Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 124/ШШ2024/0021

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн М намын хороо,

Хариуцагч: Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан,

 “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 19/01 тоот “Аймгийн сонгуулийн тойрог байгуулах, тойрогт ногдох мандатын тоо тогтоох тухай” тогтоолоор батлагдсан 22 дугаар тойрог, 10 дугаар тойрогт ногдох мандатын тоог тогтоосон хэсгийг хүчингүй болгож, 7-р баг, Өмнөговь суманд ногдох мандатын тоог дахин тогтоохыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Увс аймгийн М намын хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш, хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Увс аймгийн М намын хороо нь тус шүүхэд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 19/01 тоот “Аймгийн сонгуулийн тойрог байгуулах, тойрогт ногдох мандатын тоо тогтоох тухай” тогтоолоор батлагдсан 22 дугаар тойрог, 10 дугаар тойрогт ногдох мандатын тоог тогтоосон хэсгийг хүчингүй болгож, 7-р баг, Өмнөговь суманд ногдох мандатын тоог дахин тогтоохыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах” тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

2. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 19/01 тоот “Аймгийн сонгуулийн тойрог байгуулах, тойрогт ногдох мандатын тоо тогтоох тухай” тогтоолоор аймгийн 2024 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг 30 тойрог, 35 төлөөлөгчтэй байхаар тогтоож, сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог нэгдүгээр хавсралтаар баталжээ.

Хавсралтад 10-р тойрог буюу Өмнөговь суманд 1 мандаттай, 22-р тойрог буюу Улаангом сумын 7-р багт 1 мандаттай байхаар тогтоосон байна.

3. Уг маргаан бүхий нэхэмжлэлийг өмнө нь Увс аймгийн Улаангом сумын намын 7-р үүрээс нэхэмжлэл гаргаж байсан байх ба нэхэмжлэлийг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 167 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасан “ нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

М намын дүрмийн 11 дүгээр зүйлд намын дунд шатны байгууллага гэдэгт аймгийн намын байгууллагыг ойлгохоор зааж, 14 дүгээр зүйлийн 14.1.9-д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх,сонгуулийн ажлыг зохион байгуулах эрх хэмжээтэй байхаар зохицуулсан тул нэхэмжлэгч Увс аймгийн М намын хороог нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байна.

Өмнө нь Улаангом сумын намын 7-р үүрийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзсэнтэй холбоотой Увс аймгийн М намын хороо нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч захиргааны хэрэг  үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд хандсан гэж үзэв.

4. Нэхэмжлэгч Увс аймгийн М намын хороо шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт "Тухайн шатны Хурал орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан Хурлын төлөөлөгчийн тоонд үндэслэн тойргийг байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно." гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл Иргэдийн төлөөлөгчдийн хурал тойрог байгуулж, түунд мандат тогтоохдоо хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил гэх 4 үзүүлэлтийг харгалзан мандат хуваарилахаар байна.

Харамсалтай нь маргаан бүхий тогтоолоор дараах байдлаар хуульд заасан харгалзаж үзэх шалгуурыг харгалзаж үзээгүй байгаа нь нэхэмжлэл гаргах үндэслэл болж байна. Үүнд:

1. Маргаан бүхий тогтоолын нэгдүгээр хавсралтаас үзвэл 22-р тойрог болох Улаангом сумын 7-р баг нь 3825 хүн амтай бөгөөд 1 мандаттай, харин 25- р тойрог болох 10-р баг нь 3384 хүн амтай атал 2 мандаттай байхаар хуваарилсан байна. Өөрөөр хэлбэл зэргэлдээ байршилтай, статусын хувьд хоёулаа багийн статустай байтал хүн ам багатай тойрогт илүү мандат хуваарилсан байна. 2020 оны Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн А/44 дүгээр тогтоолоор аймгийн ИТХ-ын сонгуулийн тойрог, төлөөлөгчийн болон тойрогт ногдох мандатын тоо тогтоох, хамрах нутаг дэвсгэрийг батлах тухай тогтоолоор дээр дурдагдсан 7дугаар баг нь 2 мандаттай, 10 дугаар баг нь мөн адил 2 мандаттай байсан. Эндээс үзвэл тухайн үеийн газар нутгийн хэмжээ, байршил огт өөрчлөгдөөгүй атал хүн ам ихтэй тойргоос үндэслэлгүйгээр мандат хассан.

2. Мөн 10 тойрог болох Увс аймгийн Өмнөговь сум нь 4724 хүн амтай бөгөөд 1 мандаттай , харин 15-р тойрог болох Увс аймгийн Тэс сум 5030 хүн амтай байхад 3 мандаттай байхаар хувиарласан. Өөрөөр хэлбэл газар нутгийн байршилын хувьд аймгийн төвөөсөө ойролцоо зайд байрладаг.засаг захиргааны нэгжийн хувьд адилхан статустай, хүн амын хувьд олон тооны зөрүү байхгүй Өмнөговь сумын мандатыг 1 болгож бууруулаад, Тэс сумын мандатыг 3 болгож нэмсэн байна.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газар нутгийн хэмжээ, хүн амын тоог харгалзан үзэлгүй нэгталыг барьсан шийдвэр гаргаж иргэдийн сонгох, төрд төлөөлүүлэх эрхийг илт зөрчиж байна гэж үзэж байна.

3. Увс аймгийн ИТХ-ын 2024 оны 4 дүгээр сарын 30 ны өдрийн Аймгийн сонгуулийн тойрог байгуулах, тойрогт ногдох мандатын тоо тогтоох тухай" 19/01 тоот тогтоолыг хууль зөрчсөн байна гэж үзэж хуулийн хугацаанд нь М-ын 7-р үүрээс нэхэмжлэл гаргасан боловч шүүх хурал хүндэтгэх шалтгааны улмаас 2 удаа хойшилж 2024 оны 7 дугаар сар 17 нь товлогдсон. Шүүхээс уг нэхэмжлэлийг гаргах эрх бүхий этгээд нь М-ын Улаангом сумын 7-р үүр биш байна гэж үзээд нэхэмжлэлийг давж заалдах эрхтэйгээр буцаасан.

4. Мөн Аймгийн ИТХ-ын ажлын албанаас Аймгийн ИТХ дахь М-ын бүлэгт хурлын тогтоол шийдвэрийг цаг тухайд нь танилцуулаагүйн улмаас цаг хугацаа алдсан. Иймээс Увс аймгийн М-ын хорооноос нэхэмжлэлийг 2024.08.16 нд шинээр гаргасан.

Иймд Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 19/01 тоот "Аймгийн сонгуулийн тойрог байгуулах, тойрогт ногдох мандатын тоо тогтоох тухай" тогтоолыг хүчингүй болгож, 7 дугаар баг /тойрогт/ ногдох мандатын тоо, Мөн Өмнөговь сумын /тойрогт/ ногдох мандатын тоог нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан дахин тогтоохыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд суудал олонтой нам өөрсдийн эрх ашгийг хангасан хуваарилалт хийсэн. Улаангом сумын 10-р баг бол иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэр дэвшиж байсан тойрог, Тэс сум бол А нам байнга ялдаг тойрог учраас мандатын тооны хуваарилалтыг  хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

6. Хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал шүүхэд ирүүлсэн   тайлбарт: “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 19/01 дүгээр тогтоолоор "Аймгийн сонгуулийн тойрог байгуулах, тойрогт ногдох мандатын тоог тогтоох тухай" асуудлыг хэлэлцэн баталсан.

Аймгийн ИТХ-ын хуралдаанаар 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар сонгуулийн тойрог байгуулах, тойрогт ногдох мандатын тоог тогтоох саналыг төслөөр бэлтгэн хурлын ажлын алба, М, А-аас тус бүр танилцуулга хийсэн.

Нэхэмжпэлд дурдсан маргаан бүхий асуудлыг аймгийн ИТХ-ын 19-р хуралдаанд хурлын ажлын алба болон М-аас тойрог, мандатын тоог тогтоох асуудалд 10 дугаар тойрог буюу Өмнөговь суманд 2 мандат, 15 дугаар тойрог буюу Тэс суманд 2 мандат, 22 дугаар тойрог болох 7 дугаар багт 1 мандат байхаар, 25 дугаар тойрог болох 10 дугаар багт 1 мандат байхаар адилхан саналыг, харин А намаас 10 дугаар тойрог буюу Өмнөговь суманд 1 мандат, 15 дугаар тойрог буюу Тэс суманд 3 мандат, 22 дугаар тойрог болох 7 дугаар багт 1 мандат байхаар, 25 дугаар тойрог болох 10 дугаар багт 2 мандаттай байх саналыг тус тус танилцуулж хуралдаанаар хэлэлцүүлэх явцад ажлын алба болон М-аас гаргасан санал дэмжигдээгүй.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1."Тухайн шатны Хурал орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан Хурлын төлөөлөгчийн тоонд үндэслэн тойргийг байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно" гэж заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бүрэн эрхийнхээ хүрээнд А намаас оруулж ирсэн 10 дугаар тойрог болох Өмнеговь суманд 1 мандат, 15 дугаар тойрог болох Тэс суманд 3 мандат, 22 дугаар тойрог бслох 7 дугаар багт 1 мандат, 25 дугаар тойрог болох 10 дугаар багт 2 мандаттай байхаар асуудлыг хуралд оролцсон төлөөлөгчдийн олонх буюу 51.7 хувийн саналаар дэмжин шийдвэрлэж баталсан. (Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална" гэж заасан.)

Иймд Увс аймгийн М-ын хорооноос гаргасан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2024 оны 04 дүгээр сарыи 30-ны өдрийн 19/01 тоот "Аймгийн сонгуулийн тойрог байгуулах, гойрогт ногдох мандатын тоо тогтоох тухай" тогтоолыг хүчингүй болгож, 7 дугаар багийн тойрогт ногдох мандатын тоо, мөн Өмнөговь сумын тойрогт ногдох мандатын тоог нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан дахин тоггоохыг даалгасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” ...Улаангом сумын 7-р багт А нам, М нам адил 1 мандаттай байх санал гаргаж байсан.мандатын тооны хуваарилалтын асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар олонхийн саналаар хэлэлцэж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хэргийн оролцогчдын төлөөлөгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлдээ “...22-р тойрог болох 7-р баг 3825 хүн амтай бөгөөд 1 мандаттай, харин 25-р тойрог болох 10-р баг 3384 хүн амтай атал 2 мандаттай байхаар , 10-р тойрог болох Өмнөговь сум 4724 хүн амтай бөгөөд 1 мандаттай, Тэс сум 5030 хүн амтай байхад 3 мандаттай байхаар хуваарилж газар нутгийн хэмжээ, хүн амын тоог харгалзаагүй нэг талыг барьсан шийдвэр гаргасан нь иргэдийн сонгох, төрд төлөөлүүлэх эрхийг илтэд зөрчиж байна...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас  болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Мандатын тоог тухайн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар баталсан” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

4. Аймаг,нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Орон нутгийн Хурлын сонгуулийн нутаг дэвсгэр нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэр байна, 11.2-т “Сонгуулийн нутаг дэвсгэр нь тойрогт хуваагдана” , 12 дугаар зүйлийн 12.1-д “ Тухайн шатны Хурал  орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан Хурлын төлөөлөгчийн тоонд үндэслэн тойргийг байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно” гэж зохицуулжээ.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн тоог доор дурдсанаар тогтооно:

37.1.1.аймгийн хүн амын тоо нь 50 000 хүртэл бол 25;

37.1.2.аймгийн хүн амын тоо нь 50 001-70 000 хүртэл бол 29;

37.1.3.аймгийн хүн амын тоо нь 70 001-90 000 хүртэл бол 35;

37.1.4.аймгийн хүн амын тоо нь 90 001-ээс дээш бол 41 гэжээ.

            Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хувьд 35 төлөөлөгчтэй байхаар шийдвэрлэгдсэн ба өмнө нь мөрдөгдөж байсан хууль болон Увс аймгийн иргэдийн Төлөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны А/44 дүгээр тогтоолоор хурал 41 төлөөлөгчтэй байсан байна.

            Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн тоо өмнөхөөс 6-аар бага байхаар болсонтой холбоотой сонгуулийн тойрогт ногдох мандатын тоонд өөрчлөлт орж шинээр батлагдсан.

 

            5. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 19/01 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар сонгуулийн 30 тойрогт мандат ногдсон, үүнээс 13-р тойрог буюу Тариалан суманд 2, 15-р тойрог буюу Тэс суманд 3, 18-р тойрог буюу Улаангом сумын 3-р багт 2, 25-р тойрог буюу Улаангом сумын 10-р багт 2 мандаттай, бусад бүх тойрогт тус бүр 1 мандаттай байхаар нийт 35 мандатыг хуваарилж баталсан байна.

 

            6. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас бэлтгэсэн төсөл, А намын болон А намын бэлтгэсэн төслүүд танилцуулагдаж, А намын санал оруулсан төслөөр сонгуулийн тойрог, түүнд ногдох мандатын тоог олонхийн саналаар баталсан нь хуралдааны тэмдэглэлээр тогтоогджээ.

            Хуралдаанд Тэс сум, Тариалан сум, Улаангом сумын 10-р багт бусад тойргоос илүү мандат олгох болсон үндэслэлийн талаар тайлбарлаж, төлөөлөгчид асуулт асууж, тайлбар аван асуудлыг хэлэлцсэн байна.

 

Сонгуулийн тойрог, ногдох мандатын тоог  хуульд заасан 4 нөхцлийг харгалзан тогтоохоор зохицуулсан бөгөөд зөвхөн хүн амын тоог харгалзан үзэхээргүй байна.

 

            Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хууль журмын дагуу мандатын тоог хуваарилаагүй гэх үндэслэл баримт тогтоогдоогүй байх ба орон нутгийн сонгуулийн тойрог байгуулах, тойрогт ногдох мандатын тоог батлах асуудлыг бүрэн эрхийн  хүрээнд хэлэлцэж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

            7. Өөрөөр хэлбэл, Өмнөговь сум, Улаангом сумын 7-р багт тус тус 1 мандаттай байхаар баталсан нь Увс аймгийн М намын хорооны орон нутгийн сонгуульд оролцох болон иргэдийн төрд төлөөлүүлэх эрхийг хөндсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

            8. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өмнө нэр дэвшсэн тойрогт илүү мандат олгосон, А намын ялсан тойрогт илүү мандат олгосон” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүйг тэмдэглэв.

                       

9. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Увс аймгийн М намын хорооноос Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 19/01 тоот “Аймгийн сонгуулийн тойрог байгуулах, тойрогт ногдох мандатын тоо тогтоох тухай” тогтоолоор батлагдсан 22 дугаар тойрог, 10 дугаар тойрогт ногдох мандатын тоог тогтоосон хэсгийг хүчингүй болгож, 7-р баг, Өмнөговь суманд ногдох мандатын тоог дахин тогтоохыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АЛТАНЦЭЦЭГ