Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/04051

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/04051

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * дүгээр хороо, * байр, *тоот хаягт оршин суух, *овогт * * /рд: */,

Хариуцагч: Баянгол дүүрэг, * дүгээр хороо, * байр, *тоот хаягт оршин суух,* овогт * /рд: */,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг,

хариуцагч *,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.* нь хариуцагч* холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Д.* нь 2018 оны 11 дүгээр сард танилцан дотносож 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. Бид гэр бүл болохдоо 2, 2 хүүхэдтэй байсан бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүү * төрүүлсэн. Хэн аль нь хүүхэдтэй учраас ойлголцоход төвөггүй байх гэж бодож гэрлэхээр шийдвэр гаргаж байсан. Алтанбагана нь ар гэртээ тавих анхаарал халамж сайтай хүүхдүүдэд болон надад эдийн засгийн дарамт үзүүлдэггүй боловч хардах сэтгэл ихтэй байнгын сэтгэл зүйн дайралт хийдэг, ажил тайван хийлгэдэггүй, хаана хэнтэй байгаагаа зургаар мэдэгдэж байхыг шаарддаг. Өөрийнх нь хүүхэд гарахаар ааш нь засрах байх гэж итгэн хүлээсэн боловч хүү төрсний дараа ч засраагүй улам ширүүн болоод бүгдийг хяналтандаа байлгаж өмсөх хувцас, идэх хоолыг хүртэл заадаг байсан. 2024 оны 4 дүгээр сарын 10-наас хойш хамт амьдраагүй бөгөөд манай том хүү рүү ээж дүүгээ аваад явчихсан байгаарай гэж хэлсэн байсан. Өөрийнхөө 2 хүүхдийг айхтар зоддог учраас манай 2 хүүхэд уурлуулахгүй байх гэж байнгын түгшүүртэй байдгаас сэтгэл санааны гүн хямралд орсон байдалтай байсныг би анзааралгүй хүүхдүүдээ давхар зовоосон байна. Түүний үгэнд орж гэрээсээ 3 хүүхдийн хамт явсан. Энэ бүх нөхцөл байдлууд надад сөргөөр нөлөөлж сэтгэл гутралд орж амьдрах урам зориггүй байдалтай болсон гэдгээ сэтгэл зүйчтэй уулзаж удаа дараа сургалтанд сууж мэдсэн. Түүний гаргаж байгаа зан ааш гэр бүлийн хүчирхийллийг нуух боломжгүй болж Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн 1-д хандсан * дугаартай гомдол бүртгэгдэн шалгагдаж байгаа. Сэтгэл зүйч болон дүүргийн гэр бүлийн хөгжлийн хэлтсээс гарсан хамтарсан багийн дүгнэлтээр эрсдэл өндөртэй гэж үзсэн тул намайг * битгий уулзаарай гэж зөвлөсөн. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ-д хандаж зөвлөгөө авч, уулзалт хийхэд мөн адил уулзалгүй байх, холбоо барихгүй байхыг анхааруулсан. Энэ хүнтэй эргэж нийлэн амьдрах боломжгүй болсон. Гэр бүл байх хугацаанд бид Баянгол дүүргийн * дүгээр хороо * байр * тоотын *м.кв талбай бүхий - өрөө орон сууцыг 2022 онд худалдан авч 2023 оны 10 дугаар сарын 13-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн. Дээрх хөрөнгө нь бидний дундын хөрөнгө бөгөөд үүнээс хүү болон өөрт ногдох хэсгийг авах эрхтэй юм. Энэ байр 1м.кв нь 3 сая төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд 294,810,000 төгрөгөөр үнэлэгдэх орон сууц юм. Иймээс * бид хоёрын гэрлэлтийг цуцалж, хүү * ээж Д.* миний асрамжид үлдээж, хүү * ааваас нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгон, гэр бүлийн дундын хөрөнгө болох Баянгол дүүргийн * дүгээр хороо *байр * тоотын 9-* м.кв талбай, * улсын бүртгэлийн дугаартай орон сууцнаас хүү болон надад ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Хариуцагч би нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Үүнд: Гэрлэлтийн бүртгэлийг цуцлуулах, хүүхдийн асрамжийг эх дээр нь үлдээх, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох гэсэн 3 шаардлагыг нь хүлээн зөвшөөрч байна. Харин дундын эд хөрөнгө болох Баянгол дүүргийн *дүгээр хороо * байр * тоот орон сууцыг 3 хуваан нэхэмжлэгч болон хүү * ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Баянгол дүүргийн * дүгээр хороо* байр * тоот хаягт бүртгэлтэй улсын бүртгэлийн * дугаар үл хөдлөх эд хөрөнгийг зөвхөн Д.*, *бид гуравт хуваах нь шударга бус буюу бусад гэр бүлийн гишүүд болох *, *,*, * нарын эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө гэж үзэж байна. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн бүх гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарч байх тул долоо тэнцүү хуваан өөрсдөдөө ногдох хэсгээ гаргуулах нь хуульд нийцэхээр байна. Иймд дээрх үндэслэлээр Д.*гийн нэхэмжлэлтэй * надад холбогдуулан гэрлэлт, хүүхдийн асрамжийг өөр дээрээ тогтоолгох, хүү * тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгийг 3 хуваан өөрсдөдөө ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч зарим хэсгийг буюу Баянгол дүүргийн * дүгээр хороо * байр * тоот хаягт бүртгэлтэй улсын бүртгэлийн * дугаар 294,810,000 төгрөгийн үнэтэй үл хөдлөх эд хөрөнгийг 7 тэнцүү хуваан Д.*, хүү *, *, * нарт ногдох нийт 168,462,857 төгрөгийг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй байна гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 5/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 6/, нэхэмжлэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 7/, хүү * төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүл мэндийн тодорхойлолт, Нийслэлийн 262 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт /хх 8-9, 12/, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв /хх 10/, Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны тодорхойлолт /хх 11/, Баянгол дүүргийн Хүүхэд, Гэр бүл, Хөгжил хамгааллын хэлтсийн ярилцлагын тэмдэглэл /хх 13-17/, Сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж буй мэдээлэл /хх 18-19/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 20/, Гар бичвэр /хх 21-22/, Мэссэж зураг /хх 23-97/.

 

4.Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 103/, хүү *, охин *, хүү * нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх 104-106/, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн * тоот албан бичгийн хавсралт /хх 107/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгчээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...2024 оны 4 дүгээр сарын 10-наас хойш хамт амьдраагүй ...Энэ хүнтэй эргэж нийлэн амьдрах боломжгүй болсон гэсэн агуулгаар тайлбарласан.

 

3. Хариуцагчаас гэрлэлт цуцлуулах, хүү *ийн асрамжийг нэхэмжлэгчид үлдээх, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Харин хамтран өмчлөх дундын хөрөнгө хуваах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хамтран өмчлөх дундын хөрөнгө болох орон сууцыг 294,810,000 төгрөгөөр үнэлж, гэр бүлийн 7 гишүүнд тэнцүү хуваан Д.*, хүүхдүүд *, *, * нарт ногдох нийт 168,462,857 төгрөгийг нэхэмжлэгчид гаргаж өгөхөд татгалзахгүй гэсэн тайлбарыг гаргасан.

 

4. Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар Д.* болон * нар гэр бүл болсныг эрх бүхий байгууллага 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр * дугаарт бүртгэсэн ба гэрлэгчдийн дундаас 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүү *төржээ.

 

4.1. Шүүх гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох, мөн гэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс талуудыг эвлэрүүлэхэд анхаарах үүрэгтэй.

 

Харин гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг авалгүйгээр шүүх гэрлэлтийг цуцалж болохоор Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт заажээ.

 

Гэрлэгчид тусдаа амьдарч байгаа нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байхаас гадна хэн аль нь гэр бүл цуцлахыг зөвшөөрсөн, цаашид хамт амьдрах хүсэлгүй нөхцөл байдлыг үндэслэж шүүхийн зүгээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгүүдэд заасны дагуу эвлэрүүлэх арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

4.2. Хариуцагчаас хүүхдийн асрамжийг нэхэмжлэгчид үлдээхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасныг үндэслэн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү * эх Д.*гийн асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасантай нийцнэ.

 

4.3. Түүнчлэн хүү * эхийн асрамжид үлдээж байгаатай холбоотойгоор хуульд заасан хугацаа болон хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг тогтоож, тэтгэлгийг сар болгон эцэг *ас гаргуулан хүүхдэд олгох нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт нийцнэ.

 

4.4. Нэхэмжлэгчээс эрхийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, * дүгээр хороо, * байр *тоот хаягт байршилтай, 98,27 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт болон хүү * ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч хөрөнгө мөн эсэх талаар маргаагүй бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч * өмчлөлд бүртгэлтэй талаарх тайлбарыг гаргасан.

 

Гэрлэлт цуцлах үед гэрлэгчийн хэн нэгний гаргасан шаардлагаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваахаар Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасан ба талуудын хооронд эд хөрөнгө хуваах талаар маргаан гарсан тохиолдолд шүүх тухайн хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг тогтоож, гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж, аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгохоор мөн хуулийн 130.3 дахь хэсэгт заажээ. Түүнчлэн Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно гэж заасан.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд хариуцагчийн ...Баянгол дүүргийн * дүгээр хороо * байр *тоот хаягт бүртгэлтэй улсын бүртгэлийн * дугаар 294,810,000 төгрөгийн үнэтэй үл хөдлөх эд хөрөнгийг 7 тэнцүү хуваан Д.*, хүү *, *, * нарт ногдох нийт 168,462,857 төгрөгийг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй гэх тайлбарыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч зөвшөөрч, талууд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар харилцан тохиролцсон болно.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын харилцан тохиролцсон байдлыг харгалзан эрхийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 24 дүгээр хороо, 35/3 байр 54 тоот хаягт байршилтай, 98,27 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч * өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Д.* болон хүүхдүүд *, *, * нарын ногдох хэсэгт 168,462,857 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 130.2 дахь хэсэгт Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно гэж заасантай нийцэж байхаас гадна Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасантай харшлахгүй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,702,200 төгрөгийн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 1,632,000 төгрөгийг буцаан гаргуулан, мөн хариуцагч *ас 70,200 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгоно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан* овогт *, *овогт * * нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү * эх Д.*гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү * 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, тэтгэлгийг сар болгон эцэг *ас гаргуулан хүү * олгосугай.

 

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн *дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг,* дүгээр хороо, * байр 54 тоот хаягт байршилтай, 98,27 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч * өмчлөлд үлдээж, хариуцагч *ас 168,462,857 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,702,200 төгрөгийн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 1,632,000 төгрөгийг улсын орлогоос, 70,200 төгрөгийг хариуцагч *ас тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.*д олгосугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарлаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН