнгэрэг хальс цоорсон, эмчилгээний зардалд 308.000 төгрөг гарсныг нэхэмжилнэ гэв.
Эрүүгийн 1708019860268 дугаартай хэргээс:
Хохирогч Б.Ариунаа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
2017 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 07 цагийн орчимд би ажил дээрээ ирээд ажиллаж байтал 12 цагийн орчимд манай цайны газрын захирал У орж ирээд тэгээд хэсэг хугацааны дараа Урантөгсийн утас нь дуугарсан чинь утсаа аваад ярьж байснаа утсаа таслаад “та нар хов ярилаа” гээд заалнаас шууд гал тогооны өрөө рүү орж ирээд над руу “чи хов ярисан биз пизда минь” гэхээр нь би хов яриагүй шүү дээ гэхэд миний зүүн чих орчимд баруун гараараа хоёр удаа алгадсан. Тэгээд миний шилбэ рүү 2 удаа өшиглөөд намайг “зайл чи, пизда минь чамаар дутахгүй” гэхээр нь би “хэлдэг газарт нь хэлнээ” гэсэн чинь “чи хэл пизда минь” гэхээр нь би хувцасаа өмсөөд гарах гэж байтал миний ээмэг алга болсон байсан ба манай ажлын хүмүүсийн нэг нь миний өрөөсөн ээмгийг газар унасан байхад нь надад авч өгөхөөр нь би тэр ээмгээ аваад гарсан. Тухайн үед би нөгөө ээмгээ алга болсон байсан нь мэдээгүй гараад явсан, тэгээд гэртээ очоод хартал нөгөө талын ээмэг нь бас байхгүй байсан. Тэгээд би буцаж очих гэснээ хэрүүл болох байх гээд очоогүй... гэжээ. /хх-7, 8, 60/,
Гэрч З.Мөнгөндолгион мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр уг цайны газарт би тогооч Ариунаагийн хамт гал тогооны өрөөнд ажиллаж байтал гаднаас 12 цагийн орчимд цайны газрын түрээслэн ажиллуулж байсан. У орж ирсэн. У орж ирээд Ариунаа руу “чи Ганаа эгчид юу ярьчихсан юм бэ, хов зөөлөө” гэж уурласан чинь Ариунаа “би хов яриагүй, юу яриад байгаа юм бэ" гээд тэр хоёр хэрэлдээд байсан. Хов зөөлөө гэсэн утгатай зүйл яриад, нөгөөх нь хов зөөгөөгүй гээд хэрэлдсэн. Тэгтэл Урантөгс заалнаас орж ирээд Ариунаагийн нүүрэнд нь хоёр удаа алгадаад хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл Ариунаа уйлаад тэр хоёр хэрэлдсэн хэвээрээ байж байгаад нэг нь яв гээд, нөгөөх нь явлаа гээд Ариунаа гараад явсан. Ариунаа гарч явахаас өмнө ээмэг нь алга болчихлоо гээд бэлтгэгч охин бид хоёр хайж байгаад бэлтгэгч охин нэг өрөөсөн ээмгийг нь олж өгөөд, нөгөө өрөөсөн нь олдсон эсэхийг нь мэдэхгүй Ариунаа гараад явсан. Ариунаа нь дөрвөлжин хэлбэртэй монетон шар ээмэг зүүдэг байсан ба тухайн өдөр зүүсэн байсан. Өмнө нь уг ээмгээ л зүүдэг байсан юм. Ариунаа алгадуулсаны дараа нь харахад нэг талын буюу цохиулсан талын ээмэг нь алга болчихсон байхаар нь би “Ариунаа эгчээ ээмэг чинь алга болчихсон байна” гэж хэлэхэд Ариунаа эгч өө эгчийн дүү хайгаад өг гэж байсан. Тэгээд би бэлтгэгч охины хамт ээмгийг нь хайж байтал бэлтгэгч охин өрөөсөн ээмгийг нь олж өгсөн юм. Харин баруун талын ээмэг нь байсан эсэхийг нь би мэдээгүй. Үс нь арзайсан байсан болохоор харагдахгүй байсан. Ариунаа эгч гарч явах хүртлээ нөгөө ээмэг алга болсон гэж юм яриагүй гарч явсан...гэжээ. /хх-9-10/,
Гэрч Б.Мөнхзул мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би уг газарт угаагчаар ажилд орсон ба тэр өдөр миний ажилд орсон эхний өдөр байсан юм. Би угаагчаар ажилд орсон боловч намайг бэлтгэгч хий гээд би гал тогооны өрөөнд бэлтгэгч хийсэн. Намайг өглөө ажилд очиход захирал Урантөгс нь байгаагүй ба Дөлгөөнөө гэх хүнтэй уулзаад би ажиллаж эхэлсэн юм. Тэр өдөр гал тогооны өрөөнд Ариунаа, Дөлгөөнөө нар байсан ба угаагч эгч мөн ирсэн байсан. Тэгээд би мантуун бууз хийгээд байж байтал 11 цаг өнгөрч байхад байх, би цагийг нь хэлж мэдэхгүй байна, угаагч эгч түр гараад явчихсан байсан чинь гаднаас захирал У нь орж ирээд Ариунаа руу “чи энд болсон явдлыг гадагш ярьж хов зөөлөө” гэж хэлээд уурласан... Урантөгс гал тогооны өрөөнд орж ирээд шууд Ариунаагийн нүүрэнд нь нэг удаа алгадаад авсан. Чанга алгадсан учир нэлээн чанга чимээ гарсан ба алгадахад нь нэг юм газар унах чимээ гарсан. Тухайн үед би юу болох талаар нь мэдээгүй. Тэгээд У нь хөлөөрөө бөгс орчимд нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд Ариунаа нь уйлаад явахаар болж заал руу гарсанаа “ээмэг байхгүй байна” гээд ороод ирэхээр нь би хайсан чинь газарт нэг монетон ээмэг уначихсан байсан. Тэгээд би тэр ээмгийг нь авч өгөөд харахад Ариунаагийн нэг чихэнд нь ээмэг нь байсан. Тэгээд миний авч өгсөн ээмгийг зүүгээд хоёр ээмэгтэй чигээрээ гараад явсан... Алгадсаных нь дараа харахад нэг хацар нь, чих нь улайчихсан байсан... гэжээ. /хх-63-64/,
Шүүх эмнэлгийн шинжээчийн №12974 тоот актын дүгнэлтэнд:
1. Б.Ариунаагийн биед зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. /хх-18/,
Шүүгдэгч Э.У ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-24/, өргөдөл /хх-11/, шүүгдэгч Э.У-ийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн №12974 тоот шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээч гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.У гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Э.У нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нархан үйлчилгээний төвд байрлах “Нүнжиг” цайны газрын тогооч Б.Ариунааг бусдад хов ярилаа гэж маргалдан түүний чихэн тус газар 2 удаа алгадаж, хөл рүү нь өшиглөн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
-Хохирогч Б.Ариунаагийн “...У-ийн утас нь дуугарсан чинь утсаа аваад ярьж байснаа утсаа таслаад “та нар хов ярилаа” гээд заалнаас шууд гал тогооны өрөө рүү орж ирээд над руу “чи хов ярьсан биз, пизда минь” гэхээр нь би “хов яриагүй шүү дээ” гэхэд миний зүүн чих орчимд баруун гараараа хоёр удаа алгадсан. Тэгээд миний шилбэ рүү 2 удаа өшиглөсөн...” гэх /хх-7, 8, 60/,
-Гэрч З.Мөнгөндолгионы “...У орж ирээд Ариунаа руу “чи Ганаа эгчид юу ярьчихсан юм бэ, хов зөөлөө” гэж уурласан чинь Ариунаа “би хов яриагүй юу яриад байгаа юм бэ" гээд тэр хоёр хэрэлдээд байсан...Тэгтэл Урантөгс заалнаас орж ирээд Ариунаагийн нүүрэнд нь хоёр удаа алгадаад хөлөөрөө өшиглөсөн...” гэх /хх-9-10/,
-Гэрч Б.Мөнхзулын “...Урантөгс нь орж ирээд Ариунаа руу “чи энд болсон явдлыг гадагш ярьж хов зөөлөө” гэж хэлээд уурласан...Урантөгс гал тогооны өрөөнд орж ирээд шууд Ариунаагийн нүүрэнд нь нэг удаа алгадаад авсан. Чанга алгадсан учир нэлээн чанга чимээ гарсан ба алгадахад нь нэг юм газар унах чимээ гарсан. Тухайн үед нь би юу болох талаар нь мэдээгүй. Тэгээд Урантөгс нь хөлөөрөө бөгс орчимд нь нэг удаа өшиглөсөн...” гэх /хх-63-64/,
-Шүүх эмнэлгийн шинжээчийн №12974 тоот дүгнэлт, шүүгдэгч Э.У урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-24/, хохирогч Б.Ариунаагийн өргөдөл /хх-1/, шүүгдэгч Э.У-ийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.У-ийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Дээрх гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Б.Ариунаа өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардалд буюу хор уршигт шүүгдэгч Э.Урантөгсөөс 308.000 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэлтэй холбоотой баримт хавтас хэрэгт авагдсан байх тул энэ мөнгийг шүүгдэгч Э.У-өөс нөхөн гаргуулж хохирогч Б.Ариунаад олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.У-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.У-д дээрхи зүйл, хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Э.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Шүүх шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бусад асуудлаар:
Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч Э.У-ийн тухайд эд хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авагдаагүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдав.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогчийн биед үзлэг хийж дүгнэлт гаргасан шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн №12974 тоот шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл гэж ойлгох ба журмын 2.6-д зааснаар шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, мөн цус хуралт, зулгаралт үүсээгүй зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй гэх ба хохирогч Б.Ариунаад учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасан нөхцлийг хангаж байгаа тул шүүгдэгч Э.У-ийн үйлдэл нь зөрчлийн шинжтэй байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож Э.У-ийг цагаатгах талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Хохирогч Б.Ариунаагийн биед үзлэг хийж дүгнэлт гаргасан шинжээч нь хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээч байх ба шинжээчийн дүгнэлтээр Б.Ариунаагийн биед зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт гэмтэл тогтоогдсон, энэ гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн нь хохирогчийн эрүүл мэнд сарнисан, гэмтэл аваад хохирогч Б.Ариунаа ерөнхий хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан, түүнд зовиур, эмнэл зүйн шинж илэрсэн болохыг тогтоосон тул шинжээчийн дүгнэлтийг үнэн зөвд тооцсон болно.