Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 26

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч А.Мөнхзул,

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч  мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Аврах гал унтраах 26 дугаар ангид гал сөнөөгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 26 дугаар хороо, Баянбулагын 5-51 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн  дугаарын регистртэй, Н.А.Б холбогдох 1708018450229 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч А.Б нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 9-06б тоотод оршин суух иргэн Т.Баянмөнхийн байнга амьдардаг монгол гэрийн хаалгыг алх ашиглаж эвдэн нэвтэрч, 32 инчийн BSB маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдэж, бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ:

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэртээ амарч байгаад усанд явсан. Замдаа айлын хаалга эвдэж ороод 1 ширхэг зурагт авсан. Гэртээ авчирч тавиад маргааш нь таньдаг хүндээ 200.000 төгрөгөөр зарах болоод 140.000 төгрөгийг нь бэлнээр авч, үлдэх 60.000 төгрөгийг нь дараа авахаар болсон. Энэ хэрэгтээ баригдаад хулгайлсан зурагтаа хохирогчид буцаан өгсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Эрүүгийн 170801845 дугаартай хэргээс:

Хохирогч Т.Баянмөнх мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

Би хэрэг гарсан өдрийн он, сарыг одоо санахгүй байна. Тэр өдөр би эхнэр, хоёр хүүхдийн хамтаар өглөөний 08 цагийн үед гэрээсээ гарсан. Хүүхдээ цэцэрлэгт, эхнэрээ ажилд нь хүргэж өгчихөөд би гадуур такси үйлчилгээнд явсан. Таксинд явсаар байгаад өдөр 16 цагийн үед хоёр хүүхдээ цэцэрлэгээс нь авчихаад 17 цагийн үед гэртээ харьсан...Гэрийнхээ цоожийг онгойлгох гээд түлхүүрээ хийгээд эргүүлтэл цоож гацаад онгойхгүй байсан. Тэгээд хэсэг хугацаанд цоожоо онгойлгох гээд оролдсоор байгаад арай хийж цоожоо онгойлгон гэртээ орсон. Гэртээ ортол гэрийн хойморт байрлах зурагтын тавиур дээр байсан ВSВ маркийн 32 инчийн ЛСД зурагт алга болчихсон байсан...Үүнээс өөр зүйл алга болоогүй. Тэр үед би өөрийн 95740760 дугаарын утаснаас 102 луу залгаж цагдаад мэдэгдсэн... гэжээ. /хх-18-19/,

Түүний хохирогчоор дахин мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

Зурагтаа буцаагаад авсан, одоо надад ямар нэг хохирол байхгүй, өөр нэхэмжлэх зүйл байхгүй...гэжээ. /хх-21/,

Гэрч Г.Янжинлхам мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...2017 оны 10 дугаар сарын эхээр байсан санагдаж байна. Тэр өдөр
нөхөр, 2 хүүхдийн хамтаар өглөө 08 цагийн үед ажилдаа явахаар гэрээсээ гарсан. Тэгээд хоёр хүүхдээ замаараа цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд би цаашаа нөхрөөрөө ажил дээрээ хүргүүлсэн. Үүний дараа өдөр нөхөртэйгээ утсаар ярихад
нөхөр маань гадуур “такси үйлчилгээнд явж байна” гэж хэлж байсан. Тэгтэл орой
17 цаг өнгөрч байхад нөхөр маань над руу залгаад “манай гэрт хулгай орсон юм шиг байна, зурагт алга болчихсон байсан” гэж хэлэхээр нь 102 луу залгаж цагдаад мэдэгд гэж хэлээд утсаа салгасан...Манай гэрээс ВSВ маркийн 32 инчийн хар өнгийн гадаргуутай зурагт дангаараа алга болсон байсан. Манайхаас өөр ямар нэгэн эд зүйл алдагдаагүй. Зурагтын удирдлага байсан...гэжээ. /хх-25-26/,

Гэрч Ч.Хосбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

Би А.Б анх 2015 онд ажилд орсон цагаас нь эхэлж мэдэх болсон. Б хувьд ааш зан төлөв даруу, томоотой, ажилдаа нэр хүнд сайтай, галын техник спортоор хичээллэдэг залуу байгаа юм. Ямар ч гэсэн миний ажиглаж харснаар элдэв ааш зан гаргаад, хүнтэй муудалцаад, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явж байхыг нь би мэдэхгүй байна. Харин энэ холбогдоод байгаа хэргийн тухайд гэвэл мэдэх зүйл байхгүй. Миний санаж байгаагаар өчигдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр намайг цагдаагаас дуудаж, мэдүүлэг өгөх хэрэгтэй байна гэсэн. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр иртэл надад зарсан зурагт нь хулгайн зурагт гэдгийг сонсож мэдлээ.

Би он, сарыг нь санахгүй байна. Ямар ч гэсэн хар өнгийн гадаргуутай, ВSВ гэсэн нэртэй ЛСД дэлгэцтэй зурагтыг 200.000 төгрөгөөр зарсан. Гэхдээ би эхний ээлжинд 140.000 төгрөгийг нь бэлнээр өгөөд, үлдэгдэл 60.000 төгрөгийг цалин буухаар өгөхөөр хоорондоо тохиролцсон байсан боловч А.Б энэт 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр над руу утсаар залгаад “Хосбаяр ахаа танд зарсан зурагтаа буцааж авах гэсэн юм, надад хэрэгтэй болчихлоо” гэж утсаар ярьсан. Тэгэхлээр нь би “гадуур ажилтай явж байна, өнөөдөр гэртээ очиж амжихгүй” гэж хэлтэл А.Б “за, за би маргааш өглөө танайд явж очоод зурагтаа авчихъя” гэж хэлээд маргааш нь манай гэрээс очиж авсан. Надаас зурагтаа буцааж авахдаа 140.000 төгрөгийг маань буцаагаад өгчихсөн, надад ямар нэгэн хохирол учраагүй... гэжээ. /хх-29-30/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №5222 тоот актын дүгнэлтэнд:

1.Шинжилгээнд ирүүлсэн СХДКШТ-ийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч А.Ганбаярын илрүүлж бэхжүүлсэн “1, 2, 3, 4” дугаартай 4 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд тэнцсэн “1, 2, 3, 4” дугаартай гарын мөр шинжилгээнд  ирүүлсэн Т.Баянмөнхийн зүүн гарын долоовор, ядам хурууны, зүүн гарын алганы дардастай тохирч байна... гэжээ. /хх-37-40/,

Шүүгдэгч А.Б ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-69/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-68/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-4-5/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-9-10/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх11-12/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх13-16/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-18-19/, шүүгдэгч А.Б сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн №5222 тоот шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээч гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Б-г гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж,  хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч А.Б нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 9-06б тоотод оршин суух иргэн Т.Баянмөнхийн байнга амьдардаг монгол гэрийн хаалгыг алх ашиглаж эвдэн нэвтэрч, 32 инчийн BSB маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Т.Баянмөнхийн “...Би хэрэг гарсан өдрийн он, сарыг одоо санахгүй байна. Тэр өдөр би эхнэр, хоёр хүүхдийн хамтаар өглөөний 08 цагийн үед гэрээсээ гарсан...17 цагийн үед... гэртээ ортол гэрийн хойморт байрлах зурагтын тавиур дээр байсан ВSВ маркийн 32 инчийн ЛСД зурагт алга болчихсон байсан...” гэх /хх-18-19/,

-Гэрч Г.Янжинлхамын “...Тэгтэл орой17 цаг өнгөрч байхад нөхөр маань над руу залгаад “манай гэрт хулгай орсон юм шиг байна, зурагт алга болчихсон байсан” гэж хэлсэн...” гэх /хх-25-26/,

Гэрч Ч.Хосбаярын “...Ямар ч гэсэн хар өнгийн гадаргуутай, ВSВ гэсэн нэртэй ЛСД дэлгэцтэй зурагтыг...зарсан...А.Б гэнэт 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр над руу утсаар залгаад “Хосбаяр ахаа танд зарсан зурагтаа буцааж авах гэсэн юм, надад хэрэгтэй болчихлоо” гэж утсаар ярьсан...Надаас зурагтаа буцааж авахдаа 140.000 төгрөгийг маань буцаагаад өгчихсөн, надад ямар нэгэн хохирол учраагүй...” гэх /хх-29-30/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №5222 тоот шинжээчийн дүгнэлт /хх-37-40/, эд зүйлийн үнэлгээ /хх-13/, шүүгдэгч А.Б ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-69/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-68/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-4-5/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-9-10/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх11-12/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх13-16/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-18-19/, шүүгдэгч А.Б сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Б гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул түүнийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Т.Баянмөнхөд 300.000 төгрөгийн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч  Т.Баянмөнхөд эд зүйлийг буцаан өгсөн /хх11-12/, мөн хохирогч Т.Баянмөнх нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь /хх-21/ нотлох баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч А.Б-с энэ шийтгэх тогтоолоор бусдад гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.Б хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.Б- дээрхи зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах  нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч А.Б нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хамгийн доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжтой. 

Шүүх шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бусад асуудлаар:

Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч А.Б тухайд эд хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авагдаагүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдав.

Шүүгдэгч А.Б хоёр хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.