Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 114/ШШ2024/0026

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг 
   хүлээн зөвшөөрснийг баталж,
  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай


         Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч, Ө.М нарыг оролцуулан “” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох “2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн гомдлыг шийдвэрлээгүй Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус гомдлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд
                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:
      Нэхэмжлэгч “” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Дархан-Уул аймгийн  тоотод байрлах 213,5 м.кв талбайтай улсын бүртгэлийн дугаартай үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилгыг 1999 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн “” ХХК, түүний төлөөлөгч М.Б нь газрын хамт өмчилж, эзэмшиж байсан. 
           Ингээд тус компанийн М.Б 2003 онд нас барсан бөгөөд үүний дараагаар М.Т миний бие дүү М.Бын компани болох “" ХХК-аас дээрх улсын бүртгэлийн дугаартай үл хөдпөх хөрөнгийг 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 638,69 м.кв газрын хамт шилжүүлэн авсан.

         Цаашлаад М.Т нь “” ХХК-ийг 2006 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Хавдрын хөнгөвчлөх эмчилгээг уламжлалт аргаар хийх” үйл ажиллагааны чиглэлтэйгээр байгуулж үйл ажиллагаа явуулж, эмнэлгийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2007 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Бийн Гаас Дархан-Уул аймгийн Дархан сумын  дугаар байрны баруун талд байрлах Ү-*******, Ү- дүгээр улсын бүртгэлийн дугаартай 2 давхар нийт 213.5 к.м талбайтай үл хөдлөх хөрөнгийг иргэн М.Тгийн нэр дээр Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан. Тус бэлэглэлийн гэрээний дагуу иргэн М.Тгийн нэр дээр дээрх 2 давхар үл хөдпөх хөрөнгийг 2007 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Ү-******* улсын бүртгэлийн дугаартай ******* дугаар гэрчилгээг олгосон, харин тус үл хөдлөх хөрөнгө байршиж байгаа газар нь иргэн Б.Гы үүсгэн байгуулсан “*******” ЗБН-ийн нэр дээр байсан тул Дархан-Уул аймгийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ******* дүгээр захирамжаар тус нөхөрлөлөөс “” ХХК-ийн нэр дээр 527,2 м.кв талбай бүхий газрыг шилжүүлэн авсан.
           Ийнхүү Засаг даргын ******* дүгээр захирамжаар газрыг шилжүүлсэн захирамж гаргахдаа иргэн М.Тгийн дүү М.Б агсны нэр дээрх ” ХХК-аас шилжүүлэн авсан газар болон “*******” ЗБН-ээс шилжүүлэн авсан газрыг нэгтгэж нийт 977.84 м.кв талбай гэж тусгаж, 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ******* нэгж талбарын дугаартай, *******гэрчилгээний дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г 20 жилийн жилийн хугацаатай “Тоогий хоспис” ХХК-ийн нэр дээр гаргасан. 
Дээрх байдлаар газрын хэмжээг нэгтгэж гаргахдаа миний эзэмшлийн газраас одоогийн маргаан үүсгэж байгаа дулааны шугам ажлуулдаг гарааш байрладаг газар болох 86,5 м.кв газрыг хасаж олгосон байх бөгөөд тухайн үед газрын албанаас тодруулахад “нийтийн эзэмшлийн талбай” тул бусад байгууллагуудтайгаа хамтраад ашиглаад явж болно, хэнд ч тухайн талбайг эзэмшүүлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Учир нь тухайн газар нь дээрх байгууллагууд болон манай байгууллагын граашийн орж, гардаг хэсэг байна. Манай байгууллагын газрыг хэмжилт буруу гарсан гэсэн үндэслэлээр 2020 онд дахин хэмжилт хийж, нийт 1 189 м.кв талбайгаар тооцож, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар захирамжаар дахин баталгаажуулж, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ******* дугаар газрын гэрчилгээг олгосон. 
           Манай байгууллага 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандсан боловч хариу өгөөгүй бөгөөд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1-д тус тус зааснаар өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, хариу өгөх үүргийг төрийн байгууллага хэрэгжүүлээгүй болно. Иймд манай байгууллагаас гаргасан 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн гомдлыг шийдвэрлээгүй Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус гомдлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг даалгаж өгнө үү” гэжээ. 
           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч, Ө.М нар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...хариуцагчийн зүгээс “” ХХК-ийн гаргасан өргөдлийг хүлээн аваад талуудыг цуглуулан маргаан бүхий газарт үзлэг хийсэн. Ийнхүү уулзахдаа “талууд эвлэрсэн тохиолдолд зохих мэдээллийг бүртгэх боломжтой” талаар амаар мэдэгдсэн. Бичгээр хариу өгөөгүй тул “” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэв. 
                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:
      “” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан ““” ХХК-ийн гаргасан 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн гомдлыг шийдвэрлээгүй Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус гомдлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт тайлбарлаж, бичгээр гарган илэрхийлсэн. 
         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ:”, 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх...”, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд ийнхүү хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр хуульчилжээ. 
         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч, Ө.М нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх бөгөөд хариуцагч 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар албан бичгээр “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...28.2.1-28.2.8 ...”-д заасан бүх эрхийг, тодруулбал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт олгосон, ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тайлбарласан ба түүнийг ойлгож, зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.
Мөн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хуралдааныг товлон зарлах асуудлыг хэлэлцэлгүй орхисон болохыг дурдах нь зүйтэй. 
       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 
           1.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан “” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан ““” ХХК-ийн гаргасан 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн гомдлыг шийдвэрлээгүй Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус гомдлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 
            2.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж, “” ХХК-д олгосугай. 
           Энэхүү шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй. 

                                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ө.МӨНХ-ЭРДЭНЭ