Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/257

 

Л.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

хохирогч Т.Т, түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг,

шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Т.Т-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Л.Б-д холбогдох 2203 00703 0599 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Л-ын Б, 2000 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Төв аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “П” ХХК-д оператор ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Төв аймгийн ... сумын ... дүгээр баг, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /.

Л.Б нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хорооллын арын замд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 20:00 цагийн үед “Toyota Prius 30” загварын 00-00УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9 дэх хэсэгт заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ Улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас улаан гэрлээр орж, явган зорчигч Т.Т-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газар: Л.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овгийн Л-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг хуульд заасан үндсэн хугацаа болох гурван сарын дотор төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Б-д сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Т.Т цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Т.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би ослын улмаас баруун шаантны тахилзуур ясны зөрүүтэй хугарал, баруун шилбэний зөөлөн эдийн гэмтэлтэй, хоёр суга таягтай явахад маш хүндрэлтэй байгаа. Шүүх хуралдаанд хоцорч очсон ба шүүх хуралдааны дундуур шүүх танхимд орсон. Ингээд би маш их сандарч, хурал дээр өөрийн үгээ чөлөөтэй илэрхийлж чадаагүй, шүүхэд шинээр гаргаж өгөх байсан нотлох баримтуудаа гаргаж өгч чадаагүй. Өөрөөр хэлбэл эрх зүйн мэдлэг дутмаг байдлаасаа, мөн хуралдааны дундуур орсон учраас өөрийнхөө эрх ашгийг хамгаалж чадаагүй. Түүнчлэн, ослын улмаас өнөөдрийг хүртэл маш их өвдөлт, зовиурыг даван туулж, ажил, хичээлдээ ч явж чадахгүй, эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл санааны хохирол амссан болохоор шүүгдэгчид гомдолтой байна. Надад анхан шатны шүүх хуралдааны товыг 11:30 цаг гэж буруу мэдэгдсэнээс, мөн явахад хүндрэлтэй, удаан явж шүүх дээр ирж, хурлын дундуур орсноос миний эрх ашиг зөрчигдсөн. Мөн шүүх хуралдааны дэг зөрчсөн. Иймд хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Т.Т-ийн өмгөөлөгч Д.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлтэй маргахгүй. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан процессын алдаа гарсан гэж үзэж байгаа. Хохирогч суга таяг тулж явдаг тул удаан явдаг. Үүний улмаас анхан шатны шүүх хуралдаанд хоцорсон. Анхан шатны шүүх шүүх хуралдааны дэгийг зөрчиж, хурлын дундуур хохирогчийг оруулсан. Ингээд гэнэт шүүх хуралдааны дундуур орсон миний үйлчлүүлэгч эрх зүйн мэдлэг дутмаг болон эрүүл мэндийн байдлаасаа болоод маш их сандарч, өөрийн үзэл бодлоо илэрхийлж чадаагүйгээс гадна шүүхэд гаргаж өгөхөөр цуглуулсан байсан нотлох баримтуудаа өгч чадаагүй. Энэ гэмт хэргийн улмаас миний үйлчлүүлэгч болон түүний ах нь эдийн засгийн хямралд орсон. Ах нь ажлаасаа гараад дүүгээ 7 хоног харж, нааш цаашаа зөөж байсан. Иймд үйлчлүүлэгчийнхээ хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Л.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоол гарсны дараа хохирогчийн зүгээс баримтаа бүрдүүлээд нэхэмжилбэл хохирлыг төлнө гэдгээ илэрхийлсэн. ...” гэв.

Шүүгдэгч Л.Б-ийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдааны дараа болон өнөөдрийг хүртэл хохирогчтой уулзаж хэдэн төгрөг нэхэмжилж байгаа талаар асууж “Мөнгийг өгье” гэхэд “Заавал шүүхийн шийдвэр гаргуулж мөнгөө авна” гэсэн байр суурь илэрхийлсэн. Хэдэн төгрөг нэхэмжилж байгааг нь асуухад тодорхой тоо хэлдэггүй. Ямар эмчилгээ зардал, юуны зардал нэхэмжилж байгаа талаар асуухад хэлдэггүй. Энэ байдлын улмаас мөнгийг хэрхэн төлөхөө ойлгохгүй байна. Мөн давж заалдах гомдолдоо “...Би маш их сандарч, хурал дээр өөрийн үгээ чөлөөтэй илэрхийлж чадаагүй, шүүхэд шинээр гаргаж өгөх байсан нотлох баримтуудаа гаргаж өгч чадаагүй, ...Надад анхан шатны шүүх хуралдааны товыг 11:30 цаг гэж буруу мэдэгдсэнээс...” гэж дурдсан нь худлаа. 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хохирогч байсан бөгөөд гарын үсгээ зурсан. Анхан шатын шүүх хуралдааны дундуур хохирогчийг прокурор, өмгөөлөгч нарын саналыг харгалзан шүүх хуралдаанд оруулсан. Хохирогчоос хүсэлт байгаа талаар асуусан. ...Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах хууль зүйн үндэслэл байхгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн. Иймд хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй. ...Улаан гэрлэн дохио хөдөлгөөнийг хориглодог. Энэ талаар жолооны курст сураад жолооны үнэмлэх авсан байх ёстой. ...Шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах мэдэгддэг учир товыг худлаа мэдэгдсэн эсэхийг мэдэхгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч хоцорч ирсэн. Замын түгжрэлээс болж хоцорсон гэж тайлбарласан. Шүүгчийн зүгээс прокурор болон өмгөөлөгчийн саналыг асууж хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулсан. Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгөх баримт, хүсэлт байгаа талаар асууж шүүх хуралдаан үргэлжилсэн. Энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн зүйл байхгүй. Хохирогчийг эрхийг хангаж, хоцроод ирэхэд нь шүүх хуралдаанд оролцуулсан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Л.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянав.

Шүүгдэгч Л.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 20:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хорооллын арын замд “Toyota Prius 30” загварын 00-00УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх заалтад заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүргийг хүлээнэ”, Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ Улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно”, 8.18-д “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч “Зогс-шугам”-ын өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө ...тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана ...зогсоно.” гэснийг тус тус зөрчиж, улаан гэрэл ассан болохыг харсан, мэдсэн байж тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсолгүйгээр тус уулзвараар “Амжиж орно” хэмээн нэвтэрч, явган зорчигчийн гарцаар зам хөндлөн гарч байсан хохирогч Т.Т-г тээврийн хэрэгслээр мөргөсөн болох нь хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн:

явган зорчигчийн гарцаар гарч байхдаа автомашинд мөргүүлж, гэмтэл авсан талаар мэдүүлсэн хохирогч Т.Т-ийн: “...1 дүгээр хорооллын арын замд гэрлэн дохиотой уулзвар дээр явган хүний ногоон гэрэл асахаар нь зам хөндлөн гарах үед зүүнээс баруун чиглэлд явсан тээврийн хэрэгсэл улаан гэрлээр уулзвар нэвтэрч намайг мөргөсөн. Би газар уначихаад босох гэтэл зүүн хөлийн шилбэ өвдөөд, тэмтрээд үзэхэд яс нь хугараад хажуу тийш болсон байсан. Энэ үед машины жолооч залуу гарч ирээд намайг өргөж, машиндаа суулгаад шууд гэмтлийн эмнэлэг рүү явсан. ...” /хх 13/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Э-ийн: “...2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Л.Б нь “Toyota Prius-30” загварын 00-00УУУ улсын дугаартай автомашиныг худалдаж авахдаа манай байгууллагаас 13.200.000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж авсан. Хохирлын үнэлгээ хийлгэх шаардлагагүй. Манай байгууллагын зүгээс хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. ...Зээлийн гэрээний дагуу бусдад учирсан хохирлыг зээлдэгч тал хариуцна. ...” /хх 39, 42/,

өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогчийг зам хөндлөн гарч явахад нь автомашинаар мөргөж, гэмтэл учруулсан болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн шүүгдэгч Л.Б-ийн: “...3, 4 дүгээр хорооллоос Хархорин захын чиглэлд 1 дүгээр хорооллын арын нэг талдаа 2 эгнээтэй замын 1 дүгээр эгнээгээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явж байхад гэрлэн дохиотой уулзвар нэвтрэх үед улаан гэрэл асчихаар нь амжиж уулзвар нэвтэрье гэж бодод явж байтал гэнэт замын урд талаас хойш чиглэлд 20 орчим насны эрэгтэй явган хүн гарцаар зам хөндлөн гарахдаа миний машины зүүн талын хажууд толь, хаалга хэсэгт мөргүүлээд унасан. Тэгэхээр нь машинаас буугаад тэр залууг түшиж босгоод, биеийн байдлыг нь асуухад “Баруун хөл өвдөөд байна” гэхээр нь сандарсандаа машиндаа суулгаад шууд гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Эмнэлэгт очоод тэр залуугийн ар гэрийнхнийг нь дуудаж, өөрийн утсаар цагдаа руу дуудлага өгөөд удаагүй байхад цагдаагаас “Ослын газарт оч” гэсний дагуу машинаа унаад, осол гаргасан газартаа очиж хэмжилт хийлгэсэн. Уулзвар ойртоод ирэх үед ногоон гэрэл унтарчихаар нь амжаад орчихъё гэж бодсон нь миний буруу. ...” /хх 44/ гэсэн мэдүүлгүүд,

“Toyota Prius-30” загварын 00-00УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан шүүгдэгч Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ Улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн  заалтыг зөрчсөн, харин явган зорчигч, хохирогч Т.Т нь дээрх дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй болохыг тогтоосон Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1411 дүгээр магадлагаа /хх 69/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-9/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Ослын улмаас Т.Т-ийн эрүүл мэндэд баруун шаант, тахилзуур ясны зөрүүтэй хугарал, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал бүхий эрүү мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15293 дугаар дүгнэлт /хх 47-48/-ээр тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, шүүгдэгч Л.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэрэг, түүний үйл баримтын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ыг тогтоосон хэм хэмжээний дотор хэргийг хянан шийдвэрлэж, шүүгдэгч Л.Б-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, энэ талаар хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Хохирогч Т.Т-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шүүгдэгч Л.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, улаан гэрэл дохио ассан байхад зорчиж явж байсан уулзвараар амжиж гарна гэж тооцон хурдаа хасаж, зогсолгүйгээр уулзвар нэвтэрч явган зорчигчийг мөргөсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгч Л.Б-ийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Б-ийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Прокуророос түүнийг яллахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ Улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн гэрэл дохионы утга, агуулгыг илэрхийлсэн заалтыг зөрчсөн хэмээн ялласан, тус дүрэмд заасан жолоочийн ямар үүргийг биелүүлээгүй, хориглосон хэм хэмжээг зөрчсөн болох талаар дүгнээгүйг давж заалдах шатны шүүх зөвтгөж, дээр дурдсанчлан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх заалт, Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д заасныг тус тус зөрчсөн хэмээн зөвтгөн дүгнэсэн бөгөөд энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй юм.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нь осол болсны дараа хохирогчийг авч явж эмнэлэгт хүргэсэн, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдалд тохирсон гэж дүгнэв.

Хохирогч Т.Т-ээс “...гэмтлийн хор уршиг арилаагүй, шинээр гаргаж өгөх байсан нотлох баримтуудаа гаргаж өгч чадаагүй, ...анхан шатны шүүх хуралдааны дэг зөрчигдсөн, ...надад шүүх хуралдааны товыг буруу мэдэгдсэн, ...хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд “улсын яллагч ирээгүй” үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, мөн сарын 16-ны өдрийн 11:00 цагт товлоход хохирогч Т.Т шүүх хуралдааны товыг мэдэж, танилцсан болохоо баталж гарын үсэг зурсан баримт хэргийн 123 дугаар талд авагдсан байна.

Хохирогч нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хоцорч очсон, улмаар шүүх хуралдаан явагдаж байх дундуур түүнийг шүүх хуралдаанд оролцуулах замаар өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах боломж, бололцоог шүүхээс олгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарахгүй.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүхээс гарах шийдвэрийг заасан бөгөөд үүнд давж заалдах гомдолд дурдсанчлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах эрх хэмжээ байхгүй болохыг дурдав.

Хохирогч Т.Т-ээс эмчилгээний зардал 620.800 төгрөг, бусад зардал 255.200 төгрөг, түүнийг сахиж байсан ах Т.Отгонбаярын ажилгүй байсан хугацааны цалин 1.876.548 төгрөг тус тус нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохиролд 4.142.314 төгрөгийг төлсөн /хх 125-128/ байна.

Анхан шатны шүүх хохирогчийн эрүүл мэндийн байдал хэвийн болоогүй, гэмтэл бүрэн эдгээгүй тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул хохирогч Т.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, “хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх”-ээр гаргасан хохирогч Т.Т-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Т.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ