| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/03599/И |
| Дугаар | 102/ШШ2024/04048 |
| Огноо | 2024-08-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2024/04048
| 2024 оны 08 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2024/04048 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, * дугаар баг, Рашаант * гудамж, * тоотод оршин суух, * овогт * * /рд:*/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, *дүгээр хороо, * байр, * тоотод оршин суух, * овогт * */рд:*/,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч В.*,
хариуцагч *,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч В.* нь хариуцагч *од холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие өөрийн нөхөр болох *той 2009 оны 7 дугаар сарын 16-нд 597 тоот баталгаагаар гэр бүл болж байсан. Улмаар 2012 оноос хойш хамтран амьдрах боломжгүй болоод 12 жилийн дараа гэрлэлт цуцлуулах хүсэлтэй байгаа тул уг хүсэлтийг маань хүлээн авна уу. Мөн биднийг хамтран амьдарч байхад 2008 оны 4 дүгээр сарын 08-нд том охин *, бага охин * 2012 оны 1 дүгээр сарын 06-нд төрсөн. Миний бие өөрийн 2 охин болох *, * нарт эцэг болох *оос тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Мөн эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Гэрлэлтээ маргаангүй шийдвэрлүүлэхийг хүсч байна. Тэтгэлгийг олгох журмаар олгох нь зүйтэй байх гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 4, 5/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх 9/, охин *, * нарын төрсний гэрчилгээний хуулбар лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүл мэндийн тодорхойлолт, *аймгийн Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн тодорхойлолт /хх 6-8, 10-11/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх 12/.
4.Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтгүй.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгчээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...2012 оноос хойш хамтран амьдрах боломжгүй ...Мөн эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй гэсэн агуулгаар тайлбарласан.
3. Хариуцагчаас нэхэмжлэлийн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай шаардлагуудыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.
4. Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар В.* болон Д.*нар гэр бүл болсныг эрх бүхий байгууллага 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 597 дугаарт бүртгэсэн ба гэрлэгчдийн дундаас 2008 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр охин *, 2012 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр охин * нар төржээ.
4.1. Шүүх гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох, мөн гэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс талуудыг эвлэрүүлэхэд анхаарах үүрэгтэй.
Гэрлэгчид Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч тэднийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон болох нь 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 00162 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэлээр тогтоогдож байна.
Гэрлэгчид тусдаа амьдарч байгаа нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байхаас гадна хэн аль нь гэр бүл цуцлахыг зөвшөөрсөн, цаашид хамт амьдрах хүсэлгүй нөхцөл байдлыг үндэслэж шүүхийн зүгээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгүүдэд заасны дагуу эвлэрүүлэх арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
4.2. Хариуцагчийн зүгээс хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан охин *, * нарыг эхийн асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасантай харшлахгүй.
4.3. Түүнчлэн охин *, * нарыг эхийн асрамжид үлдээж байгаатай холбоотойгоор хуульд заасан хугацаа болон хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг эцэг *оос гаргуулан хүүхдүүдэд олгох нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт нийцнэ.
4.3. Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан * овогт * *, * овогт * *нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин *, 2012 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин * нарыг эх В.*ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан 2008 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин *, 2012 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин * нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг *оос гаргуулан олгосугай.
4. Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *оос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.*т олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарлаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН