Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2020/01904

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х-” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/01296 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Х-” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Б-” ХХК-д холбогдох,

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 51 791 967.58 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Т

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Г,

Хариуцагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х-” СӨХ-г 2016 оны 8 сарын 14-ний өдөр 17 дугаар байрны оршин суугч, иргэд өөрсдийн хүсэл сонирхлоороо санал нэгдэн байгуулж хууль, эрх зүйн үндэслэл дүрэм журмын дагуу ажиллаж эхлэхдээ барилга барьсан “Сэйгэм ням” ХХК-ийн борлуулалтын албаар дамжуулан оршин суугч иргэдээс сар бүр хураах хураамжийг бусад хэрэглээний хураамжтай нэгтгэн нэг бичилтээр хамтатган хураалгаж СӨХ-ны 5925197091 тоот “Хаан банк”-ны дансанд төвлөрүүлж байхаар тохиролцон, СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоол гарч хамтран ажиллаж байсан. Хураамж сар сардаа төвлөрч, оршин суугчид үйл ажиллагаандаа урамшиж орц, лифт, гадаад, дотоод орчны цэвэрлэгээ үйлчилгээ ч сайжирч эхэлсэн. Гэтэл 2017 оны 1 сараас эхлэн, Б.Уранбаяр СӨХ-ны дансанд хураамжийг төвлөрүүлээгүй бөгөөд 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс “Б-” ХХК гэгч гарч ирээд СӨХ-ны хураамжийг хууль бусаар СӨХ-ны оршин суугч иргэдийн хэрэглээг хязгаарлах аргаар дарамтлан, хураасаар 2018 оны 3 сарын 31-ний өдрийг дуустал нийт 9 сар хураамжийн мөнгийг бэлэн болон бэлэн бусаар хурааж, булаан авсан нь баримтаар бүрэн тогтоогддог. Энэ 9 сарын хугацаанд 9 төрлийн төлбөрөөр нийт 38 951 159.30 төгрөг хураан авсан боловч оршин суугч иргэдээс эрх зүйн талаар ямар ч зөвшөөрөлгүй бөгөөд 17 байр 2015 оны 2 сарын 15-ны өдөр ашиглалтанд орж, улсын комисс хүлээн авсан тул 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 сарын 31-ний өдрийг дуустал ямар ч засвар үйлчилгээ гараагүй ба “Б-” ХХК нь засвар гарсан ч хийгээгүй тул дээрх хураамжийг компаниуд хоорондын зохион байгуулалттай булаалт гэж оршин суугч иргэд үзэж нэхэмжлэл гаргаж байгаа. 2017 оны 1 сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал 6 сар 25 967 446 төгрөг 20 мөнгө, 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 сарын 31-ний өдрийг дуустал 3 сар 12 983 723 төгрөг 10 мөнгө, 9 сард нийт хураасан дүн 38 951 169 төгрөг 30 мөнгө, 2017 оны алданги жилийн 12 хувь буюу 7-12 сарын 2 337 070 төгрөг 16 мөнгө, 2018 оны алданги жилийн 12 хувь буюу 1-12 сарын 4 954 588 төгрөг 78 мөнгө, 2019 оны алданги жилийн 12 хувь буюу 1-12 сар 5 549 139 төгрөг 38 мөнгө, нийт алданги 12 840 798 төгрөг 28 мөнгө бөгөөд нийт нэхэмжлэх дүн 51 791 967 төгрөг 58 мөнгийг “Б-” ХХК-иас нэхэмжлэхээр оршин суугч иргэд болон “Х-” СӨХ-ны хяналтын зөвлөлөөс шийдвэрлэсэн. “Б-” ОСНААК-иас Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.3, 13.2.2, 12.4.2, 12.4.3, 12.4.4, 21 дүгээр зүйлүүд, Иргэний хуулийн 147, 148 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү. Уг асуудал хууль зөрчигдсөн бөгөөд нэгэнт хураагдсан хураамжийг буцааж “Х-” СӨХ-ны дансанд шилжүүлэн, байршуулж өгөхийг удаа дараа албан бичгээр шаардсан боловч тайлангаа тавиагүй, үл ойшоож, сүүлийн үед хэл амаар доромжилж байгаа бөгөөд 17 дугаар байрны усан хангамж, халаалт, дулаан хэвийн тогтвортой биш, үйлчилгээ авахад цаг их алддаг, өмч хөрөнгөөрөө иргэд хохирох зэрэг асуудлаас болж оршин суугч иргэдийн хүлээлт тэвчээр дуусаж байгаад зохих ёсоор хүндэтгэлтэй хандаж өгнө үү гэжээ.

           

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б-” ХХК нь 2017 оны 6 сарын 20-ны өдөр “ЖСК” ХХК-ийн хүсэлтээр “Сэйгэм ням” ХХК-ийн захиалгаар баригдсан Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 17 дугаар байр, 76 айлын сууцны ашиглалт буюу СӨХ-ны үүргийг гэрээний үндсэн дээр нэг жилийн хугацаатай ажиллаж байсан болно. Ажиллах хугацаанд жижүүр, цэвэрлэгч, лифтчин, нягтлан бодогч, цахилгаанчин нарыг ажиллуулж байсан бөгөөд нийтийн эзэмшлийн цахилгаан, дулаан, ус, лифтний үйлчилгээний, цэвэрлэгээний материал, орцны засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл, тоноглол, хогны төлбөр оршин суугчдаас хураагдсан төлбөрийг харъяалагдах газруудад болон ажиллагсдын цалинд өгч байсан юм. Ингээд “Х-” СӨХ нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн, ажиллуулах хүсэлт гаргасан тул бид ямар ч өр төлбөргүйгээр үйл ажиллагааг хүлээлгэн өгсөн болно. Манай компанийн зүгээс харин ч нилээдгүй хэмжээний алдагдалд орсон бөгөөд зарим оршин суугчдаас огт төлбөр төлөхгүй байсаар өдийг хүрсэн. Нэхэмжлэгч нь авах ёсгүй мөнгө авсан гээд байгаа юм уу, аль эсвэл илүү хураасан гээд байгаа юм уу, эсвэл хураах ёсгүй гээд байгаагийн аль болохыг ойлгохгүй байна. Манай компани харин ч төлбөр нэхэмжлэх ёстой бөгөөд “Х-” СӨХ нь нийтийн эзэмшлийн цахилгааны болон усны төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Х-” СӨХ-ны хариуцагч “Б-” ХХК-иас 51 791 967 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Б-” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 416 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх шийдвэрээ хуульд нийцсэн хууль ёсны, үндэслэл бүхий нотлох баримт дээр тулгуурлан гаргах ёстой байтал оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд үл хүндэтгэлтэй хандан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэлээр хийж гүйцэлдүүлэлгүйгээр шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. 1.Ажиллагааны явцад шинжээч томилох хүсэлт гаргасан ч хангаагүй, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаж хангаж байсан боловч (2020 оны 3 сарын 20-ны өдрийн захирамж) шийдвэрийн биелэлтийг хангаагүй, нэхэмжлэгчийг төөрөгдүүлж, залхааж удаа дараа (15удаа) хойшлогдон байж, шүүх хурлыг ямарч нотлох баримтгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож тухайн сууц өмчлөгчдийн холбооны гишүүд болох айл өрх (400 гарүй иргэн)-ий эрх ашгийг ноцтой хохироосон бөгөөд, шийдвэртэй хариуцагч болох “Баатар дулаан хан” ХХК-ийг нэхэмжлэгч хэмээн шийдэж тэмдэгтийн хураамж төлсөн байдлаар дурдан шийдвэрлэсэн. (тогтоох нь: хэсгийн 2-р заалтын 3-р мөрний төгсгөлийн үгнээс 4, 5-р мөрөнд дурдсан) 2. Мөн шийдвэрийн тэмдэглэх хэсэгт: “Х-” СӨХ-ны 2 удаагийн хурлын (проткол №1,тэмдэглэл №2) тэмдэглэлд “Баатар дулаан хан” ХХК хууль бус хурааж завшсан хураамжийг нэхэмжлэх асуудлыг хэлэлцээгүй гэж зориуд худлаа дурдаж нэхэмжлэгчийг үгүйсгэсэн. Гэтэл “Х-” СӨХ-ны гишүүдийн 2018 оны 3 сарын 17-ны өдрийн хурлын проткол №1-ийн 4 дэх талын доороосоо 10 дахь мөрнөөс энэ асуудлыг заалт болгон тэмдэглэхдээ: санал асуулгын дүнг тодорхой тайлбарлаж оруулсныг зориудаар гуйвуулж, шийдвэрийн 3-р нүүрний доороосоо 7 дахь мөрнөөс төгсгөл хэсэгт хурлын тэмдэглэлд өр төлбөр авах асуудал дурдагдаагүй, яригдаагүй байна гэж тэмдэглээд шийдвэрлэсэн. Мөн СӨХ-ны 2018 оны 6 сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэлийн 4-р нүүрний 1-10-р мөрөнд болон энэ 4, 5-р нүүрэнд “хураамжийн өр төлбөрийг тооцож авах, нэхэмжлэх тухай тодорхой тэмдэглэж, СӨХ-нд үүрэг болгосон байдаг. Шинжээч томилуулах хүсэлт гаргасан ч шүүхийн зүгээс шийдвэрлэж өгөөгүй бөгөөд олон улсын стандартын дагуу Монгол Улсад мөрдөж хэрэгжуулж байгаа санхүүгийн их маягт №-ын дагуу, тус 17-р байранд мөрдөж хөтөлсөн орлого, зарлага, үйлчлэгч томилсон тушаал, мэргэжлийн лефтний ХХК-тай хийсэн гэрээ төлбөр төлөлт, засвар үйлчилгээний материалын зарцуулалтын тооцоо болон дүүргийн захиргаанаас СӨХ-ны үйл ажиллагаа явуулах эрх бүхий гэрчилгээтэй зэрэг анхан шатны 5 төрлийн баримтаа гаргаж тоцоо нийлэхийг хүсэлтээр шаардахад шүүхийн захирамжийг биелүүлэх асуудлаар 2 удаа хариуцагч тал хурал хойшлуулсан боловч шүүх, шүүгч шийдвэрээ биелүүлэх талаар ажиллаагүй бөгөөд хурал эхлэхэд уг асуудлыг шаардахад шүүгч энэ төрлийн баримт гэж чухам юу юм бэ би ойлгохгүй байна хариуцагч тал ойлгож байна уу гэж асуухад тэд ойлгохгүй байна хууль бус зүйл шаардлаа гэж хурлаа хийсэн. 4.2017 оны 7 сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 сарын 31-ний өдрийг дуустал нийт 9 сарын хугацаанд Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо, 17-р байранд СӨХ-ны үйл ажиллагааг хууль бусаар явуулж мөнгө хурааж авснаа зөвшөөрдөг маргадаггүй бөгөөд орлого, зарцуулалтаа хууль бусаар дансны гадуур бэлэн мөнгөөр явуулсан тул баримт ил гаргахаас зайлсхийж элдэв хууль бус аргаар тухайн 17-р байранд хамааралгүй (34, 90, 64 дүгээр байранд) зарцуулсан эрээвэр хураавар хуурамч баримтыг тус 17-р байрнаас хураасан мөнгөний зарцуулалтанд гаргаж өгсөн нь хэтэрхий хууль болоод нэхэмжлэгч талыг доромжилсон асуудал байсаар л байгаа. “Х-” СӨХ-ны зүгээс шийдвэрт зориудаар сөргөөр дурдсан дээрх зүйлүүдэд гомдолтой байгаа ба 2 удаагийн хурлын тэмдэглэл, мөн 2 удаагийн санал (2018 оны 3 сарын 17-нд 66 өрх, 2019 оны 11 сарын 25-ны өдөр 51 өрхүүд нотолсон) асуулгын нэгдсэн дүн байсаар байхад хүсэлтээр шаардсан нотлох баримт гаргуулаагүй, шинжээч томилж өгөөгүй, нэхэмжлэгч хариуцагчийг зөриудаар сольж тэмдэглэж шийдвэрлэсэн зэрэг ноцтой алдаанууд байх тул шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч “Х-” СӨХ нь хариуцагч “Б-” ХХК-д холбогдуулан оршин суугчдаас үндэслэлгүйгээр хураасан гэх 38 951 159 төгрөг, алданги 12 840 798 төгрөг, нийт 51 791 967.58 төгрөг гаргуулах тухай шаарлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч, хариуцагч  нарын нэрийг сольж бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасныг зөвтгөн өөрчлөх боломжтой гэж үзлээ.

            Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 17 дугаар байрны оршин суугчид нь 2016 оны 10 сарын 04-ний өдөр “Х-” СӨХ-г үүсгэн байгуулж, тус дүүргийн Засаг дарга 2016 оны 10 сарын 17-ны өдөр 73 дугаартай гэрчилгээг олгосон байна. /хх-ийн 7-р тал/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “Х-” СӨХ нь тус орон сууцны захиалагч “Сэйгэм ням” ХХК-ийн борлуулалтын албаар дамжуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг оршин суугчдаас хурааж байсан бөгөөд хариуцагч “Б-” ХХК нь 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс эхлэн СӨХ-ны төлбөрийг үндэслэлгүйгээр хурааж эхэлсэн тул 38 951 159 төгрөг, алданги 12 840 798 төгрөг, нийт 51 791 967 төгрөгийг гаргуулна гэсэн бол хариуцагч татгалзалдаа манай компани нь тус орон сууцны гүйцэтгэгч “ЖСК” ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр СӨХ-ны үүргийг 1 жилийн хугацаанд гүйцэтгэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан. /хх-ийн 1-3, 49-р тал/

            Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас үзвэл хариуцагч “Б-” ХХК нь барилгын гүйцэтгэгч “ЖСК” ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 17 дугаар байрны оршин суугчдаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг хурааж, оршин суугчдыг ус, дулаанаар хангаж, засвар үйлчилгээг явуулж байсан үйл баримт тогтоогдсон байна.

            Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт “сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй” гэж заажээ.

Хариуцагч “Б-” ХХК нь гэрээний үндсэн дээр 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд оршин суугчдаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг хурааж, холбогдох байгууллагад шилжүүлж, оршин суугчдыг ус, дулаанаар хангаж, засвар үйлчилгээг явуулж байсан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд хариуцагч “Б-” ХХК-ийг СӨХ-ны төлбөрийг үндэслэлгүйгээр хураасан буюу нийт 51 791 967.58 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй, анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасантай нийцжээ.

Нөгөө талаар дээрх хугацаанд хариуцагч “Б-” ХХК нь оршин суугчдаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг хурааж, оршин суугчдыг ус, дулаанаар хангаж үйл ажиллагаа явуулж байсныг сууц өмчлөгчдийн холбоо хүлээн зөвшөөрч байсан бөгөөд засвар үйлчилгээ муу байгаа талаар хуралдаж, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг сууц өмчлөгчдийн холбоо өөрөө буцаан авахаар тогтсон нь хурлын тэмдэглэлээр нотлогдож байна. /1-р хх-ийн 14-16-р тал/

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо шүүх хэргийн оролцогчийн нотлох баримт гаргуулах болон шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүйд гомдолтой байна гэжээ. Нотлох баримт гаргуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг шүүх хангасан боловч тус хүсэлтээсээ нэхэмжлэгч тал татгалзсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн, шинжээч томилуулах хүсэлтийг хэрэгт ач холбогдолгүй гэж хангахгүй орхисон шүүхийн ажиллагааг буруутгах боломжгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч, хариуцагчийн нэрийг сольж бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасныг зөвтгөн өөрчлөх боломжтой бөгөөд энэ нь шийдвэрийг хүчингүй болгох, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүй юм.

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/01296 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х-” СӨХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 416 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 416 910 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ                                         

                                         ШҮҮГЧИД                                         Д.НЯМБАЗАР

                                                                                                 

                                                                                                     Г.ДАВААДОРЖ