| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2018/0000/э |
| Дугаар | 46 |
| Огноо | 2018-01-15 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Х.Нарангуа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Х.Нарангуа,
шүүгдэгч Д.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:
Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4 дүгээр гудамжны 262 тоотод оршин суух хаягтай, одоо Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, задгай тоотод оршин сууж байгаа, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, дугаарын регистртэй, Б.Д.У-т холбогдох 1708019580242 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.У нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 8 дугаар гудамжны задгай тоотод иргэн Л.Батцэцэгийг агсан тавилаа гэж нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж, түлхэж унаган эрүүл мэндэд нь баруун гайморовын хөндийн урд, ар дотор ханын бяцарч, сэлтэрсэн, эрүү ясны зөрүүгүй, баруун хацар ясны нумын зөрүүтэй хугарал, хамар яс, баруун ухархайн доод ханын далд хугарал, гайморовын хөндийн цус хуралдалт, баруун зовхи, хацар, шанаа, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт, цус хуралт, баруун бугалганд цус хуралт, өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.У мэдүүлэхдээ:
2017 оны 10 дугаар сарын 7-ноос 8 шилжих шөнө хойд ээж Батцэцэг архи уугаад аавтай маргалдаад зодолдоод байхаар нь би очоод Батцэцэгийг түлхэж унагаад алгагдсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Эрүүгийн 170801950242 дугаартай хэргээс:
Хохирогч Л.Батцэцэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
Би 2017 оны 10 сарын 06-ны өдөр 18 цагийн үед хойд айлын Готов гэх айлд орсон юм. Тэдний гэрт манай нөхөр Мөнхөө унтаж байсан ба тэдний гэрт 2 том савтай Нийслэл нэртэй пивыг Готовын эхнэр Баянаагийн хамтаар уусан юм. Тэр хоёр пивыг уучихаад Готовын гэрээс гарч хажуугийн Хоролсүрэн гэх айлд ганцаараа ороход тэдний гэрт Хоролсүрэн хүүхэдтэйгээ хамт, манай дагавар хүү У нар сууж байсан юм. Тэр хоёр пиво ууж байгаа бололтой том савтай 1 ширхэг пиво тавьчихсан сууж байсан юм. Тэгээд тэндээс гарч яваад гэртээ очиход манай нөхөр Мөнхөөө ирчихсэн гэртээ унтаж байсан. Мөн манай охин Халиунаа манай зээ охинтой хамт, мөн манай төрсөн дүү Болдоо “намайг Ууганбаяр гэрээс чинь хөөгөөд хөнжил гудас гаргаж шидсэн” гэж хэлээд байж байсан. Тэгээд Болдоо манай гэрээс гараад явсан юм. Тэгээд миний уур хүрээд нөхөртөө уурлаад зуухныхаа тагийг авч эргүүлж зуухан дээрээ тавиад, зуухны хажууд байсан дөрвөлжин дотор байсан модыг хоймор луу цацаж тараан хаясан юм. Би дөрвөлжинд байсан модоо тараан хаячихсан гэртээ зүгээр л сууж байхад 2017 оны 10 сарын 07-нд шилжих шөнө 01 цагийн үед дагавар хүү Ууганбаяр орж ирээд шууд миний өмсөж байсан гэрийн халааднаас чирээд гэрээс гаргаад үүдэнд байх жалганы хажууд аваачиж эхлээд миний баруун хацар луу цохисон. Би яг гараараа юм уу, хөлөөрөө цохьсон эсэхийг нь мэдээгүй. Энд тэндгүй зодоход нь би ухаан алдсан. Тэгээд би нэг сэрэхэд эмнэлэгт ирсэн байсан...гэжээ. /хх-12-13/,
Гэрч Д.Мөнхөө мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
Би Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Хамба задгай буюу Хамбын 8 дугаар гудамжны төгсөлд хаягаа аваагүй тоотод өөрийн эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 2017 оны 10 дугаар сарын 06-ны орой би гэртээ хоолоо хийгээд байж байсан чинь манай эхнэр Батцэцэг хойшоо айлд ороод ирнэ гэж гараад алга болсон. Тэгэхээр би хоолоо хийчээд арын айл болох Доржготовынд орсон чинь манай эхнэр гэрийнхэн хүмүүстэй пиво уугаад сууж байхаар би тэд нартай хамт пивоноос нь уугаад түүнээс хойш эхнэр бид хоёр гэр лүүгээ ороод би тасраад унтаж байсан чинь манай эхнэр зуухныхаа тагыг аваад агсараад, шүлсээрээ нулимаад байхаар манай хүү У манай эхнэрийг түлхээд унагасан гэж надад хэлсэн. Түүнээс хойш юу болсонг мэдэхгүй, тэгээд өглөө босоод харсан чинь манай эхнэрийн нүүр царай зодуулаад аймар болсон байхаар нь хүүхдүүдээсээ асуусан чинь Ууганаа ах ээжийг түлхэж унагаад ийм болгосон гэж хэлсэн...гэжээ. /хх-4/,
Гэрч Д.Батчимэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
...Б.Туяа над руу ирээд “эгчээ надад туслаач, манай ээж Батцэцэгийг хойд аавын төрсөн хүү Ууганбаяр нь 2017 оны 10 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө зодоод хэвтэрт оруулсан байнаа гэж хэлсэн бөгөөд эгчээ хоёулаа цагдаагийн газарт очоод өргөдөл өгөөдөхий, манай ээж өөрөө явж чадахгүй, ярьж чадахгүй, нүүр ам нь битүү хавдар” гэж хэлсэн. Тэгээд би ээжийнх нь зургийг харсан чинь ээж нь маш их гэмтэлтэй болсон болохоор цагдаагийн газарт ирсэн...гэжээ. /хх-5/,
Гэрч Д.Буянтогтох мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
...Мөнхөөгийн дагавар охин Халиунаа орж ирээд “ээж ухаан алдаад сэрэхгүй байна, ээжийг Ууганаа зодчихлоо” гэсэн. Би Халиунаатай гэрт орсон чинь Батцэцэг гэртээ орон дээрээ ухаан алдаад унасан, нүүрэн дээр нь алчуур тавьсан, Батцэцэг ухаангүй хэвтээд нүүр ам нь хөхөрсөн байсан...гэжээ. /хх-7/,
Гэрч Б.Халиунаа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
2017 оны 10 дугаар сарын 07-нд шилжих шөнө 00 цаг болж байхад...гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гарахад манай гэрийн урд талд байх жалганы хажууд манай ээж Батцэцэгийг Ууганбаяр нь газар унагаасан дээрээс нь гараараа цохиод байхаар нь би очоод салгах гэтэл намайг түлхээд хойшоо бол гэхээр нь би дахин очиж салгаагүй...нүүр нүд нь хавдаж, хөхөрсөн цус гарсан байсан... гэжээ. /хх-18/,
Гэрч Б.Баярхүү мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
...2017 оны 10 дугаар сарын 07-нд шилжих шөнө 02 цагийн үед У намайг дуудаж сэрээгээд Мөнх-Эрдэнэ гээд найзыг тосоод ирье гэхээр нь зөвшөөрөөд Хоролсүрэнгийн гэрээс гарсан юм. Тэгээд гараад явж байсан чинь У-н аавынх нь гэрийн үүдэнд 2 хүн ноцолдоод сууж байхаар нь Ууганбаярын аав Мөнхөө ахыг газар унагаачихсан хойд ээж Батцэцэг дээр суучихсан заамдаж байсан. Тэгэхээр нь У очоод салгасан ба Мөнхөө ах нэлээд согтсон явж чадахгүй байсан. Харин Батцэцэг эгч согтуу боловч арай гайгүй байсан. Тэр хоёрыг салгаад гэрт нь оруулсан чинь Мөнхөө ахын гэрт Батцэцэг эгчийн дүү Болдоо нь эрүүл сууж байсан...Тэгээд бид хоёр гэрээс гарч доош яваад найз Мөнх-Эрдэнийг дагуулаад буцаж ирэхэд Мөнхөө ахын гэрт хүмүүс шуугилдаад байхаар нь Ууганбаяр түрүүлээд орсон...араас нь Мөнхөө ахын гэрт ороход Батцэцэг эгч зуухны хажууд байх дөрвөлжин дотор байсан модыг гэрийн хоймороор тарааж хаясан, зуухныхаа тагийг аваад Мөнхөө ахыг хэвтэж байхад дээрээс нь хөл рүү нь шидчихсэн юм. Тэгсэн чинь У тэр хоёрыг салгаад “та хоёр цуг байвал нэг нэгнийгээ алах юм байна тусдаа хоно” гээд Батцэцэг эгчийг гэрээс гаргаад дүү Сайханаа гэдэг хүний гэр лүү явуулах гэтэл Батцэцэг эгч Ууганбаярыг гэрээс хөөлөө гээд хэрэлдээд У луу цохих гэж дайрахаар нь гарнаас нь атгаад түлхсэн чинь Батцэцэг эгч газар уначихсан юм...Батцэцэг эгч дахин Ууганбаярыг ална гээд дайрахаар нь Ууганбаяр дахин түлхэж унагаагаад нуруу орчим нь гараараа 2-3 удаа цохих шиг болсон...гэжээ. /хх-20-21/,
Шүүх эмнэлгийн шинжээчийн №12792 тоот актын дүгнэлтэнд:
1.Л.Батцэцэг-н биед баруун гайморовын хөндийн урд, ар дотор ханын бяцарч, сэлтэрсэн, эрүү ясны зөрүүгүй, баруун хацар ясны нуман зөрөөтэй хугарал, хамар яс, баруун ухархайн доод ханын далд хугарал, гайморовын хөндийн цус хуралдалт, баруун зовхи, хацар, шанаа, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт, цус хуралт, баруун бугалганд цус хуралт, өвдөгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-25/,
Шүүгдэгч Д.У-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-54/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-53/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-52/, өргөдөл /хх-3/, шүүгдэгч Д.У-ын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн №12792 тоот шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээч гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.У-ын гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Д.У- 2017 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 8 дугаар гудамжны задгай тоотод иргэн Л.Батцэцэгийг “агсан тавилаа” гэж нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж, түлхэж унаган баруун гайморовын хөндийн урд, ар дотор ханын бяцарч, сэлтэрсэн, эрүү ясны зөрүүгүй, баруун хацар ясны нуман зөрөөтэй хугарал, хамар яс, баруун ухархайн доод ханын далд хугарал, гайморовын хөндийн цус хуралдалт, баруун зовхи, хацар, шанаа, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт, цус хуралт, баруун бугалганд цус хуралт, өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
-Хохирогч Л.Батцэцэгийн “...2017 оны 10 сарын 07-нд шилжих шөнө 01 цагийн үед дагавар хүү Ууганбаяр орж ирээд шууд миний өмсөж байсан гэрийн халааднаас чирээд гэрээс гаргаад үүдэнд байх жалганы хажууд аваачиж эхлээд миний баруун хацар луу цохьсон...Энд тэндгүй зодоход нь би ухаан алдсан. Тэгээд би нэг сэрэхэд эмнэлэгт ирсэн байсан...” гэх /хх-11-12/,
-Гэрч Д.Мөнхөөгийн “...Манай эхнэр зуухныхаа тагыг аваад агсараад шүлсээрээ нулимаад байхаар манай хүү У манай эхнэрийг түлхээд унагасан гэж надад хэлсэн, түүнээс хойш юу болсон мэдэхгүй, тэгээд өглөө босоод харсан чинь манай эхнэрийн нүүр царай зодуулаад аймар болсон байхаар хүүхдүүдээсээ асуусан чинь Ууганаа ах ээжийг түлхэж унагаад ийм болгосон гэж хэлсэн...” гэх /хх-4/,
-Гэрч Д.Батчимэгийн “...манай ээж Батцэцэгийг хойд аавын төрсөн хүү Ууганбаяр нь 2017 оны 10 дугаар сарын 6-ннаас 7-нд шилжих шөнө зодоод хэвтэрт оруулсан байнаа гэж хэлсэн бөгөөд эгчээ хоёулаа цагдаагийн газарт очоод өргөдөл өгөөдөхий манай ээж өөрөө явж чадахгүй, ярьж чадахгүй нүүр ам нь битүү хавдар гэж хэлсэн. Тэгээд би ээжийн зургийг харсан чинь ээж нь маш их гэмтэлтэй болсон болохоор цагдаагийн газарт ирсэн...” гэх /хх-5/,
Гэрч Д.Буянтогтохын “...Мөнхөөгийн дагавар охин Халиунаа орж ирээд “ээж ухаан алдаад сэрэхгүй байна, ээжийг Ууганаа зодчихлоо” гэсэн. Би Халиунаатай гэрт орсон чинь Батцэцэг гэртээ орон дээрээ ухаан алдаад унасан, нүүрэн дээр нь алчуур тавьсан, Батцэцэг ухаангүй хэвтээд нүүр ам нь хөхөрсөн байсан...” гэх /хх-7/,
-Гэрч Б.Халиунаагийн “...манай ээж Батцэцэгийг уг У нь газар унагаасан дээрээс нь гараараа цохиод байхаар нь би очоод салгах гэтэл намайг түлхээд хойшоо бол гэхээр нь би дахин очиж салгаагүй...Ээжийн нүүр нүд нь хавдаж, хөхөрсөн, цус гарсан байсан...” гэх /хх-18/,
-Гэрч Б.Баярхүүгийн “...Батцэцэг эгч Ууганбаярыг гэрээс хөлөө гээд хэрэлдээд Ууганбаяр луу цохих гэж дайрахаар нь гарнаас нь атгаад түлхсэн чинь Батцэцэг эгч газар уначихсан...Миний харснаар газар унасан байхад нь нуруу луу нь 2-3 удаа гараараа цохьсон...” гэх /хх-20-21/,
Шүүх эмнэлгийн шинжээчийн №12792 тоот актын дүгнэлт /хх-25/, шүүгдэгч Д.Ууганбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-54/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-53/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-52/, өргөдөл /хх-3/, шүүгдэгч Д.Ууганбаярын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.У-н гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Дээрх гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Л.Батцэцэг нь өөрийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардалд буюу хор уршигт шүүгдэгч Д.У-аас төлбөр нэхэмжлээгүй тул энэ тогтоолоор Д.У-аас хохирогчид гаргуулах төлбөргүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.У нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.У-т дээрхи зүйл, хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд шүүгдэгч Д.У- нь цагдан хоригдоогүй болно.
Шүүх шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бусад асуудлаар:
Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч Д.У тухайд эд хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авагдаагүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдав.