| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2018/0000/э |
| Дугаар | 56 |
| Огноо | 2018-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч А.Ганзориг,
шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:
Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 10, эхнэр, эцэг, эх, дүү, 5 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн 3 дугаар гудамжны 35 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн дугаарын регистртэй, Б овгийн О. Б холбогдох 1708025470360 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч О.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 12-нй өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 3-74 тоотод хадам дүү Б.Пүрэвсүрэнтэй “...надтай мэндэлсэнүй...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь мөргөж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ:
2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хадам аавынд очиход хадам дүү гэрт нь байсан. Хадам дүү, төрсөн эгч хоёр нь хоорондоо таарамжгүй байдаг тул би тэр хоёрыг эвлэрүүлэх зорилготой байтал над руу дайраад заамдаад авахааар нь би боолтонд орсон, ухаан балартаад эхлэхээр нь би нэг удаа нүүр лүү нь мөргөсөн. Энэ үйлдэлдээ би гэмшиж байна. Дахин ийм асуудал гаргахгүй, маш их харамсч байна гэв.
Эрүүгийн 1708025470360 дугаартай хэргээс:
Хохирогч Б.П мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
Би 2017 оны 11 дүгээр сарын 12-ны орой 22 цагийн үед...аавтайгаа уулзах гээд ирсэн. Намайг ирэхэд аав Баясгалан, төрсөн дүү Пүрэвдулам тэр хоёр байсан. Тэгээд би аавтай уулзаад 10-20 орчим минут болчихоод аавынхаас гараад явах гэтэл манай хадам ах болох Б аавынд орж ирсэн. Би тухайн үед Батбаяр ахтай мэндлээгүй гараад явах гэтэл Батбаяр ах миний гарнаас татаад буйдан дээр суулгаад “чи яагаад надтай мэндлэхгүй байгаа юм бэ?” гэхээр нь би “та намайг зүгээр явуулчихаа, би тантай яриад байх юм байхгүй ээ” гэж хэлээд гараад явсан. Тэгээд аавынхаас гараад байшингийн өмнө тавьсан машин руугаа суугаад хөдлөөд явах гэж байтал Б ах миний араас машинд орж ирээд явуулахгүй байсан. Тэгэхээр нь би машинаас буугаад буцаад аавын гэрт орсон. Гэтэл Батбаяр ах миний араас орж ирсэн бөгөөд “гөлөг минь ямар овоо гар вэ” гээд намайг заамдаж аваад хаалганы хажуу булан руу шахаж зогсоод духаараа миний уруул руу нэг удаа мөргөж миний уруулыг гэмтээсэн. Тэгээд би Батбаяр ахыг гараараа түлхээд цаашаа холдуулахад аав хүрч ирээд салгасан...гэжээ. /хх-8-9, 14-16/,
Гэрч Ч.Баясгалан мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
2017 оны 11 дүгээр сарын 22-ны орой би охин Пүрэвдуламтай хамт гэртээ байж байсан чинь 21-22 цагийн үед манай хүргэн Батбаяр гаднаас орж ирсэн. Тэгээд цай унд уугаад сууж байтал удалгүй миний төрсөн хүү Пүрэвсүрэн орж ирсэн. Пүрэвсүрэн орж ирээд надтай уулзаад явах гэхэд Батбаяр Пүрэвсүрэнг “чи надтай мэндэлсэнгүй” гэсэн. Тэгээд тэр хоёр хэсэг маргасан. Хүү маань Пүрэвсүрэнтэй маргаад гэрээс гараад явсан. Удаагүй эхлээд Пүрэвсүрэн орж ирсэн. Араас нь Б орж ирээд тэр хоёр үүдний хэсэгт маргасан. Гэтэл Батбаяр Пүрэвсүрэнгийн уруул руу мөргөж уруулыг нь гэмтээсэн... гэжээ. /хх-18-19/,
Гэрч Б.Пүрэвдулам мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
Батбаяр ах орж ирсэн байсан. Манай төрсөн ах Пүрэвсүрэн бас орж ирсэн. Пүрэвсүрэн ах Б ахтай мэндэлж дуугараагүй юм билээ. Батбаяр ах “ах захаа мэдэж мэндэлсэнгүй, эгчийн чинь нөхөр орж ирчихээд байхад” гэсэн. Манай ах “хүнтэй муудалцмааргүй байнаа, би харилаа” гээд машиндаа суусан чинь Батбаяр ах машинд суучихаад буухгүй байсан. Тэгээд ах эргэж хашаанд орж ирээд манай гэрийн үүдэнд хоорондоо барьцалдаж авсан. Ах явлаа гэсэн чинь Б ах явуулахгүй, ах нь чамайг сургаж өгнөө, яасан их ах захаа мэддэггүй юм гээд маргаад байсан. Б ах Пүрэвсүрэн ахтай барьцалдаж байснаа Пүрэвсүрэн ахыг мөргөөд уруулыг нь сэтэлсэн. Бид нар хараад зогсож байсан. Аав салгах гээд дийлэхгүй байсан. Мөргөсний дараад салгаад хэсэг муудалцаж байгаад Батбаяр ахыг аав нь ирээд авч явсан...гэжээ. /хх-20-21/,
Шүүх эмнэлгийн шинжээчийн №14194 тоот актын дүгнэлтэнд:
1.Б.Пүрэвсүрэнгийн биед дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.6.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-26/,
Шүүгдэгч О.Б ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-55/, хохирогч Б.Пүрэвсүрэнийн өргөдөл /хх-6/, шүүгдэгч О.Б сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхний лавлагаа /хх-53/, хорооны тодорхойлолт /хх-54/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн №14194 тоот шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээч гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Б гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч О.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 3-74 тоотод хадам дүү Б.Пүрэвсүрэнтэй “...надтай мэндэлсэнүй...” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь мөргөж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь
-Хохирогч Б.Пүрэвсүрэнгийн “...Батбаяр ах миний араас орж ирсэн бөгөөд “гөлөг минь ямар овоо гар вэ” гээд намайг заамдаж аваад хаалганы хажуу булан руу шахаж зогсоод духаараа миний уруул руу нэг удаа мөргөж миний уруулыг гэмтээсэн...” гэх /хх-8-9, 14-16/,
-Гэрч Ч.Баясгалангийн “...2017 оны 11 дүгээр сарын 22-ны орой...Батбаяр Пүрэвсүрэнгийн уруул руу мөргөж уруулыг нь гэмтээсэн...” гэх /хх-18-19/,
-Гэрч Б.Пүрэвдуламын “...Б ах явуулахгүй, ах нь чамайг сургаж өгнөө, яасан их ах захаа мэддэггүй юм гээд маргаад байсан. Б ах Пүрэвсүрэн ахтай барьцалдаж байснаа Пүрэвсүрэн ахыг мөргөөд уруулыг нь сэтэлсэн...” гэх /хх-20-21/,
Шүүх эмнэлгийн шинжээчийн №14194 тоот актын дүгнэлт, шүүгдэгч О.Б ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-55/, хохирогч Б.Пүрэвсүрэнийн өргөдөл /хх-6/, шүүгдэгч О.Б сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхний лавлагаа /хх-53/, хорооны тодорхойлолт /хх-54/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Б гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Дээрх гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Б.Пүрэвсүрэн нь өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардал нэхэмжлээгүй бөгөөд нэхэмжлэлтэй холбоотой баримт хавтас хэрэгт авагдаагүй тул шүүгдэгч О.Б-с энэ тогтоолоор бусдад гаргуулах төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч О.Б-т дээрхи зүйл, хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч О.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Шүүх шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бусад асуудлаар:
Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч О.Б-н тухайд эд хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авагдаагүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураадсан зүйлгүй болохыг дурдав.