| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/04242/И |
| Дугаар | 102/ШШ2024/03338 |
| Огноо | 2024-06-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2024/03338
| 2024 оны 06 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2024/03338 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, ТТЭ, * байр, * тоотод оршин суух * овогт * * /рд:*/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
хүсэлт гаргагч *,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1985 оны 12 сарын 01-ний өдрөөс 1995 оны 07 сарын 28-ны өдөр хүртэл АШҮНэгдлийн Харьяа Гутлын Үйлдвэрийн Гүйцэтгэх цехийн 274, 279-р тасгуудад гутлын зуузай суулгах дамжлага дээр ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн удирдах албаны тушаалтны хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтрийн бичилтүүд бичигдээгүйн улмаас, мөн ажлаас гарсан тушаал байхгүйн улмаас ажилласан 10 жил маань хасагдах байдалд хүрээд байна. Би холбогдох баримтыг бүрдүүлэн шүүхэд өөрийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. Миний 1985 оны 12 сарын 01-ний өдрөөс 1995 оны 07 сарын 28-ны өдрийг хүртэл АШҮНэгдлийн Харьяа Гутлын үйлдвэрт ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: *гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 3/, *гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 4/, хүсэлт гаргагчийн оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /хх 5/, Үндэсний төв архив лавлагаа /хх 6/, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын Архивын лавлагаа /хх 7/, БНМАУ-ын XXY Яамны харьяа АШҮН-ийн Гутлын үйлдвэрийн даргын 019 тоот АШҮН-ийн курс төгсөж ирсэн хүүхдүүдийг ажилд авах тухай тушаал, хавсралт /хх 8-9/, Хөнгөн ба Хүнсний Үйлдвэрийн Яамны харьяа Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн захиргааны 320 тоот Залуу ажилчдад тэтгэмж олгох тухай тушаал, хавсралт /хх 10-11/, БНМАУ-ын Хөнгөн ба Хүнсний Үйлдвэрийн Яамны харьяа Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн захиргааны 390 тоот Курсын сонгогчдыг ажилд шилжүүлэх тухай тушаал, хавсралт /хх 12-14/, Хөдөө аж ахуйн хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харьяа гутлын үйлдвэрийн даргын Б/164 тоот Ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралт /хх 15-17/, * шүүхэд гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 18-19/, *ийн шүүхэд гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 20-22/, гэрэл зураг /хх 23/, *гийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 34/.
3. Шүүхээс дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Хүсэлт гаргагчийн хүсэлтээр * /хх 29-30/, * /хх 32-33/ нарыг гэрчээр асуусан тэмдэглэл.
Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч * нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.
* овогт * * нь 1985 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Арьс Ширний Үйлдвэрийн Нэгдлийн Гутлын үйлдвэрт гуталчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан *д 1986 оны 3 дугаар сарын 20-ны өдөр олгогдсон 155196 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, БНМАУ-ын Хөнгөн ба Хүнсний Үйлдвэрийн Яамны харьяа Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн захиргааны 1985 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 320 тоот Залуу ажилчдад тэтгэмж олгох тухай тушаал, БНМАУ-ын Хөнгөн ба Хүнсний Үйлдвэрийн Яамны харьяа Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн захиргааны 1985 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 390 тоот Курсын сонгогчдыг ажилд шилжүүлэх тухай тушаал, БНМАУ-ын XXY Яамны харьяа АШҮН-ийн Гутлын үйлдвэрийн даргын 1986 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 019 тоот АШҮН-ийн курс төгсөж ирсэн хүүхдүүдийг ажилд авах тухай тушаал, Хөдөө аж ахуйн хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харьяа Гутлын үйлдвэрийн даргын 1991 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/164 тоот Ээлжийн амралт олгох тухай тушаал, *д 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр олгогдсон Нийгмийн даатгалын дэвтэр нотлох баримтуудаар, гэрч *, * нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хүсэлт гаргагч *гийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан * овогт * * /рд:уу69052600/-г 1985 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Арьс Ширний Үйлдвэрийн Нэгдлийн Гутлын үйлдвэрт гуталчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан *гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН