Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2024/04081

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2024/04081

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, *байр, 1* тоотод оршин суух * овогт * * /рд:*/

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, Инээмсэглэл хотхон, * байр, * тооотод оршин суух * овогт ** /рд:*/

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Н.*,

Хариуцагч *,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч *д холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Миний бие 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүү *төрсөн. Хүүгийн аав ач холбогдол өгөхгүй байсаар гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харилцааны тааламжгүй байдал болон нөхрийн ээжийн бидний амьдралд оролцдог шалтгааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр нөхөр, хүү бид хоёрыг миний аав ээжид хүргэж өгснөөр тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү маань миний асрамжид амьдарч өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралаар амьдарч цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул *гээс хүү *тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Сарын өмнө хүүтэйгээ уулзсан. Шүүхээр тэтгэлэг тогтоолгосон ч гэсэн зарим үед хүүгээ харуулах, тусламж өгөхөд татгалзах зүйлгүй гэдгийг хэлэх хэрэгтэй байх гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх2/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх3/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх5/,* төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл мэндийн тодорхойлолт /хх4-5/-ыг гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтгүй.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгчээс өөрийн шаардлагын үндэслэлээ ...Бидний хамтран амьдрах хугацаанд 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүү *төрсөн. ...Одоо бид тус тусын амьдралаар амьдарч цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэсэн агуулгаар тайлбарласан.

 

3. Хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.

 

4. Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч Н.* болон хариуцагч * нар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй, тэдний дундаас 2022 оны 7 дугаар сарын *-ний өдөр хүү Б.*төрсөн болох нь тогтоогдож байна.

Зохигчид хүү * эцэг *гөөр овоглосон байх бөгөөд хариуцагч * нь хүүгийн төрсөн эцэг мөн эсэх талаар маргаагүй.

 

Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй ба зохигчид хүү *эхийн асрамжид байгаа талаар маргаагүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.

 

Иймд хуульд заасан хугацаа, хэмжээгээр эцэг *гөөс тэтгэлэг гаргуулан хүү *олгох нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2022 оны 7 дугаар сарын *-ний өдөр төрсөн хүү * овогт*гийн */рд*/-д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг *гөөс гаргуулан олгосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *гөөс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*д олгосугай.

  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарлаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.БАЯРСҮРЭН