Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балжиннямын Сийлэгмаа |
Хэргийн индекс | 115/2024/0007/З |
Дугаар | 115/ШШ2024/0018 |
Огноо | 2024-08-26 |
Маргааны төрөл | Тендер, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 115/ШШ2024/0018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “С” ХХК (1 дэх хавтаст хэргийн 7-8 дах тал),
Хариуцагч: Д аймгийн Нэгдсэн эмнэлэг,
Гуравдагч этгээд: “СЕ” ХХК (2 дахь хавтаст хэргийн 68 дахь тал) хоорондын, тендер шалгаруулалт дахин зарласантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, өмгөөлөгч П.Бол, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Намуунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч “С” ХХК нь, Д аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргад холбогдуулан “тус эмнэлгийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 286 тоот албан бичиг, тус эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах ...дугаартай тендер шалгаруулалтыг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зарласан шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд анх 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 42 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангуулахаар 14 хоногийн хугацаа тогтоож буцаасан. /1 дэх хавтаст хэргийн 35-37 дахь тал/
1.2. Нэхэмжлэгч нь, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлээ бүрдүүлбэр хангасан байдлаар дахин ирүүлснийг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 43 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн зарим шаардлага болох “тус эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах ...дугаартай тендер шалгаруулалтыг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “тус эмнэлгийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 286 тоот албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлагыг нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно. /1 дэх хавтаст хэргийн 48-54 дэх тал/
Хоёр Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д аймгийн нэгдсэн эмнэлгээс 2023 оны 12-р сарын 04-ний өдөр “Компьютерт томографийн аппарат” худалдан авах тендер зарласан ба манай компани тус тендер шалгаруулалтад оролцсон.
Тендерийн нээлтийг 2024 оны 01-р сарын 24-ний өдөр хийсэн ба манай компани уг тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3. энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно, 28.7.4. хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж тус тус заасны дагуу хамгийн бага үнийн дүнгээр буюу 1,668,000,000.00 /нэг тэрбум зургаан зуун жаран найман сая/ төгрөгийн үнийн саналтайгаар оролцсон.
Манай компанийн санал болгосон Philips Incisive 128 загварын иж бүрэн компьютерт томографын аппарат болон түүний дагалдах хэрэгслүүд тендерээр шаардсан бүх үзүүлэлтүүдийг хангасан.
Гэтэл тендерийн Захиалагч Д аймгийн Нэгдсэн эмнэлэг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн огноотой 96 тоот албан бичгээр ирүүлсэн мэдэгдэлд “тус газраас зарласан ...урилгын дугаартай “Д аймгийн нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах ажил” төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад ирүүлсэн танай тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг үндэслэн хянан үзэхэд Ерөнхий шаардлагыг хангаагүй байна ... нийлүүлэх эмнэлгийн тоног төхөөрөмж нь техникийн тодорхойлолтоос зөрсөн тохиолдолд тухайн тендерээс татгалзах үндэслэл болно” гэсэн заалтын техникийн тодорхойлолт Компьютер томографын аппаратын засвар үйлчилгээ хийх сургалтад хамрагдаж систем рүү нэвтрэх эрх авсан инженертэй байх гэж заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй”, мөн “Гэрээний үнэ болон заасан хугацаанд багтаан чанарын шаардлага хангасан барааг захиалагчид нийлүүлэх баталгааг албан бичгээр гарган ирүүлнэ гэсэн заалт хэсэгт тендер зарлахаас өмнө он сартай албан бичиг ирүүлсэн учир шаардлага хангаагүй” гэсэн хоёр үндэслэлээр тендерт шалгаруулагүй тухай мэдэгдэл ирсэн.
Бид тус мэдэгдлийг хүлээн авсны дараа Сангийн яамны Хууль, эрх зүйн газарт 2024 оны 02-р сарын 19-ний өдөр гомдол гаргасан. Сангийн яамны Хууль, эрх зүйн газраас 2024 оны 03-р сарын 04-ний өдөр 03/1266 дугаар албан бичгээр манай компанийн гомдлыг үндэслэлтэй гэж үзээд Д аймгийн Нэгдсэн эмнэлгийн тендерийн комисст тендерийн дахин үнэлгээ хийхийг үүрэг болгосон.
Д аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2024 оны 03-р сарын 18-ны өдөр 173 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг манай компанид ирүүлсэн.
Манай компаниас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын 6 хоног хүлээгээд, 2024 оны 03-р сарын 26-ны өдөр тендерийн баримт бичигт заагдсан 9... утасны дугаар луу залгаж тендерийн шалгаруулалттай холбоотой санал гомдол гарсан талаар лавлаад, “гомдол гарсан мэдээлэл алга байна” гэсэн мэдээлэлд үндэслэж манай 2024 оны 03-р сарын 21-ний өдрийн “Гүйцэтгэлийн баталгааны талаар тодруулга авах тухай” албан тоотод хариу ирээгүй тул 2024 оны 03-р сарын 26-ны өдөр тендерийн гүйцэтгэлийн баталгааг гэрээний үнийн дүнгийн 5%-ийг байршуулаад, энэ тухайгаа Захиалагчид албан ёсоор мэдэгдсэн.
Мөн тухайн өдрөө Компьютерт томографын аппарат нийлүүлэх гэрээний нооргийг манай компанийн талаас бөглөх бүх мэдээллийг бөглөөд Захиалагчид илгээсэн ([email protected] и-мэйл хаяг руу) ба эх хувийг манай компанийн зүгээс баталгаажуулж Монгол шуудангаар илгээсэн.
Мөн тус тендерийн гүйцэтгэлийг хугацаанд нь, түргэн шуурхай гүйцэтгэхийн тулд манай компанийн зүгээс PHILIPS компани руу Incisive 128 загварын Компьютерт томографын аппаратын үйлдвэрлэлийг эхлүүлэх зорилгоор урьдчилгаа төлбөрийг төлөөд аппаратын үйлдвэрлэлийг эхлүүлсэн байгаа.
Гэвч гомдол гаргах хугацаа дууссанаас хойш долоо хоногийн дараа буюу 2024 оны 04-р сарын 01-ний өдрийн 17 цаг 47 минутад Д аймгийн эмнэлгийн зүгээс Г (Д нэгдсэн эмнэлгийн тендерийн хорооны нарийн бичиг) [email protected] и-мэйл хаягаас тус тендерт “СЕ” ХХК нь тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг 2024 оны 03-р сарын 25-нд гаргасан бөгөөд тухайн мэдээллийг Сангийн яамнаас 2024 оны 03-р сарын 27-ны огноотой 03/1989 тоот албан бичгээр 2024 оны 04-р сарын 01-ний өдөр ирүүлээд байна гэсэн и-мэйл ирсэн. Гомдол гарсан өдрөөс хойш бүтэн нэг долоо хоногийн дараа манайд гомдол гарсан тухай мэдээлэл өгч бидний эрх ашиг хөндөгдөж, бид санхүүгийн эрсдэлд орох нөхцөл байдал үүссэн билээ.
Тус тендерт гаргасан гомдолтой холбоотойгоор манай компанийн зүгээс Сангийн яаманд “СЕ” ХХК-ийн тендер шалгаруулалттай холбоотой 2024 оны 03-р сарын 25-нд гомдлыг гаргасан нь гомдол гаргах хугацаа дууссаны дараа өгсөн байгаа талаар хүсэлтийг 2024 оны 04-р сарын 02-ны өдрийн 24/100 тоот албан бичгээр хүргүүлсэн.
Ийнхүү гомдлыг шийдвэрлэж "СЕ” ХХК-ийн гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн болохыг 2024 оны 04-р сарын 11-ний өдөр Төрийн худалдан авах ажиллагааны газрын сайт дээр Д аймгийн нэгдсэн эмнэлгийн ...урилгын дугаартай “Д аймгийн нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах ажил” тендерийн төлөвөөс мэдсэн.
Сангийн яаманд гаргасан хүсэлтийн тус яамны 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 03/2583 дугаар албан бичгээр “СЕ” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 208/24 тоот албан бичгээр гомдол гаргасныг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2353 дугаар албан бичгээр шийдвэрлэсэн талаар хариу ирүүлсэн.
Манай компаниас өнөөдрийг хүртэл Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2353 дугаар шийдвэртэй танилцаагүй байгаа бөгөөд захиалагч болон Сангийн яаманд удаа дараа хүсэлт гаргасан боловч захиалагчаас Сангийн яамны шийдвэрийг бидэнд мэдэгдэхгүй өнөөдрийг хүрсэн атлаа 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 286 дугаар албан бичгээр тендерийг цуцалж, дахин зарлах болсон талаар мэдэгдсэн.
Ингээд бид Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2353 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд Д аймгийн Нэгдсэн эмнэлгээс тус тендер шалгаруулалтыг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дахин зарласан тул ийнхүү тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Манай компаниас Д аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2024 оны 03-р сарын 18-ны өдөр 173 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг манай компанид ирүүлсний дагуу 2024 оны 03-р сарын 26-ны өдөр тендерийн гүйцэтгэлийн баталгааг гэрээний үнийн дүнгийн 5%-ийг байршуулаад, энэ тухайгаа Захиалагчид албан ёсоор мэдэгдсэн.
Мөн тухайн өдрөө Компьютерт томографын аппарат нийлүүлэх гэрээний нооргийг Манай компанийн талаас бөглөх бүх мэдээллийг бөглөөд Захиалагчид илгээсэн ([email protected] и-мэйл хаяг руу) ба эх хувийг манай компанийн зүгээс баталгаажуулж Монгол шуудангаар илгээсэн.
Мөн тус тендерийн гүйцэтгэлийг хугацаанд нь, түргэн шуурхай гүйцэтгэхийн тулд манай компанийн зүгээс PHILIPS компани руу Incisive 128 загварын Компьютерт томографын аппаратын үйлдвэрлэлийг эхлүүлэх зорилгоор урьдчилгаа төлбөрийг төлөөд аппаратын үйлдвэрлэлийг эхлүүлсэн байгаа.
Гэтэл ийнхүү үндэслэлгүйгээр тендерийг цуцалсан нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа болсон. Тус тендер шалгаруулалтад оролцсон “СЕ” ХХК нь манай компанийг шалгаруулсан захиалагчийн шийдвэрт гомдол гаргах хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан байхад Сангийн яамнаас гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг зөрчсөн.
Тендер шалгаруулалтад оролцсон “СЕ” ХХК нь Д аймгийн нэгдсэн эмнэлгийн 1,750,000.000 төгрөгийн төсөвтэй, Дэлхийн банкны G14 төслийн санхүүжилтээр Эрүүл Мэндийн Яамнаас зарлаад нээлтээ хийгээд, мөн л “СЕ” ХХК-г шалгаруулсан боловч манай компанийн гаргасан гомдлын дагуу гэрээ байгуулах нь түр түдгэлзсэн байгаа 6,400,000,000 төгрөгийн төсөвтэй тендерүүдийг авах зорилгоор зарим төрийн байгууллагын ажилтан, албан хаагч нарт нөлөөлж, эрх ашиг нэгдмэл бүлэглэл хэлбэрээр хууль бус үйл ажиллагаагаа хоорондоо уялдуулан зохион байгуулж байна.
Тендер шалгаруулалтад оролцсон “СЕ” ХХК-ийн эцсийн өмчлөгч Д.Энхтуяа нь үргэлжилсэн олон удаагийн үйлдлээр авлига өгч өөрийн компанид давуу байдал үүсгэж байсны талаар мэдээллэж, мөн дээрхи тендерүүдэд “СЕ” ХХК нь техникийн үзүүлэлтийн хувьд тохирохгүй тоног төхөөрөмжүүд санал болгосон байтал үүнийг Сангийн яамнаас нягтлан шалгахгүйгээр “СЕ” ХХК-ийн гомдлыг үндэслэлтэй гэж үзсэн нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан явдал болоод байна.
Захиалагч болох Д аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 286 дугаар албан бичгээр “... тендер шалгаруулалтад оролцогчоос гаргасан гомдлыг Сангийн яам хянан үзээд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.3 дахь заалтыг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэсэн тул уг тендерийг цуцлан, дахин зарлах болсныг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10-т зааснаар Сангийн яам нь дараах 3 төрлийн шийдвэр гаргана. Үүнд:
59.1.1. тендер шалгаруулалт, эсхүл захиалагчийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөлт оруулах;
59.1.2. тендер шалгаруулалт, эсхүл захиалагчийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөлт оруулах;
59.1.3. тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах.
Үүнээс үзвэл Д аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 286 дугаар албан бичигт дурдсан хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.3 дахь заалт нь захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгодог зохицуулалт биш юм.
Гэтэл захиалагчаас хууль зүйн үндэслэлгүйгээр тендерийг цуцалж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг илтэд зөрчсөн үйл ажиллагаа болжээ.
Сангийн яамнаас “СЕ” ХХК-ийн гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд захиалагчаас Сангийн яамны хууль бус шийдвэрт үндэслэн тендерийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуульд тендерийг цуцлах талаар зохицуулалт ч байхгүй юм.
Түүнчлэн дээрх тендер сонгон шалгаруулалтын ажиллагаа нь маргаантай буюу эхний тендер шалгаруулалттай холбоотойгоор шүүхэд хэрэг үүсч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад хариуцагчаас тендерийг дахин зарласан нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зориудаар хохироох, улмаар сэргэх боломжгүйд хүргэхээр байна.
Иймд Д аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 286 дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, Д аймгийн нэгдсэн эмнэлгээс “Компьютерт томографийн аппарат” худалдан авах тендер сонгон шалгаруулалтын ажиллагааг 2024 оны 04 сарын 23-ны өдөр дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
Тендерийг 04 дүгээр сарын 23-ны өдөр дахиж зарлаж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцээгүй. Хэдийгээр маргаж байгаа ч гэсэн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2353 албан бичгээр захиалагчийг тендерээ дахиж үнэл гэдэг албан бичиг хүргүүлсэн болохоос ямар нэгэн байдлаар тендерээ дахин зарла ч гэдэг юм уу, эсвэл энэ тендерийг бүхэлд нь хүчингүй болго гэж албан бичигтээ дурдаагүй байдаг. Гэтэл ямар үндэслэлээр тендерийг хүчингүй болгоод дахин зарласан нь тодорхойгүй. Хэрэгт тендерийн хүчинтэй хугацаа дуусчихсан гэдэг зүйлийг тайлбарлаад байгаа боловч ингээд тендерийн хүчинтэй хугацаа нь дуусаад дахиад зарлачихсан гэдэг ийм баримт байхгүй. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд яг ийм үндэслэлээр тендерийг хүчингүй болгоод дахиж зарлана гэдэг хуулийн зохицуулалт ч байхгүй. Мөн нэгэнт энэ тендер шалгаруулалттай холбоотойгоор маргаж байгаа тохиолдолд дахиж тендер зарлах гэхээсээ илүүтэйгээр дахиж үнэлээд явсан бол Сангийн яамны албан бичигт нийцээд явах байсан. Тийм учраас энэ тендерийг дахин зарлаад байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцэхгүй байна.
Д аймгийн нэгдсэн эмнэлгээс 04 дүгээр сарын 17-ны өдөр 286 дугаартай албан бичгийг ирүүлсэн байдаг. Үүндээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10 дахь хэсгийн 59.10.3-т заасныг үндэслэсэн байдаг. Гэхдээ 59.10.3 нь юу гэсэн заалт вэ гэхээр тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг нь заана л гэж байгаа. Тэрнээс ямар нэгэн байдлаар тендерийг хүчингүй болгодог зохицуулалт биш. Гэтэл үүнийг хэрэглээд тендерийг хүчингүй болголоо, дахин зарлана гэж байгаа нь хууль бус. Ингээд дахин зарлачихсан нь энэ тендер сонгон шалгаруулалтын ажиллагаа маргаантай нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөх нөхцөл байдлыг бий болгосон. Яагаад эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөд байна гэж тайлбарлаад байна вэ гэхээр нэгэнт энэ компани өмнө зарлагдсан байсан тендер шалгаруулалтад нь оролцоод гэрээ байгуулах эрх олгогдоод явчихсан. Мөн хуулийн дагуу ажлын 6 хоногийг нь хүлээж байгаад үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлэхээр төлбөр мөнгийг нь шилжүүлсэн нөхцөл байдал байгаа. Түүнээс ямар нэгэн байдлаар шууд гэрээ байгуулах эрх олгогдонгуут шууд захиалчихсан ч гэдэг юм уу ийм нөхцөл байдал байхгүй. Тэгэхээр ийм нөхцөл байдлууд байгаа учраас нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөд байна гэж үзэж хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Өнөөдрийн шүүхийн маргаан дээр гуравдагч этгээд ч тэр, манай талаас ч тэр өөрийн компанийг ялуулчихъя, энэ асуудлыг нь нааштай шийдүүлчих гэж хичээх нь мэдээж. Гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс үндэслэлтэй, үндэслэлгүй гомдол гаргаад тендерийн үйл ажиллагааг сунжруулаад байна гэж байна. Анх гомдол гаргасан байгууллага чинь гуравдагч этгээд шүү дээ. Түүнээс болж тендер тодорхой хугацаагаар сунжирсан байх.
Шүүх хуралдааны явцад захиалагч өөрийн зүгээс маш олон алдаа хийдэг, хайнга ханддаг гэдэг нь харагдаж байна. Энэ бүх асуудал анхны шалгаруулалт дээр “СЕ” ХХК-ийг хууль бусаар буруу шалгаруулснаас л болсон. Манай компанийн зүгээс холбогдох бүх бичиг баримтуудаа өгчхөөд байхад огнооны алдаа дээрээс эдгээр бичиг баримтуудыг өгөөгүй гээд байгаа. Тэгсэн мөртөө хариуцагчийн төлөөлөгчөөс өөрийн алдаагаа техникийн алдаа, ноцтой зүйл биш гээд байдаг. Мөн манай инженерүүдийн ирүүлсэн сертификатуудыг ирүүлээгүй гэж дүгнээд шалгаруулаагүй. Энийг нь Сангийн яам буруу байна, дахиад дүгнэ гэсэн.
Захиалагч аппаратаа хурдан тавиулчихъя, ард иргэддээ үйлчилчихье гэсэн санаа ер байхгүй. Ерөөсөө “СЕ” ХХК л шалгарахгүй бол энэ тендер хэдэн ч удаа ухраад явж байсан яадаг юм гэж хэлээд байна. Хууль дүрэм, журмаа зөрчөөд хэн нэгэнд хууль бус давуу байдал бий болгох гэж байгаагаас болоод л энэ бүх сунжирсан асуудал үүсэж байгаа. Тэгээд өөрсдийн энэ бурууг хаацайлах зорилгоор нийтийн эрх ашгийг хамгаалах ёстой гээд байдаг. Миний бодлоор шүүх 80,000 хүний эрх ашгаас илүү Монгол Улсын хэмжээнд байгаа 3,500,000 хүн амын эрхийг хараасай. Ийм хууль бус зөвхөн нэг газарт давуу байдал олгоод ямар ч хамаагүй үнээр тендерт шалгаруулах гээд улайраад байгаа арга зүйд цэг тавьж таслан зогсоогоосой л гэж хүсэж байна гэв.
2.2. Хариуцагч Д аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д аймгийн Нэгдсэн эмнэлэг (дарга)-т холбогдуулан ...дугаартай “Д аймгийн нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах ажил” төсөл, арга хэмжээний тендерийн оролцогч “С” ХХК-иас гаргасан тус тендерийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зарласан Захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул энэхүү тайлбарыг хүргүүлж байна.
Үүнд: 1. Д аймгийн нэгдсэн эмнэлэг нь ойрын 10 жилийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн, өндөр нарийвчлалтай компьютер томографын аппарат тоног төхөөрөмжийг аймаг орон нутагтаа нийлүүлэхийг шийдвэрлэн оношилгоо эмчилгээд нэвтрүүлэх хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн зах зээлийн судалгааг үндэслэн, орон нутгаас төсөв санхүүжилт олгогдохоор тусгагдсаны дагуу тус худалдан авах ажиллагааг аймаг орон нутгийн иргэдийн нийтийн эрх ашиг сонирхлыг хангах хүрээнд Захиалагчаас холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж байна.
Тус эмнэлгээс 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тендер зарласан шийдвэр нь орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг хангахад чиглэсэн бөгөөд энэхүү төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад шаардлага хангасан хэн ч оролцох боломжтой байхаар нийтэд нээлттэй зарлагдсан.
Нэхэмжлэгч “С” ХХК-ийн хувьд дээрх тендерт оролцож байгаа ба тус компанийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт тендерийн шаардлага таалагдахгүй гэх удаа дараа гаргасан гомдлын улмаас “С” ХХК компанийн гомдлуудыг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд одоогоор ШӨХТГ-аас тендер сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг түр түдгэлзүүлсэн, Нэгдсэн эмнэлэг нь тусламж үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжөө одоог хүртэл худалдан авч чадаагүй, үүний үр дүнд иргэд аймаг орон нутагтаа компьютер томографын оношилгоо хийлгэх боломжгүй, сөрөг нөлөөлөл үүссэн байна.
2. Гэтэл тус тендерт оролцогч “С” ХХК нь нийтийн эрх ашиг сонирхлыг үл тоож, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зарласан компьютер томографын аппарат худалдан авах тендертэй холбоотойгоор өөрийн эрх ашиг зөрчигдөж болзошгүй гэж үзэж дээрх тендер зарласан шийдвэрийг хүчингүй болгохоор маргаж байгаа нь өөрөө үндэслэлгүй.
Д аймгийн нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах тендер өмнө нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд хуучин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуулиар зарлагдаж, Үнэлгээний хорооноос "С" ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзээд “Компьютер томографын аппаратын засвар үйлчилгээ хийх сургалтад хамрагдаж, систем рүү нэвтрэх эрх авсан инженертэй байх гэж заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй, гэрээний үнэ болон заасан хугацаанд багтаан чанарын шаардлага хангасан барааг захиалагчид нийлүүлэх тухай албан бичиг тендер зарлахаас өмнө он сартай байх тул шаардлага хангахгүй” талаар зөвлөмж ирүүлснийг үндэслэн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтад “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэж заасны дагуу 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 96 тоот шийдвэрээр шалгараагүй талаар мэдэгдлийг тус оролцогчид хүргүүлсэн.
“С” ХХК нь тус эмнэлгийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 96 тоот шийдвэртэй холбоотойгоор Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргаж, Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 03/1266 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгээр Захиалагчийн 96, 99 тоот шийдвэрийг хүчингүй болгосон тул тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн зохион байгуулахыг Д аймгийн нэгдсэн эмнэлэгт мэдэгдсэн байна.
3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалтад ”Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”, хуулийн 29.4 дэх заалтад “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 15 хоногоор сунгаж болно", 29.5 дахь заалтад "Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 29.4-т заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хянаж, захиалагчийн ирүүлсэн баримт бичиг, мэдээлэл болон бусад тодруулгад үндэслэн шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
Д аймгийн нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах тендерийг дахин хянан үзэж, үнэлэн Захиалагчийн шийдвэр гаргах хуулийн хугацаа дууссан бөгөөд сунгагдаагүй тул Д аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 286 тоот албан бичгээр Монгол Улсын Сангийн яамнаас 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2353 тоот шийдвэрээр Захиалагчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэрүүдийг хүчингүй болгосныг, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.3 дахь хэсэгт заасны дагуу тендер дахин зарлахыг тус тус тендерийн бүх оролцогч нарт мэдэгдсэн.
Ийнхүү тендерийг дахин зарласан нь нэг талдаа Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2353 тоот шийдвэрт заасан “С” ХХК-аас 2024 оны 03 дугаар сарын 13-нд тендерт хавсаргаж ирүүлээгүй нотлох баримтыг тодруулж авч үнэлгээ хийсэн нь хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт нийцэхгүй, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэсний дагуу чанар ба үнэлгээний харьцуулалтаар үнэлээгүй" нөхцөл байдлууд арилах, цаашлаад "С” ХХК-аас 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тендерт тодруулгаар өгсөн баримтаа тендерт ирүүлэх боломжтой болсон, хуучин хуулийн 28.7.5 дахь заалт дахин зарласан тендерт хамаарахгүй болсон зэргээр "С" ХХК-д эерэг нөлөөлөл үүсгэж байна.
Нөгөө талаар Д аймгийн Нэгдсэн эмнэлгээс ...дугаартай “Д аймгийн нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах ажил” төсөл, арга хэмжээний тендерийг 2024 онд дахин зарласантай холбоотойгоор тендерийн баримт бичгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон Монгол Улсын Сангийн яамнаас 2023 онд шинэчлэн баталсан жишиг баримт бичигт тус тус нийцүүлэн баталж, төрийн худалдан авах ажиллагааг хуульд нийцүүлэх нь тус тендерт оролцогч "С” ХХК-ийн эрхийг хязгаарлах, хөндөх, зөрчих нөхцөл байдал үүсгэхгүй.
Түүнчлэн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тендер зарласан Захиалагчийн шийдвэр нь "С” ХХК-д чиглээгүй, тус оролцогчид эрх зүйн шууд үр дагавар үүсгэхгүй бөгөөд шалгуур үзүүлэлтийг хангаж буй сонирхогч этгээд хэн бүхэнд нээлттэй, аймгийн нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээнд орон нутгийн иргэдэд нэн шаардлагатай өндөр өртөгтэй оношилгооны тоног төхөөрөмж нэвтрүүлэх нийтийн эрх ашиг сонирхолд эерэг нөлөөлөл үүсгэх шийдвэр юм.
Иймд 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тендер дахин зарласан Захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах "С" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2353 дугаар албан бичгээр өгсөн чиглэл нь үнэл л гэсэн байсан гэж байна. Тэрэнтэй санал нийлж байгаа. Ерөөсөө үнэл гээгүй байна гэж маргалдаагүй. Үнэлгээгээ ахиад хийчихсэн бол хуульд нийцэх байсан гээд байна. Үнэлгээ хийх хугацаа байхгүй болчихсон. Компаниудын гаргаж байгаа үндэслэлтэй, үндэслэлгүй гомдлуудаас болоод тухайн тендер хойшлогдоод, түдгэлзээд яваад байсан. Бид нар ахиад үнэлэх гэсэн боловч хугацаа дуусчихсан гэдэг үндэслэлээр л тухайн тендерийг цуцалж байгаа.
2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зарласан тендерийг 2023 онд баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарласан. “С” ХХК дахин зарласан энэхүү тендерт оролцсон үйлдэл нь тухайн захиалагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрчихсөн байна гэж үзэж байгаа. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ манайх урьдчилгаа төлбөр төлсөн, тоног төхөөрөмжийн үйлдвэрийг эхлүүлсэн гэдэг. Энийг дураараа өөрсдийн сайн дурын үүднээс л хийсэн үйлдлүүд. Албан ёсоор гэрээгээ байгуулаад хоёр тал гарын үсгээ зураагүй. Захиалагч захиалгаа өгөөч, үйлдвэрлэлээ эхлүүлээч гэдэг хүсэл зориг илэрхийлээгүй. Ийм байхад нэхэмжлэгчийн зүгээс энэ үйлдлийг хийсэн гэж үзэж байна. Нөгөө талаараа түрүү дурдсанчлан нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөнийг үйлдвэрлэгч болон ямар нэгэн эрх бүхий байгууллага, албан тушаалтан нотолсон нотолгоо байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй байна гэж үзэж байгаа гэв.
2.3. Гуравдагч этгээдийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус шүүхэд хянан хэлэлцэж байгаа “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргад холбогдох захиргааны хэрэгт СЕ ХХК нь гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд С ХХК-иас гаргасан нэхэмжлэл нь бүхэлдээ үндэслэлгүй тул эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. С ХХК-ийн тус тендертэй холбоотойгоор Захиалагч болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Сангийн яаманд хүсэлт, гомдол болон шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тендер шалгаруулалтын баримт бичгийг өөртөө тааруулахыг Захиалагчид тулгах, тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө тендерт ирүүлээгүй баримтаа нэмж бүрдүүлэх хугацааг өөртөө гаргах, зөрчилтэй болон зөрүүтэй мэдээлэлтэй баримтаа засах, үйлдвэрлэгчээс тендерийн баримт бичгийн шаардлагад нийцүүлж тодруулсан агуулгатай тодорхойлолт нөхөн авч, нэмж тодруулгаар өгөх, эсхүл тендерийг дахин зарлахад хүргэж дутуу баримтаа бүрдүүлж дахин тендерт өгөх зэргээр хууль бусаар өөртөө давуу байдлыг бий болгоход чиглэсэн үйлдлүүд байна.
Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 24 дүгээр зүйлд заасан төрийн худалдан авах ажиллагаа өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй хариуцлагатай, шуурхай байх зарчмыг алдагдуулж, Захиалагчийн худалдан авах ажиллагааг жил дамнан саатуулж, Д аймгийн Нэгдсэн эмнэлэг, иргэд, нийтийн эрх ашгийг хохироож байгаа төдийгүй тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө хуульд заасны дагуу тендерээ ирүүлсэн бусад оролцогчийн тэгш шударгаар өрсөлдөх, оролцох, шалгарах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
2. С ХХК нь "Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2353 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд Д аймгийн Нэгдсэн эмнэлгээс тус тендер шалгаруулалтыг 2024 оны 04 дугаар сарын 23-ны өдөр дахин зарласан тул нэхэмжлэл гаргаж байна” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Д аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зарлагдаж, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нээгдсэн ...дугаартай "Д аймгийн Нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах" цахим тендертэй холбон тодорхойлсон тул уг тендер сонгон шалгаруулалт, захиалагч болон гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийн талаар үнэн зөвөөр, бодитоор тайлбар хүргүүлэх нь зүйтэй байна. Үүнд:
(1) Тус цахим тендерт СЕ ХХК, С ХХК зэрэг нийт 6 компани оролцсоноос Захиалагчийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 99 тоот шийдвэрээр СЕ ХХК-ийн тендерийг "хамгийн сайн үнэлэгдсэн" тендер гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгосон ба харин мөн өдрийн 96 тоот Захиалагчийн шийдвэрээр оролцогч С ХХК-д "ирүүлсэн тендер нь ерөнхий шаардлага хангаагүй, техникийн тодорхойлолт зөрчсөн" үндэслэлээр шалгараагүй мэдэгдлийг өгсөн болохыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурджээ.
Үүний дараа С ХХК-ийн гомдлоор Захиалагч Д аймгийн Нэгдсэн эмнэлгээс тус тендерийн хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин зохион байгуулж, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр С ХХК-ийн тендерийг "хамгийн сайн үнэлэгдсэн” тендерээр шалгаруулсан ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу цахим системд оролцогч нарт ил болгосон С ХХК-ийн тендертэй танилцахад 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр буюу тендер нээснээс хойш, тендерийн хянан үзэх үнэлэх шатанд Үйлдвэрлэгчээс ирсэн гэх "нэр бүхий сургалт нь 128 зүсэлттэй компьютер томографын аппаратад засвар, үйлчилгээ үзүүлэх боломжтой” гэж тендерийн шаардлагад нийцүүлж тодруулсан агуулгатай тодорхойлолтыг, мөн дахин хянан үзэж, үнэлэх явцад 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тодруулгаар тендертээ өмнө ирүүлээгүй баримтаа нэмж өгч, үүнийг Тендерийн үнэлгээний хорооны тэмдэглэлд баримт ирүүлсэн тул шаардлага хангасан гэж үзэж Захиалагч шийдвэрийн үндэслэлээ болгосон байсан.
Өөрөөр хэлбэл, С ХХК-ийн тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө ирүүлсэн тендер нь тендер шалгаруулалтын шаардлагад нийцээгүй. Харин гомдол гаргах хугацаандаа тендерийн шаардлагад нийцүүлж тодруулсан тодорхойлолт, баримтыг нэмж бүрдүүлэн өгч, шударга бусаар тендерт оролцож, өрсөлдөж, шалгарсан.
(ІІ) Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ манай компани уг тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3.энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно; 28.7.4.хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж тус тус заасны дагуу хамгийн бага үнийн дүнгээр оролцсон" гэсэн байх ба Захиалагч мөн үндэслэлээр тус компанийг шалгаруулсан байна.
Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж нь хүний эрүүл мэндийн холбогдолтой онцгой бүтээгдэхүүн болохын хувьд үнэлгээнд зөвхөн үнээр бус 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн онцлог, нарийвчилсан зохицуулалт буюу хуулийн 28.7.5 дахь заалтаар "эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг "хамгийн сайн" үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заасны дагуу үнэлэх ёстой.
(ІІІ) С ХХК-иас 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тендерт ирүүлсэн, мөн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 24-072 тоот тодруулгаар нэмэлтээр Захиалагчид өгсөн үйлдвэрлэгчийн сургалтын гэрчилгээнүүд нь (і) гэрчилгээ олгосон огноо нь тухайн улс орны хуулиар тогтоосон амралтын өдөр /өөрөөр хэлбэл, европын улс орнуудын хувьд сургалтаа жилээр урьдчилан төлөвлөдөг, хэн заах, хаана болох хэдэн хүн хамруулах, сул суудал байгаа эсэх зэрэг нь тодорхой харагддаг бөгөөд хэзээ ч 12 сарын 25-ны өдөр буюу merry christmas зэрэг улс үндэсний баярын өдөр ажил төлөвлөдөггүй, тэдний хувьд энэ бол байх ёсгүй, байх боломжгүй Монгол Улсын хувьд цагаар сарын шинийн нэгэнд сургалт хийхээр төлөвлөсөнтэй ижил нийтэд илэрхий тогтсон зан заншил бүхий зүйл/, (іі) Үйлдвэрлэгчийн логогүй /өөрөөр хэлбэл сертификат гэдэг нь тэдний хувьд үнэ цэнтэй компанийн брэндийн нэг хэсэг, тогтсон Формат загвартай программаар бүртгэсэн суралцагчийн мэдээллийг оруулдаг, түүнээс гэрчилгээний формат гар ажиллагаагаар нэг логотой, нэг логогүй хийдэг зүйл биш/ (ііі) Сургалтын 2 бүлэг сэдэв нэг өдрийн огноотой /өөрөөр хэлбэл хийх ажил, дараалал нь тогтсон дэлхийн томоохон үйлдвэрлэгч нарын хувьд ажилтан нь илүү цагаар сунгаж ажиллах, ажлаа шахах ойлголт байхгүй, улсын бүртгэл ажлын цагаар л иргэд хүлээн авдагтай адил, нэг сэдэвт нэг л өдөр зориулна, түүнээс нэг өдөр хэдэн ч сэдвүүдийг бөөндөх зохион байгуулалтгүй ажил хэргийн соёл, ойлголт байхгүй/, мөн (iv) Үйлдвэрлэгчийн сургалтын гэрчилгээнд тавигдах үндсэн бүрдэл болох сургалтын нэр, сургалтын агуулга, гарын үсэг зурсан эрх бүхий этгээдүүдийн гарын үсэг зэргийн бичиглэл хэмжээс зөрүүтэй /өөрөөр хэлбэл, байнга давтагдах шинжтэй үйлддэг, бусдын өмнө тухайн компанийг илэрхийлэх баримт бичгийг өөр өөрөөр үйлдэхгүй, бүдүүлэг, болхи хийхгүй/ зэрэг хуурамч гэж үзэхүйц илэрхий алдаа, зөрчлүүд гэрчилгээ болон тодорхойлолтод байсан ба эдгээр хуурамчаар үйлдсэн байж болзошгүй нэмэлт тодруулгаар ирүүлсэн тус баримт бичиг нь тендерийн шалгаруулалтын эцсийн дүнд шууд нөлөөлсөн байсан. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.6.1 дэх заалтад заасны дагуу С ХХК-ийн тендерт оролцох эрхийг хязгаарлах үндэслэл болох юм.
(IV) С ХХК-ийг шалгаруулсан, мөн СЕ ХХК-г шалгараагүй талаар мэдэгдсэн Захиалагчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 173, 174 тоот шийдвэрүүдийг эс зөвшөөрч манай компани 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 208/24 дугаар албан бичгээр Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2353 тоот шийдвэрээр СЕ ХХК-ийн дээрх гомдлыг хянан үзээд "... 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зарлагдсан тендер шалгаруулалттай холбоотой захиалагч 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан явах тухай хуулийг дагаж Тус яам гомдол хянасан тухай 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 03/1266 тоот албан бичгээр С ХХК-ийн ирүүлсэн тендер тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан шаардлагад нийцэх эсэхийг нягтлан үзэх нь зүйтэй талаарх шийдвэрийг хүргүүлсэн бөгөөд тендерт оролцогчоос тодруулж үнэлгээ хийх талаар шийдвэр хүргүүлээгүй байхад ... нотлох баримт ирүүлэх албан бичиг хүргүүлж тендерт хавсаргаж ирүүлээгүй нотлох баримтыг тодруулж авч үнэлгээ хийсэн нь хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэг ... тус тус нийцэхгүй,... тендер шалгаруулалтын үнэлгээг ..... хуулийн 28 зүйлийн зүйлийн 28.7.5 дахь заалтад ..., мөн тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын шалгаруулалтын зааварчилгааны 31.3-т ... заасны дагуу чанар ба үнэлгээний харьцуулалтаар үнэлээгүй байна .... гэж дүгнэн Захиалагчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 173, 174 тоот шийдвэрийг хүчингүй болгон, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Захиалагчид мэдэгдсэн.
Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10-т "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг хянан үзэж, захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана:59.10.1. тендер шалгаруулалт, эсхүл захиалагчийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөлт оруулах:59.10.2.зөрчлийг арилган, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалгах:59.10.3.тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах" гэж заасанд нийцсэн.
(V) Дээрх гомдлыг шийдвэрлэх хүрээнд Сангийн яамны 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03/1989 тоот албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59,6-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд захиалагчийг үйлдэл хийхгүй байхыг даалгах, захиалагчийн шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэр гаргана" гэж заасны дагуу тус тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан явах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д "Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ”, 30.3-т "Захиалагч доор дурдсанаас бусад тохиолдолд шалгарсан оролцогчтой гэрээ байгуулна: 30.3.1.энэ хуулийн 14.6.2-т заасан нөхцөл үүссэн: 30.3.2.энэ хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, эсхүл шүүхийн шийдвэрээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон, эсхүл тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцсон" гэж тус тус заасан.
Иймд Захиалагч Д аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 173, 174 дүгээр шийдвэр гарснаас хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа буюу 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс хойш хуулийн 30.3-т заасан нөхцөл байдал үүсээгүй бол шалгарсан оролцогч гэрээг баталгаажуулан Захиалагчид хүргүүлэхээр /хүргүүлнэ гэдэг нь байгуулсан гэсэн үг биш бөгөөд Захиалагч гэрээг баталгаажуулахын тулд хуулиар тогтоосон урьдчилсан нөхцөл хангасан байх шаардлагатай/ байх ба гомдол шийдвэрлэх байгууллага буюу Сангийн яамнаас 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлж, улмаар 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэрээр гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон байх тул хуулийн 30.3.2-т заасан нөхцөл байдал үүссэн буюу гэрээг байгуулах хууль заасан урьдчилсан нөхцөл бүрдээгүй.
Гэтэл С ХХК нь гэрээг баталгаажуулан Захиалагчид хүргүүлэх хуульд заасан хугацаанаас 1 хоногийн өмнө буюу 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэрээг баталгаажуулан хүргүүлсэн төдийгүй гэрээ байгуулж болохгүй хуулийн 30.3-т заасан нөхцөл байдал үүссэнийг Захиалагч болон Гомдол шийдвэрлэх байгууллагаас мэдэгдэж, гэрээг Захиалагчаас баталгаажуулаагүй, Захиалагч гэрээ баталгаажуулах хуулийн 30.4-т заасан хугацаа ч болоогүй, гэрээ байгуулагдаагүйг мэдсээр байж /гэрээнд талуудын эрх бүхий төлөөлөгч нар гарын үсэг зурж бүрэн баталгаажуулснаар уг гэрээ хүчин төгөлдөр болох буюу талууд гэрээг биелүүлэх үүрэг, гэрээний шаардах эрх үүснэ/ тендерт санал болгосон бараагаа өөрөө сайн дураар урьдчилан захиалсан /шүүхэд ирүүлсэн төлбөр төлсөн гэх нэхэмжлэх нь Д аймгийн Нэгдсэн эмнэлгийн тендерт хамааралтай гэх үг, утга агуулга огт байхгүй/ нь Захиалагч болон Гомдол шийдвэрлэх байгууллагын шийдвэр, үйл ажиллагаатай хамааралгүй бөгөөд гэрээний үүрэг шаардах, түүнтэй холбоотой Захиалагч болон Гомдол шийдвэрлэх байгууллагад даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл, С ХХК гэрээ байгуулаагүй байхдаа 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тендерт санал болгосон бараагаа үйлдвэрлэгч рүү захиалсан нэхэмжлэгчийн өөрөө сайн дураар хийсэн үйлдэл, түүний үр дагавар буюу байгуулагдаагүй гэрээний үүргийг Захиалагчаас шаардах эрхгүй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59.1-т заасны дагуу гомдол гаргасан бусад тендерт оролцогч, мөн хуулийн 59.6-т заасны дагуу тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн, 59.10-т заасны дагуу Захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгосон Гомдол шийдвэрлэх байгууллагын шийдвэр үйл ажиллагаанд тэдгээрийг хамаатуулах үндэсгүй.
(VI) Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор ... хүлээн авна" гэж заасан ба СЕ ХХК нь Захиалагчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэрийг эс зөвшөөрч, гомдлоо 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сангийн яаманд хүргүүлсэн нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т “Хугацааг тоолохдоо ... уул хугацаа улиран өнгөрсөн буюу уйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно” гэж заасны дагуу тус хуульд заасан ажлын 5 хоногийн дотор тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан “гомдол гаргах хугацаа дууссаны дараа өгсөн” гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Харин ч эсрэгээрээ С ХХК нь өөрөө шалгарсан атлаа, худалдан авах ажиллагааны гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийн зохицуулалтын талаар мэдлэг дутмаг уу, эсхүл зөвхөн өөрөө гомдол гаргах эрхтэй, бусад оролцогч гомдол гаргах эрхгүй мэт явцуу ойлголтоор үндэслэлгүйгээр хардаж, сэрдэн, шалгараагүй СЕ ХХК-ийг хуульд зааснаар гомдол гаргасны төлөө захиалагч, төрийн албан хаагч зэрэг этгээдтэй нэгдмэл бүлэг гэх зэргээр холбон гүтгэж, худал үгийг мянга давтан тухайн тендерт огт хамааралгүй СЕ ХХК-ийн оролцож буй бусад төсөл сонгон шалгаруулалт бүрийг гацаах оролдлогыг гаргаж, СЕ ХХК-ийн нэрийг харлуулах гүжирдлэг тасралтгүй явуулж байгаагаа нэхэмжлэлдээ тоочин бичсэн байх ба үүгээр С ХХК нь өөрийнхөө худалдан авах ажиллагаанд хууль журмын дагуу оролцдоггүй, тэгш шударгаар өрсөлдөх чадваргүйгээ харуулж байна.
Иймд нэхэмжлэгчийн “... СЕ ХХК-ийн худал, үндэслэлгүй, гүтгэлгийн чанартай гомдлыг үндэслэж тендерт шалгарсны дагуу гэрээ байгуулах эрхийг ямар ч үндэслэлгүйгээр үгүй хийж байна, тус тендерт гүйцэтгэлийн баталгаа гаргуулсан, үйлдвэрлэгч рүү бараа захиалж эрх ашиг зөрчигдсөн гэх тайлбар үндэсгүй бөгөөд С ХХК-ийн Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2353 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл нь бүхэлдээ үндэслэлгүй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан "захиргааны актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагад тавигдах урьдчилсан нөхцөлд нэхэмжлэгчийн хүчингүй болгохоор маргаж буй захиргааны актын эрх зүйн үйлчлэл дуусаагүй /тухайн акт өөр бусад байдлаар хэрэгжиж дуусаагүй, эрх зүйн үр дагавартай байх/, хүчин төгөлдөр үйлчилж байх шаардлагатай бөгөөд хандсан этгээдийн хувьд эрх зүйн үр дагавар /эерэг болон сөрөг үүсгэх буюу нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөлөөлөлтэй, шүүх түүнийг хүчингүй болгосноор зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрхийг сэргээх, хамгаалах боломжтой байхыг шаарддаг.
Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 04 дугаар сарын 08-ны өдрийн 03/2353 дугаар шийдвэрээр тус тендерийн хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин зохион байгуулахыг Захиалагчид мэдэгдсэн бөгөөд Захиалагчаас 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тус тендерийг цуцалж, дахин зарлахыг цахим санд мэдээлж, Захиалагчаас 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дахин зарлагдсан тендерт нэхэмжлэгч С ХХК оролцож байна.
Сангийн яамны 2024 оны 04 дугаар сарын 08-ны өдрийн 03/2353 дугаар шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, уг шийдвэрийн дагуу Захиалагч нь тендерийг дахин хянан үзэж, үнэлэсэн тохиолдолд С ХХК-ийг заавал шалгаруулах үүрэг хүлээхгүй, эсэргээрээ 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн тодруулгаар ирүүлсэн баримтыг хянан үзэж, үнэлэх ёсгүй тул ирүүлсэн тендер нь шаардлагад нийцэхгүй, шалгарах үндэсгүй юм.
Хариуцагч Д аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 426 дугаар хариу тайлбартаа тендерийг цуцалж, дахин зарласан үндэслэлээ "тендерийг хянан үзэж, үнэлэн Захиалагчийн шийдвэр гаргах хуулийн хугацаа дууссан бөгөөд сунгагдаагүй" гэж байгаа ч ийнхүү тендерийг дахин зарласан нь эсрэгээрээ "С"ХХК-л тендерт ирүүлээгүй тодруулгаар өгсөн баримтаа дахин зарласан тендерт өгөх давуу байдлыг мөн үүсгэж байна.
Үүнээс үзвэл тухайн тендерийг дахин зарласан нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгч нь дахин зарласан тендерийг ямар ч хамаагүй аргаар зогсоохын тулд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт удаа дараа гомдол гарган, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь тендер шалгаруулалтын баримт бичгийг өөртөө тааруулахыг Захиалагчид тулгах. тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө тендерт ирүүлээгүй баримтаа нэмж бүрдүүлэх хугацааг өөртөө гаргах, зөрчилтэй болон зөрүүтэй мэдээлэлтэй баримтаа засах, үйлдвэрлэгчээс тендерийн баримт бичгийн шаардлагад нийцүүлж тодруулсан агуулгатай тодорхойлолт нөхөн авч. нэмж өгөх, эсхүл дутуу баримтаа бүрдүүлж өгөх зэргээр хууль бусаар өөртөө давуу байдлыг бий болгоход чиглэсэн үйлдэл гэж үзэхээр байх ба энэ нь эсрэгээрээ бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлсөн, тендерийн хянан үзэх. үнэлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон хууль, журам зөрчсөн үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл, төрийн худалдан авах ажиллагааны хууль тогтоомж, зарчим нь "хамгийн сайн"-ыг нь сонгон шалгаруулахад чиглэсэн бөгөөд нэхэмжлэгч С ХХК-ийн хүссэнээр Захиалагч өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах барааг биш С ХХК-ийн тендерт санал болгож чадах барааг, С ХХК-ийн чадавхид тааруулж шалгаруулалтаа тодорхойлох ёстой гэвэл эдгээр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зорилготой зөрчилдөх төдийгүй Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т "үр нөлөөтэй байх;", 4.2.5-т "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;" гэж заасан Захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцэхгүй.
Учир нь Монгол улсын хэмжээнд эмнэлгийн тоног төхөөрөмж импортлох, ханган нийлүүлэх, засвар үйлчилгээ үзүүлэх чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн үйл ажиллагааг тогтвортой эрхэлж байгаа 10 гаруй компаниуд байдаг бөгөөд тэдгээрийн нэг болох манай СЕ ХХК-ийн хувьд 30 гаруй инженертэй, үүний дийлэнх нь мэргэжлээрээ 10 гаруй жил тогтвортой ажилласан. 10 гаруй инженер нь дүрс оношлогооны тоног төхөөрөмжөөр дагнан үйлдвэрлэгчийн албан ёсны 130 гаруй сургалтанд хамрагдаж мэргэшсэн байдаг тул С ХХК-иас өмнөх тендерийн өөрчлөгдөөгүй тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагад маргаж байгаа нь нэхэмжлэгч гэрээг хэрэгжүүлэх чадавхитай эсэх, тусгай зөвшөөрөлд тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж байна.
Иймд, С ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж гаргасан хариу тайлбараа дэмжиж байгаа. Үндэслэл нь нэгдүгээрт 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тендер дахин зарласан үйлдэл нь нийтэд чиглэсэн, хэн ч оролцох боломжтой тендер байгаа. Үүнд нэхэмжлэгч компани өөрөө оролцоод явж байгаа. Хоёрдугаарт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10 дахь хэсгийн 59.10.3-т зааснаар үндэслэлгүйгээр тендерийг дахин зарласан гэдэг асуудал ярьж байна. Энэ нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 286 дугаар мэдэгдлийг тайлбарлаж байх шиг байна. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатын шүүх болон Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатын шүүх аль алинаас нь энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн байгаа. Тэгэхээр нэгэнт захирамж хүчин төгөлдөр болсон, хүлээж авахаас татгалзсан үйл баримтыг нэхэмжлэлийн үндэслэлээ болгож байгаа нь үндэслэлгүй байна. Гуравдугаарт эрх ашиг хөндөгдөж байна гэж үзээд байгаа үндэслэлээ тайлбарлахдаа бид нарт мэдэгдээгүй, бид нар ингээд хуульд нийцсэн, шаардлага хангасан бараа санал болгоод шалгарчихсан байсан юм аа гэдэг асуудлыг ярьдаг. Энэ нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 08 дугаар сарын 23-ны өдөр хянан шийдвэрлэсэн байдлаар хоёр үйл баримтын талаар хэлэлцэгдсэн байдаг. Нэгт захиалагч танай компанийг бараагаа захиал гэсэн юм уу гэхэд нэхэмжлэгч компаниас тийм зүйл байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Хоёрт Сангийн яам 25-ны өдөр гомдол гарсан даруй утсаар захиалагчид гомдол гарлаа, түдгэлзүүлээрэй, албан бичгээ бичгээр үйлдээд танайх руу ингээд мэдэгдэнэ гэдгээ тухайн өдөртөө мэдэгдсэн гэдгийг Сангийн яамны хуулийн хэлтсийн мэргэжилтэн нь өөрөө хэлсэн байдаг. Захиалагчаас мөн мэдэгдсэн гэдгийг дурдаж байна. Тэгэхээр надад ерөөсөө мэдэгдээгүй, асуусан чинь гомдол гаргаагүй гэж хэлсэн нь ямар нэгэн баримтаар нотлогдохгүй, зөвхөн нэхэмжлэгч л өөрөө ингэж гүрийгээд байгаа юм болов уу гэсэн итгэл үнэмшил төрөөд байна. Гуравт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.4-т зааснаар яах ёстой гэхээр гомдол гараагүй бол тендерийн мэдэгдлийг хүлээн авснаас хойш 6 хоногийн дараа гэрээг баталгаажуулна гэж заасан байдаг. Энэ 6 хоногийн дараа гэдэг хугацааг тоолохоор 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэхээр байгаа. Гэтэл 03 дугаар сарын 26-ний өдрөөс эхлээд яараад ч гэх юм уу, захиалагчийг хууль бусаар гэрээ байгуулах үйлдэл хийлгэх ч гэдэг юм уу, тулган шаардсан байдалтай майлууд байдаг. Хэзээ ч хэргийн оролцогч ийм байдлаар захиалагчтай харьцаж байсан нөхцөл байдал байхгүй. Энэ нь олон жил тендерт оролцоод явж байсан бид нарын хувьд бусад оролцогчийн хувьд ч гэсэн хараад бараг гайхах байх. 03 дугаар сарын 26-ны өдөр яагаад гэрээ байгуулах гэж яарсан юм гэдгийг би бодохдоо 03 дугаар сарын 25-ны өдөр гомдол гарсныг мэдэнгүүтээ хууль бусаар гэрээ байгуулах гэж үзсэн юм болов уу гэдэг итгэл үнэмшил төрөөд байгаа. Мөн манай компанийн эрх ашиг зөрчигдсөн гэдэг үндэслэлээ тайлбарлахдаа өмнө 03 дугаар сарын 18-ны өдрийн шалгаруулсан шийдвэрийг дурдаж ярьдаг. Гэхдээ тэр шийдвэр нь хууль бус гэдгийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатын шүүхээс дүгнэчихсэн. Тэр үйл баримтыг нь дурдаж ярьж болох байх гэж бодож байна. Нийт хоёр үндэслэл байгаа. Нэг нь 2005 оноос эхэлж хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуульд 2011 онд эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой онцлог бүтээгдэхүүний хувьд зүгээр нэг бараа шалгаруулж байгаа юм шиг зөвхөн үнээр нь шалгаруулдаг биш, тусгай чанарын үнэлгээг мөн харьцуулан үнэлэхээр байгаа гэв.
2.4. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлага нь тендер зарласан захиргааны шийдвэрийг хүчингүй болгуулах байгаа. Би субьектив эрхийн талаар тайлбар гаргая, энэ тендер нь нийтэд нээлттэй байдлаар зарласан тендер байна. Энэ захиргааны акттай холбогдуулж нэхэмжлэгч компанийн эрх, ашиг нь яаж зөрчигдөөд байна гэдэг нь өөрөө субьектив эрх. Үүнийг нэхэмжлэгч талаас юу гэж тайлбарлаад байна гэхээр манайх гэрээ байгуулах эрх авсан, гүйцэтгэлийн баталгаа 5 хувиар төлсөн учир манай эрх, ашиг зөрчигдөөд байна гэж тайлбарлаад байна. Тэгвэл эрх, ашиг нь зөрчигдөхгүй байна. Хоёрт тендер нь хүчингүй болчихлоо. Дахин зарласан мэдэгдэл нь хүчинтэй байгаа. Гол санаа нь юу гэхээр нийлүүлэгч талд урьдчилгаа төлснөөр субьектив эрх, ашиг зөрчигдөөгүй. Ямар этгээдийн эрх ашиг зөрчигдөх вэ гэхээр энэ тендерт оролцох эрхийг нь хаасан, хуульд заасан эрхийг нь зөрчиж тендер зарлаж, тендерийн бичиг баримтыг боловсруулсан бол эрх, ашиг нь зөрчигдсөн гэж үзнэ.
Тендерийн хүчинтэй хугацаа дууссан учраас шинэ хуулийн үйлчлэлийн хүрээнд захиалагч ахин тендер зарлахаас өөр нөхцөл боломж байхгүй. Мөн энэ нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлүүд ч байна. Шүүхийн шийдвэр нь өөрөө бодит амьдрал дээр хэрэгжих боломжтой байх ёстой. Бодит байдал дээр захиалагчийн зөв болж байна. Шинэ хуулийн дагуу ахин тендер зарлаж шалгаруулаад л явна. Нэхэмжлэгч компанийн субьектив эрх нь зөрчигдсөн юм бол яагаад ахин зарласан тендерт оролцсон юм бэ. Энэ тендерт оролцоод байгаа учраас эдний субьектив эрх зөрчигдөөгүй.
Нийлүүлэгч талдаа мөнгө төлсөн нь энэ компанийн л хариуцлагагүй үйлдэл. Энэ шаардах эрх нь гэрээ байгуулагдсанаар л үүснэ. Тендерийн үнэлгээгээр нэхэмжлэгч компани хамгийн бага үнэлгээгээр л гэрээ байгуулах эрх авчихсан байгаа. Эрүүл мэндийн салбарын тендерийн хамгийн сайн үнэлгээг гэдгийг чанарын тодорхойлолтоор л тодорхойлно. Энэ нь жишиг болсон тогтолцоотой ойлголт.
Нэхэмжлэлийн шаардлага нь Д аймгийн нэгдсэн эмнэлгийн тусгай дугаар бүхий тендерийг зарласан 2024 оны 04 дүгээр сарын 23-ны захиргааны актыг хүчингүй болгуулах тухай байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хүчингүй болгох гэдэг нь өөрөө ямар эрх зүйн үр дагавартай байдаг вэ гэхээр захиргааны акт нь хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг зөрчигдсөн тохиолдолд хүчингүй болгоно. Өмнөх тендер болон одоогийн зарласан тендерийн процессуудыг аваад үзэхээр бүгд хуулийн дагуу явагдаж байгаа. Хугацаа дууссан гэдэг дээр хэн аль нь маргахгүй байна. Тендерийн шийдвэрт талуудын хэн аль нь хуульд заасан эрхээ эдлээд гомдол гаргаад явж байхад нь хуулийн хугацаа дууссан байна. Тэгээд тендерийг дахин зарлах үндэслэлгүй, манай эрх, ашиг хөндөгдсөн гэж яриад байдаг. Харин ч эсрэгээрээ эрхээ эдэлдгээ эдлээд шинэ зарласан тендерт оролцоод хамгийн бага үнийн саналаа өгөөд явж байна. Шинэ хуульд заасан шаардлагуудаа баримтлан тендерээ зарласан байгаа нь хууль зүйн үндэслэлтэй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хуулийн хугацааны талаар яриад байна. Хуульд зааснаар бид нар өөрсдөө хугацаагаа тоолдог шүү дээ. Тэгээд би тооцож үзээд 04 дүгээр сарын 10-ны өдөр гэхэд хугацаа нь дуусчихсан юм байна гэсэн ойлголтод хүрч байгаа. Тийм учраас Сангийн яамны шийдвэр ч хэрэгжих боломжгүй болсон юм байна, тиймээс тендерийг дахин зарласан юм байна гэж ойлгоод байгаа. Тэгэхээр энэ нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх ашиг ер зөрчигдөөгүй, эсрэгээрээ өөртөө хууль бусаар давуу байдлыг бий болгочхоод явж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримт зэргийг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Гурав: Хэргийн үйл баримтын талаар:
3.1. Хариуцагч, Д аймгийн Нэгдсэн эмнэлэг (цаашид “захиалагч” гэх)-ээс тус эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах ...дугаартай тендер шалгаруулалтыг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зарласныг нэхэмжлэгч “С” ХХК-иас эс зөвшөөрч шүүхэд шууд нэхэмжлэл гаргасныг тус шүүх, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль (2005 оны)-ийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Тендерт оролцогч нь … захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн … гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад … гаргах”-аар заасан ч “Нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах” тендер шалгаруулалттай холбоотойгоор, тендерт оролцогчид өмнө нь Сангийн яаманд 2 удаа гомдол гаргаж шийдвэрлүүлсэн улмаар дахин зарласан тус тендерийг, нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дараа буюу 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нээхээр товлосон зэрэг нөхцөл байдал байгааг харгалзан захиалагчийн энэхүү шийдвэрт урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх боломжгүй” гэж үзэж нэхэмжлэлийг шууд хүлээн авсан болно.
3.2. Захиалагч нь, тус эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах ...дугаартай тендер шалгаруулалтыг анх 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зарлаж, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нээсэн, улмаар Үнэлгээний хороо (Нэгдсэн эмнэлгийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/90 дүгээр тушаалаар байгуулагдсан)-ны холбогдох зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч “С” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзсан тухай мэдэгдлийг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 96 тоотоор, гуравдагч этгээд “СЕ” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 99 тоотоор тус тус хүргүүлсэн. I1 дэх хавтаст хэргийн 82-83 дахь тал/
3.3. Нэхэмжлэгч “С” ХХК нь, захиалагчийн дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасныг тус яам хянан үзээд 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 03/1266 дугаартай “Гомдол хянасан тухай” шийдвэрээр, гуравдагч этгээд “СЕ” ХХК-д хүргүүлсэн 99 тоот, нэхэмжлэгч “С” ХХК-д хүргүүлсэн 96 тоот мэдэгдлүүдийг тус тус хүчингүй болгож, тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин зохион байгуулахыг захиалагчид мэдэгдсэн. /1 дэх хавтаст хэргийн 222-224 дэх тал/
3.4. Тендерийн үнэлгээний хороо, Сангийн яамны дээрх шийдвэрийн дагуу 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нээсэн тендерт дахин үнэлгээ хийж, 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаартай зөвлөмжийг захиалагчид хүргүүлснээр, захиалагч нь нэхэмжлэгч “С” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 173 тоот мэдэгдлийг, гуравдагч этгээд “СЕ“ ХХК-д тендерт шалгараагүй тухай 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 174 тоот мэдэгдлийг тус тус хүргүүлсэн. /1 дэх хавтаст хэргийн 108-109 дэх тал/
3.5. Улмаар гуравдагч этгээд “СЕ” ХХК-иас, захиалагчийн дээрх шийдвэрийг мөн эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргаснаар, тус яам 2024 оны 04 дугаар сарын 08-ны өдөр “Гомдол хянасан тухай” 03/2353 дугаар шийдвэрийг гаргаж, захиалагчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 173, 174 тоот мэдэгдлүүдийг тус тус хүчингүй болгож, тухайн тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг захиалагчид мэдэгдсэн. /1 дэх хавтаст хэргийн 112-114 дэх тал/
3.6. Захиалагч нь, Сангийн яамны дээрх шийдвэртэй холбогдуулан 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “... 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зарласан ...дугаартай тендер шалгаруулалтад оролцогчоос гаргасан гомдлыг Сангийн яам хянан үзээд … захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгосон тул уг тендерийг цуцлан, дахин зарлах болсныг мэдэгдсэн” агуулгатай 286 тоот албан бичгийг тендерт оролцогчдод хүргүүлж, улмаар 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “Нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог дахин байгуулсан. /1 дэх хавтаст хэргийн 221, 2 дахь хавтаст хэргийн 164-165 дах тал/,
3.7. Тус Үнэлгээний хороо 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж, “Нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах” тендер шалгаруулалтыг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл зарлахаар шийдвэрлэснээр, захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (2005 оны)-ийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу тухайн тендерийн урилгыг худалдан авах ажиллагааны цахим системээр нийтэд зарлан мэдээлсэн. /1 дэх хавтаст хэргийн 45-47, 2 дах хавтаст хэргийн 24 дэх тал/
3.8. Дээрх үйл баримттай зэрэгцэн нэхэмжлэгч “С” ХХК нь, Сангийн яамны “Гомдол хянасан тухай” 2024 оны 04 дугаар сарын 08-ны өдрийн 03/2353 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэл дэх захиргааны анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүх хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж (I дэх хавтаст хэргийн 189-195 дахь тал) хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа /Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар тус хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар хэргийн оролцогчид шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа дурдсан болно/ зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.
3.9. Нэхэмжлэгч “С” ХХК нь, нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг “... Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 173 дугаартай гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүлээн аваад захиалагч руу тендерийн гүйцэтгэлийн баталгаа, гэрээний үнийн дүнгийн 5 хувийг, үйлдвэрлэгч компани руу үйлдвэрлэлийг эхлүүлэхээр урьдчилгаа төлбөр шилжүүлсэн нөхцөл байдлууд байгаа, … тендерийн хүчинтэй хугацаа дуусаад дахин зарлана гэсэн зохицуулалт хуульд байхгүй, … нэгэнт тухайн тендер шалгаруулалттай холбоотойгоор маргаж байгаа тохиолдолд дахиж тендер зарлах гэхээсээ илүүтэйгээр дахиж үнэлээд явсан бол Сангийн яамны албан бичигт нийцэх байсан” гэх агуулгаар,
3.10. Хариуцагч нь татгалзлынхаа үндэслэлийг “Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2353 дугаар албан бичгээр өгсөн “үнэл” гэсэнтэй санал нийлж байгаа ч компаниудын гаргасан үндэслэлтэй, үндэслэлгүй гомдлуудаас болж тухайн тендер хойшлогдож, түдгэлзэж явсаар үнэлгээ хийх хугацаа байхгүй болчихсон тул хугацаа дууссан гэдэг үндэслэлээр тухайн тендерийг цуцалж дахин зарласан, ... ”С” ХХК нь дахин зарласан тендерт оролцсон үйлдэл нь захиалагчийн зарласан шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байна, ... албан ёсоор гэрээ байгуулж хоёр тал гарын үсгээ зураагүй, захиалагч үйлдвэрээ эхлүүлээч гэдэг хүсэл зориг илэрхийлээгүй байхад нэхэмжлэгчийн зүгээс урьдчилгаа төлбөр төлсөн, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг эхлүүлсэн үйлдэл нь өөрийн сайн дурын үүднээс хийсэн үйлдэл гэж үзэж байна, ... нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөнийг үйлдвэрлэгч болон ямар нэгэн эрх бүхий байгууллага, албан тушаалтан нотолсон нотолгоо байхгүй” гэх агуулгаар,
3.11. Гуравдагч этгээд “СЕ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэх тайлбарынхаа үндэслэлийг “нэхэмжлэгч нь манай компанийн эрх, ашиг зөрчигдсөн гэдэг үндэслэлээ тайлбарлахдаа 03 дугаар сарын 18-ны өдрийн шалгаруулсан шийдвэрийг дурдаж ярьдаг, гэтэл уг шийдвэр нь хууль бус гэдгийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатын шүүхээс дүгнэчихсэн, … 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тендер дахин зарласан үйлдэл нь нийтэд чиглэсэн, хэн ч оролцох боломжтой тендер, … нэхэмжлэгч компани түүнд оролцоод явж байгаа, ...хуулийн хүчинтэй хугацаанд тендер сонгон шалгаруулалтыг явуулах ёстой, тендерийн хүчинтэй хугацаа дууссан учраас шинэ хуулийн үйлчлэлийн хүрээнд захиалагч ахин тендер зарлахаас өөр нөхцөл боломж байхгүй, .. тендер зарласан шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн субьектив эрх, ашиг нь зөрчигдөхгүй” гэх агуулгаар тайлбар гарган маргаж байна.
Дөрөв. Маргаан бүхий захиргааны актыг гаргах хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (2005 оны)-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг;” ойлгохоор тодорхойлжээ.
Мөн дээрх хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т “Бүх тендерээс татгалзсан тохиолдолд захиалагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: 30.4.1.тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж нээлттэй тендер шалгаруулалт явуулах; 30.4.2.энэ хуулийн 30.1.3, 30.1.4-т заасан нөхцөл үүссэн бөгөөд тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгаан нь зөвхөн худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тоо хэмжээ, цар хүрээтэй холбоотой бол тэдгээртэй холбогдолтой өөрчлөлтийг тендерийн баримт бичигт оруулж, хязгаарлагдмал тендер шалгаруулалт явуулах;” гэж тус тус заасан байна.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл тендер шалгаруулалтыг дахин явуулах үндэслэл нь “захиалагч бүх тендерээс татгалзсан тохиолдол” байх бөгөөд захиалагчийн ийнхүү бүх тендерээс татгалзах үндэслэлийг мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1.-30.1.4-т “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй; тендер шалгаруулалтад үнийг урьдчилан тохиролцож оролцсон, өрсөлдөгчөө тендер шалгаруулалтын бодит нөхцөлөөс төөрөгдүүлсэн, тэдэнд дарамт, шахалт үзүүлсэн нь шүүх, эрх бүхий байгууллагаас тогтоогдсон; шаардлагад нийцсэн бүх тендерийн үнэ захиалагчийн тооцсон төсөвт өртгөөс 5-аас дээш хувиар хэтэрсэн; энэ хуулийн 30.2-т заасан хэлэлцээ амжилтгүй болсон” хэмээн тодорхойлсон байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, энэхүү шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 3.2-3.8-д дурдсан үйл баримтуудаас үзэхэд захиалагчийн тухайд бүх тендерээс татгалзах хуульд заасан дээрх нөхцөлүүд бий болоогүй байх ба энэ тохиолдолд тендер шалгаруулалтыг дахин явуулах шийдвэр гаргах үндэслэлгүй. Тодруулбал, тендер шалгаруулалтыг дахин явуулах хуульд заасан нөхцөл байдал (бүх тендерээс татгалзах) бүрдээгүй байна.
4.2. Нөгөөтэйгүүр, хариуцагч нь, тендер шалгаруулалтыг дахин зарласан шийдвэрийнхээ үндэслэлийг “тендерийг дахин хянан үзэж, үнэлэн захиалагчийн шийдвэр гаргах хуулийн хугацаа дууссан бөгөөд сунгагдаагүй, нэг л удаа 15 хоног сунгахаар заасан” гэж, гуравдагч этгээдээс мөн “тендерийн хүчинтэй хугацаа дууссан” хэмээн маргах боловч тендерийн хүчинтэй хугацаа дууссан нөхцөл байдал нь тендерийг дахин явуулах үндэслэл болохгүйн дээр уг хугацааг дууссан гэж үзэх үндэслэлгүй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (2005 оны)-ийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэх”-ээр заажээ.
Д аймгийн Нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах ...дугаартай тендерийг анх 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нээсэн, тендерийн хүчинтэй хугацааг тендер нээснээс хойш 30 хоног байхаар тендерийн баримт бичигт тусгасан зэргээс үзэхэд тус тендерийн хүчинтэй хугацаа 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дуусахаар байх боловч тендерт оролцогчдоос захиалагчийн шийдвэрт гомдол гаргасантай холбоотой үйл баримтуудаас шалтгаалж тус тендерийн хүчинтэй хугацаа маргаан бүхий шийдвэрийг гаргах тухайн үед дуусаагүй байсан гэж үзэхээр байна.
Шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 3.2-т дурдсан үйл баримтаас үзэхэд захиалагч нь тендер нээснээс хойш ажлын 15 дахь өдөр гэрээ байгуулах эрх олгох тухай болон шалгараагүй тухай шийдвэрүүдийг гаргасан байх ба үүнээс хойш тендерийн хүчинтэй байх 30 хоногийн хугацааг тооцвол 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 9 хоног байхаар байна.
Гэвч захиалагчийн гэрээ байгуулах эрх олгох тухай болон шалгараагүй тухай 96, 99 тоот шийдвэрүүдийг Сангийн яамнаас хүчингүй болгож, тендерийг дахин хянан үзэж, үнэлэх ажиллагааг явуулахыг захиалагчид даалгаснаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (2005 оны)-ийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан “ажлын 15 өдөр” дахин тоологдохоор байна.
Учир нь, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 59 дүгээр зүйлийн 59.7-д “Захиалагчийг үйлдэл хийхгүй байхыг даалгасан, шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлснээс хойш гомдол хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд энэ хуулийн 24.1-д заасан хугацаа (Захиалагч тендер нээсэн даруй тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлж, энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор гаргана) зогсоно” хэмээн зааснаас үзэхэд Сангийн яамнаас, захиалагчийн 96, 99 тоот шийдвэрүүдэд холбогдох гомдлыг хянаад 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зохих шийдвэрийг гаргах хүртэл “тендер нээснээс хойшхи ажлын 15 өдөр” гэж тодорхойлсон хугацаа зогсохоор байх бөгөөд улмаар захиалагчаас, тендерийг хянан үзэж, үнэлэх ажиллагааг дахин явуулахтай холбоотойгоор уг хугацаа шинээр тоологдоно.
Тодруулбал, захиалагч нь Сангийн яамны гомдол хянасан шийдвэртэй холбогдуулан “тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэх“ ажиллагааг дахин явуулах шаардлагатай болсон энэ тохиолдолд “ажлын 15 өдөр” гэх уг хугацаа дахин тоологдохоор байна.
Захиалагч нь, Сангийн яамны гомдол хянасан шийдвэрийн дагуу тендерийг хянан үзэж, үнэлэх ажиллагааг дахин явуулж, дээр дурдсанаар ажлын 15 өдрийн дотор буюу 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр холбогдох шийдвэрүүдийг гаргасан байх боловч тендерт оролцогчоос мөн Сангийн яаманд гомдол гаргаснаар, тус яамны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2353 дугаар шийдвэрээр захиалагчийн 173, 174 тоот шийдвэрүүдийг мөн хүчингүй болгож улмаар тендерийг үнэлэх ажиллагааг дахин явуулахыг захиалагчид мэдэгдсэнээр, дээр дурдсан “ажлын 15 өдөр” дахин тоологдох нөхцөл байдал бүрдсэн байна.
Дээрхээс үзэхэд маргаан бүхий шийдвэрийг гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр, “тендерийг дахин үнэлж холбогдох шийдвэрийг гаргах ажлын 15 өдөр” дуусаагүй (2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр дуусахаар) байх бөгөөд улмаар энэхүү хугацаатай холбоотойгоор, гэрээ байгуулах боломжтой хугацаа буюу ажлын 15 өдрөөс хойш тоологдох тендерийн хүчинтэй хугацаа болох 9 хоног мөн тоологдохоор байна.
4.3. Хариуцагч нь тендерийн хүчинтэй хугацааг нэг удаа 15 хоногоор сунгах зохицуулалттай, тендерт оролцогчдоос удаа дараа гомдол гаргаснаар тендерийн хүчинтэй хугацаа дууссан тул тендер дахин зарласан хэмээн маргаж байх боловч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (2005 оны)-ийн 29.4-т заасан “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол ... уг хугацааг нэг удаа 15 хоногоор сунгаж болно” гэсэн зохицуулалт нь захиалагчаас тендерийг хянан үзэж, үнэлэх ажиллагааны хугацаа бус зөвхөн гэрээ байгуулахтай холбоотойгоор тендерийн хүчинтэй хугацааг сунгах талаарх зохицуулалт байх тул хариуцагчийн энэхүү тайлбар үндэслэлгүй байна.
4.4. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд тендер шалгаруулалт дахин явуулах хуульд заасан урьдчилсан нөхцөл бүрдээгүй, тендерийн хүчинтэй хугацаа дуусаагүй, улмаар уг хугацааг сунгах эрх бүхий этгээдээс, өмнөх тендерийг үнэлэх ажиллагааг дахиж явуулах шийдвэрийг гаргасан, энэ шийдвэрийн дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (2005 оны)-ийн 28 дугаар зүйлд зааснаар тендерийг дахин үнэлэх ажиллагааг Үнэлгээний хороогоор гүйцэтгүүлж, улмаар мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т зааснаар Үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах зэргээр тухайн тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар байхад, захиалагч нь “Нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах” ...дугаартай тендер шалгаруулалтыг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дахин зарласан нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.
Тав.Захиалагчийн гаргасан дээрх шийдвэрийн улмаас нэхэмжлэгч “С” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх тухайд:
5.1. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь дээрх шийдвэрийг өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэлийг “өмнө нь зарласан тухайн тендер шалгаруулалтад оролцон шалгарч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг авсан, үүнтэйгээ холбогдуулан аппаратын үйлдвэрлэлийг эхлүүлэхээр урьдчилгаа төлбөр шилжүүлсэн, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг Сангийн яамнаас хүчингүй болгож шийдвэрлэсэн ч тухайн шийдвэртэй холбогдуулан шүүхэд маргасан, уг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа” гэж, хариуцагч болон гуравдагч этгээдээс “нэхэмжлэгч нь тендер шалгаруулалтыг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дахин зарласан шийдвэрийг хүлээн зөвшөөрч тус тендерт оролцсон, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй” гэх зэргээр маргаж байна.
5.2. Хэрэгт авагдсан Үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны тэмдэглэл (2 дах хавтаст хэргийн 30-31, 369 дах тал)-ээс үзэхэд нэхэмжлэгч “С” ХХК нь, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зарласан “Нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах” тендер шалгаруулалтад оролцсон (тендерээ ирүүлсэн) байх боловч тэрээр өмнөх буюу 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зарлаж, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нээсэн “Нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах” тендер шалгаруулалтад оролцон шалгарч, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүлээн авсан оролцогч (гэрээ байгуулах эрх олгох тухай энэхүү мэдэгдлийг Сангийн яамнаас хүчингүй болгосон байх боловч нэхэмжлэгч нь Сангийн яамны тухайн шийдвэртэй холбогдуулан шүүхэд маргасан, уг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй болох нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэргийн оролцогчдын гаргасан тайлбараар тогтоогдсон) болохын хувьд тухайн этгээдэд хууль ёсны ашиг сонирхол байгааг үгүйсгэх боломжгүй байх ба энэ тохиолдолд “Нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах” тендер шалгаруулалтыг дахин зарласан шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж үзэх боломжгүй байна.
5.3. Улмаар нэхэмжлэгч “С” ХХК-иас, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зарласан тендер шалгаруулалтад оролцож, тендерээ ирүүлсэн нөхцөл байдал нь тус хуулийн этгээдийн зүгээс тендер дахин зарласан тухайн шийдвэртэй маргах эрхийг болон өмнөх тендерт оролцож шалгарсантай холбоотой хууль ёсны ашиг сонирхлыг нь үгүйсгэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй байна.
5.4. Харин нэхэмжлэгчийн “аппаратын үйлдвэрлэлийг эхлүүлэхээр урьдчилгаа төлбөрт 120,976,020 төгрөгийг шилжүүлсэн” гэх асуудал хэдийгээр “Нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах ажил”-ын тендер шалгаруулалттай холбоотойгоор тус хуулийн этгээдээс хэрэгжүүлсэн үйлдэл байх боловч энэ нь тендер дахин зарласан шийдвэртэй шууд шалтгаант холбоогүй байх тул маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчид 120,976,020 төгрөгийн хохирол учруулах үр дагавартай гэж үзэх үндэслэлгүй байна.
5.5. Иймд дээрх нөхцөл байдлуудаас үндэслэн, улмаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, … хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;”-оор заасны дагуу захиалагчийн, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Д аймгийн Нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах” ...дугаартай тендер шалгаруулалтыг дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
6. Улсын Их Хурлаас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болохоос өмнө зарласан тендер шалгаруулалтыг 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулж дуусгана” гэж заасан тул энэхүү маргааны “тендер шалгаруулалттай холбоотой хэсэг”-т 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэглэж, гомдол хянан шийдвэрлэх үйл ажиллагаатай холбоотой хэсгийг нь 2023 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг хэрэглэж дүгнэлт хийсэн болно.
7. Хэргийн оролцогчдоос гаргасан, “тендерийн баримт бичигт тусгагдсан шаардлагын талаарх тайлбар болон гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүргүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч, захиалагч нарын хооронд албан бичиг, цахим шуудангаар харилцсан үйлдлүүд, гуравдагч этгээдээс гомдол гаргасан хугацаа, гомдол гаргасныг зохих журмын дагуу мэдэгдсэн эсэх талаарх тайлбарууд, тухайн тайлбаруудад холбогдох нотлох баримт зэрэг нь энэхүү маргаанд хамааралгүй бөгөөд нотолгооны ач холбогдолгүй гэж үзсэн тул хавтаст хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтуудыг үнэлээгүй, хэргийн оролцогчдын эдгээрт хамаарах тайлбарт дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (2005 оны)-ийн 28 дугаар зүйл, 46 дугаар зүйлийн 46.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д аймгийн Нэгдсэн эмнэлгээс, тус Нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах ... дугаартай тендер шалгаруулалтыг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зарласан шийдвэрийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч хуулийн этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д аймгийн Нэгдсэн эмнэлгээс 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж, 5... регистрийн дугаартай “С” ХХК-д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СИЙЛЭГМАА