| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 103/2024/00162/И |
| Дугаар | 102/ШШ2024/03320 |
| Огноо | 2024-06-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2024/03320
| 2024 оны 06 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2024/03320 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг,* дугаар хороо, Чингис оффис,* давхар, *ББСБ ХХК /рд:*/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * тоотод оршин суух Тайж овогт Пүрэвжавын Доржмягмар /рд:*/
Зээлийн гэрээний үүрэгт 8,500,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга * хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч*холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,500,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Зээлдэгч * нь 2019 оны 4-р сарын 22-ны өдөр Toyota Corolla Fielder маркийн, * арлын дугаартай, * УБЕ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг барьцаалан 10,250,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2.90 хувийн хүүтэйгээр, 10520709 тоот зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх 105207099 тоот Фидуцийн гэрээг тус тус байгуулан зээлж авсан. Зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй 958 хоногийн хугацаа хэтэрсэн ба зээлийн гэрээний хугацаа дууссан байна. Иймд зээлдэгч * нийт 8,500,000 төгрөгийг гаргуулж дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх 1******* тоот Фидуцийн гэрээнд заасан эд хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд тайлбар ирүүлээгүй.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, итгэмжлэл /хх 3, 16/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 4-5/, Зээлийн гэрээ /хх 6-8/, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ /хх 9-10/, Зээл хүсэгчийн анкет, өргөдөл /хх 11-12/, Зээлийн хүүгийн тооцооллын хүснэгт /хх 13-14/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 15/,
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Итгэмжлэл /хх 23/, Багануур дүүргийн 1 дүгээр хорооны тодорхойлолт /хх 26/, Баянгол дүүргийн 33 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх 27/,
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч *ББСБ ХХК нь хариуцагч * холбогдуулж 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн * тоот Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,211,713.26 төгрөг, зээлийн хүү 63,305,911.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 982,374.9 төгрөг, нийт 8,500,000 төгрөг гаргуулах, үүргийг фидуцийн зүйл болох автомашинаар хангуулах агуулга бүхий шаардлагуудыг гаргасан.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заасан.
Хариуцагч * нь дээрх нэхэмжлэлийг 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар түүний хариу тайлбар гаргах хугацаа 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр байжээ. Гэвч хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаараа ямар нэг бичгийн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгч *ББСБ ХХК болон хариуцагч * нар №105207099 тоот Зээлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр хариуцагч * нь нэхэмжлэгчээс автомашин худалдаж авах зориулалтаар 10,250,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2,90 хувийн хүүтэй зээлжээ. Мөн зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй бол гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцохоор харилцан тохирсон байна.
Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдрөө 105207099 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, * УБЕ улсын дугаартай, *арлын дугаартай, Toyota Corolla Fielder маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохирсон байна.
Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд уг үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож талууд 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулсан, эдгээр гэрээнүүд хүчин төгөлдөр байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ ...зээлдэгч *аас нийт 8,500,000 төгрөгийг гаргуулж дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх 105207099 тоот Фидуцийн гэрээнд заасан эд хөрөнгөөр хангуулж өгнө үү гэсэн агуулгаар тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардсан гэж үзэхээр байна.
Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.
Харин гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр байх учир нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй.
Хариуцагч зээлийн гэрээний үүргээ 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн талаар маргаагүй. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, Зээлийн гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1 дэх хэсгүүдэд зааснаар зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй ба нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардсан нь хууль зөрчөөгүй.
Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Талууд дээрх гэрээг байгуулсан болон зээлийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх бөгөөд хариуцагч талаас гэрээний үүргийг шаардах эрхтэй, хариуцагч хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй болно.
Мөн хариуцагч зээл хүлээн авсан болон зээлийн тооцоолол, хэмжээн дээр маргаангүй. Ийм учир хариуцагчаас 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Зээлийн гэрээ-ний үүрэгт үндсэн зээл 4,211,713.26 төгрөг, зээлийн хүү 63,305,911.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 982,374.9 төгрөг, нийт 8,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд нийцнэ.
Харин фидуцийн гэрээ нь барьцааны гэрээнээс ялгаатай бөгөөд үүрэг гүйцэтгэгч хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй бол фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгэгчээс бодитоор гаргуулан авч үүргийн гүйцэтгэлийг хангах эсвэл үндсэн үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл мөнгө төлөх баталгаа болгож өмчлөлд шилжүүлсэн хөрөнгийг шүүхийн журмаар дуудлага худалдаагаар худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлгүй. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг автомашинаар хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч *аас 8,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас фидуцийн зүйл болох 39-96 УБЕ улсын дугаартай, * арлын дугаартай, Toyota Corolla Fielder маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *аас 150,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН