Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 47

 

 

 

                                            МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Т.Отгонтөгс,

хохирогч Д.Б

шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Дархан Уул аймаг Шарын гол суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өндөр хүчдэлийн монтёр мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эх, дүү нарын хамт  Налайх дүүргийн 6 дугаар хороо, Ар хүүш гудамжны 1 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хорих ялыг тэнссэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181, 261 дүгээр зүйлийн 181.2.1, 261.1 дэх хэсэгт заснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 331ө дугаартай захирамжаар 2 жил 03 сар 04 хоногийн ялыг өршөөн хасч, 2015 оны 12 дугаар сарын 18-нд хорих ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн  дугаарын регистртэй, Х овгийн Н Н холбогдох 201726011092 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Н.Н нь 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 1-2а тоотод байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хамтран амьдарч Б.Бат-Эрдэнийг зодож, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй байна. Гэм буруугаа хүлээж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ:

2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гол руу явсан. Гол руу эгч, түүний нөхөр хүүхдүүд явсан. Гэртээ ирээд намайг учир зүггүй зодсон, намайг тоосгоор цохиод эрүү хугалсан. Эмчилгээнд гарсан 1.024.530 төгрөгийг Н-с нэхэмжилж байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх болно гэв.

Эрүүгийн 201726011092 дугаартай хэргээс:

Хохирогч Б.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр манай хамтран амьдрагч Н бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байх гэртээ байж байтал манай төрсөн эгч Энхмаа, нөхөр Бат-Ирээдүй, Ука /эрэгтэй/ нар манай гэрт ирээд бид нар Сонсголон гүүрний доод талд байх гол дээр Ука гэх залуугийн Приус 20 автомашинтай очсон. Тэндээ бид нар 16 цагийн үед очоод 2,5 литрийн савтай Нийслэл гэх 2 лааз пивыг уусан ба орой болж бороо орох гээд байхаар нь бид нар буцаад гэр лүүгээ буюу Сонгинохайрхан дүүргийн 3-р хороонд байх гэртээ Н-ын хамт ирсэн. Би орой хүүхдийнхээ сүүг өгөх гээд гадаа хөргөөд зогсож байтал Н гарч ирээд “чи одоо хэзээ ийм болсон юм, надад архи авч өг” гээд миний нүүрэн тус газар нэг удаа цохьсон, миний хүүхдийг өгөөдөх гээд Н хүүхэд булаагаад авчихсан. Тэгэхээр нь би согтуу байж хүүхдээр яах гээд байгаа юм гэтэл Н “адилхан өргөж явчихаад чиний хүүхэд гэж юу байдаг юм” гэж хэлэхээр нь би эгч Энхмаагийн 86860314 дугаар луу өөрийнхөө дугаараас залгаад “Н намайг зодоод агсан тавиад, хүүхдээ авч явна гээд байна” гэтэл Н эгчдээ хэллээ гээд миний гэдэс рүү өшиглөөд намайг зөндөө зодсон ба манай эгч Энхмаа удалгүй орж ирээд хүүхдийг булаагаад гарах гэтэл Нямбаяр үснээс нь татаад унагаахаар нь би хүүхдээ автал Нямбаяр намайг тоосгоор эрүү тус газар цохиж, мөн хөлөөрөө зөндөө өшиглөөд хүүхэд аваад зугтаахаар нь би цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн...Миний бие Н-т зодуулсныхаа дараа ГССҮТ-д 3 хоног хэвтэж эрүүний хагалгаанд орж 8 шүрүүп тавиулсан...гэжээ. /хх-39-41/,

Гэрч Б.Гүнжинлхам мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр миний төрсөн дүү Энхмаа над руу утсаар яриад “Н- Бат-Эрдэнийг зодоод байна, та хүрээд ирэх үү” гэхээр нь би “та нар цагдаад хандаач, юм л бол над руу ярих юм” гэж хэлчихээд би цагдаа руу залгаж дуудлага өгөхөд “энэ дуудлагыг авчихсан байгаа, одоо манай цагдаа нар очиж байгаа” гэж хэлж байсан. Тэгээд удалгүй Энхмаа над руу яриад “бид нар гэмтлийн эмнэлэг дээр байна. Та гэмтэл дээр ирэх үү” гэхээр нь би гэмтлийн эмнэлэг дээр очиход Бат-Эрдэнийн эрүү нь хугарсан байсан бөгөөд би тэр өдрөө СХД-ийн цагдаагийн хэлтэс дээр ирж өргөдөл өгсөн юм...” гэжээ. /хх-50-51/,

Гэрч Н.Отгонзул мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Ах маань зөн төрхийн хувьд төлөв даруу зантай, хүний үнэнд сайн ордог бөгөөд сүүлийн үед Бат-Эрдэнэ гэдэг хүүхэнтэй хамт амьдарч эхэлснээс архи дарс уугаад ааш авир нь өөрчлөгдсөн байсан...Урьд нь 2 удаа хэрэгт холбогдож 1 удаа шоронд явж байсан. Н ах 2013-2017 он хүртэл Бат-Эрдэнэ гэдэг хүүхэнтэй цуг амьдрах хугацаандаа 4 сартай Энэрэл гэдэг хүүхэд өргөж авсан бөгөөд хүүхдээ өсгөж чадахгүй байсан учраас 2017 оны 5 дугаар сард хүүхдээ буцаагаад ээжид нь өгчихсөн юм...” гэжээ. /хх-106-107/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн №7206 тоот актын дүгнэлтэнд:

1.Б.Бат-Эрдэнийн биед доод эрүү ясны хоёрлосон хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар  алдалтанд нөлөөлөхгүй.

4.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хх-18/,

Шүүгдэгч Н.Н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44/, өргөдөл /хх-04/, шүүгдэгч Н.Н сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн №7206 тоот шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээч гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Н-н гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж,  хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Н.Н нь 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 1-2а тоотод байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдарч Б.Бат-Эрдэнийг зодож доод эрүү ясны хоёрлосон хугарал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь

-Хохирогч Б.Бат-Эрдэнийн “...2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр...би орой хүүхдийнхээ сүүг өгөх гээд гадаа хөргөөд зогсож байтал Нямбаяр гарч ирээд “чи одоо хэзээ ийм болсон юм, надад архи авч өг” гээд миний нүүрэн тус газар нэг удаа цохьсон... миний гэдэс рүү өшиглөөд намайг знөдөө зодсон...би хүүхдээ автал Нямбаяр намайг тоосгоор эрүү тус газар цохиж, мөн хөлөөрөө зөндөө өшиглөөд хүүхэд аваад зугтаахаар нь би цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн...” гэх /хх-39-41/,

-Гэрч Б.Гүнжинлхамын “...2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр миний төрсөн дүү Энхмаа над руу утсаар яриад “Нямбаяр, Бат-Эрдэнийг зодоод байна, та хүрээд ирэх үү” гэсэн...Тэгээд удалгүй Энхмаа над руу яриад “бид нар гэмтлийн эмнэлэг дээр байна. Та гэмтэл дээр ирэх үү” гэхээр нь би гэмтлийн эмнэлэг дээр очиход Бат-Эрдэнийн эрүү нь хугарсан байсан...” гэх /хх-50-51/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн №7206 тоот актын дүгнэлт /хх-18/, шүүгдэгч Н.Н-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44/, өргөдөл /хх-04/, шүүгдэгч Н.Н-н сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Н-н гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Дээрх гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Б.Бат-Эрдэнэ нь өөрийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардалд буюу хор уршигт шүүгдэгч Н.Н-с 1.024.530 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэлтэй холбоотой баримт хавтас хэрэгт авагдсан байх тул энэ мөнгийг шүүгдэгч Н.н-с нөхөн гаргуулж хохирогч Б.Бат-Эрдэнэд олгох нь зүйтэй байна.

Хохирогч Б.Бат-Эрдэнэ цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай бөгөөд эмчилгээнд гарах зардлаа шүүгдэгчээс нэхэмжилнэ гэх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Н нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Нямбаярт дээрхи зүйл, хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Н.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд шүүгдэгч Н.Нямбаяр нь 2 хоног баривчлагдсан болно.

Шүүх шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бусад асуудлаар:

Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч Н.Н-ын тухайд эд хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авагдаагүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдав.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал улсын яллагчаас шүүгдэгчид санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ял болгон оногдуулах талаар дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Н.Н- тодорхой эрхэлсэн ажилгүй тул өмгөөлөгчөөс гаргасан саналыг хүлээн авах боломжгүй байна.