| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2020/00810/И |
| Дугаар | 102/ШШ2024/03351 |
| Огноо | 2024-06-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2024/03351
| 2024 оны 06 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2024/03351 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалаж, шүүгч *, * нарын шүүх бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг * дугаар хороо Хангайн * дугаар гудамжны * тоотод оршин суух **
Хариуцагч: Баянгол дүүрэг * дугаар хороо * дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамжны * тоот * ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 3,335,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч * шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: * нь 2015 оны 03 сарын 04-ний өдөр * оношилгооны төвд, 2016 оны 01 сарын 04-ний өдөр Элэгний төвд очиж хепатитийн С вирусийн РНХ тоолох шинжилгээ өгсөн бөгөөд вирус тоологдоогүй гэсэн хариуг авсан. Хэсэг хугацааны дараа буюу 2016 оны 04 сарын 01-ний өдөр Элэгний төв болон 2016 оны 04 сарын 02-ны өдөр Сонгдо эмнэлэгт хепатитийн С вирусийн РНХ тоолох шинжилгээ хийсэн ба мөн хариу нь вирус тоологдоогүй гэж гарсан.
Харин тэрээр 2016 оны 08 сарын 13-ны өдөр * оношилгооны төвд хепатитийн С вирусийн РНХ тоолох шинжилгээ өгсөн ба шинжилгээний хариуд С вирусийн РНХ илэрсэн хариу гарсан. Тухайн үед эмч нь хепатитийн С вирусийн РНХ тоологдсон тул элэгний хатуурал эхэлсэн эсэхийг шалгах хэрэгтэй гэж зөвлөсний дагуу 2016 оны 08 сарын 18-ны өдөр элэгний хатуурал үүссэн эсэхийг шалгах багц шинжилгээг хийсэн бөгөөд элэгний хатууралгүй эрүүл гэсэн хариуг авсан.
Элэгний хатуурал үүсээгүй нь азтай боловч хепатитийн С вирус нь тоологдсон тул эмчээс эмийн жор авч тухайн үед урт цагаанд байрлах эмийн сангаас хепатитийн С вирусийн эмийн 2016 оны 08 сарын 19-ний өдөр 909,200 төгрөг, 08 сарын 24-ний өдөр 1,818,400 төгрөг, нийт 2,727,600 төгрөг буюу 3 сар хэрэглэх эмийг авч уусан.
3 сар эмийг хэрэглэсний дараа вирусийн төлөв байдал хэр өөрчлөгдсөнийг шалгах үүднээс 2016 оын 11 сарын 25, 28-ны өдөр Элэгний төвд шинжилгээ өгсөн. Мөн Элэгний төвөөс хийдэггүй зарим шинжилгээг "*" нэгдсэн төв лабораторид 2016 оны 11 сарын 24, 29, 12 сарын 01-ний өдөр өгсөн. Гэвч тус шинжилгээний хариунууд бүгд элэг эрүүл гэж гарч ялангуяа Элэгний төвөөс 11 сарын 25, 28-ны өдөр авсан хариунууд хепатитийн С вирусгүй гэж гарсан. Тухайн үед Элэгний төвийн эмч нь эрүүл хүн химийн бодис буюу эмийг 3 сар хэрэглэсэн учраас биед ямар нэгэн сөрөг үр дагавар үүссэн байж болзошгүй тул шалгаж үзэхийг зөвлөсөн. Элэгний төвийн эмч зөвлөсний дагуу 2017 оны 03 сарын 27-ны өдөр УБ Сонгдо эмнэлэгт ходоодны дуран хийсэн ба ходоодны зарим хэсэг улайрсан гэсэн хариу авсан.
"* ХХК-ийн оношилгооны төв нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх буюу доголдолгүй, дутагдалгүй оношилгооны үйлчилгээг өгөх үүргийг үйлчлүүлэгчийн өмнө хүлээдэг. Ямар шалтгаанаар болон субьектив хандлагаар шинжилгээний хариу буруу гарсныг жирийн иргэдийн хувьд мэдэх боломжгүй ба үйлчлүүлэгч болон эмч нар нь тус оношилгооны дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Монгол хэлний их тайлбар тольд "оношилгоо өгөх" гэдгийг "өвчин эмгэгээ тодруулан тогтоолгох" хэмээн тодорхойлсон. Оношилгоо өгөх гэдэг нь тус үйлдлээр зогсохгүй оношилгооны үр дүнд өвчин эмгэг илэрсэн тохиолдолд дараагийн арга хэмжээ авах үр дагаварт хүргэдэг. Тиймээс буруу оношилсон тохиолдолд түүний хохирол нь тус үйлдлээр хязгаарлагдахгүй тус үйлдлийн улмаас үйлчлүүлэгчээс авсан дараагийн арга хэмжээнүүдэд салшгүй холбоотой байдаг.
Хэрэв шинжилгээний хариу нь зөв гарч хепатитийн С вирус тоологдоогүй байсан бол их хэмжээний төлбөрийг төлж эмийг худалдаж авах, тус эмийг хэрэглэснээр ямар нэгэн эерэг болон сөрөг үр дагавар үүссэн эсэхийг шалгах шаардлагагүй байсан.
Дээр дурдсан үндэслэлүүдээс үзвэл "*" ХХК-ийн Хаппи веритас оношилгооны төв нь үйлчлүүлэгчид долголдолтой буюу дутагдалтай үйлчилгээг үзүүлсэн бөгөөд үүний улмаас үйлчлүүлэгч нь зохих арга хэмжээг авсан ба тус арга хэмжээнүүд нь оношилгооны төвийн шинжилгээний хариуны улмаас авагдсан тул гэм буруутай үйлдэл болон хохирол хооронд шалтгаант холбоотой болох нь тодорхой байна.
Тиймээс "*" ХХК нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан гэм буруутай үйлдлийг хийсэн, тус үйлдэл нь хохиролтой шалтгаант холбоотой тул тус компаниас буруу оношилсон шинжилгээний төлбөр 200,000 төгрөг, тус оношилгооны улмаас хийсэн багц шинжилгээний төлбөр 206,000 төгрөг, худалдаж авсан эмийн зардал 2,727,600 төгрөг, эмийг хэрэглэсний дараа өгсөн шинжилгээний зардал 135,000 төгрөг, эм хэрэглэсний улмаас сөрөг үр дагавар үүссэн эсэхийг шалгах зорилгоор өгсөн шинжилгээний зардал 67,000 төгрөг, нийт 3,335,600 төгрөгийг гаргуулж *ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч * шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч* овогтой* миний бие нь үргэлжлүүлэн оролцох цаг зав, хөрөнгө мөнгө, сонирхол байхгүй тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч * нь хариуцагч * ХХК-иас гэм хорын хохиролд 3,335,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч * нь ...миний бие нь үргэлжлүүлэн оролцох цаг зав, хөрөнгө мөнгө, сонирхол байхгүй гэсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,320 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч * нь хариуцагч * ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,320 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН
ШҮҮГЧ *
*