Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чинбатын Мөнхболор |
Хэргийн индекс | 126/2023/0186/З |
Дугаар | 126/ШШ2024/0004 |
Огноо | 2024-02-19 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 126/ШШ2024/0004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Г***********
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Засаг дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Ц*********** нарын хоорондын төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан захирамжийг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэнд-Аюуш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Б.Г***********-с Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б.Г***********-т сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/44 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар
2.1. Хөвсгөл аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Б.Г***********-г хууль болон албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, сахилгын шийтгэлтэйд тооцох хугацаанд сахилгын зөрчил гаргасан гэж үзэн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/44 дугаартай захирамжаар албан тушаалын үндсэн цалингийн хэмжээг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
2.2. Нэхэмжлэгчид уг захирамжийг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 4/1470 тоот албан бичгээр (1 дүгээр хавтаст хэргийн 112 дугаар тал) хүргүүлж, нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Б.Г*********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар ажилладаг бөгөөд газрын албанд 2009 оноос өнөөдрийг хүртэл 15 дахь жилдээ ажиллаж байна. Төрд ажиллах хугацаандаа кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн, геодезийн асуудал хариуцсан мэргэжилтэн, төлбөр үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, Газрын удирдлагын хэлтсийн дарга, Газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад Засаг даргын 2020 оны Б/48 дүгээр захирамжаар Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар томилогдоод одоог хүртэл ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Засаг дарга нь 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газарт, Засаг даргын өрөөнд хуралтай гэхээр нь очсон. Хурал эхлэхийн өмнө Засаг дарга надад хандан Ганзоригоо Мөрөн сумын газар олголттой холбоотой иргэдээс маш их өргөдөл, гомдол ирж байна, танайх энд ямар байдлаар оролцдог юм гэхээр нь би Манай байгууллага Мөрөн сумын газар олголтонд оролцдоггүй гэсэн. Мөн иргэн н.Ганбаатар гэдэг хүн надтай уулзлаа танай албанд өргөдөл өгөөд 3 сар боллоо тэгэхэд шийдэж өгөхгүй байна, чи ядарсан иргэнийг удаан явуулсан байна гэж хэлээд мэргэжилтнээ дуудаж надад шүүхийн шийдвэрийг нь танилцуулсан. Тэгэхэд тус иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон 3 шатны шүүхийн шийдвэр байсан энэ талаар би н.Ганбаатар гуайд газар олго гээгүй байна, шүүхийн шийдвэр нь энэ хүний эсрэг гарсан юм байна гэдгийг тухайн үед нь Засаг даргад тайлбарласан. Би 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хооронд ээлжийн амралттай байсан, Засаг дарга амарч байх хугацаандаа утсаа салгасан байсан чамд арга хэмжээ авна гэж хэлсэн.
Түүний дараа буюу 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр намайг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжпийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.О*********** намайг өрөөнд ирж уулз гэж дуудсан, очиход Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн М.Б***********-тэй байж байснаа Чамд цалингийн хувь бууруулах арга хэмжээ авахаар сонсох ажиллагаа явуулж байна, учир нь 1-д газартай холбоотой гомдол 11-11 төвд маш их ирж байна, үүнийг шийдвэрлэхгүй удааж байна, 2-т Барилга байгууламжийг байнгын ашиглалтанд оруулах улсын комиссд хяналт муу тавьсан, 3-т Мөрөн сумын Засаг даргын захирамжаар 2023 онд олгосон газартай холбоотой иргэдээс гомдол их ирж байна, тус газар олголтонд хяналт тавиагүй гэсэн 3 үндэслэлээр арга хэмжээ авахаар сонсох ажиллагаа явуулж байна гэсэн.
Тэгэхээр нь би зөвшөөрөхгүй гэдгээ хэлж 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 4/496 тоот албан бичгээр тайлбар хүргүүлсэн. Гэтэл мөн удалгүй аймгийн Засаг дарга миний тайлбартай танилцаад 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1/1407 албан бичгээр хариу ирүүлсэн түүндээ сонсох ажиллагаанд дурьдагдаагүй 4 дэх үндэслэл болгон байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг ... хэлтэс тасаг албадын ажлыг цалгардуулахгүйгээр зохицуулалт хийж, ... байгууллагын ажлыг эзгүйдүүлсэн ... гэх үндэслэл нэмсэн байсан.
Ингээд Хөвсгөл аймгийн Засаг дарга нь 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б.Г***********-т сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/44 дүгээр захирамж гаргасан бөгөөд захирамжийнхаа захирамжлах хэсэгт намайг Хууль, албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, сахилгын шийтгэлтэйд тооцох хугацаанд сахилгын зөрчил гаргасан аймгийн Газрын хариалцаа, барилга хот байгуулалтын дарга Б.Г*********** т албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаанд 20 /хорь/ хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай гэснийг би дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
Нэг. Засгийн газрын 11-11 төвд гомдол ирсэн тухай.
Засгийн газрын 11-11 төвд тухайн үед газартай холбоотой 3 иргэний гомдол Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас албан бичиг хэргийн ЕRР цахим системээр ирсэн бөгөөд тухай бүр шийдэж иргэдэд хариуг өгсөн бөгөөд дахиж иргэд гомдол гаргаагүй болно. Үүнд:
1. Цахим системд иргэний мэдээлэл буруу байгааг засч өгнө үү гэсэн өргөдлийн хариуг иргэн А.А***********-т утсаар өгч, өргөдөл шийдвэрлэсэн тухай албан бичгийг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газарт 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 4/43 албан тоотоор хүргүүлсэн.
2. Түнэл сумын газрын даамалд хариуцлага тооцож өгнө үү гэсэн иргэний өргөдлийг судалж үзээд Түнэл сумын газрын даамал Ё.Оюундалайд хариуцлага тооцож арга хэмжээ авч шийдвэрлэсэн. Тухайн иргэнд хариуг утсаар мэдэгдсэн.
3. Мөрөн сумын Засаг даргын захирамжаар олгосон газрын байршил хол байна, хогийн цэг ойр байна гэсэн иргэн Л.Билэгдэмбэрэлийн өргөдлийг шийдвэрлэж иргэнд хариуг утсаар мэдэгдэж, өргөдлийг шийдвэрлэсэн тухай албан бичгийг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газарт 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 4/525 албан тоотоор хүргүүлсэн.
Хоёр. Барилга, байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комисст хяналт тавиагүй гэх.
Миний бие Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын хувьд Барилгын тухай хууль, Засгийн газрын тогтоол, албан тушаалын тодорхойлолтод заасны дагуу барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, барилга, баригдаж байх хугацаан дахь үе шатны хяналтуудыг Барилгын хэлтсийн мэргэжилтэн, албан хаагчдыг зохион байгуулж, барилга, байгууламжинд хяналт тавих, ажиллах нөхцөл боломжоор хангах, улсын комисс хүлээж авах хүртэлх хугацааны барилгын үе шатны хяналтуудыг хийж гүйцэтгэж байна.
Харин барилгын үе шатны хяналтууд дуусч Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйл, Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын дагуу Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон улсын комисс тухайн барилга, байгууламжийг байнгын ашиглалтанд оруулдаг.
Миний хувьд Засгийн газрын 212 дугаар тогтоолын дагуу улсын комиссын бүрэлдэхүүнд ордоггүй, хяналт тавих, хөндлөнгөөс нөлөөлөх эрх байхгүй, салбар салбарын мэргэжлийн байгууллагууд орж тухайн барилга дээр мэргэжлийн зүгээс дүгнэлт гаргасны дагуу тухайн барилгыг ашиглалтад оруулдаг, хараат бус бүрэлдэхүүн ажиллаж эхэлдэг. Аймгийн Засаг даргын тайлбарт дурдагдсан барилгуудад Улсын комиссын бүрэлдэхүүнд доор дурьдсан албан тушаалтнууд орсон. Үүнд:
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Аймгийн ерөнхий архитектур, Аймгийн мэргэжлийн хяналтын газрын Барилга, техникийн хяналтын улсын байцаагч, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч, Харилцаа, холбооны хяналтын улсын байцаагч, Онцгой байдлыг гал түмрээс хамгаалах улсын байцаагч, Хөвсгөл Эрчим хүч ХХК-ийн ерөнхий инженер, Зураг төслийн байгууллагын төлөөлөл, Гүйцэтгэгч байгууллагын захирал, инженерүүд, Тухайн барилгын ашиглалт хариуцах байгууллагын төлөөлөл болох Сумын Засаг дарга, сургуулийн захирал гэх мэт бүрэлдэхүүнтэй улсын комисс хүлээж авч дүтнэлт гаргаж тухайн барилтыг хүлээж авдаг.
Аймгийн Засаг дарга гаргасан захирамжийнхаа биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжпийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга болон Тамгын газрын даргад үүрэг болгосон байдаг. Засаг даргын тайлбарт намайг Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Цэцэрлэг сумдад барилгыг улсын комисс хүлээн авсан боловч өнөөг хүртэл ашиглалтад ороогүй байна чи хяналт тавьсангүй гэж буруутган арга хэмжээ авч байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д заасныг зөрчиж байх тул намайг буруутгах үндэслэлгүй байна.
Аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/678 дугаар захирамжаар Рэнчинлхүмбэ сумын 320 хүүхдийн сургууль, Аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/679 дугаар захирамжаар Улаан-Уул сумын 320 хүүхдийн сургууль, Аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/459 дугаар захирамжаар Цэцэрлэг сумын Цаг уурын станцын барилгын ажлыг хүлээж авах ашиглалтад оруулах комиссыг томилсон бөгөөд захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мөнгөн-Эрдэнэд үүрэг болгосон байна. Тус захирамжийн 4 дэх заалтад комиссын бүрэлдэхүүн чанаргүй барилга, байгууламж хүлээн авсан тохиодолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэхийг комиссын гишүүдэд анхааруулсан байдаг.
Иймд миний хувьд барилга байгууламжийг байнгын ашиглалтанд оруулах комисст хяналт тавих, оролцох хууль эрх зүйн үндэслэл байдагтүй бөгөөд улсын комисст хяналт тавьсангүй гэж буруутгахыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Гурав. Газар олголтын асуудлаар:
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.11-д Газрын талаархи хууль тогтоомж зөрчсөн байгууллага, албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах саналыг тухайн шатны Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх гэсэн заалтыг захирамжиндаа яагаад үндэслэсэн нь ойлгомжгүй, аль сумын Засаг даргын захирамж хууль бус гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна.
2023 онд манай байгууллага дээр Мөрөн сумын газар олголттой холбоотой газрын тухай хууль тогтоомж зөрчиж газар олгож байна гэсэн гомдол, санал иргэн, аж ахуй нэгж байгууллагаас ирээгүй байна. Байгууллагын өргөдөл, гомдлын дэвтрээс харж болно.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны 2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтэд дүгнэлт өгөх, 2023 оны төлөвлөгөө батлах тухай 02 дугаар тогтоол, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдааны 2023 оны Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай 02 дугаар тогтоол, уг тогтоолын 2 дугаар хавсралтаар Газар олгоход баримтлах журам тус тус гарсан байдаг. Тус журмыг баримтлан Мөрөн сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2023 онд шинээр газар эзэмшүүлэх ажлын хэсэг байгуулах тухай А/94 дүгээр захирамж гарч ажлын хэсгийн дүгнэлт, шийдвэрийг үндэслэн сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/175 захирамжууд гарсан байдаг.
Мөрөн сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.2, 59.1.15, 59.1.16, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.2, 21.4.3, 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар газар олголтыг хуулийн дагуу олгож, Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаар тогтоолын хавсралтаар хэлэлцэж баталсан 9, 10, 11, 14, 13 дугаар багуудад газар олгоход баримтлах журмын дагуу иргэдэд шинээр газар олгох өргөдлийг Мөрөн суман дээрээ хүлээн авч, Мөрөн сумын Засаг даргын захирамжийн дагуу томилогдсон ажлын хэсэг хянаж, Мөрөн сумын Засаг дарга хуулинд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд иргэдэд газар олгосон байсан. Аймгийн Засаг даргын Тамгын газарт зөвхөн Мөрөн сумын газар олголттой холбоотой 20 гаруй гомдол ирээд байна гэж Засаг дарга намайг буруутгасан байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газарт ямар гомдол ирж байгааг миний хувьд мэдэхгүй бөгөөд тухайн гомдлыг албан бичгээр манай байгууллага руу шилжүүлсэн бол албан үүргийнхээ дагуу зохих хариуг өгч шийдвэрлэх байсан. 2019 оноос хойш Монгол Улсын хэмжээнд /21 аймаг 9 дүүрэг/ Газар зохион байгуулалтын цахим систем ашиглаж эхэлсэн бөгөөд манай газраас Мөрөн сумын газрын даамлын үйл ажиллагаанд цахим системээр хяналт тавьж, хууль бус газар олголт, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг зөрчсөн эсэх, хамгаалалтын зурвас зөрчиж байгаа зэрэг газрын даамлын үйл ажиллагаатай холбоотой хяналтуудыг байнга тавьж ажиллаж байна. Хэрвээ хууль зөрчсөн, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг зөрчсөн үйлдэл гарвал тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар нь цахим системд орохгүй бөгөөд гэрээ, гэрчилгээ, захирамж гарах ямар ч боломжгүй байдаг. Мөн давхар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Газар зохион байгуулалтын хэлтэс цахим системээр шууд хянаж, бидэнд зөвшөөрөл өгдөг бөгөөд тухай бүр мэргэжил арга зүйгээр хангаж, цахим системийн хөгжүүлэлт, газар олголттой холбоотой асуудлаар тухай бүр сургалт орж, мэргэжил арга зүйгээр мэргэжилтэн, даамлуудыг хангаж ажиллаж байна.
Дөрөв. Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах талаар:
Байгууллагын даргын хувьд байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, удирдлагаар хангах, байгууллагын дотоод үйл ажиллагааг зохион байгуулж ажиллаж байна. Тухайлбал, Албан үүргийг түр орлон гүйцэтгэх тухай 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар албан хаагчдыг ээлжийн амралттай байх хугацаанд ажил албан тушаалыг орлох тушаал, иргэдэд чирэгдэл учруулахгүй төрийн албыг тасралтгүй явуулах үүднээс 2023 онд албан хаагчдын ээлжийн амралтыг зохицуулж тушаал гаргаж амруулсан.
Харин миний хувьд Аймгийн Засаг даргын ээлжийн амралтын хуваарь батлах тухай Б/27 дугаар захирамжийн дагуу 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хооронд ээлжийн амралтаа авсан бөгөөд намайг амрах хугацаанд ажил үүргийн хуваарийн дагуу Захиргаа, хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн орлож байсан. Тиймээс Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б.Г***********-т сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/44 дүгээр захирамжийг болон захирамжинд заасан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд учир нь Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт ажлаа дүгнүүлж жил бүр А, В үнэлгээ авч ажиллаж байгаа тул дээрх захирамжийг хууль бус гэж үзэж байна.
Тиймээс Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8-д Төрийн жинхэн албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг эсхүл ... шүүхэд гаргаж болно, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын наймдугаар зүйлийн 8.2-т Төрийн албаны тухай хуулийн 48.1.3,48.1.4-т заасан шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар шүүхэд тус тус гаргана гэж заасны дагуу шүүхэд хандаж байна.
Иймд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б.Г***********-т сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/44 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгч Б.Г*********** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний хувьд 2008 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч Хөвсгөл аймгийн Газрын албанд 2008 оны 5 дугаар сард төрийн албаны шалгалт өгч ажилд анх орж байсан. Уг байгууллагад үндсэндээ 15-16 жил тогтвор суурьшилтай ажилласан. Ажиллах хугацаандаа бол төрийн албаны шатлах албан тушаалуудын ажлуудыг хашиж байгаад 2018 онд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Ковид цар тахлын үеэс шалтгаалж 2 жил гаруй түр орлон гүйцэтгэгч хийж байгаад 2020 оны 10 дугаар сард өмнөх аймгийн Засаг дарга Л.Ганболдын захирамжаар газрын даргаар томилогдож ажилласан. Сүүлийн 15-16 жил ажиллах хугацаандаа сахилгын шийтгэл авч байгаагүй. 2020 оны орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам олонх болж намайг алдаа дутагдал гаргавал ажлаас чөлөөлөх гэж оролдож эхэлсэн. Өмнөх аймгийн Засаг дарга асан Ш.И*********** болохоор таныг намаас шахаж байгаа ч гэсэн залуу хүн учраас 2023 он хүртэл хамтран ажиллах санал тавьдаг байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бусад хүмүүс мэдэж байгаа байх. 2023 оны 6 дугаар сарын үед Ш.И*********** дарга ажлаасаа чөлөөлөгдөж П.Л*********** даргаар томилогдсон. Түүнээс хойш би удалгүй амралтаа 7 дугаар сард авч 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа орсон. Гэтэл ажилд ороод удаагүй байхад П.Л*********** дарга цахим хуралтай гэж дуудсан. Цахим хурал эхлэх хугацаанд үе үе уурлаж Мөрөн сумын газар олголтод хяналт тавихгүй байна гэж удаа дараа уурлаж эхэлсэн. 20 гаруй хүний өргөдөл над дээр ирж байна гэж хэлсэн. Өргөдөл гомдолд чи хяналт тавихгүй байна гэж хэлсэн. Би бол хуулийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргыг төлөөлж газар олголтод оролцох боломжгүй. Зөвхөн газар төлөвлөлт дээр хяналт тавьж Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталгаажуулдаг. Газар олголтыг Мөрөн сумын Засаг дарга л хуулийн хүрээнд шийдвэрлэх ёстой гэж хэлсэн. Тэгэхэд намайг газар олголтыг хянаж оролцоогүй байна гэж хэлсэн. Мөн 2023 оны 07 дугаар сард залгаж арга хэмжээ авна гэж залгасан. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёлын төвийн дээврийн засварын актыг яаралтай гаргаач залгасан. Тухайн үед би холбогдох хүн рүүгээ утсаар ярьсан. Гэтэл улсын комиссын гишүүдийн гарын үсэг дутуу байсан учраас ажиллаж байсан компани нь санхүүжилт авах гээд дээр доороос залгуулж байсан юм. Улсын комиссын актыг зурахдаа томилогдсон гишүүнээс өөр хүн орлох боломжгүй байдаг болохоор амралтын үе таарч комиссын гишүүд бүрэлдээгүй. Түүнийг аймгийн Засаг даргад мэдэгдэж хэлсэн. Дараа нь н.Ганбаатар гэж иргэний газрын өргөдөл 3 жил хугацаанд шийдэгдээгүй байна гэж хэлсэн. Түүнийг шалгаж үзэхэд 2 удаагийн шүүхийн шийдвэрээр н.Ганбаатар гэдэг хүний эсрэг гарсан байсан. Шүүхийн шийдвэрийг мөн аймгийн Засаг даргад үзүүлсэн. Би шийдвэрлэх боломжгүй гэж хэлсэн. Ийм ярианууд цахим хурлын үеэр болсон. Тэгээд над дээр арга хэмжээ авна гэж аймгийн Засаг дарга хэлээд хурлаас гарсан. 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр н.Оюунтуяа дарга намайг дуудаж цалингийн 20 хувиар 3 сарын хугацаатай арга хэмжээ авахаар болсон гээд сонсох ажиллагаанд дуудсан. Сонсох ажиллагаа ямар үндэслэлтэй юм бол гэж асуухад 1. Мөрөн сумын газар олголт дээр маш их маргаантай байна. 2. Барилга байгууламжийн улсын комисст хяналт тавиагүй. 3. 1111 төвд Газрын албатай холбоотой өргөдөл гомдлыг шийдвэрлээгүй гэсэн гурван үндэслэлээр арга хэмжээ авч байна гэсэн. Миний хувьд дээрх гурван үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлээд 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 1/496 тоот албан бичгээр тайлбарыг аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Тухайн тайлбарын үндэслэлүүдээ Газрын тухай хууль, Засгийн газрын тогтоол, иргэдийн хүсэлт гомдлыг шийдвэрлэсэн тоот зэргүүдийг хавсаргаж хүргүүлсэн. Гэтэл аймгийн Засаг даргын зүгээс 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1/1407 гэсэн албан бичиг ирүүлсэн. Тухайн ирүүлсэн албан бичигтэй холбогдуулан тайлбараа хэлье. Үүнд: 1. Аймгийн Засаг дарга хариу тайлбартаа Барилгын тухай хуулийн 34.1.1 дэх заалтыг барьсан байсан. Барилгын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн хангах гэсэн байсныг миний бие хангаад хэрэгжүүлээд явж байгаа. Засгийн газрын 216 дугаар тогтоол дээр улсын комиссын бүрэлдэхүүнийг баталсан тогтоол дээр миний нэр байхгүй. Мөн Барилгын тухай хуулийн 35.1-д зааснаар тухайн Засаг даргад хамаарна гэсэн байгаа. Цөмийн цахилгаан станц, усан цахилгаан станц, бусад том барилгуудыг Засаг дарга хүлээж авах үүрэгтэй. 16 давхраас дээш өндөр барилга болно цамхаг баригдаж байгаа бол Засаг дарга хүлээж авна. Аймгийн Засаг дарга намайг буруутгаж байгаа гурван барилга байгууламж байдаг. Энэ нь 2020 оны А/678 дугаартай захирамж, 2020 оны А/679 дугаартай захирамж, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/459 дүгээр захирамжуудын дагуу барилга байгууламжийг хүлээн авах комиссыг томилсон байдаг. Барилга байгууламжийг хүлээн авах комиссын дарга нь манай хэлтсийн дарга байдаг. Хэлтсийн дарга чиний шууд удирдлага дор байх учраас хяналт тавьж ажиллах ёстой гэж шаардсан. Энэ Засгийн газрын тогтоол, Барилгын тухай хуульд зааснаар Засаг дарга комиссыг томилж барилга байгууламжийг хүлээж авах ёстой. Комиссын даргын үүргийн хувьд комиссын гишүүдийг цуглуулан, барилга байгууламж дээр улсын комисс ажиллуулах, хурлын тэмдэглэл хөтөлж оролцох л гэсэн үүрэгтэй. Ганц Б.Энхжаргал дарга түүнийг мэдэж ашиглалтад оруулдаг зүйлгүй. Бүх комиссын гишүүд хамтын шийдвэр гаргаж барилга байгууламжийг хүлээж авна. Тухай комиссыг Засаг дарга захирамжаар томилж, үүрэг даалгавар өгдөг. Ингэхээр миний хувьд улсын комиссын үйл ажиллагаанд оролцдоггүй болно. Аймгийн Засаг дарга болохоор Барилгын тухай хуулийн 35.1-д заасны дагуу комиссын бүрэлдэхүүнийг томилж байгуулсан байна.
2. Газар олголтын талаарх хуулийн 23.2.11-д заасан өөрчлөгдсөн заалтыг бичсэн байсан. Газрын тухай хуулийн шинэчлэгдсэн найруулга дээр 23.3-т нэмэлт өөрчлөлт орсон байгаа. Манай байгууллагын хувьд аймаг, нийслэлийн газрын алба дараах эрх хэмжээтэй байна гэж заасан байдаг. 23.3.7-д иргэн, аж ахуйн нэгж, байгууллагтай гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээг цахим шийдвэрээр эзэмшүүлнэ гэсэн байдаг. Бид шийдвэрийг л үндэслэдэг байгууллага. Мөн 23.4-т газрын даамлын эрх үүрэг байна. Тэгэхээр Газрын тухай хуулийн дагуу сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталсан төлөвлөгөөний дагуу Мөрөн сумын Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд газар олголт хийсэн. Сумын Засаг даргын бүрэн эрх Газрын тухай хуулийн 21.4-д сумын Засаг дарга сумын хуралдаа төлөвлөгөөг өргөн мэдүүлэх, иргэдийн төлөөлөгчид хэлэлцэн баталж Засаг дарга шийдвэрлэж зохион байгуулна гэж заасан байдаг. Тэгэхээр Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар 1600 хүнээс өргөдөл хүлээж аваад 543 иргэнд газар олголт хийж захирамж гаргасан. Үүний дагуу сумын газрын даамал газар олгох асуудлыг шийдвэрлэсэн. Тухайн газар олголтод манай байгууллага болон сумын даамлын зүгээс оролцох боломжгүй байдаг. Гэтэл намайг газар олголтод хяналт тавиагүй гэж аймгийн Засаг дарга буруутгадаг. Би 1600 иргэнээс хэнд газар өгөхийг шийдвэрлэж оролцдог эрх бүхий албан тушаалтан биш. Мөрөн сумаас тусгайлан журам баталсан байсан. Үүнд: Шинэ гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэтгэврийн насны хүнд газар олгоно гэсэн байсан. Бид тухайн журмыг баримтлаж газар олгох тухай шийдвэр гаргахгүй. Тухайн журам өөрөө хэм, хэмжээний актад бүртгэгдээгүй. Газрын тухай хуульд 07 га газар өгнө гэж хэмжээг зааснаас биш тоог тодорхойлоогүй. Манай байгууллага газар олголтод оролцох боломжгүй болно.
3. Манай байгууллагын дотоод зохион байгуулалтын талаар дурдахдаа барилгын хэлтсийн дарга, газрын хэлтсийн дарга нар зэрэг амарсан байна гэж үзсэн. Нотлох баримтаар хэрэгт шаардлагатай материалуудыг гаргаж өгсөн. Манай байгууллага газрын хэлтэс, барилгын хэлтэс, захиргаа аж ахуй гэсэн 3 хэлтэстэй. Барилгын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хэлтэсийн дарга нар зөрж амардаг. Намайг ээлжийн амралттай байх үед захиргаа аж, ахуйн хэлстийн ахлах мэргэжилтэн орлон ажилладаг. Амралтуудыг хэрхэн олгосон талаар тушаалуудыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Бүх ажилчдаа 9 дүгээр сараас өмнө амраагаад ажлаа жигдэрүүлж эхэлдэг. Аймгийн удирдлагуудаас 9 дүгээр сараас өмнө ажилчдаа амраах үүрэг чиглэл ирүүлдэг.
4. 11-11 төвд ирүүлсэн иргэдийн гомдол саналуудын хариу тайлбарыг өгч ажилласан байдаг. Холбогдох нотлох баримтуудыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Үүнд: Иргэн н.А***********-тай холбоотой Улаанбаатар хотод газар өмчилж авах гэтэл Хөвсгөл аймагт бүртгэлтэй байгаа учраас газрын бүртгэлээс хасч өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн байсан. н.А***********-тай утсаар нь холбогдоод регистрийн дугаарыг авч Хөвсгөл аймгаас хасалт хийж өгсөн.
Төрийн захиргаа удирдлагын хэлтсээс иргэн н.Отгончимэгт холбогдох гомдлыг ирүүлсэн. Үүнд: Хөвсгөл аймгийн Түнэл сумын газрын даамал ёс зүйн зөрчил гаргаж учраас арга хэмжээ авч өгнө үү гэсэн байсан. Үүнтэй холбогдуулан байгууллагын ёс зүйн зөвлөлөөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын газрын даамалд арга хэмжээ авсан баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн.
Мөн иргэн н.Билэгдэмбэрэл гомдол ирүүлсэн. Манай байгууллага хариуг нь 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 4/595 тоот албан бичгээр хүргүүлсэн.
Аймгийн Засаг даргаас ирүүлсэн н.Хаш-Эрдэнийн гомдлыг ирүүлсэн. Тухайн хүн нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын хурлын төлөөлөгч хүн байсан. Манай байгууллага руу өмчлөл шилжүүлэх гэж орж ирээд 15 минутын дотор өргөдлөө шийдүүлсэн байдаг. Түүнийг өргөдлийн шийдвэрлэсэн талаар аймгийн Засаг даргад албан бичгээр хариуг нь өгсөн.
Ажлын гүйцэтгэлийн үр дүнгийн талаар аймгийн Засаг дарга Б/44 дүгээр захирамжид цаг ашиглалт, ёс зүй, захиран захиргадаггүй гэх мэтээр дурдсан байсан. Манай байгууллагын хувьд Барилга зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төв, Аймгийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгуулан ажилладаг. Манай байгууллагын үндсэн Барилга зохион байгуулалт, геодези зураг зүйн газартай 150-160 гаруй арга хэмжээтэй гүйцэтгэлийн төлөвлөөгөөр дүгнэгдэж ажилдаг. Аймгийн Засаг даргатай хамтарч ажиллах гэрээ байгуулдаг. Аймгийн Засаг даргын зүгээс тайлан мэдээг цаг хугацаанд нь ирүүлээгүй гэж захирамжид дурдсан байсан. Хамтран ажиллах гэрээний 4.2 дээр гэрээг бүтэн жилээр дүгнэн гэж заасан байдаг.
Харин Барилга зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төвтэй болохоор гэрээний дагуу жил бүр шалгуулж цалингийн урамшуулал авч ажилладаг. 2023 оны хувьд үнэлгээний хуудас бөглүүлсэн. Нотлох баримтын шаардлага хангаагүй учраас шүүхэд гаргаж өгөөгүй. Аймгийн Засаг дарга 2023 онд 92.3 хувиар үнэлж гарын үсэг зурж үнэлсэн байна.
Аймгийн Засаг даргын зүгээс н.О*********** төлөөлөгчтэй холбоотой олон өргөдөл ирүүлсэн байна. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 45 дугаар гудамж руу дулаан бохирын шугам татсан юм. Шугам татах явцад хүний эзэмшлийн газар дээгүүр шугам татсан байсан. 2017 онд техникийн нөхцөл авсан боловч шугам зургийн гүйцэтгэлийн зургийг манай байгууллагад ирүүлээгүй. Мэдээллийн санд тухай зураг ороогүйн улмаас хоёр айлын газар давхардаж олгогдсон байдаг. Манай байгууллагын зүгээс 2022 оны 8 дугаар сарын 09-ны өдөр аймгийн Засаг даргад тухай иргэний газрыг цуцлах боломжгүй гэсэн албан хариуг өгсөн. Гэвч н.О*********** хурлын төлөөлөгч дахин дахин өргөдөл өгч байгаад тухайн иргэдтэй зөвшилцөж шугамтай газар объект битгий бариарай гэсэн гэрээ байгуулсан. Гэхдээ л аймгийн Засаг даргаар захирамж гаргуулж тухай хоёр иргэний газрыг цуцлуулсан.
2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1/1759 дүгээр тоотыг манай байгууллагад Засаг даргын зүгээс ирүүлсэн байна. Хариуг нь 4/469 дүгээр албан тоотоор хүргүүлсэн. Бусад холбогдох аймгийн Засаг даргаас ирүүлсэн тоотуудад хариу өгсөн албан бичгүүдийг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/800 дугаартай тоотоор маргааш өглөө хуралд бэлэн байх тухай байсан. Тэгээд бид нар маргааш өглөө хуралд очиж өргөдөл гомдлуудыг шийдвэрлэсэн. Хамгийн сүүлд н.Гэрэлчулуун гэх иргэний өргөдөл байсан. П.Лхагважав дарга Ус, сувгийн дарга байхдаа аймгийн Засаг даргын захирамжаар тухайн иргэний газрыг нь цуцлуулсан байдаг. Одоо болохоор буцааж тухай хүний газрыг шийдвэрлэж өгнө үү гэсэн байсан.
Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, аймгийн Засаг даргын Б/44 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Дөрөв. Хариу тайлбар, түүний үндэслэл
4.1. Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа:Б.Ганзоригийн нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б.Г***********-т сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/44 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай агуулга бүхий нэхэмжлэл гаргасныг хүлээн авч танилцан дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
Нэг: Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/44 дүгээр захирамжийн хууль зүйн тайлбар.
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/44 дүгээр захирамжаар Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Б.Г***********-т албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаанд 20 (хорь) хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Ингэж шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хууль, Газрын тухай хууль, Барилгын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг тус тус үндэслэл болгосон. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Б.Г*********** нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д заасан төрийн албаны захирах, захирагдах ёсыг баримтлах, 37 дугаар зүйлийн 37.1.6-д Харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, 37.1.8-д Өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх, 37.1.13-д Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах, 37.1.15-д Харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах, 37.1.16-д Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах зэрэг төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн болох нь холбогдох баримтаар тогтоогдсон тул түүнд сахилгын шийтгэл ногдуулсан.
Тухайлбал: Б.Г*********** нь удирдлагын зүгээс өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, эргэж танилцах хугацаатай үүрэг даалгаврын явц, үр дүнг мэдээлдэггүй, салбарын хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашигладаггүй, иргэдээс Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга болон бусад албан хаагч, үйл ажиллагаатай холбоотой гомдлыг ихээхэн ирүүлдэг, өргөдөл гомдлын шийдвэрлэлт муу, холбогдох арга хэмжээг авдаггүй, харьяа дээд шатны албан тушаалтныг холбогдох мэдээллээр хангахаас татгалздаг, ажилдаа хичээл зүтгэл гаргадаггүй, өөрийн хариуцсан ажил, гүйцэтгэл, үр дүнгийн төлөө хариуцлага хүлээхээс зайлсхийдэг зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргасан. Мөн Б.Г*********** нь сахилгын зөрчилтэйд тооцох хугацаанд сахилгын зөрчил гэж үзэхүйц үйлдэл гаргасан Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 36/32 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 5.1 дэх хэсэгт зааснаар албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах үндэслэл болсон.
Хоёр: Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Б.Г***********-т албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаанд 20 (хорь) хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ноогдуулсан үндэслэлийн талаар.
2.1. Засгийн газрын 11-11 төв болон аймгийн Засаг даргад ирж буй өргөдөл гомдлын талаар:
Аймгийн Засаг даргад Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан хаагчид, газрын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол, саналыг иргэдээс цөөнгүй ирүүлдэг. Өргөдлийн дагуу тус асуудлыг шалгаж, нягтлах, иргэнд хариу өгөх, энэ тухай эргэж мэдээлж ажиллах хугацаатай үүрэг, даалгаврыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Б.Г***********-т аймгийн Засаг даргаас удаа дараа өгсөн бөгөөд тус асуудлыг шийдвэрлэхгүй удах, хариу өгөөгүй тохиолдлууд байна. Мөн Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төвийн 11-11 дугаарын утсанд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан хаагчид, сумдын газрын даамлуудын үйл ажиллагаа, харилцаа хандлага, ажлын цаг ашиглалтын талаарх гомдлуудыг ирүүлдэг. Тус гомдлын дагуу аймгийн Засаг даргын зүгээс үйл ажиллагаагаа сайжруулах, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй ажиллах чиглэлийг удаа дараа амаар болон бичгээр хүргүүлсэн боловч, өнөөдрийг хүртэл тодорхой үр дүнд хүрээгүй байна. Мөн газартай холбоотой аймгийн Засаг даргад ирүүлсэн өргөдөл гомдолтой холбоотой тайлбар, баримт ирүүлэх албан бичгийн хариуг ирүүлдэггүй хоцроодог, мөн хугацаанд нь ирүүлдэггүй, ирүүлсэн тохиолдолд дутуу мэдээлэл ирүүлдэг, шаардлагатай мэдээллээр бүрэн хангадаггүй.
2.2. Барилга, байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисст хяналт тавиагүй талаар:
Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Б.Г*********** нь сонсох ажиллагаанд биечлэн оролцож, холбогдох тайлбараа албан бичгээр ирүүлсэн байдаг. Тэрээр албан бичигтээ ...Барилга, байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын дагуу аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хийж гүйцэтгэгддэг бөгөөд миний хувьд улсын комиссЫн бүрэлдэхүүнд ордоггүй, хяналт тавих, хөндлөнгөөс нөлөөлөх эрх байхгүй... гэх тайлбарыг ирүүлсэн. Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлд барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг хуульчилсан байх бөгөөд 34.1.1-д Барилгын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангах, 34.1.6-д Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг сурталчлах, нэвтрүүлэх, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах гэж, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын албан тушаалын тодорхойлолтын 2 дугаар зорилтод ...мэргэжлийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил арга зүйгээр хангах.... гэж, 6 дугаар зорилтод Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үйл ажиллагаа, сумын газрын даамлуудын гүйцэтгэлийн тайлан, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрт хяналт, шинжилгээ үнэлгээ хийх, дүгнэлт өгөх ажлыг зохион байгуулах гэж, 3 дугаар зорилтын 6 дахь хэсэгт ...барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлыг хангах, ашиглалтад хяналт тавих ажлыг зохион байгуулах гэж, 9 дэх хэсэгт Барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулахад холбогдох хууль тогтоомж, дүрэмд заасны дагуу ажиллах гэж тус тус заасан байтал барилга байгууламжийг ашиглалтад оруулах, чанарт хяналт тавих хууль болон албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Цэцэрлэг сумдад 3 барилгыг улсын комисс хүлээж авсан боловч өнөөг хүртэл ашиглалтад ороогүй байна.
Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм-ийн 1 дүгээр хавсралтад Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнийг заасан байх бөгөөд дарга нь Аймгийн барилга хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагын барилгын асуудал хариуцсан нэгжийн дарга байхаар заасан. Тус комиссыг даргалах албан тушаалтан нь Б.Ганзоригийн шууд удирдлагад ажиллахаар байх бөгөөд хууль, албан тушаалын тодорхойлолтын дагуу доод шатны албан тушаалтандаа хуулийн дагуу шаардлага тавьж, үйл ажиллагаанд нь хяналт тавих үүрэгтэй. Гэтэл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Б.Г*********** нь хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй байна.
2.3. Газар олголтын асуудлаар:
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын захирамжаар иргэдэд газар эзэмших эрх олгосонтой холбоотойгоор хууль бусаар газар эзэмшүүлсэн, бусдад давуу байдал үүсгэж газар олгосон гэх асуудлаар аймгийн Засаг даргад 20 гаруй гомдол ирсэн байдаг. Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын албан тушаалын тодорхойлолтын 6 дугаар зорилтын 3-т Сумын газрын даамлуудын үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйгээр хангах, хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах гэж заасан бөгөөд дээрх чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, газар эзэмших эрх олгох ажлыг зохион байгуулах ажлын хэсэгг орсон өөрийн бүтцийн газрын даамлын үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Дээрх сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгаж, зөрчлийн шинжтэй үйлдлийн талаар холбогдох дүгнэлтийг гаргасан бөгөөд дүгнэлтийг аймгийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/1407 тоот албан бичгээр Б.Г***********-т хүргүүлсэн. Уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.
4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц*********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 375 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлаг байгууллагуудыг тодорхойлсон байдаг ба уг бүтцэд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар орсон байна. Энэ хүрээнд аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын даргыг аймгийн Засаг дарга томилж, чөлөөлөх хариуцлага тооцох эрх бүхий этгээд гэж ойлгож болно. 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/44 дугаартай захирамжаар Б.Г*********** даргад 3 сарын хугацаатайгаар цалинг 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан байдаг. Тухайн захирамжийн үндэслэл болсон заалтуудыг дурдвал. Газрын тухай хууль, Барилгын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиудыг баримталж шийдвэрлэсэн. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д заасныг баримтлах, 37 дугаар зүйлийн 37.1.6-д Дээд шатны байгууллагын удирдлагын хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, 37.1.8-д Өөрийн мэдлэг чадварыг байнга хөгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнгийн нөлөөнд бүрэн хариуцлага хүлээх, 37.1.13-т Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтын чиг үүргийн хэрэгжилтийг хангах, 37.1.15-д Харьяа дээд шатны байгууллагын албан тушаалтныг хуульд нийцсэн бодит баримт нотолгоонд тулгуурласан үнэн зөв мэдээ, мэдээллээр хангах, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан ажлын чиг үүргийг үр бүтээлтэй ашиглах гэх мэт төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг чиг үүргүүдийг зөрчсөн болох нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдсон учраас аймгийн Засаг даргын Б/44 дүгээр захирамжаар сахилгын шийтгэл ноогдуулсан болно.
Барилга байгууламжийг ашиглалтад оруулахад хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлээгүй болох нь Монгол Улсын Засгийн газрын 211 дүгээр тогтоолын дагуу аймгийн Засаг даргын захирамжаар барилга байгууламжийг хүлээж авах комиссыг томилж ажиллуулдаг. Тухайн комиссын даргаар барилга хот байгуулалтын хэлтсийн дарга ажилладаг. Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Ренчинлхүмбэ сумын сургуулийн барилгатай холбогдуулан тухайн барилгуудын үйл явц бүрэн дуусаагүй байхад улсын комисс хүлээж авсан гэх үндэслэлээр асуудал үүссэн. Үүнд хяналт тавиагүй гэж Б.Г*********** даргыг буруутгадаг. Яагаад гэвэл тухай улсын комиссын дарга нь Б.Г*********** даргын шууд удирдлага дор ажилладаг албан тушаалтан буюу хэлтсийн дарга байсан. Албан тушаалын тодорхойлолтод заасан доод албан тушаалтныг мэргэжил ур, чадвараар хангах үүргийг төрийн албаны тухай хуулиар Б.Г*********** дарга хүлээсэн байдаг.
Мөн Төрийн албаны зөвлөлөөс батлагдсан албан тушаалын тодорхойлолтын 2 дугаар зорилтод Мэргэжлийн байгууллага хуулийн этгээдэд хяналт тавих, 6 дугаар зорилтод Аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын үйл ажиллагаа нь сумдын газрын даамлуудын үйл ажиллагаа, төсөлт хөтөлбөрүүдэд хяналт шинжилгээ хийж дүгнэлт зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулах, 3 дугаар зорилтод Барилга байгууламжийн аюулгүй байдалд хяналт тавих гэсэн албан тушаалын тодорхойлолтууд тодорхой тусгасан байдаг. Албан тушаалын тодорхойлолтын 9 дүгээр зорилтод Барилга байгууламжуудыг ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулахад холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд заасны дагуу ажиллах гэж тодорхой чиг үүргийг зааж өгсөн байхад хяналт тавьж ажиллаагүй гэж үзсэн. Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Цэцэрлэг сумдын сургуулийн барилгуудыг улсын комисс хүлээж авсан боловч өнөөг хүртэл ашиглалтад ороогүй байгаа. Тус сумын иргэдийн болон хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдсөн асуудал байгаа.
Газар олголтын асуудлаар Мөрөн сумын Засаг даргын захирамжаар 516 өрхөд газар олгосон, мөн Аймгийн Засаг даргад газар олголттой холбогдуулан 20 гаруй өргөдөл гомдол ирсэн байна. Б.Г*********** даргын албан тушаалын тодорхойлолтод 6 дугаар зорилтын 3 дахь хэсэгт сумын газрын даамлуудын үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, мэдлэг арга зүйгээр хангах шаардлагатай гэж заасан. Мөрөн сумын газрын даамлын хувьд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гаргасан журмыг хангасан эсэхийг харгалзан үзэж холбогдох гэрээ гэрчилгээг гаргах байсан. Сумдын газрын даамлуудын үйл ажиллагаа гүйцэтгэлийн төлөвлөгөөнд шууд хяналт тавих талаар газрын даргын чиг үүрэгт тусгасан байна гэж үзсэн болно. Мөрөн сум болон бусад сумдтай холбоотой газрын маргаан өргөдөл аймгийн Засаг даргад нилээн ирдэг. Иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар шийдвэрлэх боломжтой асуудлуудыг шийдвэрлүүлэхээр шууд шилжүүлдэг. Аймгийн Засаг дарга өөрийн шийдвэрлэх боломжтой асуудлуудыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж явж байгаа. Аймгийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн өргөдөл гомдлыг 30 хоногийн дотор холбогдох эрх бүхий албан тушаалтан бүрд шилжүүлж цохолт хийж ажиллаж байна.
Өмнөх онд Хатгал тосгоны газрын даамалтай холбоотой их өргөдөл гомдол ирсэн. Газрын давхцалыг арилгах, өргөдөл гомдлыг шийдвэрлэх чиг үүрэг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад шууд хамааралтай байдаг. Хатгал тосгоны газрын даамалд хариуцлага тооцох албан тоотыг аймгийн Засаг даргын зүгээс хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй гэх мэт олон албан тоотод хариу ирүүлээгүй гэж асуудал байгаа. Нотлох баримтуудаар хавтаст хэрэгт гаргаж өгсөн байгаа. Мөрөн суманд 2023 онд зохион байгуулагдсан газрын дуудлага худалдаатай холбоотой гомдол аймгийн Засаг даргад ирсэн. Түүнтэй холбогдуулан дуудлага худалдааны зар мэдээллийг олон нийтэд хэрхэн хүргэсэн талаарх албан бичгийг хүргүүлсэн боловч дуудлага худалдаатай холбоотой мэдүүллүүдийг ирүүлээгүй асуудлууд үүсэж байсан. Өөр нэмж хэлэх тайлбар байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3.1. Засгийн газрын 11-11 төв болон аймгийн Засаг даргад ирж буй өргөдөл гомдлыг шийдвэрлэлгүй удаасан зөрчлийн тухайд хариуцагчаас үүнтэй холбоотой баримтууд болох иргэдийн гомдол, хүсэлтийг уламжилж шилжүүлсэн албан бичгүүдийг (1 дүгээр хавтаст хэргийн 114-116 дугаар тал) шүүхэд гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэгчээс тухай бүр асуудлыг шийдвэрлэж, улмаар хэрхэн шийдвэрлэсэн талаар хариуг хариуцагч руу тухай бүр хүргүүлж байсан болох нь Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хариу хүргүүлсэн албан бичгүүдээр (1 дүгээр хавтаст хэргийн 86-100 дугаар тал) тогтоогдож байна.
3.2. Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисст хяналт тавиагүй гэх зөрчлийн тухайд хариуцагчаас Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.1, 34.1.6-д заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, мөн албан тушаалын тодорхойлолтын 2 дугаар зорилт, 6 дугаар зорилт, 3 дугаар зорилтын 6 болон 9 дэх хэсгээр хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Цэцэрлэг сумдад 3 барилгыг улсын комисс хүлээж авсан боловч өнөөг хүртэл ашиглалтад ороогүй гэжээ.
3.3. Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 35.1.6-д ... барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах, 48.1.Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна гэж тус тус заасны дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах эрх хэмжээ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад бус аймгийн Засаг даргад олгогдсон байна.
3.4. Түүнчлэн хариуцагчаас 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/459, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/678, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/679 дүгээр захирамжуудаар дээрх 3 сумдад барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссыг томилсон байх бөгөөд комиссын дарга болон гишүүдийн бүрэлдэхүүнд нэхэмжлэгч хамаарахгүй байхад барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын эрх хэмжээг нэхэмжлэгчийг хэрэгжүүлэх ёстой гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, дээрх сумдад баригдсан 3 барилгыг улсын комисс хүлээж авсан ч одоог хүртэл ашиглалтад ороогүй асуудалд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм.
3.5. Мөрөн сумын Засаг даргын захирамжаар 2023 онд газар олгосонтой холбоотой гомдол иргэдээс ирсэн, газар олголтод хяналт тавиагүй гэх зөрчлийн тухайд хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ... Мөрөн сумын Засаг даргын захирамжаар иргэдэд газар эзэмших эрх олгосонтой холбоотойгоор хууль бусаар газар эзэмшүүлсэн, бусдад давуу байдал үүсгэж газар олгосон гэх асуудлаар аймгийн Засаг даргад 20 гаруй гомдол ирсэн гэж дурджээ.
3.6. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 21.4.3-д Энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах, 20 дугаар зүйлийн 20.2-т Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 20.2.7-д Газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах гэж тус тус заасны дагуу иргэдэд газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхийг Мөрөн сумын Засаг даргад, уг үйл ажиллагаанд хяналт тавих, гарсан зөрчлийг арилгах арга хэмжээг Хөвсгөл аймгийн Засаг даргад тус тус олгосон байтал үүнийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын эрх хэмжээнд хамаатуулан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ганзоригийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/44 дугаартай Б.Г***********-т сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргаас 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР