Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/254

 

           

 

 

   2023           03             07                                      2023/ДШМ/254                 

П.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Нямдорж,

хохирогч М.Г,

шүүгдэгч П.Э,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/39 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М.Гы гаргасан давж заалдах гомдлоор П.Эт холбогдох 2210026691408 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

**** овгийн П.Э, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ********** мэргэжилтэй, ******* хэлтсийн дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Монел ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** хотхоны ** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: *********/;

Шүүгдэгч П.Э нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 1 дүгээр баазын ажлын байран дотор хамт ажилладаг М.Гтай “ажил шалтгаангүйгээр тасалсан” гэж маргалдаж, улмаар түүний толгойн хэсэгт нь сандлаар 2 удаа цохисноос эрүүл мэндэд нь зулайд шарх, зүүн доод араа шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: П.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч П.Эт торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч П.Эт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч П.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээ, эмнэлгийн үйлчилгээ авсан зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, М.Даваасүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч М.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирогч миний эрх зүйн байдлыг дордуулсан, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох хуулийн зарчмыг баримтлаагүй, шүүгдэгчид хөнгөн ял оногдуулах чиглэлийг барьсан, хохирогч намайг Иргэний хуульд зааснаар бусадтай гэрээ байгуулсан үйлдлийг үл ойшоосон Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний биед санаатай хөнгөн гэмтэл учруулсан бол “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байхад санаатай гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хамгийн хөнгөн ял оногдуулж, бусдыг энэ төрлийн гэмт хэрэг үйлдвэл хөнгөн ял оногдуулж болдог жишгийг тогтоосон байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг үйлдэхдээ хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн бол “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байхад шүүх өөрийн гаргасан дүгнэлт буюу шүүгдэгчийг санаатай хүний биед хөнгөн гэмтэл учруулсан байна гэж дүгнэчихээд түүнийг хүндрүүлэх нөхцөлгүй гэж үзсэн нь хуулийг буруу хэрэглэсэн байх ба дээрх хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.9-д “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг” гэж тодотгосон. Шүүх үүнийг хэрэглээгүй аль болох хөнгөн ялыг шүүгдэгчид оногдуулжээ. Шүүгдэгч нь хохирогч надаас насаар залуу, түүний биеийн хүч, миний биеийн хүчийг харьцуулан үзэхэд хэн ч харсан ойлгомжтой бөгөөд шүүгдэгч нь миний амь насыг санаатай бусниулах хэлбэрээр хатуу биет буюу сандлаар миний толгой руу хэд хэдэн удаа цохисон байхад шүүх түүнийг хүндрүүлэх нөхцөл байдал биш, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэсэн нь хуулийг илт буруу хэрэглэсэн, хохирогч миний эрх зүйн байдлыг дордуулсан, шүүгдэгч нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байх үедээ танил талын холбоо сүлбээг ашиглаж хэргийг өөртөө ашигтай шийдвэрлэх буюу зөрчлийн хэрэг болгуулж байсан нь шүүхэд мөн адил нөлөөлсөн байж болзошгүй гэж иргэнийхээ хувьд ойлгож байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хүний баталгаатай эдлэх эрхийг зааж өгсөн бөгөөд уг эрх дотор амьд явах, амь нас эрүүл мэндээ хамгаалуулах, чөлөөтэй байх эрхийг хуульчилж өгсөн байх ба хохирогч би гэмт хэргийн улмаас хохирсон хор уршгийг арилгуулах зорилгоор Иргэний хуульд зааснаар эрүүл мэндийн шалтгаанаар бусад өөрийн хийх байсан үйлдлийг бусдаар гүйцэтгүүлэх зорилгоор гэрээ байгуулж, түүнд хөлс төлөхөөр тохиролцсон байхад шүүх түүнийг авч хэлэлцээгүй хэргийг амар хялбар аргаар шийдвэрлэж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гомдол гаргах эрхийг нээлттэй үлдээсэн хэмээн шийджээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т энэ гэмт хэргийн сэдэл зорилгыг тогтоогоогүй, шүүгдэгч нь бусад хүн түүний үйлдлийг таслан зогсоогоогүй бол хохирогч миний амь насыг бүрэлгэх санаа зорилготойгоор сандлаар миний толгой тус газарт хэд хэдэн удаа цохисон байхад шүүх түүнийг хамгийн бага ялаар шийтгэсэн нь хожим нийгэмд учрах эрсдэлийг нэмэгдүүлсэн хэлбэр гэж би ойлгож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бүхэлд нь өөрчлөлт оруулж, шүүгдэгчид оногдуулсан ял нь хэтэрхий хөнгөн байсныг өөрчилж, хохирогч миний гэмт хэргийн улмаас хохирсон хохирол болох 3.320.000 /гурван сая гурван зуун хорин мянга/ төгрөг гаргуулах шийдвэр гаргаж өгнө үү. Хохирогч би шүүгдэгчид маш их гомдолтой байна” гэв.

Шүүгдэгч П.Э шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй” гэв.

Прокурор Н.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Иргэний журмаар шийдвэрлэх асуудал байтал эрүүгийн шүүхээр шийдвэрлүүлэх гэж байгаа нь үндэслэлгүй. Хохирогчид учирсан бодит хохирлыг шүүгдэгч нөхөн төлсөн байсан. Мөн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байсан. Анхан шатны шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруу дээрээ маргаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд эрх хэмжээнийхээ хүрээнд ялыг хөнгөрүүлж оногдуулсан бөгөөд ажил хөдөлмөр эрхэлдэг учир торгуулийн ялыг биелүүлэх боломжтой гэж үзэж прокурорын гаргасан ялын саналаас бага хэмжээгээр ял оногдуулсан нь үндэслэлтэй. Мөн хохирогчийн зүгээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар шүүгдэгч нь хохирогчийн ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй учир прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч П.Э нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 1 дүгээр баазын ажлын байранд хамт ажилладаг М.Гтай “ажил шалтгаангүйгээр тасалсан” гэж маргалдаж, улмаар түүний толгойн хэсэгт нь сандлаар 2 удаа цохисноос эрүүл мэндэд нь зулайд шарх, зүүн доод араа шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.Гы “...Би энэ оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах ажлын өрөөндөө 10 цагт сууж байхад хэлтсийн дарга Энад руу залгаад хаана байна гэж асуухаар нь өрөөндөө сууж байна гэж хэлсэн. Удалгүй хэлтсийн дарга П.Э өрөөнд орж ирээд ажил төрөлтэй ямар нэг хамааралгүй, миний ар гэрийн талаар ярьж хэрүүл маргаан үүсгэж эхэлсэн. Энэ асуудлаас болоод хоорондоо хэрэлдэж байтал П.Э нь сууж байсан төмөр хөлтэй сандлыг аваад миний толгойн тус газарт 2 удаа цохисон ба тухайн үед ажлын газрын М, Ж нар өрөөнд орж ирээд цагдаа болон эмнэлгийн байгууллагад хандсан. ...” /хх 12-13/,

гэрч Д.Жийн “...2022 оны 10 дугаар сарын 21-ний өглөө шуурхай тарчихаад 10 цагийн үед Мөнхсүлдийн хамт өрөөнд сууж байхад П.Э нь М.Г өрөөнд орж ирээд 5 дахь өдөр ирээгүй, ажил чинь урагшлахгүй байна гэх шалтгаанаар хоорондоо хэрүүл маргаан хийж эхэлсэн. Ингээд М.Г нь наадхаараа цохь л доо гэж хэлсний дагуу шилэн хаалганы цаанаас харахад П.Э нь төмөр хөлтэй сандал толгой дээрээ барьчихсан байхаар нь Мн хамт өрөө рүү нь гүйж очоод маргааныг таслахад Гы толгой хэсгээс цус гарч байсан. ... Төмөр хөлтэй сандлаар 2 удаа цохисон. ...” /хх 26/,

шүүгдэгч П.Эын яллагдагчаар өгсөн “...М.Г хандаж “сарын эцэс болж байна, сарын эцсийн мэдээгээ нэгтгэж өгөх шаардлагатай байна, ажлын цаг ашиглалт сайжруулах” ажлын шугамаар албан шаардлага тавьсан. Гэтэл М.Г нь “би чамд захирагдахгүй, чи бол олон залуучуудын ажлын байрыг хааж энэ албан тушаалд ирчихээд юу яриад байгаа юм” гэж хэлээд босож ирээд намайг заамдаад авсан. Намайг заамдаад авахаар нь нүүрэн тус газарт нь 2 удаа цохиж цааш түлхэхэд сууж байсан сандал дээрээ унасан. ...” /хх 51/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14515 дугаар “...М.Гы биед зулайд шарх, зүүн доод араа шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...” /хх 38-39/ гэсэн дүгнэлт зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хохирогч М.Г “... хүндрүүлэн зүйлчлээгүй, ... санаатай гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хамгийн хөнгөн ял оногдуулсан, ... би гэмт хэргийн улмаас хохирсон хор уршгаа арилгуулах зорилгоор Иргэний хуульд зааснаар эрүүл мэндийн шалтгаанаар бусад өөрийн хийх байсан үйлдлийг бусдаар гүйцэтгүүлэх зорилгоор гэрээ байгуулж, түүнд хөлс төлөхөөр тохиролцсон байхад шүүх түүнийг авч хэлэлцээгүй хэргийг амар хялбар аргаар шийдвэрлэж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гомдол гаргах эрхийг нээлттэй үлдээсэн. ... Иймд шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн тул уг ялыг өөрчилж, хохирогч миний гэмт хэргийн улмаас хохирсон хохирол болох 3.320.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч П.Эын хохирогч М.Гтай “ажил шалтгаангүйгээр тасалсан” гэж маргалдаж, улмаар хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Эын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо хохирогчоос гаргаж өгсөн нотлох баримтын хэмжээнд хохирлыг тооцож, шүүгдэгч П.Эаас хохирогч М.Гд 958.113 төгрөгийг нөхөн төлсөн байгааг дурдажээ.

Хохирогч М.Г нь хүүхдээ өдрийн 50.000 төгрөгөөр тооцож 20 хоногийн турш хүнээр сургуульд зөөлгөсөн, бариачаар бариа хийлгэхэд 1.000.000 төгрөг, хиймэл шүд хийлгэх /хх 85-86/ төлбөр зэрэгт 3.320.000 төгрөгийн /хх 94-95/ хохирол нэхэмжилсэн байх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

Харин анхан шатны шүүхээс тооцоолох боломжгүй эмчилгээний төлбөр, хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн байх тул хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэх боломжгүй юм.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч М.Гы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/39 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч М.Гы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР