Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2024/04016

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2024/04016

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол, Сөүлийн гудамж, * байранд байрлах * хадгаламж зээлийн хоршоо /рд:6376096/

Хариуцагч: Баянгол дүүрэг, * дүгээр хороо, * дугаар хороолол, Хасбаатарын гудамж, * байр, * тоотод оршин суух хаягтай, * овогт * * /рд:*/,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,911,241 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Майдри,

хариуцагч Х.*,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Х.*гоос 2,911,241 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд: * ХЗХ нь 2023.10.03-ны өдөр 2310001 дугаартай Зээлийн гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр 1,200,000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай сарын 2,8%-ийн хүү тооцох нөхцөлөөр байгуулсан бөгөөд зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу 2023.10.20-2024.03.03-ны хооронд зээлдэгч зээлийн хүүгээ төлж, авсан зээлээ төлөх үүрэг хүлээсэн. Мөн гэрээний 2.1.3-т зааснаар нэмэгдүүлсэн хүү 20% байхаар харилцан тохиролцсон болно. Гэвч зээлдэгч гэрээний үүргээ огт биелүүлээгүй буюу нэг төгрөг ч төлөөгүй болно. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллгааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1. Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно. 21.1. Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно гэж заасны дагуу нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нэмэгдүүлсэн хүү 16,077 төгрөг, зээлийн хүү 181,164 төгрөг, үндсэн зээл 1,200,000 төгрөг нийт 1,397,241 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч үүргээ биелүүлээгүйн улмаас шүүхэд хандаж, нотариатын зардал 14,000 төгрөг, өмгөөллийн хөлс 1,815,000 төгрөгийн зардал гаргасан. Бидний байгуулсан гэрээний 7.5-нд нотариат, үнэлгээ, өмгөөлөгчийн хөлс бүрэн төлөхөөр талууд харилцан тохиролцсон гэжээ.

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2023 оны 6 дугаар сард *ХХК-д сэтгүүлчээр ажилд орж, 2023 оны 8 дугаар сараас эфирийн найруулагч, сэтгүүлчээр ажиллаж, 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ажлаас гарсан.*ХХК-д ажиллаж байх үед санхүүгийн асуудал үүсэж ерөнхий захирал* риса өөрийн хамаарал бүхий байгууллага болох * ХЗХ-ноос 1,200,000 төгрөгийн зээлийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шийдвэрлэж өгсөн. Мөн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл ээлжийн эфирийн найруулагч өвчтэй гэсний улмаас 15 хоног тасралтгүй эфирийн найруулагч болон сэтгүүлчээр ажилласан. 2023.09.25-2023.09.30 хүртэлх хугацаанд акттай байсан. Тухайн үед Нийгмийн даатгалын шимтгэл болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байсан учир эмнэлэгт үзүүлэхэд хүндрэл учирсан. Гэтэл 2023.09.20 болон 2023.10.05-ны өдрийн цалингаас тодорхойгүй хасалт хийж дутуу орсон. 2023.09.20-ны өдрөөс эхлэн ерөнхий захирал, нягтлан бодогч нараас цалингийн задаргааг удаа дараа асуухад өгөөгүй. Иймээс байгууллагын өмгөөлөгч болох Д.Майдрид хандахад эгч нь энэ асуудлыг шийдэж өгнө гээд сарын хугацаа өнгөрсөн. 2023.10.20-ны өдөр*ХХК нь цалингаа тавиагүй. Иймд*ХХК-ийн хамаарал бүхий * ХЗХ-нд зээлээ төлж чадахгүй хэцүү байдалд орсон. Тухайн үед ажлын хөлсийг өгсөн бол уг зээлийг төлөх байсан. * ХЗХ-ны өмгөөлөгчийн хөлс болох 1,815,000 төгрөгийг шударга бус гэж үзэж байна. Учир нь * ХЗХ болон*ХХК-ийн өмгөөлөгч болох Д.Майдри нь тогтмол цалинтай ажилладаг байтал зардал нэмж байгааг ёс зүйгүй гэж үзэж байна. Мөн удаа дараа шүүхэд өгнө гэж хэлсэн нь үндэслэлгүй болно гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нэхэмжлэл /хх1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх2/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх3/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх 4-6/, гишүүний гэрээ /хх7/, Зээлийн гэрээ /хх 8-10/, Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ /хх12-13/, Худалдаа, хөгжлийн банкны депозит дансны хуулга /хх14/, Монголын Нотариатчдын танхим мөнгөний тасалбар /хх 15/, итгэмжлэл /хх 46/, нэхэмжлэлийн шаардлага багасгах тухай хүсэлт /хх 47/.

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 17/, хариу тайлбар /хх21/, Зээлийн гэрээ /хх22-23/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хх 24-26/, Зураг /хх 27-40/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх40/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч * хадгаламж зээлийн хоршоо нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,200,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 181,164 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 16,077 төгрөг, нийт 1,397,241 төгрөг, нотариатын зардалд 14,000 төгрөг, өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөг, нийт 2,911,241 төгрөг гаргуулах.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн: Үүнд: * Хадгаламж зээлийн хоршооноос 1,200,000 төгрөгийн зээл авсан.*ХХК нь цалингаа тавиагүй учир*ХХК-ийн хамаарал бүхий * ХЗХ-нд зээлээ төлж чадаагүй. * ХЗХ болон*ХХК-ийн өмгөөлөгч нь тогтмол цалинтай ажилладаг, өмгөөлөгчийн хөлс нэмж нэхэмжилж байгаа нь ёс зүйгүй гэж тайлбарласан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. * хадгаламж зээлийн хоршоо болон Х.* нарын хооронд 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 2310001 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр хариуцагч Х.* нь 1,200,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэй, 20 хувийн нэмэгдүүлсэн хүүтэй нэхэмжлэгчээс зээлэхээр тохиролцсон байна.

 

Хадгаламж зээлийн хоршооны зээл нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зохицуулалтад хамаарах бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Түүнчлэн, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар мөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцдог.

 

Гэрээний дагуу хариуцагч нь 1,200,000 төгрөгийн зээлийг нэхэмжлэгчээс зээлсэн үйл баримтын талаар маргаагүй байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Харин гэрээний хугацаа 2024 оны 3 дугаар сарын 03-ны өдөр дууссан боловч зээлдэгч Х.* нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, дансны хуулгаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээний үндсэн зээлийн төлбөрт 1,200,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 181,164 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 16,077 төгрөг төлөөгүй болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байхаас гадна хариуцагч үүнийг үгүйсгээгүй тул хариуцагчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Ийм учир хариуцагчаас 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2310001 тоот Зээлийн гэрээ-ний үүрэгт үндсэн зээл 1,200,000 төгрөг, зээлийн хүү 181,164 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,077 төгрөг, нийт 1,397,241 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд нийцнэ.

 

4.2. Түүнчлэн хариуцагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид шүүхэд хандах, тодорхой зардлыг гаргах шаардлага бий болсон болох нь баримтаар тогтоогдож байх тул нотариатын зардал болох 14,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасантай харшлахгүй.

 

4.3. Нэхэмжлэгчээс өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг гаргаж өгсөн. Уг гэрээг нэхэмжлэгч * хадгаламж зээлийн хоршоо нь Өмгөөллийн * ХХН-тэй байгуулсан, гэрээний хавсралтаар Х.*д холбогдох нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргах, өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна.

Хэдийгээр хариуцагчаас ...* ХЗХ болон*ХХК-ийн өмгөөлөгч нь тогтмол цалинтай ажилладаг, өмгөөлөгчийн хөлс нэмж нэхэмжилж байгаа нь ёс зүйгүй гэх тайлбарыг гаргасан боловч хариуцагч 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Зээлийн гэрээ-гээр өмгөөллийн хөлс нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон байна. Тодруулбал, Зээлийн гэрээний 7.5-д Зээлдэгч зээлийг гэрээнд заасан нөхцөл болон зээл эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлж барагдуулаагүйн улмаас Зээлдүүлэгчид учирсан хохирол, зээлийг эргүүлэн төлүүлэх барьцаа хөрөнгийг худалдан борлуулах болон шүүх хяналтын байгууллагатай холбогдон гарах бүхий л зардлыг /нотариат, үнэлгээ, өмгөөллийн хөлс/ бүрэн төлөхөөр талууд харилцан тохиролцов гэж заасан байна.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөг төлөхийг шаардах эрхтэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,569.86 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*гоос 61,530 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Х.*гоос 2,911,241 төгрөг гаргуулан нэхэмжлэгч * хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,569.86 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х.*гоос улсын тэмдэгтийн хураамжид 61,530 төгрөг гаргуулан нэхэмжлэгч * хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН