Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2020/01880

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/01742 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Б-” ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 15 500 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б-” ХХК-ийг төлөөлж 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр тус компанийн ерөнхий менежер ажилтай Ч.Золзаяа миний бие “Б-” ХХК-ийн захирал болох Н.Батмөнхтэй үйлдвэрийн зориулалттай 8 нэр төрөл бүхий нийт 24 500 000 төгрөгийн тоног төхөөрөмжийг худалдан, худалдах худалдан авах гэрээ байгуулж, түүнд хүлээлгэн өгсөн. Нийт 24 500 000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж худалдсанаас 9 000 000 төгрөгийг урьдчилгаа болгон бага багаар цувуулж манайд төлсөн. Үлдэгдэл 15 500 000 төгрөгтөө бартераар буйдан хийлгэж авах эсвэл бэлэн мөнгөө авах гэж хөөцөлдсөн боловч шийдэлд хүрээгүй бүтэн хоёр жилийн хугацаа өнгөрсөн. Иймээс гэрээний үлдэгдэл төлбөр 15 500 000 төгрөгийг хариуцагч “Б-” ХХК-иас гаргуулан өгч манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.Золзаяагаас ямар нэгэн тоног төхөөрөмж худалдаж аваагүй. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б-” ХХК-иас 15 500 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Б-” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 450 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч “Б-” ХХК-иас 235 450 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Б-” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

           

            Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Б-” ХХК-д холбогдуулан гаргасан, худалдах худалдан авах гэрээний үүрэгт 15 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий маргааныг шийдвэрлэсэн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Шийдвэрийн тодорхойлох хэсэгт “хариуцагчийн төлөөлөгч Н.Батмөнх шүүхэд гаргасан тайлбартаа Ч.Золзаяагийн нэхэмжлэлтэй “Б-” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. Ч.Золзаяагаас ямар нэг төхөөрөмж худалдаж аваагүй. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж бичсэн байна. Би шүүхэд огт ийм тайлбар гаргаагүй бөгөөд хуралдаан болох өдөр би хоцроод, биечлэн оролцож чадаагүй юм. “Б-” ХХК нь “Б-” ХХК-иас нийт 24 500 000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж авсан нь үүнээс урьдчилгаанд 9 000 000 төгрөг төлсөн. Үлдсэн 15 500 000 төгрөгийг манай байгууллага бэлэн мөнгөөр төлж, чадахгүй байсан тул буйдан хийж, өгөх санал тавьсан. Бидний талаас гэвэл буйдан хийж өгөхдөө цаг хугацааны хувьд удааширсан буруутай асуудлууд бий боловч огт төлөхгүй, аваагүй гэж үгүйсгэж маргаагүй. “Б-” ХХК нь “Б-” ХХК-д төлөх өрөндөө 8 ширхэг буйдан шинээр хийж өгсөн боловч “Б-” ХХК манай хийж өгсөн буйдангуудыг голоод хүлээж аваагүй. Бид нэгэнтээ өрөө төлөх санхүүгийн боломжгүй болсон тул өр төлбөртөө эд зүйл өгөх тохироог анхнаасаа талууд хийсэн байсан. Гэтэл өмнө нь огт ийм зүйл тохиролцож байгаагүй мэтээр анхнаасаа мөнгө л өгөх ёстой байсан, зөвхөн мөнгө л авна гээд байгаа нь шударга бус байна. Нэгэнтээ бид төлбөрийн чадваргүй болчихоод, өгч чадахгүй боломжгүй байгааг   маань ойлгож, зөвшөөрөөд бидний хийсэн шинэ буйдангуудыг өр төлбөртөө тооцож авч, төлбөрийн үлдэгдлийг дуусгах талаас нь тайлбараа гаргахыг хүсч байсан боловч миний огт шүүхэд мэдүүлээгүй, яриагүй зүйлийг ярьсан, бичсэн болгож, шийдвэртээ тусгасанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл шүүх хариуцагчаас тайлбар гаргах, шүүх хуралдаанд биечлэн оролцож, байр сууриа илэрхийлж, оролцох тэгш эрхийн үндсэн дээр мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзэж, гомдол гаргаж байна. “Б-” ХХК нь хуралдаанаас өмнө огт тайлбар гаргаагүй болно. Тиймээс талуудын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш бус байдлаар оролцуулсан гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулахаар анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

           

            Нэхэмжлэгч “Б-” ХХК нь хариуцагч “Б-” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 15 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2018 оны 6 сарын 15-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Б-” ХХК нь нийт 8 нэр төрлийн, 24 500 000 төгрөгийн үнэ бүхий үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хариуцагч “Б-” ХХК-д худалдах, хариуцагч нь тоног төхөөрөмжийн үнэ 9 000 000 төгрөгийг бэлнээр төлөх, 15 500 000 төгрөгт 8 төрлийн буйдан хийж өгөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид 9 000 000 төгрөгийг төлсөн болох нь талуудын тайлбар, худалдах, худалдан авах гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 3-4-р тал/

 

            Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.

 

            Хариуцагч “Б-” ХХК нь нэхэмжлэгчид буйдан хийж өгөх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбар болон гэрч О.Гэрэлт-Одын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээний үлдэгдэл 15 500 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. /хх-ийн 76-79-р тал/

 

            Иймд хариуцагч “Б-” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 15 500 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Б-” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.          

 

            Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо шүүх хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш бус байдлаар оролцуулсан, нэхэмжлэгчид буйдан хийж өгсөн боловч хүлээн аваагүй гэжээ. Гэвч хариуцагч “Б-” ХХК нь нэхэмжлэгчид буйдан хийж өгсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

            Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2020 оны 1 сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, 2020 оны 3 сарын 25-ны өдөр хариуцагчийн төлөөлөгчид эрх, үүргийг тайлбарлан, нэхэмжлэлийн хувийг гардуулсан байна. Улмаар зохигчдод шүүх хуралдааны товыг мэдэгдэж, хэргийг 2020 оны 6 сарын 29-ний өдөр шийдвэрлэжээ. /хх-ийн 16, 18, 40, 66-р тал/. Дээрх хугацаанд хариуцагчийн төлөөлөгчид хэргийн материалыг танилцуулан, түүний өмгөөлүүлэх эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж байсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж зэргээр тогтоогдсон байх тул мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэх хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй болно. /хх-ийн 68, 55, 57-58-р тал/

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/01742 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 235 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.НАРМАНДАХ

           

                                         ШҮҮГЧИД                                                Д.БАЙГАЛМАА

                                                                                                 

                                                                                                            Г.ДАВААДОРЖ