| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбат Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/06538/И |
| Дугаар | 184/ШШ2024/06211 |
| Огноо | 2024-12-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2024/06211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, шүүгч Г.Нямсүрэн, шүүгч Ч.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******-д холбогдох,
528,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/79 дугаартай Шийтгэх тогтоолоор шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг, нүүрс тээврийн хатуу хучилттай авто замын 208 дахь киллометрт 45-25 ӨМЭ улсын дугаартай, Хово маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас 23-19 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж, жолооч Ч.Батын амь насыг хохироосон нь тогтоогдсон. Хохирогч Ч.Батын хууль ёсны төлөөлөгчөөр ******* миний бие тогтоогдсон. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоолын 1 дэх хэсгийн 1.5-д хохирол хор уршгийн талаар дурдаж, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4.2 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой асуудлыг шүүгдэгч *******гаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Хохирогч Ч.Бат бид хоёр 8 настай Б.Сондор гэх охинтой бөгөөд тэжээгчээ алдсаны тэтгэмж 1,200,000 төгрөгөөр тогтоогдсон. Иймд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү сарын 4,000,000 төгрөгийн зөрүү гарч байна. Б.Сондорыг 19 нас хүртэл буюу жилийн 48,000,000, 11 жилээр бодоод 528,000,000 төгрөг гарч байгаа юм. Энэхүү мөнгийг хариуцагч *******гаас гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хохирол төлбөр төлөхгүй л гээд байна. Би 50 настай, бага насны хүүхдээ харж асарч болоод байхад, хариуцагч ******* нь залуу хүн, тогтсон ажилтай, цалинтай, аав нь тэтгэвэр авдаг байхад яагаад хохирол төлбөрөө төлөхгүй гээд байгааг сайн ойлгохгүй байна. Хүн чанарын хувьд би хүний хүнийг алчихсан юм чинь хохирол төлбөрийг нь өгнө гэсэн тийм бодол байхгүй байна. Нас барагч хүн маань оршуулгын зардал авах гэж л амьдарч байсан хүн юм уу? Хариуцагч ******* нь надад оршуулгын зардал гэж мөнгө өгсөн юм. Оршуулгын зардал ламаар ном уншуулах, бурхан бүтээлгэх зэргээр мөнгө их ордог юм. Нас барагч хүн маань сарын 5,000,000 төгрөг орчим цалин авдаг байсан. Уг мөнгө нь бидний амьдралд хангалттай хүрэлцдэг байсан. Гарт олговол зохих цалингаас бодож тооцож гаргасан юм. Сүүлийн 9 сар ажиллахдаа авсан цалин 52,800,000 төгрөгийг ажилласан 9 сард хуваагаад, сарын дундаж 5,800,000 төгрөг гарч байсан. 5,800,000 төгрөгөөс тэжээгчээ алдсаны тэтгэмж болох 1,200,000 төгрөгийг хасч тооцсон дундаж нь 4,000,000 орчим гарч байгаа юм гэжээ.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/79 дугаартай Шийтгэх тогтоолоор тэжээгчээ алдсаны тэтгэмжийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдан шийдвэрлэсэн байдаг. Шийтгэх тогтоолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь хохирол төлбөрт 86,734,445 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгч ******* нь 92,034,440 төгрөг, иргэний нэхэмжлэгч нь 222,884,484 төгрөг, 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээний зардалд 90,895,000 төгрөг, нийт 314,918,924 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай гэж шийтгэх тогтоолд заасан байдаг. Уг төлбөрүүдийг нэхэмжлэгч ******* нь аваагүй, энэ нь хавтаст хэрэгт авагдсан *******гийн дансны хуулгаар нотлогдоно. *******гийн аваагүй мөнгө нь шийтгэх тогтоолд авсан мэтээр бичигдсэн байсан. Энэ асуудалд нь гүйцэтгэх хуудас бичигдээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох ажиллагааг нь хийгээд явж байгаа байх. ******* нь 90,895,000 төгрөгийг ямар нэгэн байдлаар хүлээн аваагүй гэж нэхэмжлэгч хэлдэг. Шийтгэх тогтоолд иргэний шүүхийн журмаар нэхэмжлэхээр дурдаж, шийдвэрлээд 8 нас 1 сартай Б.Сондор гэх охины тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 1,200,000 төгрөг байхаар тогтсон. Үүний зөрүүг 19 нас хүртэл буюу 11 жилээр бодсон. Сарын 4,000,000 төгрөг буюу жилийн 48,000,000 төгрөгийн зөрүү гарч байгаа юм. 11 жилийн 528,000,000 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хууль зүйн дүгнэлт маань гарчихлаа гэж үзэж байна. Манай үйлчлүүлэгчийн болон насанд хүрээгүй хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байна. Яаж шийдэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Сар бүр тооцож олгох хэмжээ, нийт олгох хэмжээ гэдэг утгаар нь нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.1 дэх хэсэгт заасанчлан 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл гээд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг тооцож, нийгмийн даатгал төлөлтийн шимтгэл, гар дээр авч байсан цалин хөлсний 9 сар ажиллаж байсан хугацааны цалингийн дунджаар бодсон гэж тайлбарлаж байгаа юм. Хууль зүйн үндэслэл нь шүүхийн шийтгэх тогтоол гарчихсан, нэхэмжлэлийн шаардлагыг өмгөөлөгч дур мэдэн нэмэх хасах эрх хэмжээ байдаггүй, тийм боломж байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг болон үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг дэмжиж оролцож байгаа учраас зөрүүг бодож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Миний бие 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг хүлээн авсан. Би 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зам тээврийн осол гарган хүний амь насыг санамсаргүйгээр хохироосон болох нь тогтоогдож, эрүүгийн хэрэг үүссэн билээ. Миний бие энэ болсон явдалд маш их харамсаж, сэтгэл санааны маш их хямралд удаан хугацаанд байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* эгчид харамсаж байгаагаа илэрхийлж, өөрийн биеэр болон утсаар холбогдож, өөрийн буруугаа илэрхийлж, уучлалт гуйж байсан билээ. Би Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Одонт 22-11 тоот хаягт ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй, эмнэлгийн хяналтад байдаг аавыгаа асран амьдардаг. Би аавын хамт амьдардаг бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* эгчид сэтгэл санааны хохирол болгон 5,300,000 төгрөг, мөн өөрийн хашаа байшингаа барьцаалан 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 86,734,445 төгрөг, нийт 92,034,440 төгрөг төлсөн билээ. Уг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн осол нь миний амьдрал болоод сэтгэл санаанд маань маш хүндээр тусч, удаан хугацаанд ажлаа хийх боломжгүй болж, аавынхаа асаргааны тэтгэмжээр, аав маань байгаа болохоор л би даваад гарах тэнхээтэй болсон юм. Би 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс хойш Говьхангайн хөдөлмөр ХХК-д засварын хэлтэст засварын механикаар сарын үндсэн цалин 2,400,000 төгрөгийн хөдөлмөрийн хөлстэйгөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Миний бие сард авдаг хөдөлмөрийн хөлс 2,400,000 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл 276,000 төгрөг, хувь хүний орлогын албан татвар 212,400 төгрөгийн суутгал, хэрэглээний лизингийн төлбөр 272,612 төгрөгийн төлөлт тус тус төлж, гар дээр 683,188 төгрөг авч байна. Үл хөдлөх барьцаалсан зээлийн гэрээний төлөлт 2031 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дуусах юм. Болсон явдалд миний бие их харамсаж байгаа. Гэхдээ төлбөр мөнгийг өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан нийт 11 жилийн 528,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дах хэсэгт тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоох төлбөр гаргуулах хэмжээг нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан төлбөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг нас барагчийн сарын цалин хөлс орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүр тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хасахаар зохицуулчихсан. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар бол Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудсаар амь хохирогчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлстэй тэнцэх орлого нь 2,407,667 төгрөгөөр буюу 5 жил 27 өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаагаар насанд хүрээгүй охин Б.Сондорт тэжээгчээ алдсаны тэтгэвэр сар бүр 1,203,833 төгрөгийг олгохоор шийдвэрлэж, уг тэтгэврийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс олгож эхэлсэн нь хавтаст хэргийн материалд авагдсан байдаг. Тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү гарахгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг өөрөө гарган өгч нотлох үүрэгтэй ба нэхэмжлэгчийн шаардаж байгаа 528,000,000 төгрөгийг хавтаст хэрэгт авагдсан ямар баримтыг үндэслээд хариуцагчаас шаардаад байгаа нь тодорхойгүй байна. Мөн 528,000,000 төгрөгийг хэзээнээс хэдий хүртэлх хугацаанд нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байна. 1 сарын 4,000,000 төгрөгөөр тооцоод нэхэмжлээд байгаа боловч энэ 4,000,000 төгрөгийг хавтаст хэрэгт байгаа ямар бичгийн нотлох баримтаар бодож гаргаж ирсэн харагдахгүй байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр нэхэмжлэгч талаас уг 4,000,000 төгрөгийг яаж бодож гаргаж ирсэн тайлбараа үндэслэлтэй тайлбарлаж хэлж чадсангүй гэж миний хувьд үзэж байна. Нэхэмжлэгч ******* нь 528,000,000 төгрөгийг хариуцагч *******гаас охин Б.Сондорын 19 нас хүртэлх хугацааг бүхэлд нь нэг удаа тооцоод бүхэлд нь гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Яагаад гэвэл Иргэний хуулийн 509 дүгээр зүйлд хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдсон төлбөрийг сар тутам төлнө гэж заасан. Нэхэмжлэгч 19 нас хүртэл 11 жилээр тооцоод 528,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Энэ нь Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт нийцэхгүй байна гэж үзэж байна. Энэ нь нас барсан өдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 1 жил 5 сар, 5 хоногийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Тэтгэмжийн зөрүү нэгэнт гараагүй учраас нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Зөрүүг бүхэлд нь шаардаж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг нэг удаа нэгтгэн олгох бол хууль зүйн үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа учраас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.4.1, 509 дүгээр зүйлийн 509.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгч *******: Манай талаас нэхэмжлэлийг 2 үндэслэлээр хүлээн зөвшөөрдөггүй. Нэгдүгээрт, нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй байна. Хоёрдугаарт, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шаардсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт сар бүр олгохоор заасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлохдоо хэдийнээс эхлээд хэдийд дуусах нь тодорхой бус байна. Бодсон аргачлал нь яг ямар хуульд заасан үндэслэл журмын дагуу дундаж цалин хөлс гүйцэтгэлийг хэн яаж гаргаж байгаа юм бэ гэдэг нь тодорхой бус буюу тайлбарууд нь зөрүүтэй байна. Манай зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой байдлыг өөрөө гаргаж өгөх, нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч энэ үүргээ биелүүлээгүй тул хуульд заасан хүрээнд нэхэмжлэлийн шаардлага тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Хуульд заасан үндэслэл журмын дагуу Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс амь хохирогчийн сарын дундаж хөдөлмөрийн түүнтэй адилтгах орлогыг 2,407,667 төгрөг гэж тооцсон байна. Хуульд заасан аргачлалын дагуу 2,407,667 төгрөгөөс бодохоор хасах 401,276 төгрөг буюу хасахтай гараад байгаа учраас тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болоод гүйцэтгэлийн үр дүн гарахгүй байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
6. Иргэдийн төлөөлөгч Б.Чулуунбаатарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд зохигчдын зөвшөөрлөөр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
7. Нэхэмжлэгчийн шүүхэд гарган өгсөн баримтуудыг дурдвал: иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 4,21-р тал/, Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 5-р тал/, Өмнөговь аймгийн Ханбогд Сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 6-16-р тал/, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас /хх-ийн 17-р тал/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 18-р тал/, цалингийн хүснэгтийн хуулбар /хх-ийн 19-р тал/, нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 20-р тал/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2024/01999 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-ийн 22-23-р тал/, зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 118-124-р тал/ зэргийг нотлох баримтаар гарган өгсөн байна.
8. Хариуцагчийн шүүхэд гарган өгсөн баримтуудыг дурдвал: Говьхангайн хөдөлмөр ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар /хх-ийн 31-р тал/, хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 32-35-р тал/, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асрах тухай гэрээний хуулбар /хх-ийн 36-38, 79-81-р тал/, шилжүүлгийн мэдээлэл хуулбар /хх-ийн 39-44-р тал/, зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 45-46-р тал/, барьцааны гэрээний хуулбар /хх-ийн 47-р тал/, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 48-р тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 49-р тал/, барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 50-51-р тал/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 52-р тал/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.
9. Шүүхийн журмаар цалингийн хүснэгт /хх-ийн 82-р тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 85-р тал/, Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 104-р тал/, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын албан бичиг /хх-ийн 107-р тал/, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас /хх-ийн 108-р тал/, нас барагчийн асрамжид байсан гэр бүлийн гишүүдийн бүртгэлийн хуулбар /хх-ийн 109-р тал/, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын албан бичиг /хх-ийн 113-116-р тал/, депозит дансны хуулга /хх-ийн 125-126-р тал/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2. Гэмт хэргийн улмаас нас барсан хохирогч Ч.Батын насанд хүрээгүй хүүхэд болох Б.Сондорын асран хамгаалагч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохирол хүүхдийн тэтгэлэгт 528,000,000 /таван зуун хорин найман сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
2.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: ...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/79 дугаартай Шийтгэх тогтоолын 1 дэх хэсгийн 1.5-д хохирол хор уршгийн талаар дурдаж, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4.2 дах хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой асуудлыг шүүгдэгч *******гаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Хохирогч Ч.Бат бид хоёр 8 настай Б.Сондор гэх охинтой бөгөөд тэжээгчээ алдсаны тэтгэмж 1,200,000 төгрөгөөр тогтоогдсон. Ч.Батын 9 сарын нийт цалин хөлс болох 52,800,000 төгрөгийг 9 сард хуваагаад 5,800,000 төгрөг гарч байгаа. 5,800,000 төгрөгөөс тэжээгчээ алдсаны тэтгэмж болох 1,200,000 төгрөгийг хасч тооцсон дундаж нь 4,000,000 орчим гарч байгаа юм. Иймд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нь сарын 4,000,000 төгрөг байна. Б.Сондорыг 19 нас хүртэл буюу жилийн 48,000,000, 11 жилээр бодоод 528,000,000 төгрөг гарч байгаа юм... гэж тодорхойлсон.
2.2 Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: ...Нийгмийн даатгалын хэлтсээс амь хохирогчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг 2,407,667 төгрөг гэж тооцсон байна. Хуульд заасан аргачлалын дагуу 2,407,667 төгрөгөөс бодохоор хасах 401,276 төгрөг буюу хасахтай гарч байгаа учраас тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү гарахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй...Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд төлбөр мөнгийг нь өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэж тодорхойлсон.
2.3 Зохигчид хариуцагч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас нэхэмжлэгчийн асрамжид буй Б.Сондорын төрсөн эцэг болох Ч.Бат нас барсан, хариуцагч ******* нь үйлдсэн гэмт хэрэгтээ хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн, ******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон зэрэг үйл баримтын талаар маргаагүй.
2.4 Харин талууд гэм хор учруулсаны төлбөрийг тооцох аргачлалын талаар өөр, өөрийн үндэслэл зааж маргав.
3. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
3.1 Хариуцагч ******* нь Өмнөговь аймгийн Ханбогд Сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/79 дугаартай Шийтгэх тогтоолоор 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт нүүрс тээврийн хатуу хучилттай авто замын 208 дахь километрт 45-25 ӨМЭ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дүгээр заалт буюу Гол туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас 23-19 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн, зам тээврийн осол гаргаж, тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан, жолооч Ч.Батын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдон, тухайн хэрэгт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх ялаар шийтгэгдсэн байна. Дээрх шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон гэдэгт талууд маргахгүй байна. /хх-ийн 6-16-р тал/
3.2 Өмнөговь аймгийн Ханбогд Сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/79 дугаартай Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь хохирол төлбөрт 86,734,445 төгрөг нэхэмжилсэн, шүүгдэгч ******* 92,034,440 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн болохыг дурдаж, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой асуудлыг шүүгдэгч *******гаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн байна. /хх-ийн 6-16-р тал/
3.3 Нас барсан хохирогч Ч.Бат нь 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Б.Сондор, хамтран амьдрагч ******* нарын хамт ам бүл гурвуулаа амьдарч байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2024/01999 дугаартай шийдвэр, нас барагчийн асрамжид байсан гэр бүлийн гишүүдийн бүртгэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 22-23,109-р тал/
3.4 Хохирогч Ч.Бат нь нас барахаасаа өмнө Опендевелопмент ХХК-д 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сар хүртэл ажиллаж, энэ хугацаанд нийт 52,818,695 төгрөгийн цалин хөлс авч, нийгмийн даатгалын шимтгэл төлжээ. /хх-ийн 82-р тал/
3.5 Насанд хүрээгүй хүүхдийн хууль ёсны төлөөлөгч ******* нь хүсэлт гаргаснаар насанд хүрээгүй Б.Сондорт 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоогдож, сард олгох тэтгэврийн хэмжээг 1,203,833 төгрөг байхаар тогтоон, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс олгохоор шийдвэрлэгдсэн болох нь хэрэгт авагдсан Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас-аар тогтоогдож байна. /хх-ийн 108-р тал/
4. Хариуцагч ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хохирогч Ч.Батын амь насыг хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдон, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх ялаар шийтгүүлсэн болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүх хариуцагчийн гэм буруугийн талаар дахин нотлохгүй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дах хэсэгт Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч ******* нь насанд хүрээгүй Б.Сондорт хариуцагчаас гэм хор учруулсаны төлбөрийг шаардах эрхтэй.
5.1 Нэхэмжлэлийн шаардлагаар нас барагч Ч.Батын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Б.Сондорыг 19 насанд хүртэл хугацааны тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг тогтмол хугацаанд буюу сар бүрээр бус, харин нэг удаа урьдчилан тооцож гаргуулахаар шаардсан.
Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт Хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдсон төлбөрийг сар тутам төлнө гэж заасан тул гэм хор учруулсаны төлбөр буюу тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг тогтмол хугацаанд буюу насанд хүрээгүй хүүхдийг 18 нас хүртэл сар тутам гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна гэж, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тооцох журам-ын 2.1.1-д нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж тооцно гэж тус тус зааснаар хохирогч Ч.Батын нас барахаасаа өмнө хамгийн сүүлд ажиллаж байсан Опендевелопмент ХХК-д нийт ажилласан 9 сарын цалин хөлсний дунджаар тооцвол 2022 оны 11 дүгээр сард 1,200,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сард 2,400,000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сард 7,127,796 төгрөг, 2023 оны 02 дугаар сард 7,606,174 төгрөг, 2023 оны 03 дугаар сард 7,258,666 төгрөг, 2023 оны 04 дүгээр сард 7,037,471 төгрөг, 2023 оны 05 дугаар сард 5,027,946 төгрөг, 2023 оны 06 дугаар сард 10,205,165 төгрөг, 2023 оны 07 дугаар сард 4,955,477 төгрөгийн цалин тус тус авсан байх тул 9 сарын хугацаанд авсан нийт цалин болох 52,818,695 төгрөгийг ажилласан 9 сарын хугацаанд хуваахад 1 сарын дундаж цалин 5,868,743.88 төгрөг болж байна.
Нас барагч Ч.Бат нь насанд хүрээгүй хүүхэд Б.Сондор, хамтран амьдрагч ******* нарын хамт амьдарч байсан учир түүний сарын дундаж цалин 5,868,743.88 төгрөгийг нас барагчийг өөрийг нь оруулаад ам бүлийн 3 гишүүнд хуваахад гэр бүлийн нэг гишүүнд 1,956,247.96 төгрөг ногдохоор байна.
Насанд хүрээгүй Б.Сондор нь тэжээгчээ алдсаны тэтгэвэрт сар бүр 1,203,833 төгрөгийг авдаг ба эцэг Ч.Батын дундаж цалин хөлсөөс гэр бүр бүлийн 1 гишүүнд ногдох хувь болох 1,956,247.96 төгрөгөөс тэжээгчээ алдсаны тэтгэмж 1,203,833 төгрөгийг хасахад 752,414.96 төгрөгийн зөрүү гарч байна.
Иймд насанд хүрээгүй Б.Сондор нь хариуцагчаас сар бүр 752,414.96 төгрөгийн тэтгэврийн зөрүү авахаар шаардах эрхтэй байна.
Иймд гэм хор учруулсаны төлбөрийг тооцох аргачлалын талаар гаргасан зохигчдын тайлбар аль, аль нь үндэслэлгүй байна.
5.2 Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.1 дэх хэсэгт зааснаар бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл гэм хор учруулсаны төлбөрийг төлөхөөр зохицуулжээ.
Нас барагч Ч.Батын охин Б.Сондор нь 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 8 настай бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 18 нас хүрэх хүртэл 116 сар /2024.08.05-ны өдрөөс 2033.04.20-ны өдрийн хооронд/-д нийт 87,280,135.36 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. /752,414.96 төгрөг*116 сар/
Дээрх 87,280,135.36 төгрөг нь насанд хүрээгүй Б.Сондорын 18 нас хүртлээ хариуцагчаас гаргуулах нийт гэм хор учруулсаны төлбөр бөгөөд Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт Хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдсон төлбөрийг сар тутам төлнө гэж заасны дагуу Б.Сондорыг 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл хариуцагч нь сар бүр түүнд гэм хор учруулсаны төлбөр 752,414.96 төгрөгийг төлнө.
Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 528,000,000 төгрөгөөс насанд хүрээгүй Б.Сондорыг 18 нас хүртэл хариуцагч *******гийн сар бүр төлөх гэм хор учруулсаны нийт төлбөр болох 87,280,135.36 төгрөгийг хасч, үлдэх 440,719,864.64 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6. Нэхэмжлэгч тал нь хариуцагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 92,034,440 төгрөгийг аваагүй гэж маргасан нь үндэслэлгүй. Учир нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр буюу шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******гаас гэм хорын хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д 92,034,440 төгрөгийг төлсөн гэдэг нь тогтоогдож байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн гэм хорын хохирлыг дахин тогтоохгүй.
Мөн хариуцагчаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байсан, нэхэмжлэгч *******д 92,034,440 төгрөг төлсөн учир гэм хор учруулсаны төлбөрийг дахин төлөхгүй гэж маргасан нь үндэслэлгүй байна.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч *******гаас нэхэмжлэгч *******д төлсөн 92,034,440 төгрөг нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасан хохирогч нас барсны улмаас түүнийг оршуулахтай холбоотой зардал болон Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дах хэсэгт заасан эдийн бус гэм хортой холбоотой хохирлыг төлсөн болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолоос харагдаж байна.
Иймд нэхэмжлэгч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсаны төлбөр буюу тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой асуудлаар шаардах эрхтэй.
7. Шүүх хэрэгт авагдсан баримтуудаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно. Ийнхүү үнэлэхэд цалингийн хүснэгт /хх-ийн 19-р тал/, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асрах тухай гэрээний хуулбар /хх-ийн 36-38-р тал/, шилжүүлгийн мэдээлэл баримтын хуулбар /хх-ийн 39-44-р тал/ зэрэг баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
8. Шүүх хуралдаанд томилогдсон иргэдийн төлөөлөгч Б.Чулуунбаатар нь шүүх хуралдааны тов мэдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул зохигчдын зөвшөөрснөөр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
9. Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээс хангаж шийдвэрлэсэн 87,280,135.36 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж болох 594,350.68 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж, улсын төсвийн орлогод оруулвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас насанд хүрээгүй Б.Сондорыг 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл сар бүр 752,414.96 /долоон зуун тавин хоёр мянга дөрвөн зуун арван дөрвөн төгрөг ерэн зургаан мөнгө/ төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 440,719,864.64 /дөрвөн зуун дөчин сая долоон зуун арван есөн мянга найман зуун жаран дөрвөн төгрөг жаран дөрвөн мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч *******гаас 594,350.68 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН
ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН