| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/02585/И |
| Дугаар | 102/ШШ2024/03953 |
| Огноо | 2024-08-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2024/03953
| 2024 оны 08 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2024/03953 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *дугаар хороо, * байр, * тоотод оршин суух * овогт * * /рд:*/
Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * байр, * тоотод оршин суух * овогт * * /рд:*/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч Д.*,
хариуцагч Ц.*,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.* нь хариуцагч Ц.*т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Ц.*тэй 2006 онд танилцаж, 2007 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн * дугаартай гэрчилгээ авсан. Бидний хүү * 2007 оны 2 дугаар сарын 11-ний өдөр, охин * 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн. 2021 оны 10 дугаар сараас зан харьцаа, болон бусад тааламжгүй байдлаас тусдаа амьдарч байгаа. Тухайн хугацаанаас хойш миний бие Д.*тэй 2 хүүхэд маань цугтаа амьдарч байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө Эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид би Ц.*тэй хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжид авахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Ц.* миний бие Д.*гийн гаргасан гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэр бүлийн хувьд анхнаасаа маш олон асуудлууд болж байсан. Гэр бүл салсан шалтгаан нь байнга хэрүүлтэй, хүүхдүүд айдаг болсон байсан. Би явсан нь энэ гэр бүлд дээр гэж үзэж байна. Би 2 хүүхдээсээ хол байгаа учир сэтгэл санаа маш их хямарсан. Манай нөхрийн хувьд бас хичээж байсан. Би ямар нэгэн хэрүүл маргаангүй цаашид авч явах боломжгүй байсан. Одоогоор би 2 хүүхдийн хэрэглээний зардалыг гаргах боломжгүй. Би хэдийгээр салсан ч гэсэн 2 хүүхэдтэй хамт байхыг зөвшөөрдөг. Би хааяа хүүхдийнхээ хэрэглээний мөнгийг боломжоороо өгч байсан. Энэ хугацаанд ганц нэг хүнтэй холбогдож байсан удаа байгаа. Бид хоёр хэзээ ч нэг нэгэндээ ойлголцолд хүрдэггүй. Хүүхдүүд маань 15, 16 настай учир цаашдаа өөрсдийгөө аваад явчих байх. Охины хувьд ээжтэйгээ ярилцдаг байсан. Хүүхдүүд дандаа ааваасаа асуудаг, аавдаа дарлагддаг байсан. Охин маань ээж дээрээ хамт 10 хоног байсан. Аав нь бол маш сайн аав. Бүх цаг хугацаа, мөнгө төгрөгөө хүүхдүүддээ зориулдаг. Хүүхдүүд аавтайгаа байна гэж надад хэлсэн. Би эд материал санхүүгийн хувьд дутагдалтай байгаа. Миний хувьд хүүхдүүдээ аав дээрээ үлдээхийн зөвшөөрч байна. Тав тухтай байдлын бодоод би зөвшөөрч байгаа. Дараа харин бие сэтгэлийн дарамт үзүүлбэл шүүхэд хандах болно гэв.
3.Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 3/, хүү *, * нарын төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүл мэндийн тодорхойлолт, Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургууль, Нийслэлийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн тодорхойлолт /хх 4-9/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх 10/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх 11/.
4.Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 18/.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгчээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...2021 оны 10 дугаар сараас зан харьцаа, болон бусад тааламжгүй байдлаас тусдаа амьдарч байгаа. ...Эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид би Ц.*тэй хамтран амьдрах боломжгүй гэсэн агуулгаар тайлбарласан.
3. Хариуцагчаас нэхэмжлэлийн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлагуудыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.
4. Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар Д.* болон Ц.* нар гэр бүл болсныг эрх бүхий байгууллага 2007 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 1646 дугаарт бүртгэсэн ба гэрлэгчдийн дундаас 2008 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүү *, 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр охин * нар төржээ.
4.1. Шүүх гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох, мөн гэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс талуудыг эвлэрүүлэхэд анхаарах үүрэгтэй.
Гэрлэгчид Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч тэднийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон болох нь 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 00095 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэлээр тогтоогдож байна.
Гэрлэгчид тусдаа амьдарч байгаа нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байхаас гадна хэн аль нь гэр бүл цуцлахыг зөвшөөрсөн, цаашид хамт амьдрах хүсэлгүй нөхцөл байдлыг үндэслэж шүүхийн зүгээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгүүдэд заасны дагуу эвлэрүүлэх арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
4.2. Хариуцагчийн зүгээс хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй, хүүхдийг эцгийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн, мөн хүүхдүүдийн насны байдлыг харгалзан хүү *, охин * нарыг эцгийн асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасантай нийцнэ.
4.3. Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан * овогт * *, * овогт * * нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 2 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү *, 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин * нарыг эцэг Д.*гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*ээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*д олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарлаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН