Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Оч |
Хэргийн индекс | 2205 02688 2465 |
Дугаар | 2023/ДШМ/256 |
Огноо | 2023-03-07 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | Г.Онон |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2023/ДШМ/256
Д.Б-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Онон,
хохирогч Б.М,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Очбадар,
нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/45 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Очбадарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Д.Б-т холбогдох 2205 02688 2465 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Д-ийн Б, 1986 оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аж ахуйн мэргэжилтэй, ... дүүргийн ... дугаар хороонд хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний түр орлон гүйцэтгэгч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... гудамжны ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/167 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэснийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаа, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг өршөөн хэрэгсэхгүй болгож байсан;
Д.Б нь “Орос 3 дугаар сургуульд хүүхэд оруулж өгнө, ...Найрамдал зусланд хүүхэд амрааж өгнө, ...Монгол Улсын Их сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Э-аас 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 1.000.000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 664.000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 3.500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч хохирогч Б.Э-т нийт 5.164.000 төгрөгийн хохирол,
мөн “Төсөлд хөрөнгө оруулагч олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.М-ээс 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад үргэлжилсэн үйлдлээр нийт 8.164.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Прокурорын газар: Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Д-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг оршин суугаа газар болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаанд гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153, 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Б-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хасагт зааснаар шүүгдэгч Д.Б-ээс нийт 4.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Э-т 1.000.000 төгрөг, хохирогч Б.М-т 3.000.000 төгрөг тус тус олгохоор, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эрүүгийн 2205 02688 2465 дугаартай хэрэгт 2205 00000 2490 дугаартай хэргийг нэгтгэсэн, шүүгдэгч Д.Б цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч Б.Э бичгээр гаргасан тайлбартаа: “...Би Д.Б-т “Хүүхэд сургуульд оруулж өгнө, зусланд амраана” гэх шалтгаануудаар түүний Худалдаа хөгжлийн банкны дансанд мөнгө шилжүүлж залилуулсан. Үлдэгдэл мөнгөнөөс 1 сая төгрөг авч чадаагүй байна. Уг төлбөрийг гаргуулж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэжээ.
Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Б.Очбадар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Б-т оршин суугаа газар болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаагаар гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсонгүй. Учир нь шүүгдэгч Д.Б нь шүүхээр хэрэг хянан хэлэлцэгдэж шийдвэр гарахаас өмнө буюу 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Нийслэлийн ... дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтнийг түр орлон гүйцэтгэгчээр ... дугаар хороонд томилогдон ажиллаж байгаа нь түүнийг томилсон 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1 дугаартай тушаалаар тогтоогдож байгаа болно. Гэтэл нь бага насны хүүхдийн хамт амьдарч байгаа ганц бие эх, мөн түүний оршин сууж буй газар нь хэдийгээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр боловч ажил хөдөлмөр эрхэлж буй газар нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байгааг харгалзан үзсэнгүй. Үүнээс шалтгаалан шүүгдэгч Д.Б-ийн хувьд нэгдүгээрт одоогийн эрхэлж буй ажил хөдөлмөрөө үргэлжлүүлэн хийх боломжгүй болж, цалин орлогогүй болох, хоёрдугаарт ийнхүү ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсноор түүний болон бага насны хүүгийнх нь эрх ашиг давхар хөндөгдөж, зөрчигдөхөд хүрч байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах...”; 7 дахь хэсэгт заасан бага насны хүүгийнх нь сурч боловсрох эрх” нь зөрчигдөж болзошгүй юм. Түүнчлэн мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан “Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх,” гэсэн журамт үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж хуульчилсан. Шүүгдэгч Д.Б-ийн хувьд үйлдсэн гэмт хэргийг нь зөвтгөх аргагүй ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хувийн байдлыг нь харгалзан үзсэн ч түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулж болох ялын төрлүүдээс эрхэлж буй ажил хөдөлмөр орлогод нь тохируулан торгох ялыг оногдуулах нь түүнийг нийгэмшүүлэхэд чухал ач холбогдолтойгоос гадна бага насны хүүхдийнх нь эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлнэ гэж үзэж байна. Д.Б-т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний бага насны хүүхдийг мөн адил чөлөөтэй зорчих эрхэд нь давхар халдсан, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй гэсэн шударга ёсны зарчимд харшлах юм.
Иймд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан нийт хохирол нь 8.164.000 төгрөг бөгөөд түүнээс 4,164,000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдсэн 4,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, одоо тодорхой ажил хөдөлмөр эрхэлж буй байдал болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж “Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Б-т оршин суугаа газар болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаанд гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг хөнгөрүүлэн торгох ял болгон өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ажлын шугамаар хөдөө, орон нутаг руу олон удаа явах шаардлагатай талаар ажилдаа ороод мэдлээ. Би сард гар дээрээ 1.191.533 төгрөгийн цалин хөлс авдаг учир хохирлыг төлөх бүрэн боломжтой. Хүүхэд маань харшилтай учир жил бүрийн 7 дугаар сард сувилалд явдгийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзнэ үү. ...” гэв.
Хохирогч Б.М бичгээр болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Б нь 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өөрийн 90хххххх дугаарын утсаар залгаж “Төслийн танилцуулга үзлээ, мөнгө шилжүүл” гэснээр Худалдаа хөгжлийн банкны 40ххххххх тоот дансанд 3 сая төгрөг шилжүүлсэн. Д.Б нь ямар нэг төсөл хөрөнгө оруулах талаар огт хөөцөлдөөгүй, өөрийн хувийн хэрэгцээндээ худал хэлж залилж, 3 сая төгрөг зарцуулсан. Одоог хүртэл нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй. “Төлнө, өнөөдөр, маргааш, энэ 7 хоног” гэх мэт худал ярьж байгаа тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны 2023/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирлын төлбөрт одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байгаа тул Д.Б-ийн гаргасан гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Хохирлоо төлөн, гэмших сэтгэл огт байхгүй, худал хэлж, хугацаа хожих гэсэн үйлдэл байнга гаргадаг. Хүүхдийн эрх нэн түрүүнд тавигдах нь зөв хэдий ч хүүхдийнхээ талаар үргэлж дурддаг. Үргэлж өөрийгөө бултуулан, цаг хожиж, худлаа ярьдаг. Надад өдийг хүртэл хохирол төлөөгүй. Шүүгдэгчийг үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа гэж бодохгүй байна. ...” гэв.
Прокурор Г.Онон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс зорчих эрхийг хязгаарлах ялыг солих боломжгүй гэж үзэж байна. Шүүгдэгч өдийг хүртэл хохирол төлбөр төлж барагдуулаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Д.Б-т холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
хохирогч Б.Э-ын: “...Өөрийнхөө данснаас Д.Б-ийн данс руу 1 сая төгрөг шилжүүлсэн. Д.Б-т “Мөнгө орсон, чамайг гээд 1 сая төгрөгөөр оруулж байгаа юм шүү, 2022 оны 8 дугаар сарын 01-ээс 05-ны хооронд цахим бүртгэлд хүүхдийн нэр нь орсон байна” гэж хэлсэн. 2022 оны 6 дугаар сард Д.Б надад “Найз нь “Найрамдал” зуслан дээр байна. Найзуудтайгаа уулзаж байна. 7 дугаар сард зуслан явуулах хүүхэд байвал эхлээд төлбөрөө шилжүүлээрэй” гээд над руу зураг явуулж байсан. 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр өөрийн хүү, ахын охиныг “Найрамдал” зуслан явуулахаар болоод Д.Б-тэй холбогдсон чинь “Хэдэн сарын захиалга өгөх юм бэ” гэж асуухаар нь 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн захиалга сонгосон. Д.Б надад “Ямар ч асуудалгүй, чи хүүхдүүдийн төрсний гэрчилгээний зураг явуулаад, миний данс руу нийт 664.000 төгрөг хийгээрэй” гэхэд нь өөрийн данснаас Д.Б-ийн данс руу 664.000 төгрөг шилжүүлсэн. ...2022 оны 7 дугаар сарын 15-ны үед Д.Б надад “Монгол Улсын Их сургуульд оруулах хүүхэд байна уу” гэж асуусан. Тухайн үед манай дүү Ц Солонгос Улсад гарах виз мэдүүлсэн байсан боловч тэр нь гарахгүй байж магадгүй гэж бодоод өөрийн дүүг бүртгүүлэх санал тавьсан. 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өөрийн данснаас Д.Б-ийн данс руу 3.500.000 төгрөг шилжүүлсэн. Манай дүүг “2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын Их сургууль дээр очоорой” гэж хэлсэн. ...Энэ өдрөөс хойш бүх зүйлийг хойшлуулж, миний утсыг авахаа больсон. ...Нэг ч ажлыг нь бүтээж өгөөгүй. Миний хоёр хүүхэд зуслан явж чадаагүй, Орос 3 дугаар сургууль, Монгол Улсын Их сургуульд манай хүүхдийг бүртгүүлээгүй байна лээ. ...” /хх 25-27/,
хохирогч Б.М-ийн: “...2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр би Д.Б-ийн дугаар руу залгаж “Төсөлд хөрөнгө оруулах хүн хайж байгаа” талаараа хэлэхэд “Төслийн танилцуулга болон компанийн танилцуулгыг явуул” гэж хэлсэн. ...Удалгүй Д.Б над руу залгаад “Төслийн чинь танилцуулгыг хүлээж авлаа. Танай үйл ажиллагаа хэвийн, жигдэрсэн юм байна. Та миний данс руу 3 сая төгрөг хий. Хүнд танилцуулах гээд байна” гэж хэлсэн. Би өөрийн данснаас Д.Б-ийн данс руу 3 сая төгрөг шилжүүлсэн. ...Д.Б-ийн утас нь холбогдохгүй болоод, мөнгөө нэхэх үед шалтаг, шалтгаан хэлээд уулзахгүй, зугтаад байсан. ...Мөнгө нэхэх үед өгнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл мөнгө өгөөгүй, миний ажлыг бүтээж өгөөгүй. ...” /хх 70-71/,
шүүгдэгч Д.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: “...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. ...2022 оны 6 дугаар сарын дундуур Б.М “Таны дугаарыг Б.Э гэх хүнээс авлаа. Манайх махны чиглэлээр төсөл бичсэн юм. Үүнийг бүтээгээд өгөөч” гэсэн. ...Хэд хоногийн дараа Б.М-тэй уулзаж, түүний ажлыг хөөцөлдөж өгөхөөр болсон. Би түүнээс нийт 3 сая төгрөг өөрийн дансаар аваад мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан. ...Тухайн мөнгийг цааш нь хүнд өгнө гэж Б.М-т ойлгуулаад өөртөө зарцуулсан. ...Мөнгийг цааш нь дамжуулж өгөх танил надад байхгүй байсан. ...” /хх 46-47, 83-84/ гэсэн мэдүүлгүүд,
хохирогч Б.Э-аас гурван удаагийн гүйлгээгээр нийт 5.164.000 төгрөг, хохирогч Б.М-ээс нэг удаагийн гүйлгээгээр 3 сая төгрөгийг тус тус шилжүүлэн авсан болохыг тогтоосон шүүгдэгч Д.Б-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь 40ххххххх дугаартай дансны хуулга /хх 13-21, 88-95/ зэрэг нотлох баримтуудаар
шүүгдэгч Д.Б нь Ерөнхий боловсролын болон Их дээд сургуульд сурагч, оюутныг элсүүлэх, хүүхдийг зусланд амраах эрх бүхий этгээд биш атлаа ажил хэргийн шугамаар танилцсан найз, хохирогч Б.Э-тай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Орос 3 дугаар сургууль, Монгол Улсын Их сургуульд хүүхэд оруулж өгнө, Найрамдал зусланд хүүхэд амрааж өгнө...” гэх зэргээр дээрх үйл ажиллагааг явуулах бүрэн боломжтой мэтээр түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2022 оны 5 дугаар сарын 23-аас мөн оны 7 дугаар сарын 22-ны өдрийн хооронд 3 удаагийн гүйлгээгээр нийт 5.164.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан,
мөн хохирогч Б.М нь хохирогч Б.Э-аар дамжуулан өөрийн бичсэн “Хөргүүртэй махны агуулах барих төсөл”-д хөрөнгө оруулагч хайж шүүгдэгч Д.Б-т хандахад “Танай байгууллагын үйл ажиллагаа хэвийн, жигдэрсэн юм байна, төслийг танилцуулах гэж байна” хэмээн бодит байдал дээр тус төсөлд хөрөнгө оруулах хэн нэгэн хүн, хуулийн этгээдэд хандаагүй атлаа төслийг бусдад танилцуулан хөрөнгө оруулагч олж өгөх мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 3 сая төгрөгийг шилжүүлэн авсан атлаа өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулж үргэлжилсэн үйлдлээр хохирогч Б.М, Б.Э нарыг залилж, нийт 8.164.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч Д.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, түүний гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Б-ийг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий болсон, анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Залилах гэмт хэргийн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр өөрийн болгохдоо эд хөрөнгийг нь буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гасан санаа зорилго, сэдэлтээр хохирогчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар хангагддаг бөгөөд шүүгдэгч Д.Б нь бусдын эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүйгээр эд хөрөнгийг нь хууль бусаар өөрийн болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын төрлүүдээс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, тухайн зүйл хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хохирлыг цаашид нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, тэрээр урьд залилах гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан хувийн байдал зэрэгт тус тус тохирсон байх тул “зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар солих” агуулга бүхий шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Б.Очбадарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.” гэж заасан.
Хэргийн 180 дугаар талд авагдсан ... дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1 дүгээр тушаалаар шүүгдэгч Д.Б-ийг мөн өдрөөс Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтний түр орлон гүйцэтгэгчээр тус дүүргийн ... дугаар хороонд томилон ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Гэвч шүүгдэгч Д.Б нь Баянгол дүүргийн ... дүгээр хороонд оршин суух бүртгэлтэй бөгөөд шүүхээс тогтоосон нутаг дэвсгэрт зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд дээрх ажил хөдөлмөрийг эрхлэх, цаашлаад гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлөх боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байна.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэснийг түүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих боломжтой байдлаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Очбадарын “Зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар солих”-оор гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/45 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ц.ОЧ