Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2024/03920

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2024/03920

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, *байр, *тоотод оршин суух, * ургийн овогт * * /рд: */,

Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо,* байр, * тоотод оршин суух, *ууд ургийн овогт * * /рд: */,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, * байр, * тоотод оршин суух, * ургийн овогт А* * /рд: */,

 

Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогч:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч *,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч *,

бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд*,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Х.*д холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч Х.*гийн зүгээс дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Миний бие * онд Улаанбаатар хотод төрсөн. Одоо * настай. Миний бие аав *, ээж *, дүү * түүний охин * хамт Баянгол дүүрэг, * дугаар хороо, 23а байрны 4 тоотод амьдардаг байсан. Энэхүү байр нь Аав *, ээж *, дүү * түүний охин * бид тавын дундын өмчлөлийн байр бөгөөд хууль ёсны өмчлөгчид билээ. Аав * * нь 2007 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нас барсан, дүү * * нь 2007 оны 10 дугаар сарын 25-нд нас барсан, түүний охин * нь 2010 онд АНУ-д сургуульд суралцахаар яваад одоог хүртэл тэндээ ажиллаж амьдарч байгаа, ээж * * нь 2016 оны 9 дүгээр сарын 25-нд нас барсан. Ээж * маань нас барснаас хойш төрсөн дүү болох Х.* нь хаалганы цоожоо сольж намайг гэрээс маань хөөж гаргаса. Үүнээс хойш би орох оронгүй гудамжинд гарч контейнерын хооронд болон орц орцонд хоног төөрүүлж явсаар өдийг хүрсэн. Баянгол дүүрэг, * дугаар хороо, *байрны * тоот байрыг ээж * маань нас барахдаа байрны ордероо надад үлдээсэн боловч дүү Х.*гийн хүүн Энхболд нь корона гараад хүнд хэцүү үед худлаа хэлж байрны ордерыг надаас аваад одоог хүртэл надад эргүүлэн өгөөгүй. Уг байрны өмчлөх эрх нь нас барсан Х.*гийн охин *, бид хоёрын нэр дээр байдаг. Иймд миний бие одоо нас өндөр болж бие минь өвдөж цаашид гудамжид хоног төөрүүлж явахад маш хүнд бэрх байгаа тул хууль бусаар амьдарч байгаа Х.*г байрнаас албадан гаргаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.* миний төрсөн ах бөгөөд бид эхээс зургуулаа, одоогийн байдлаар бидний тав нь эрүүл саруул аж төрж байна. Миний ээж Эрчим хүчний систем байгууллагад ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаанд буюу 1986 онд түүний ажлыг өндрөөр үнэлж, Баянгол дүүргийн * дугаар хороо, * байрны * тоотод орших *өрөө орон сууцыг төрөөс өгсөн. Тухайн үед дээрх орон сууцанд аав *, ээж *, эгч *, түүний охин Г.*, ах Х.*, миний нөхөр *, хүү*, охин *, хүү *, Х.* миний бие амьдарч байсан. Төрөөс үл хөдлөх хөрөнгийг * онд хувьчлах үед манай гэр бүл түр хугацаагаар өөр байранд амьдарч байсан тул эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй хоцорсон болно. Миний нөхөр Япон улс руу ажлаар явснаар миний бие 2 хүүхдийн хамт аав ээжийнхээ хажууд нүүж ирснээс хойш одоо хүртэл маргаан бүхий байранд амьдарч байгаа болно. Миний аав * 2007 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өвчний улмаас нас барах үед ээж *, эгч Х.*, түүний охин Г.*, ах Х.*, миний охин *, хүү*, миний бие Х.* бид аавын хажууд амьдарч байсан бөгөөд миний бие ээжийн хамтаар аавыгаа асарч сувилж байсан. Мөн хамт амьдарч байсан эгч Х.* 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас барсан. Х.* эгчийн охин Г.* нь 2010 онд БНСУ-д сурахаар яваад одоо болтол ирээгүй байгаа болно. Миний ээж * 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өвчний улмаас нас барах үед ах Х.*, миний хүү*, * болон миний бие ээжийн хажууд амьдарч байсан бөгөөд миний бие ээжийгээ асарч сувилж байсан. Ах Х.* архины хамааралтай, тогтсон ажил төрөлгүй, гадуур дотуур их тэнэдэг хүн юм. Миний бие Х.* нь ах Х.*, охин *,*. *ын хамтаар өөрийн аав, ээж болон эгч Х.*гийн үл хөдлөх эд хөрөнгийг хуулийн дагуу өвлөн авсан бөгөөд Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 23 а байрны 4 тоотод орших 3 өрөө орон сууцыг бидний дундын хөрөнгө гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэгч Х.*гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Х.* нь 1968 онд * 6 дахь охин болсон бөгөөд миний аав Хоёрдугаар дулааны цахилгаан станцад инженерээр ажиллаж байх хугацаанд буюу 1986 онд түүний ажлыг өндрөөр үнэлж, Баянгол дүүргийн * дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, * байрны 4 тоотод орших 3 өрөө орон сууцыг төрөөс өгсөн байдаг. Тухайн үед дээрх орон сууцанд аав *, ээж *, эгч *, түүний охин Г.*, ах Х.*, миний нөхөр *, хүү*, охин *, Х.* миний бие амьдарч байсан. Төрөөс үл хөдлөх хөрөнгийг 1999 онд хувьчлах үед манай гэр бүл түр хугацаагаар өөр байранд амьдарч байсан тул эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэлгүй хоцорсон болно. Миний нөхөр Япон улс руу 2002 онд ажлаар явснаар миний бие 2 хүүхдийн хамт аав ээжийнхээ хажууд нүүж ирснээс хойш одоо хүртэл энэ байрандаа амьдарч байгаа болно. Миний аав * 2007 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өвчний улмаас нас барах үед ээж *, эгч Х.*, түүний охин Г.*, ах Х.*, миний охин *, хүү* миний бие Х.* бид аавын хажууд амьдарч байсан бөгөөд миний бие ээжийн хамтаар аавыгаа асарч сувилж байсан. Мөн хамт амьдарч байсан эгч Х.* 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас барсан. Х.* эгчийн охин Г.* нь 2010 онд БНСУ-д сурахаар яваад одоо болтол ирээгүй болно. Миний охин * нь 2008 оноос хойш миний үеэлийн гэрт амьдарч байгаад тусдаа гарсан. Миний бага хүү * 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тухайн хаягт амьдарч байх хугацаанд төрсөн. Миний ээж * 2016 онд 9 дүгээр сарын 26-ны өдөр өвчний улмаас нас барах үед ах Х.*, миний хүү*, хүү * болон миний бие ээжийн хажууд амьдарч байсан бөгөөд миний бие ээжийгээ асарч сувилж байсан. Х.* миний бие айлын бага охин, аав *, ээж *, эгч Х.* нартаа хамт амьдарч, өөрийн биеэр тэднийгээ асарч сувилан бурханы оронд үдсэнийг айл хөрш, миний хамаатан садангууд мэднэ. Төрсөн ах Х.* дээрх нөхцөл байдлыг мэдсээр байж намайг 2 хүүгийн хамт орон гэрээс минь хөөгөөд байгаа учраас өөрийн эцэг, эх болон төрсөн эгчийнхээ хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох зайлшгүй шаардлагатай байна. Орон сууцны өмчлөгчөөр миний аав *, ээж *, эгч Х.*, ах Х.* нар бүртгүүлсэн байдаг бөгөөд ах Х.*гаас бусад нь нас барсан болно. Х.* эрхэлсэн тодорхой ажилгүй, архины хамааралтай бөгөөд аав ээжийн минь гал голомтыг зарж үгүй хийх байх гэж болгоомжилж байна. Миний төрсөн эгч * 1976 онд, эгч * 1975 онд, ах *1978 онд биднээс тусдаа амьдарч эхэлсэн бөгөөд эцэг, эх, төрсөн эгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн өвийг хүлээн авах хүсэлтийг нотариатад гаргаж байгаагүй, нэхэмжлэгч намайг 2 хүүгийн хамтаар тухай орон сууцанд анхнаасаа амьдарч ирсэн дээр маргадаггүй. Миний бие Х.* болон миний хүү*, бага хүү насанд хүрээгүй * нар нь аав *, ээж *гийн үл хөдлөх эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, * байрны 4 тоотод орших 3 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1-д заасны дагуу өвлөн авсан болно. Иймд уг орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Х.*гийн орон сууцнаас нүүлгэн гаргуулах тухай нэхэмжлэлд холбогдуулан Х.* нь дээрх өөрийн эцэг, эх, эгч * нарын хууль ёсны өмчлөгч учир төрсөн хүү *ын хамтаар Баянгол дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол, Энэбишийн гудамж, 23 а байрны 4 тоотод орших 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй болно. Эцэг *, эх * нар нь Х.*д энэ орон сууцаа гэрээслүүлэн үлдээсэн гэрээслэл байхгүй. Нотариатын танхимын өвийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй талаар баримт байгаа. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасан дарааллаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан хүүхэд, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд нь хууль ёсны өвлөгч болно гэж хуулиар зохицуулсан байтал * нь хуульд байхгүй шаардлага гаргажээ. Эх *гийн хувьд оногдох хэсгээс түүний төрүүлсэн 4 хүүхэд хувь тэнцүү өвлөх эрхтэй, энэ талаар хүүхдүүд нь шаардах эрхтэй юм. Х.*гийн хүүхдүүд дээрх орон сууцнаас өмчлөх хууль зүйн үндэслэл байхгүй болно. Х.* нь дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч учир өмчлөх эрхээ хэрэгжүүлэх эрхтэй. Иймд хариуцагч * нь энэ орон сууцыг бүхлээр нь өмчилнө гэж шаардаж буй нь үндэслэлгүй учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Гуравдагч этгээд*оос шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар маргаан бүхий Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 23 а байрны 4 тоот хаягт ээж Х.*г амьдарч байх хугацаанд миний бие төрж, тус хаяг дээр өнөөг хүртэл амьдарч ирсэн болох нь тогтоогдоно. Миний өвөө *, эмээ *, эгч Х.* нарыг нас барах үед миний бие тэдгээр хүмүүстэй хамт амьдарч, ээждээ туслан өвөө, эмээ, эгчийгээ асран сувилж, эцсийн замд нь үдсэн. Миний бие Иргэний хуулийн * дугаар зүйлийн 528.1-д заасны дагуу өөрийн өвөө *, эмээ *, эгч Х.* нарын өвийг хүлээн авсан талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдоно. Миний ээж хариуцагч Х.*гийн төрсөн эгч * нь нэхэмжлэгч Х.*г шүүхэд нэхэмжлэл гаргаж буй мэтээр материал бүрдүүлэн шүүхэд хандаж гуравдагч этгээд* миний Монгол улсын Үндсэн хуулийн Арванзургаа дугаар зүйлийн 3-д заасан үндсэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд гуравдагч этгээд* намайг Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 23 а байрны 4 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн зүгээс бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Гуравдагч этгээд*оос 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Өмчлөгчөөр тогтоолгох үнийн дүн тодорхойгүй. Улсын тэмдэгтийн хураамж бүрэн төлөөгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

7. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн Үүнд: итгэмжлэл /хх 4, 28/, Баянгол дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх 5/, Нас баралтын бүртгэлийн лавлагаа /хх 6/, Нас барсны бүртгэлийн лавлагаа /хх 7-8/, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 1977 тоот албан бичиг /хх 9/, Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хх 11/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх 12/, Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 52-53/, Монголын Нотариатчдын танхимын 64 тоот албан бичиг /хх 84/, Оршин суугаа газрын тодорхойлолт /хх 85-86/, Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх 87-88/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх 89/, Төрөл садангийн лавлагаа /хх 90-91/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 92/, Нас барсны бүртгэлийн лавлагаа /хх 93-94/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн * дугаар шийдвэр /хх 95-98/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2023/01543 дугаар магадлал /хх 99-103/, Сөрөг нэхэмжлэлд тайлбар гаргах нь /хх 125/, Сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар /хх 187/,

 

8. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 20-21/, сөрөг нэхэмжлэл /хх 23-24/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 26-27/, итгэмжлэл /хх 39, 164/, Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын лавлагаа /хх 40, 51/, Төрсний бүртгэлийн лавлагаа /хх 41, 43/, төрөл садангийн лавлагаа /хх 42/, Төрсний гэрчилгээний хуулбар /хх 44, 49, 50/, Баянгол дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх 45, 47/, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 48/, Төрөл садангийн лавлагаа /хх 104-106/, Нас барсны бүртгэлийн лавлагаа /хх 107-109/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШЗ2024/02640 дугаар шүүгчийн захирамж /хх 110-111/, Баянгол дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх 112-113/, Сөрөг нэхэмжлэл гаргах тухай /хх 114-115/, Гэрч М.Энхбилгүүн, М.Олдохбаярын шүүхэд гаргасан тодорхойлолт /хх 117-118/, Итгэмжлэл хүчингүй болгох тухай /хх 178/,

 

9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Бие даасан шаардлага гаргах тухай /хх 179/,

 

10. Шүүхээс дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч *ыг /хх 59-61/, * /хх 150-153/, * /хх 154-155/ нарыг асуусан. Хариуцагчийн хүсэлтээр Монголын Нотариатчдын танхимын 105, 155 тоот албан бичийг гаргуулсан /хх 64, 78/, гэрч *р /хх 136-137/, * /хх 139-140/ нарыг асуусан.

 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй, сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Миний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205013780 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, * дугаар хороо, *байр,* тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нь хууль бусаар эзэмшиж байгаа тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гэсэн.

 

3. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрсөн, хариуцагч Х.* нь дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Орон сууцны өмчлөгчөөр миний аав *, ээж *, эгч Х.*, ах Х.* нар бүртгүүлсэн байдаг бөгөөд ах Х.*гаас бусад нь нас барсан болно. Миний төрсөн эгч * 1976 онд, эгч * 1975 онд, ах *1978 онд биднээс тусдаа амьдарч эхэлсэн бөгөөд эцэг, эх, төрсөн эгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн өвийг хүлээн авах хүсэлтийг нотариатад гаргаж байгаагүй, нэхэмжлэгч намайг 2 хүүгийн хамтаар тухай орон сууцанд анхнаасаа амьдарч ирсэн дээр маргадаггүй. Миний бие Х.* болон миний хүү*, бага хүү насанд хүрээгүй * нар нь аав *, ээж *гийн үл хөдлөх эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 23 а байрны 4 тоотод орших 3 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1-д заасны дагуу өвлөн авсан гэсэн.

 

4. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг эцэг *, эх * нар нь Х.*д энэ орон сууцаа гэрээслүүлэн үлдээсэн гэрээслэл байхгүй. Нотариатын танхимын өвийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй талаар баримт байгаа үндэслэлээр няцаасан.

 

5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд өөрийн шаардлагын үндэслэлээ миний өвөө *, эмээ *, эгч Х.* нарыг нас барах үед миний бие тэдгээр хүмүүстэй хамт амьдарч, ээждээ туслан өвөө, эмээ, эгчийгээ асран сувилж, эцсийн замд нь үдсэн. Миний бие Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасны дагуу өөрийн өвөө *, эмээ *, эгч Х.* нарын өвийг хүлээн авсан гэж маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.1. 1999 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс Баянгол дүүргийн, 15 дугаар хороо, 23а байрны 49 тоот хаягт байршилтай, * дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Х.* болон *, *, Х.*, Г.* нар өмчлөх эрхтэй болсон нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардлага гаргаж буй этгээд өөрөө тухайн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байх, өмчлөх эрхийг зөрчиж буй этгээд нь тухайн эд хөрөнгийг хууль бусаар эзэмших, ашиглах буюу шаардлага гаргаж буй этгээдийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон нь тогтоогдсон байхыг шаардана.

 

Нэхэмжлэгчийг тухайн орон сууцны хууль бус өмчлөгч гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар орон сууцны өмчлөх эрх нэхэмжлэгчид улсын бүртгэлд бүртгүүлснээр үүссэн байна.

 

Маргааны зүйл болох орон сууц нь хариуцагч болон гуравдагч этгээд нарын эзэмшилд байгаа нь талуудын тайлбараар нотлогдож байна.

 

6.2. Хариуцагч Х.*гаас маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг, гуравдагч этгээд*оос мөн маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг гаргасан.

Хариуцагч Х.* болон* нар нь дээрх шаардлагын үндэслэлээ өвийн журмаар өмчлөгч болсон гэж маргаж байна.

 

Хариуцагч Х.* нь *, * нарын төрсөн охин болох нь хариуцагчийн иргэний үнэмлэх, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 2411970001000544 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа баримтаар,

мөн гуравдагч этгээд* нь хариуцагч Х.*гийн төрсөн хүү, * болон * нарын зээ болох нь гуравдагч этгээдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 03-04/311 тоот лавлагаа баримтаар тус тус тогтоогдсон.

 

* нь 2007 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нас барсан, * нь 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 2411930001000853, 2411930001000854 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаагаар тус тус нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт хууль ёсны өвлөгчийг нас барагчийн эхнэр, нөхөр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж заасан учир хариуцагч Х.* хууль ёсны өвлөгч мөн болно.

Харин Иргэний хуулийн 520.1.2-т зааснаар хариуцагч Х.* өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан тохиолдолд гуравдагч этгээд болох* нь хууль ёсны өвлөгч болох боломжтой.

 

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1.Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 528.3-т Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.

 

* 2007 оны 3 дугаар сарын 13-ны өдөр, * 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан байх ба Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар нас барсан өдрөөс өв нээгдэж мөн өдрөөс хойш гурван сарын дотор хариуцагчаас өв хүлээн авах хүсэлтээ гаргах байжээ.

 

Хэргийн 78 дугаар талд авагдсан Монголын Нотариатчдын танхимын 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 155 тоот албан бичигт Сархадын *, * овогтой Баатарын *, * * нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 15 дугаар хороо, Энэбишийн гудамж, 23а байр, 4 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгөд түүний хууль ёсны өвлөгч өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргасан эсэхийг танхимын өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд бүртгэгдээгүй байна гэжээ.

 

Өвлөгч болох хариуцагч Х.*гаас өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж зохих байгууллага, этгээдэд өргөдөл гаргаагүй байх тул түүнийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.

 

Иймд хариуцагч Х.*гийн Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 23а байр, 4 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг, гуравдагч этгээд*ын мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгов.

 

6.3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд мөн зүйлийн 106.2-т зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй тул нэхэмжлэгч нь маргааны зүйл болж буй орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй, хариуцагч нь орон сууцыг чөлөөлөх үүрэгтэй.

Иймд дээрх үндэслэлээр * дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 23а байр, 4 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Х.*гийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 23а байр, 4 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Х.*гийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Х.*гийн Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 23а байр, 4 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг, гуравдагч этгээд*ын Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 23а байр, 4 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс, хариуцагчаас, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*гаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН