Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 126/ШШ2024/0001

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргасан прокурор: Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор С.Б,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.М*********** ,

Дүгнэлтийн шаардлага: Хөвсгөл аймгийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.М*********** гийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0214655 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор С.Б, хариуцагч Хөвсгөл аймгийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.М*********** , гуравдагч этгээд Ч.Л*********** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Прокурорын дүгнэлтийн талаар.

1.1. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор С.Б нь Хөвсгөл аймгийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.М*********** гийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0214655 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар.

2.1. Хөвсгөл аймгийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч нь гуравдагч этгээд Ч.Л*********** г Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг Шар өвөр гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр ойн зэрлэг гахай агнасан гэх зөрчлийг гаргасан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг үндэслэн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0214655 дугаартай шийтгэлийн хуудсаар 150,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, 2.800.000 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр оногдуулжээ.

2.2. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор С.Б нь зөрчлийн хэргийн материалыг хянаад байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0214655 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 299 дугаартай дүгнэлтийг бичжээ.

Гурав. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор С.Б тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ:

3.1. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор С.Б би тус аймгийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.М***********  нь 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Шар өвөр гэх газар зохих зөвшөөрөлгүй ойн зэрлэг гахай агнасан гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Ч.Л*********** д 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

3.2. Хэрэгт цугларсан зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээж авсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, холбогдогч Ч.Л*********** гээс мэдүүлэг, эд зүйл баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар холбогдогч Ч.Л***********  зөвшөөрөлгүйгээр амьтныг агнасан нөхцөл байдал тогтоогдож байна.

3.3. Гэвч зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад цугларсан дээрх нотлох баримтуудаар Ч.Л*********** гийн агнасан амьтан нь зэрлэг гахай байж болзошгүй байх бөгөөд уг амьтан нь Монгол улсын засгийн газрын 2012 оны 7 дугаартай тогтоолоор (ховор амьтны) жагсаалтыг баталж, хөхтөн амьтны бүлэгт хамааруулан Зэгсний зэрлэг гахай нэршлээр ховор амьтны тоонд оруулжээ.

3.4. Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан үйлдэл эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжийг агуулж байхад Ч.Л*********** гийн үйлдэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, улмаар шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн шинжтэй үйлдлийг орхигдуулж, Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэж, хууль бус үйлдэл хийсэн хүнд ял завшуулах нөхцөл бүрдсэн нь Зөрчлийн тухай хуулийн хууль ёсны зарчим-д нийцэхгүй байна гэж үзлээ.

3.5. Иймд эрх бүхий албан тушаалтны Зөрчлийн хуулийн тусгай ангид заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хууль бус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалтын газрын байгаль орчны хяналтын улсый байцаагч Г.М*********** гийн холбогдогч Ч.Л*********** д шийтгэл оногдуулсан 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0214655 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Дөрөв. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1. Хөвсгөл аймгийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалтын газрын захиргааны хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гомдлыг прокурорт танилцуулахаар оруулж ирснээр танилцахад гэмт хэргийн шинжтэй байна гэж үзсэн. Эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэхдээ Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3-д зааснаар гуравдагч этгээд Ч.Л*********** г 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байсан. Хэргийн материалтай танилцахад гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Зөрчлийн тухай хуулиар төсөөтэй хэрэглэсэн байна гэж үзсэн. Зэрлэг гахай гэдэг байдлаар оруулж ирсэн байсан. Зэрлэг гахай гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хавтаст хэрэгт гэрэл зургийн үзүүлэлт авагдсан байсан. Зэрлэг гахай нь дотроо зэгэсний гахай гэж байдаг. Зэгэсний гахай нь ховор амьтанд хамаардаг. Хэрэв энэ нь ховор амьтанд орвол гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно.

4.2. Мөн тусгай хамгаалалттай газарт ан хийсэн нөхцөл байдал тогтоогдсон. Гэвч хавтаст хэрэгт тусгай хамгаалалттай газар эсэхийг тогтоосон баримт авагдаагүй байсан. Ингэхдээ тусгай хамгаалалттай газар зөвшөөрөлгүйгээр ан агнасан бол Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх шинжтэй. Гэтэл энэ шинжийг шалгаж тогтоогоогүй. Хохирол, хор уршгийн байдлыг тогтоосон нь өөрсдөө шинжээч томилохгүйгээр акт тогтоосон нь үндэслэл муутай байна. Тусгай мэдлэг шаардсан шинжээчийн дүгнэлт гаргасан гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байна. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулах үндэслэлд хамаарахгүй.

4.3. Нотлох баримтыг тогтоох үүрэг байсан боловч хохирлын шинж чанарыг тогтоохгүйгээр хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна гэж үзэж дүгнэлт бичсэн. Дүгнэлтэд эдгээр нөхцөл байдлуудыг дурдсан. Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгаж тогтоохгүйгээр Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэж, үндэслэл бүхий нотлох баримтуудыг хавтаст хэрэгт цуглуулахгүйгээр шийтгэл оногдуулсныг үндэслэлгүй гэж үзэж дүгнэлт бичсэн гэв.

Тав. Хариуцагч Хөвсгөл аймгийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.М***********  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

5.1. Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн, байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.М***********  би Хөвсгөл аймгийн Прокурорын газрын ахлах прокурор хууль цаазын ахлах зөвлөх С.Бийн эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 299 дүгээр бүхий прокурорын дүгнэлттэй танилцлаа. Прокурорын дүгнэлттэй танилцаж дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

5.2. Монгол оронд хоёр зүйлийн гахай бүртгэгдсэн байдаг. Үүнд: Ойн зэрлэг гахай, зэгэсний зэрлэг гахай гэсэн хоёр зүйлийн гахай бүртгэгдсэн байдаг. Хөвсгөл аймагт Зэгэсний зэрлэг гахай бүртгэгдээгүй байна. Зэгсний зэрлэг гахай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтад бүртгэж, монгол орны улаан номонд оруулсан. Ховд аймгийн Булган, Зэрэг, Увс аймгийн Бөхмөрөн, Тэс сумын Нарийн голуудын татам шугуйд хэсэгхэн газарт байдаг. Шаргын гол, Завхан, Хүнгүй голын адаг, Зүүнгарын болон Алтайн өвөр говийн зарим баян бүрд, гол горхи зэрэг газруудаар байршина.

5.3. Ойн зэрлэг гахай нь Хөвч тайга, холимог ой, шинэсэн ойт бүх нутгаар тохиолдоно.Бид мэргэжлийн хүмүүс учир ойн зэрлэг гахай гэдгийг хараад мэднэ. Хөвсгөл аймгийн хэмжээнд нэг зүйлийн ойн зэрлэг гахай тархаж байдаг. Зэгсний гахай манай нутагт байдаггүй. Ойн зэрлэг гахайг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар тухайн жилд агнах агнуурын амьтны тоог баталж хяналтын тоонд багтааж Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтын дагуу тусгай зөвшөөрөлтэй иргэн ойн зэрлэг гахай агнах боломжтой ба зөвшөөрлийг тухайн сумын байгаль хамгаалагч эрх олгоно.

5.4. Ойн зэрлэг гахай гэсээр байтал зэрлэг гахай байж болзошгүй уг амьтан Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны бүлэгт хамруулан Зэгсний зэрлэг гахай нэршлээр ховор амьтны тоонд оруулсан гэх прокурорын дүгнэлт нь шинжлэх ухааны үндэслэлгүй байна.

5.5. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн иргэн Чимгээ овогтой Лхагвасүрэн нь 2023 оны 09 сарын 29-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг Шар өвөр гэх газар зохих зөвшөөрөлгүй ойн зэрлэг гахай 1 (эр) толгойг агнасан нь Монгол Улсын Амьтны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтыг зөрчсөн болох нь хяналт шалгалт, холбогдогчийн мэдүүлэг, гэрэл зургаар баталгаажиж Монгол Улсын Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.4 дэх заалт, 39 дүгээр зүйлийн 39.1.9 дэх заалт, 39 дүгээр зүйлийн 39.3 дахь заалт, Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолыг үндэслэн эрүүгийн хэргийн үндэслэлгүй байсан тул зөрчлийн хэрэг бүртгэлтээр бүртгэж 1 толгой эр ойн зэрлэг гахайн нөхөн төлбөр болох 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ оногдуулж, Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын дагуу 150.000 төгрөгийн шийтгэл оногдуулж хохирлыг бүрэн барагдуулсан болно гэжээ.

Зургаа. Хариуцагч Хөвсгөл аймгийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.М***********  шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

6.1. Монгол Улсад зэгэсний 2 зүйлийн гахай байдаг. Гуравдагч этгээд Ч.Л*********** гийн агнасан гахайн нь ойн зэрлэг гахай байсан. Судлаач н.Батсайхан, н.Сумъяа нарын гаргасан Монгол орны хөхтөн амьтан номонд энэ талаар тодорхой тайлбарласан байдаг. Зэгэсний зэрлэг гахай нь Улаан номонд орсон амьтан юм. Зэгэсний зэрлэг гахай нь манай нутагт байдаггүй. Ховд аймгийн болон баруун аймгуудын нутгаар тархсан байдаг. Ховд аймгийн Хар ус нуурын орчим голын ойр орчимд байдаг.

6.2. Гуравдагч этгээд Ч.Л*********** гийн гахай агнасан газар нь тусгай хамгаалалттай газарт хамаарахгүй. Гуравдагч этгээд Ч.Л***********  нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг Шар өвөр гэх газраас агнасан. Улсын тусгай хамгаалалттай газраас ан агнасан байсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсэх байсан. Хэрэв Улсын тусгай хамгаалалттай газраас бусад газар ан агнасан бол Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3-т зааснаар торгуулийн арга хэмжээ авдаг тул прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Прокурор дүгнэлтдээ ...зэрлэг гахай нь Монгол Улсын Улаан номонд зэгэсний зэрлэг гахай нэршлээр орсон байдаг... гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Зэгэсний зэрлэг гахай, зэрлэг гахай гэдэг нь хоёр өөр амьтан учраас прокурорын дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй, ойлгомжгүй байна гэв.

Долоо. Гуравдагч этгээд Ч.Л***********  шүүхэд гаргасан тайлбартаа:

7.1. Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлттэй холбогдуулан гаргасан захиргааны хэрэгт Чимгээгийн Лхагвасүрэн миний хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөж гуравдагч этгээдээр татагдан оролцох болсон тус прокурорын дүгнэлт болон Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн, байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.М*********** гийн тус шүүхэд гаргасан тайлбартай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

7.2. Тайлбарын утга нь Миний бие Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багт оршин суудаг, малчин, 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг Шар өвөр гэх газар зохих зөвшөөрөлгүйгээр ойн зэрлэг гахай агнасан зөрчил үйлдсэнд холбогдож Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150,000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээсэн.

7.3. Сая прокурорын дүгнэлттэй танилцахад прокурорын дүгнэлт нь үндэслэлгүй, харин байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.М*********** гийн гаргасан тайлбар нь мэргэжлийн хүний тайлбар буюу зэгсний гахай гэдэг амьтан манай нутагт байдаггүй гэсэн нь үндэслэлтэй ба Ан амьтны тухай хуулийн дагуу манай орон нутаг болон Хөвсгөл аймагт гахай агнах зөвшөөрлийг олгодог, манай нутгийнхан болон бусад хүмүүс гахайг зөвшөөрлийн дагуу агнадаг нь үнэн болно.

7.4. Иймд зэрлэг гахайг агнасаар атал зэгсний гахай гэж прокурор дүгнэлт гаргаж захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн нь үндэслэлгүй, иргэн намайг чирэгдүүлж байна. Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн, байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.М*********** гийн тус шүүхэд гаргасан тайлбар нь хууль зүйн болон мэргэжлийн үндэслэл бүхий байна. Иймд прокурорын дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй, шинжлэх ухаан болон холбогдох хууль, тогтоол үндэслэж шийтгэл оногдуулсаар байтал Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдгээ энэхүү тайлбараар мэдэгдэж байна гэжээ.

Найм. Гуравдагч этгээд Ч.Л***********  шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

8.1. Манай адуу руу 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр сүрэг чоно орж адуунаас идэхийг нь идээд явсан байсан учраас тэр мөрөөр явж байсан. Тэгээд ойрхон модон дотроос амьтан гарч ирэхээр нь буудсан. Тухайн гахай зэрлэг гахай байсан. Тэгээд гахайг алж хаяад адуундаа яваад эргэж ирэхэд хээрийн зэрлэг амьтан идээд дуусгасан байснаас үлдсэн багахан хэсгийг байцаагч ирж үзээд аваад явсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх прокурорын гаргасан дүгнэлт, түүний үндэслэл, хариуцагч болон гуравдагч этгээдийн хариу тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр Хөвсгөл аймгийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.М*********** гийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0214655 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүйболгож шийдвэрлэлээ.

2. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар гуравдагч этгээдийг Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг Шар өвөр гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр ойн зэрлэг гахай агнасан гэсэн зөрчлийг гаргасан гэж үзэн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг үндэслэн шийтгэл оногдуулжээ.

3. Уг шийтгэлийн хуудсыг прокуророос ... Ойн зэрлэг гахай гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй бөгөөд хавтаст хэрэгт гэрэл зураг л авагдсан ... зэрлэг гахай нь дотроо зэгэсний гахай гэж байдаг. Зэгэсний гахай нь ховор амьтанд хамаардаг, цаашилбал, гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Мөн тусгай хамгаалалттай газарт ан хийсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Зөрчлийн хэрэгт тусгай хамгаалалттай газар эсэхийг тогтоосон баримт авагдаагүй, хэрэв тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлгүйгээр ан агнасан бол Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх шинжтэй. Гэтэл энэ байдлыг баримтаар шалгаж тогтоогоогүй. Хохирол, хор уршгийн байдлыг тогтоосон нь өөрсдөө шинжээч томилохгүйгээр акт тогтоосон нь үндэслэл муутай ... гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргажээ.

4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна, мөн хэсгийн 1.1-д Тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх, 1.3-д тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх, 1.5-д Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох гэж тус тус заасны дагуу эрх бүхий албан тушаалтан нь зөрчил гаргагчийн зөрчил үйлдсэн талаар нотлох баримтыг бүрэн бүрдүүлж, хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тооцож, зөрчил нь шийтгэл оногдуулах зүйл заалтад нийцэж байгаа эсэхийг шалгаж, шийтгэл оногдуулах нөхцөл байдлыг заавал тогтоох ёстой.

5. Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүхээс Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Шар өвөр гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр зэрлэг гахай агнасан гэсэн гомдлыг Хөвсгөл аймгийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.М*********** д гаргаж, улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж шийтгэл оногдуулахдаа холбогдогчийн мэдүүлэг, фото зургийг үндэслэсэн болох нь хэрэгт авагдсан зөрчлийн хэргийн хувийн хэргээр нотлогдож байна.

6. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ, 2 дахь хэсэгт Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ гэж заасан бөгөөд уг заалтын дагуу эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг шалган тогтоохдоо шаардлагатай нотлох баримтуудыг дээр дурдсан хуульд зөвшөөрөгдсөн арга замаар цуглуулж бэхжүүлэн, зөрчлийн хэрэг бүртгэлийн материал бүрдүүлэх үүрэгтэй.

7. Гэтэл хэрэгт авагдсан 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд ...Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг Шар өвөр гэх газар зохих зөвшөөрөлгүйгээр ойн зэрлэг гахай 1 (эр) толгойг агнасан нь шалгалтаар тогтоогдсон гэж дурдсан атлаа шалгалтыг хэрхэн хийсэнтэй холбоотой баримтуудыг үйлдэж зөрчлийн хэрэгт хавсаргаагүй болох нь прокурорын дүгнэлтдээ хавсарган ирүүлсэн зөрчлийн хэргийн хувийн хэргээр тус тус тогтоогдож байна.

8. Энэ талаар прокуророос шүүх хуралдаан дээр гаргасан ... Зөрчлийн хэрэгт ойн зэрлэг гахай мөн эсэх, тусгай хамгаалалттай газар эсэхийг тогтоосон баримт авагдаагүй, хэрэв тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлгүйгээр ан агнасан бол Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх шинжтэй. Гэтэл энэ байдлыг баримтаар шалгаж тогтоогоогүй. Хохирол, хор уршгийн байдлыг тогтоосон нь өөрсдөө шинжээч томилохгүйгээр акт тогтоосон нь үндэслэл муутай гэсэн тайлбар үндэслэлтэй.

9. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хугацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр, эсхүл гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтныг 1.3-т Агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж, Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заажээ.

10. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл агнасан амьтны төрөл зүйл болон ан амьтан агнасан газраас хамаарч Эрүүгийн хуулиар, эсхүл Зөрчлийн хуулиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахаар байна.

11. Хэдийгээр хариуцагчаас шүүх хуралдаан дээр Бид ойн зэрлэг гахай юм уу, зэгэсний зэрлэг гахай юм уу гэдгийг мэргэжлийн хүмүүс учраас хараад л мэддэг ... Газар нутгийн байршлыг GPS цэгээр энэ газар нь тусгай хамгаалалттай газар биш гэдгийг тэмдэглэсэн байгаа... гэж тайлбарлах боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйл, 7.1 дүгээр зүйлд заасны дагуу холбогдох нотлох баримтыг цуглуулж, зөрчлийн хэрэгт бэхжүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй болох нь зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн материалаар тогтоогдож байна.

12. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр прокурорын гаргасан дүгнэлтийг хангаж, Хөвсгөл аймгийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.М*********** гийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0214655 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.5 дахь заалтад заасныг тус тус баримтлан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор С.Бийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 299 дүгээр дүгнэлтийг хангаж,Хөвсгөл аймгийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.М*********** гийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0214655 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР