Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/04045

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/04045

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, * дугаар хороо, Ойчдын 1 дүгээр гудамж, * тоотод оршин суух,*овогт * * /рд:*/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, *дугаар хороолол, * тоот хаягт байрлах*ХХК /рд:*/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч*ХХК-иас 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Б.* 2022 оны 5 дугаар сард З.Сэлэнгэ, түүний нөхөр Сайнаа залуу нартай харилцан тохиролцож, тэдний үйл ажиллагаа явуулж байгаа Мал амьтны эмнэлгийн 2 давхарт 4 өрөө тусгаарлаж, хана гаргах заслын ажлыг хийж гүйцэтгэхээр ажлын хөлсийг 3,500,000 төгрөгөөр тохиролцон хийх ёстой ажлаа хийж дуусгасан. Ингээд ажлын хөлсөнд өгөх ёстой мөнгөнөөсөө 2,500,000 төгрөгийг цувуулж өгөөд, одоо үлдсэн 1,000,000 төгрөгийг өгөхгүй элдэв шалтаг тооцоод байгаа учир миний ажлын хөлсний үлдэгдэл болох 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчаас хариу тайлбар ирүүлээгүй.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 4/, Зураг /хх 5-6/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн * дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 9/,

 

4. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтгүй.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ ...2022 оны 5 дугаар сард З.Сэлэнгэ, түүний нөхөр Сайнаа залуу нартай харилцан тохиролцож, тэдний үйл ажиллагаа явуулж байгаа Мал амьтны эмнэлгийн 2 давхарт 4 өрөө тусгаарлаж, хана гаргах засалын ажлыг хийж гүйцэтгэхээр ажлын хөлсийг 3,500,000 төгрөгөөр тохиролцон хийх ёстой ажлаа хийж дуусгасан гэж тайлбарласан.

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заасан.

Хариуцагч*ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох З.Сэлэнгэ нь дээрх нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар түүний хариу тайлбар гаргах хугацаа 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байжээ. Гэвч хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаараа ямар нэг бичгийн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.* болон хариуцагч*ХХК нарын хооронд 2022 оны 5 дугаар сард Ажил гүйцэтгэх гэрээ-ний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагч*ХХК-ийн Мал амьтны эмнэлэгт өрөө тусгаарлаж, хана гаргах заслын ажлыг хийж гүйцэтгэх, харин хариуцагч болох*ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлс 3,500,000 төгрөгийг төлөх үүргүүдийг харилцан хүлээсэн байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д тодорхойлсон бөгөөд шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч талуудын хооронд Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.

 

Хэрэгт талуудын хооронд байгуулагдсан гэрээ бичгийн хэлбэрээр авагдаагүй боловч Ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн зохицуулалтад хэлбэрийн хувьд тусгай шаардлага тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл, гэрээг ямар ч хэлбэрээр байгуулж болно. Иймд нэхэмжлэгч болон хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй. 

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс Ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох гүйцэтгэсэн ажлын үр дүнг харуулсан зурагнуудыг гаргаж өгсөн. Хэрэгт авагдсан эдгээр зураг, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбарыг харьцуулан судлахад нэхэмжлэгчийг Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч Б.*т Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үлдэх төлбөр 1,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрх үүссэн байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хөлс авах, шаардах урьдчилсан нөхцөл нь хийсэн ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн байх талаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан. Хариуцагчаас Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүн биет байдлын доголдолтой эсэх талаар маргаагүй болно. Иймд хариуцагчаас 1,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх гэж заасантай нийцнэ гэж шүүхээс үзлээ.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*ХХК-иас 28,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*ХХК-иас 1,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*ХХК-иас 28,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН