Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/214   

 

   2023            02           16                             2023/ДШМ/214                        

                                                        Ж.А-д холбогдох эрүүгийн

                                                     хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Халиун,

цагаатгагдсан этгээд Ж.А, өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

     Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ЦТ/778 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч, дээд шатны прокурор А.Энхжаргалын бичсэн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцлээр эрүүгийн 00 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овгийн Ж-ийн А, 00 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эмэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, 00 ажилтай байсан гэх, ам бүл 0, нөхөр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:00/;

        Ж.А нь “... Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Иргэний нисэхийн ерөнхий газар” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын харьяа “Сэргээн засах амралтын газар”-ын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,

          Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан “албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна.”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гарган...” 8.2-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт тавих, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэснийг,

          Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 39 дүгээр зүйлд “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг,

          Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1 дэх хэсгийн 3.1.2.а-д “... эх орон, ард түмнийхээ эрх, ашгийг хувийн ашиг сонирхлоос ямарт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах” гэснийг,

          Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө” гэснийг,

          Иргэний нисэхийн ерөнхий газрын Сэргээн засал, сувиллын цогцолборын захирлын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод “Ажлын байрны үндсэн зоригт”-ыг “Цогцолборын үйл ажиллагааг хууль, дүрэм, журмын дагуу зохион байгуулж, үр ашигтай ажиллуулах” гэснийг тус тус зөрчиж, нээлттэй сонгон шалгаруулалт зарлалгүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр өөрийн хамаарал бүхий этгээд болон төрөл, садны хүмүүс болох Н.С, Б.Д, Ш.Н, Б.Ө, Л.Б, Ч.Б, Д.Т, Т.Т нартай “Иргэний нисэхийн ерөнхий газар” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын харьяа “Сэргээн засах амралтын газар”-ын хэрэгцээнд мах, махан бүтээгдэхүүн худалдан авахаар нийт 10 удаагийн “Мах, махан бүтээгдэхүүн худалдах, худалдан авах” шууд гэрээг байгуулж, улмаар дээрх гэрээнүүдийн дагуу бэр дүү Н.С нь 52.691,45 кг мах, махан бүтээгдэхүүнийг нийлүүлж, түүнд давуу байдал бий болгосны улмаас 369.429.863 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Ж.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас Х овгийн Ж-ийн А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэжээ.

            Дээд шатны прокурор А.Энхжаргал тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон байхад шүүх “Ж.А-ийн үйлдлийн улмаас их хэмжээний хохирол учруулсан гэсэн нь үгүйсгэгдэж байна.”  гэж дүгнэсэн. Мөн Ж.А-ийн эрхэлж байсан Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Сэргээн засах амралтын газрын даргын албан тушаал нь Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан биш гэж дүгнэсэн атлаа түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана.” гэсэн заалтын дагуу хэргийг прокурорт буцаасан зэрэг нь ойлгомжгүй байна. Тодруулбал Ж.А-ийн эрхэлж байсан ажил, албан тушаал нь нийтийн албан тушаалтан гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан тусгай субъектын шинжийг хангахгүй бол хэрэг бүхэлдээ гэмт хэргийн шинжгүйд тооцогдох учиртай бөгөөд Ж.А-ийн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, эсвэл гэмт хэргийн улмаас хохирол учраагүй, эсвэл гэмт хэргийн шинжгүй, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй аль нь болох нь тодорхойгүй, эргэлзээтэй дүгнэлтүүдийг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Иргэний нисэхийн Ерөнхий газрын харьяа Сэргээн засах амралтын газрын даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-д “яам агентлагийн харьяа болон түүний дэргэд ажилладаг, төрөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах..., албан тушаал” гэсэнд хамаарах Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-д заасан төрийн үйлчилгээний албан тушаал байна. Прокуророос Ж.А-г Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “захиалагч” гэж буруутгаагүй, харин мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө” гэснийг зөрчсөн гэж буруутгасан байна. Мөн Сангийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журам”-д зааснаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан бүхий л төрлийн худалдан авах ажиллагаа нь Сангийн яамнаас баталсан сургалтын хөтөлбөр, шалгалтын агуулгын дагуу тус яамтай “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан сургалтын байгууллагаас явуулсан “Суурь мэдлэг олгох /А-3/ сургалт”-д хамрагдаж, шалгалтад тэнцсэн буюу мэргэшсэн боловсон хүчнээс тендерийн баримт, бичгийг боловсруулж хийгдэхээр зохицуулагдсан байхад Ж.А нь нэг этгээдээс мах, махан бүтээгдэхүүнийг Сэргээн засах амралтын газарт байнга худалдан авч буй байдлаа нуух, худалдан авалтыг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 68 дугаартай тогтоолд заасан “Харьцуулалтын аргаар худалдан авч болох төсөлт өртгийн дээд хязгаар” буюу 50.000.000 төгрөгийн босго үнээс хэтрүүлээгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан “Харьцуулалтын арга”-ыг хэрэглэсэн мэтээр баримт, материалыг бүрдүүлсэн болох нь тус газрын мах, махан бүтээгдэхүүн худалдан авсантай холбоотой баримтуудаар нотлогдсон байна. Ж.А-ийн өөрийн бэр дүүгээсээ мах, махан бүтээгдэхүүнийг худалдан авч байсан үйлдэл нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Сэргээн засах, сувиллын цогцолборын захирлын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан “Ажлын байрны үндсэн зорилт”-ын “Цогцолборын үйл ажиллагааг хууль, дүрэм, журмын дагуу зохион байгуулж, үр ашигтай ажиллуулах” гэснийг зөрчин албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэх, урвуулан ашиглах замаар өөрийн хамаарал бүхий, төрөл садны хүмүүстэй худалдах, худалдан авах гэрээ байгуулан хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилготой, хийх ёсгүй үйлдлийг хийж, санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, төрийн үйл ажиллагааны хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэм хэмжээний дагуу явагдах үйл ажиллагааны үр дүнд үр шимийг шударгаар хүртэх байсан иргэд, аж ахуй нэгж байгууллагын хууль ёсны ашиг сонирхол, түүнчлэн дээрх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдал зэрэгт хор уршиг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн дээрх шинжийг хангаж байна. ... Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Э.Халиун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “... Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Иргэний нисэхийн Ерөнхий газрын харьяа Сэргээн засах амралтын газрын даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-д “яам агентлагийн харьяа болон түүний дэргэд ажилладаг, төрөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах..., албан тушаал” гэсэнд хамаарах Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-д заасан төрийн үйлчилгээний албан тушаал байна. Иргэний нисэхийн ерөнхий газрын Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн тушаалаар томилсон Ж.А-гийн эрхэлж байсан Сэргээн засах амралтын газрын даргын албан тушаалын хувьд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан” гэсэнд хамаарч байх тул “нийтийн албан тушаалтан” мөн гэж үзнэ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ж.А нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Сэргээн засах амралтын газрын хэрэгцээнд мах, махан бүтээгдэхүүн худалдан авахад нээлттэй сонгон шалгаруулалт явуулдаггүй, мах, махан бүтээгдэхүүнийг нийлүүлэх ажилд зөвхөн өөрийн хамаарал бүхий этгээд, төрөл, садны хүмүүсээс өөр иргэн, аж ахуй нэгжийг сонгож гэрээ байгуулдаггүй, зарим тохиолдолд цөөн тооны иргэн, хуулийн этгээдээс нэр төдий үнийн санал авч байсан зэргээр өөрийн бэр дүү Н.С-аас тус газарт 52.961,45 кг мах, махан бүтээгдэхүүнийг нийт 369.429.863 төгрөгөөр худалдан авсан, түүнд давуу байдал бий болгосон болох нь нотлогдсон байна. Ж.А-гийн үйлдэл нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Сэргээн засах, сувиллын цогцолборын захирлын ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заасан “Ажлын байрны үндсэн зорилт”-ын “Цогцолборын үйл ажиллагааг хууль, дүрэм, журмын дагуу зохион байгуулж, үр ашигтай ажиллуулах” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана...” мөн зүйлийн 8.2-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг тус тус зөрчин албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэх, урвуулан ашиглах замаар өөрийн хамаарал бүхий, төрөл садны хүмүүстэй худалдах, худалдан авах гэрээ байгуулан хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор хор уршиг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн дээрх шинжийг хангаж байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.

Цагаатгагдсан этгээд Ж.А-гийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийг яллагдагчаар татахдаа, яллах дүгнэлт үйлдэхдээ Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтыг баримталснаас эсэргүүцэлд дурдагдсан Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтыг заалтыг баримтлаагүй. Мөн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-д заасныг дурдаагүй бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг цагаатгаж шийдвэрлэсний дараа эдгээр заалтуудыг дурдаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаараас давсан гэж үзэхээр байна. Мөн өмнөх дарга нар 11.000 төгрөгөөр мах, махан бүтээгдэхүүнийг худалдаж авдаг байсан. Харин миний үйлчлүүлэгч 8.500 төгрөгөөр мах, махан бүтээгдэхүүнийг худалдан авч төсвийн хөрөнгийн илтэд хэмнэж, 1.000.000.000 гаран төгрөгийн алдагдалтай байсан байгууллагын ашигтай ажиллуулсан болох нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

          Прокуророос Ж.А-г “Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Иргэний нисэхийн ерөнхий газар” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын харьяа “Сэргээн засах амралтын газар”-ын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,

          Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан “албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна.”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гарган...” 8.2-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт тавих, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэснийг,

          Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 39 дүгээр зүйлд “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг,

          Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1 дэх хэсгийн 3.1.2.а-д “... эх орон, ард түмнийхээ эрх, ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах” гэснийг,

          Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө” гэснийг,

          Иргэний нисэхийн ерөнхий газрын Сэргээн засал, сувиллын цогцолборын захирлын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод “Ажлын байрны үндсэн зоригт”-ын “Цогцолборын үйл ажиллагааг хууль, дүрэм, журмын дагуу зохион байгуулж, үр ашигтай ажиллуулах” гэснийг тус тус зөрчиж, нээлттэй сонгон шалгаруулалт зарлалгүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр өөрийн хамаарал бүхий этгээд болон төрөл, садны хүмүүс болох Н.С, Б.Д, Ш.Н, Б.Ө, Л.Б, Ч.Б, Д.Т, Т.Т нартай “Иргэний нисэхийн ерөнхий газар” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын харьяа “Сэргээн засах амралтын газар”-ын хэрэгцээнд мах, махан бүтээгдэхүүн худалдан авахаар нийт 10 удаагийн “Мах, махан бүтээгдэхүүн худалдах, худалдан авах” шууд гэрээг байгуулж, улмаар дээрх гэрээнүүдийн дагуу бэр дүү Н.С нь 52.691,45 кг мах, махан бүтээгдэхүүнийг нийлүүлж, түүнд давуу байдал бий болгосны улмаас 369.429.863 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ, тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харилцан эсрэг, эсхүл нэгдмэл сонирхолтой байж болох хохирогч, гэрч нарын мэдүүлгийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлж дүгнэсний эцэст хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгчийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тогтоохдоо хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох “Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Сэргээн засах амралтын газар нь мах, мах бүтээгдэхүүнийг нэр бүхий иргэдтэй тухай бүр гэрээ байгуулан худалдан авалт хийж байсан” талаар өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, Иргэний нисэхийн ерөнхий газрын Иргэний нисэхийн үндэсний төвийн Хууль эрх зүйн хамтын ажиллагааны газрын Хуулийн хэлтсийн хуулийн мэргэжилтэн Б.Х /1хх 12-17, 8хх 50-51/-ийн мэдүүлэг болон гэрч тухайн амралтын газрын маркетингийн мэргэжилтэн Г.М /1хх 18-20/, нярав Д.О /1хх 23-26/, нягтлан бодогч Д.Ц /1хх 27-30, 31-35/, дотоод аудитын албаны дарга Н.М /1хх 137-139/, аудитор П.Ц /1хх 102-105/ нарын мэдүүлгүүд,

“Иргэний нисэхийн ерөнхий газар Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын харьяа “Сэргээн засах амралтын газар”-ын дарга Ж.А-тэй хамаарал бүхий этгээд болон төрөл садны хүмүүс мөн болох”-ыг гэрчилсэн гэрч Н.С-ын “... нэр бүхий 7 иргэн нь дандаа миний ах дүү, төрөл садангийн хамааралтай хүмүүс байгаа юм. Дээрх иргэд Сэргээн засах амралтын газарт мах нийлүүлэх гэрээ байгуулсан боловч мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх үндсэн ажлыг би хийдэг байсан ... би тэдний нэрийн өмнөөс үнийн санал бичиж Сэргээн Засах амралтын газрын менежер Э гэх хүн рүү чатаар явуулдаг байсан ... би өөрийн мөнгөөр махаа худалдаж аваад янзлуулж бэлэн болгоод Сэргээн засах амралтын газар руу хүргүүлдэг байсан. “/1хх 49-54, 9хх 128-129/ гэх мэдүүлэг болон гэрч Т.Т /1хх 39-43/, Ж.Ц /1хх 114-117/, Б.Д /1хх 55-58/, Д.Т /1хх 61-64/, гэрч Ш.Н /1хх 65-67/, Ч.Б /1хх 68-69/, Б.Өг /1хх 70- 74/, Л.Б /1хх 75-77/ нарын мэдүүлгүүд,

Ж.А-г Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Сэргээн засах амралтын газрын даргаар ажилд томилсон Иргэний нисэхийн ерөнхий газрын 2016 оны 10 сарын 24-ний өдрийн Б/164 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, төрийн албан хаагчийн анкет болон ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт /1хх 171-183/,

Иргэний нисэхийн ерөнхий газар Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Улсын бүртгэлийн гэрчилгээ болон Сэргээн засах амралтын газрын Улсын бүртгэлийн 0003248 дугаартай Салбарын гэрчилгээний хуулбар /4хх 121, 126/,

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын баталсан “Сэргээн засал, сувиллын цогцолборын 2016-2020 он хүртэлх хугацааны орлого, зардлын төлөвлөгөө /7хх 233-238/,

Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Сэргээн засах амралтын газраас 2016-2020 онуудад мах, махан бүтээгдэхүүн худалдан авсан талаарх санхүүгийн анхан шатны баримтуудын хуулбар /4хх 191-250, 5хх 1-250, 6 хх 1-250, 7 хх 1-142/,

 Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Сэргээн засах амралтын газрын дарга Ж.А-гийн нэр бүхий иргэдтэй байгуулсан нийт 10 удаагийн “Мах, махан бүтээгдэхүүн худалдах, худалдан авах” гэрээ, холбогдох баримтууд /2хх 82-89, 90-110, 115-119, 129-144, 148-152/,

Мөрдөгчийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3 дугаартай “... Б.Ө, Л.Б, .Б, Ш.Н, Д.Т, Б.Д, Т.Т, Н.С нарын 8 иргэнтэй “мах, махан бүтээгдэхүүн” худалдан авах шууд гэрээ байгуулан, эдгээр иргэдийн арилжааны банкны харилцах дансанд нийт 370.481.563.00 төгрөгийг шилжүүлсэн байна...” гэх магадалгаа /3хх 55-91/,

Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн мэргэшсэн үнэлгээчдийн магадлан шалгалтын тайлан /8хх 219-225/,

Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн Мэргэжлийн хариуцлага, ёс зүйн хорооны 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 205/21 дугаартай дүгнэлт /8 хх 231-234/,

2018-2020 оны Дотоод аудитын ажлын тайлангууд /7хх 164-182, 1хх 211-250, 2 хх 1-23/ зэрэгт үнэлэлт дүгнэлт хийлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд зааснаар Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг тодорхойлохдоо “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ”, Авлигын эсрэг хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээнд авлигын эсрэг хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж тус тус заасан.

Авлигын эсрэг нэгдсэн үндэстний байгууллагын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д “төрийн буюу нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсноор тухайн оролцогч улсын эрх зүйн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг гэж тодорхойлсон.

Мөн Авлигын эсрэг хуульд “нийтийн албан тушаалтан” гэж яам, агентлагийн харьяа болон түүний дэргэд ажилладаг, төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалтныг хамааруулахаар хуульчилсан.

Иргэний нисэхийн ерөнхий газар Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар байгуулагдсан зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдтэй байх ба Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн №215 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Иргэний нисэхийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”-ийн 3.3 дахь хэсэгт зааснаар Иргэний нисэхийн ерөнхий газар нь Дарга, Тэргүүн дэд дарга, Дэд дарга бөгөөд нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны дарга гэсэн удирдлагуудтай, Даргын шууд удидлагад 4 газар, 1 алба, Тэргүүн дэд даргын удирдлагад 2 газар, 1  хэлтэс, Дэд дарга бөгөөд нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны даргын удирдлагад 1 алба, 4  хэлтсийн зохион байгуулалтын бүтэцтэй байхаар заажээ.

Дээрхээс үзэхэд сэргээн засах амралт нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын шууд удирдлагад байдаг Захиргаа хүний нөөцийн газарт харьяалагддаг салбар байх бөгөөд “Иргэний нисэхийн ерөнхий газар” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын харьяа Сэргээн засах амралтын газрын дарга Ж.А нь нийтийн албан тушаалтан мөн байна.

Гэтэл анхан шатны шүүх Иргэний нисэхийн ерөнхий газар” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын харьяа Сэргээн засах амралтын газрын дарга Ж.А-г нийтийн албан тушаалтан биш гэж үзэн цагаатгасан нь үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан Иргэний нисэхийн ерөнхий газар Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын харьяа “Сэргээн засах амралтын газар”-ын хэрэгцээнд мах, махан бүтээгдэхүүн худалдан авахаар шүүгдэгч Ж.А-гийн нэр бүхий иргэдтэй байгуулсан нийт 10 удаагийн “Мах, махан бүтээгдэхүүн худалдах, худалдан авах” гэрээ, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын баталсан Сэргээн засал, сувиллын цогцолборын 2016-2020 он хүртэлх хугацааны орлого, зардлын төлөвлөгөө, Сэргээн засах амралтын газраас 2016-2020 онуудад мах, махан бүтээгдэхүүн худалдан авсан талаарх санхүүгийн анхан шатны баримтууд болон гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас үзвэл Ж.А нь бэр дүү Н.С-т давуу байдал бий болгосны улмаас 10 удаагийн мах, махан бүтээгдэхүүн худалдах, худалдан авах шууд гэрээнүүдийн дагуу нийт 52 961.45 кг мах, махан бүтээгдэхүүнийг авч, 369 429 863 төгрөгийн их хэмжээний хохирлыг учруулсан болох нь тогтоогдож байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Сэргээн засах амралтын газрын дарга дээрх мах, махан бүтээгдэхүүнийг худалдан авахдаа ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлан мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулан худалдан авах атал гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахгүйгээр бусдад давуу байдал бий болгож, мах, махан бүтээгдэхүүн худалдах, худалдан авах шууд гэрээнүүдийг байгуулсан нь хууль бус юм.

Мөн анхан шатны шүүх гэрч Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Сэргээн засах амралын газрын ахлах нягтлан бодогч Д.Ц-ын “....., тендер сонгон шалгаруулалт явуулах гэтэл А/3 гэрчилгээтэй хүмүүс манай байгууллагад байхгүй учир тендер зарлах эрхгүй, эрх зүйн үндэс байхгүй байсан юм. Саяхан л манай байгууллага тендер зарлах эрх авсан учир үүнээс хойш тендерийн сонгон шалгаруулалт явуулж худалдан авалт хийхээр болж байгаа.” гэсэн мэдүүлгийг үнэлж, Иргэний нисэхийн ерөнхий газар Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын харьяа “Сэргээн засах амралтын газар”-ыг хуульд заасан эрх үүргийг хүлээх хуулийн этгээд биш хэмээн үзсэн нь үндэслэлгүй.

Тодруулбал, шүүгдэгч Ж.А нь хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулж, гүйцэтгэгчийг сонгох эрх бүхий этгээд мөн байхад тэрээр тухайн журмыг баримтлахгүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр өөрийн хамаарал бүхий этгээд болон төрөл садны хүмүүст давуу байдал бий болгосон нь тогтоогдсон төдийгүй тухайн байгууллагад тендер сонгон шалгаруулалт явуулах А/3 гэрчилгээтэй албан хаагч байхгүй байсан нь түүний дээрх хууль бус үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн “Урвуулан ашиглах” гэдэг нь албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлээ хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ж.А нь яллах дүгнэлтэд дурдсан Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.3, 7.1.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 11 дүгээр зүйлийн 11.1, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3, 39.1.4, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1 дэх хэсгийн 3.1.2.а, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалт нь эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд хэрэгт хамааралтай нотлох баримт нь эргэлзээтэй бол ашигтайгаар шийдвэрлэх тухай зохицуулалт болохоос гэмт хэргийн үйл баримтын талаар ашигтайгаар шийдвэрлэх тухай ойлголт биш бөгөөд анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарах бөгөөд прокуророос цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичжээ.

Гэвч, Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хязгаарласан бөгөөд уг хууль 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгджээ.

Ийнхүү анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй цагаатгах тогтоолыг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулах боломжгүй нөхцөл байдал үүсэж байх тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ЦТ/778 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор А.Энхжаргалын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ЦТ/778 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор А.Энхжаргалын бичсэн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                   

 

                                    ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                          Н.БАТСАЙХАН