Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2020/01903

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“У-” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/02515 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “У-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Б-, Б.У- нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг нийт 189 448 107.67 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагч  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Л

Хариуцагч нарын өмгөөлөгч: Г.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Л.Б-, Б.У- нар нь У-тай 2015 оны 5 сарын 04-ний өдөр нөхцөлт орон сууцны зээлийн гэрээг байгуулан, орон сууц худалдан авах зорилгоор 187 200 000 төгрөгийг 180 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 хороолол, “Консул тауэр” орон сууцны 79 дүгээр байр, 215 тоот 3 өрөө орон сууцыг барьцаалж, 11-525589 тоот барьцаалбарт бүртгүүлсэн. Зээлийн гэрээний 6.2-т “Зээлдэгч зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх сар бүрийн төлбөрийн хуваарийг энэхүү гэрээний хавсралт 1-ийн дагуу банктай тохиролцов” гэж, 7.2.2-т “Гэрээний 4.1-т заасан хугацаанд сар бүрийн төлбөрийн хуваарийн дагуу зээлийн төлбөр болон төлбөрийг банкны зээлдэгчийн зээлийн дансанд төлөх” гэж заасны дагуу зээлдэгч нь авсан зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй байсан. Гэвч зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлбөрийг төлөлгүй, төлбөрийн зөрчил үүсгэсэн нь зээлийн гэрээний 6.3 заасан нөхцөлийг бий болгосны дээр 2018 оны 2 сарын 23-ны өдрөөс хойш үндсэн зээлийн төлөлт хийгээгүй, зээл 766 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Хэдий зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй ч зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, зээлдэгч нарын хүсэлтийн дагуу зээлийг төлүүлэх нэмэлт хугацааг банкнаас олгосон боловч тухайн хугацаанд зөрчлийг арилгаагүй. Дээрх нөхцөл байдал нь зээлийн гэрээний 8.1.5-д заасан нөхцөлийг бий болгож байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 166 970 193.68 төгрөг, хүүний төлбөрт 22 406 032.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 71 881.60 төгрөг, нийт 189 448 107.67 төгрөг гаргуулж, үүргийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нар нь У-тай Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 хороолол, “Консул тауэр” орон сууцны 79 дүгээр байр, 215 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг худалдаж авах зорилгоор 2015 оны 5 сарын 04-ний өдөр ипотекийн зээлийн гэрээ байгуулж, 187 200 000 төгрөгийг 180 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлсэн. Уг зээлийн гэрээний дагуу хариуцагч нар нь ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт 80 253 872 төгрөг буюу ипотекийн зээлийн 33 хувийг төлсөн. Зээлийн үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан графикийн дагуу төлж нийтдээ 254 592 502 төгрөгийг төлсөн боловч 2019 оны 12 сараас эхлээд хариуцагч нарын бизнесийн орлого ашиг муудсанаас болоод зээлээ төлж чадахгүйд хүрч У-инд зээл төлөх хугацааг түр хугацаагаар хойшлуулж өгөх хүсэлтийг гаргасан бөгөөд уг хүсэлтийн дагуу зээлийг төлүүлэх нэмэлт хугацаа олгосон. Гэтэл 2020 оны 4 сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргаж, 2018 оны 2 сарын 23-ны өдрөөс хойш үндсэн зээлийн төлөлт хийгээгүй, зээл 766 хоног хэтрүүлсэн, нэхэмжлэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, зээлдэгч нарын хүсэлтийн дагуу зээлийг төлүүлэх нэмэлт хугацааг банкнаас олгосон боловч тухайн хугацаанд зөрчлөө арилгаагүй гэж нэхэмжлэл гаргаж, хариуцагч нарын 2018 оны 2 сарын 23-ны өдрөөс хойш төлсөн бүх төлөлтийг зөвхөн зээлийн хүүнээс хасаж тооцож, зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний үүрэгт нийт 189 448 107.67 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан зохигчдын байгуулсан 2015 оны 5 сарын 04-ний өдрийн нөхцөлт орон сууцны зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Л.Б-, Б.У- нараас 189 448 107.67 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “У-” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Б-, Б.У- нар шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204073997 дугаартай, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /13380/, Денверийн гудамж, 79 байр, 215 тоот хаягт байрлах, 80 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 175 390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-, Б.У- нараас 1 175 390 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “У-” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн, бодитой дүгнэж чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүй хэргийг шийдвэрлэсэн гэж гомдол гаргаж байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-т “нэхэмжлэгчийн төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Энэ хуулийн ... 65.1.3-65.1.8-т заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байдаг. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “У-” ХХК-ийн хуулийн газрын хуульч Б.Анирмаа нь итгэмжлэлийн үндсэн дээр тус компанийг төлөөлж нэхэмжлэл гаргасан байна. /хх-ийн 1-2 дахь тал/ Б.Анирмаа болон Б.Билгүүн нарт “У-” ХХК-ийн тэргүүн дэд ахирал О.Банзрагч нь 2020 оны 01 сарын 24-ний өдөр Л.Б-, Б.У- нарт холбогдуулж “У-” ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг хэрэгжүүлж оролцох итгэмжлэлийг 2 жилийн хугацаатайгаар олгосон байна. /хх-ийн 7 дахь тал/ Тус компанийн тэргүүн дэд Захирал О.Банзрагчид “У-” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Энхмэнд нь 2020 оны 1 сарын 10-ны өдрийн итгэмжлэлээр 2020 оны 1 сарын 13-ны өдрөөс 2020 оны 1 сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг хэрэгжүүлэх, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулах, банкийг төлөөлж иргэн хуулийн этгээдтэй гэрээ, гүйцэтгэх захирлын бусад эрх, үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхийг итгэмжлэн олгосон байна. /хх-ийн 18 дахь тал/ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр А.Энхмэнд нь компанийн гүйцэтгэх захирлаар бүртгэгджээ. /хх-ийн 19 дэх тал/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг “Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно”, 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл бусад баримт бичгээр тодорхойлно ... итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна” гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт зааснаар төлөөлөгчийн бүрэн эрхийг тодорхойлсон баримт болох итгэмжлэлд хэнээс хэнд, хэзээ, ямар хугацаатай олгож буйг тодорхой тусгасан байхаас гадна чухам ямар эрх эдэлж, үүрэг хүлээх итгэмжлэл олгож байгаа болохыг тодорхой тусгасан байхыг шаардсан байдаг. “У-” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Энхмэндийн тус компанийн тэргүүн дэд захирал О.Банзрагчид олгосон итгэмжлэлээс үзвэл /хх-ийн 18 дахь тал/ О.Банзрагчид компанийг шүүхэд төлөөлөх, нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй, мөн компанийг шүүхэд төлөөлөх, нэхэмжлэл гаргах итгэмжлэлийг Б.Анирмаа, Б.Билгүүн нарт олгох эрхийг олгоогүй байна. Мөн түүнчлэн Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна”, 83.8 дахь хэсэгт “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж тус тус заажээ. Гэтэл хавтаст хэрэгт “У-” ХХК-ийн дүрэм эсхүл гүйцэтгэх захирал А.Энхмэндтэй байгуулсан гэрээ авагдаагүй. Хэдийгээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр А.Энхмэнд нь “У-” ХХК-ийн гүйцэтгэх захирал мөн байх боловч хэрэгт компанийн дүрэм эсхүл гэрээ авагдаагүй байгаа учраас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь дангаараа А.Энхмэндийг “У-” ХХК-ийг шүүхэд төлөөлөх, нэхэмжлэл гаргах, шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг бусад этгээдэд олгох эрхтэй болохыг нотлож чадахгүй байна. Иймд хэрэг авагдсан баримтын хүрээнд Б.Анирмаа нь “У-” ХХК-ийг төлөөлж Л.Б-, Б.У- нарт холбогдуулж тус компанийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь тогтоогдохгүй байна. Гэтэл анхан шатны шүүх үүн дээр огт дүгнэлт хийгээгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхтэй эсэх нь тогтоогдохгүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн, бодитой дүгнэж чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүй гэж үзэх үндэслэл болж байна. Иймд нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

            Нэхэмжлэгч “У-” ХХК нь хариуцагч Л.Б-, Б.У- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 189 448 107.67 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2015 оны 5 сарын 04-ний өдөр нөхцөлт орон сууцны зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “У-” ХХК нь 187 200 000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай зээлдүүлэх, хариуцагч Л.Б-, Б.У- нар нь зээлийн төлбөрийг гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь төлөхөөр харилцан тохиролцож, зээлийг олгосон болох нь талуудын тайлбар, нөхцөлт орон сууцны зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 4-8-р тал/

                        Мөн өдөр талууд нөхцөлт орон сууцны зээлийн барьцааны гэрээ байгуулж, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, “Консул тауэр” орон сууцны 3 дугаар орц, 13 дугаар давхар, 215 тоот, 80 м.кв, 3 өрөө орон сууцыг барьцаалжээ. /хх-ийн 9-10-р тал/

 

                        Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж зөв дүгнэсэн байна.

 

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “… зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй” гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаас гадна талуудын байгуулсан нөхцөлт орон сууцны зээлийн гэрээний 3.2, 3.3-т зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хэмжээний талаар нарийвчлан тохиролцсон байгаа нь хуулиар хориглоогүй хэлцэл тул уг хэлцлээр хүлээсэн үүргээ хариуцагч нар нь биелүүлэх үүрэгтэй юм.

 

Хариуцагч нар нь гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан боловч зээлийн төлбөрийг хуваарийн дагуу хугацаанд нь төлөх үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч “Улаанбаатар хотын” ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийг шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй.

 

            Нэхэмжлэгч “У-” ХХК нь 2018 оны 1 сарын 09-ний өдөр хариуцагч нарт зээлийн гэрээний үүргийг биелүүлэх мэдэгдлийг хүргүүлж, нэмэлт хугацаа олгосон байх бөгөөд хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн тооцоолол зэргээр тогтоогдсон байх тул хариуцагч Л.Б-, Б.У- нараас үндсэн зээлд  166 970 193.67 төгрөг, зээлийн хүүд 22 406 032.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 71 881.60 төгрөг, нийт 189 448 107.67 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “У-” ХХК-д олгож, үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх боловч нэхэмжлэгч “У-” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Энхмэнд нь 2020 оны 1 сарын 10-ны өдөр тус банкны тэргүүн дэд захирал О.Банзрагчид гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг 2020 оны 1 сарын 13-ны өдрөөс 2020 оны 1 сарын 27-ны өдөр хүртэл итгэмжлэн олгосон байна. О.Банзрагч нь 2020 оны 1 сарын 24-ний өдөр Б.Анирмаа, Б.Билгүүн нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 – 25.1.8, 25.2.1 – 25.2.6 дах хэсэгт заасан эрх, үүргийг эдлүүлэхээр итгэмжлэл олгосон нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул энэ талаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм. /хх-ийн 16-17-р тал/

           

                        Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/02515 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 1 175 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.            

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ

     

             ШҮҮГЧ                                Д.НЯМБАЗАР

                                 

                                                                             Г.ДАВААДОРЖ