Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч Э.Э /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аргалчин овогт Энхсайханы Эт холбогдох 1729000410011 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Гашуун сухайт хилийн боомтын хойно В.Боргилчулуунтай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ: “ 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Ганц модноос нүүрс тээврийн хэрэгсэл жолоодож Монгол руу орж ирсэн. Араас Боргилчулуун ах орж ирээд дөрвүүлээ нийлсэн. Болдоо, Боргио ах бид 3 Цагаан хад орж хоолны материал цуглуулж явахдаа 2 шил архи авч буцаж машинууд дээрээ ирсэн. Тэндээ хоол хийнгээ архиа ууцгаасан. Боргио ах бид хоёр юм ярилцаж байгаа маргалдсан. Тэгтэл Боргио ах паскнаасаа хутга гаргаж ирээд миний цээж рүү хатгалчихаар нь би түүнтэй барилдаж аваад ноцолдсон чигтээ машины баруун талын хаалгаар газар унасан. Унасан хойноо би гараараа Боргио ахын нүүрэн тус газарт 3-4 удаа цохитол Боргио ах “чамайг гүйцээчихье” гээд хутгаа бариад хөөхөөр нь би өөрийнхөө унаж явсан машины кабинд ороод хаалгыг нь түгжиж байгаад цагдаад дуудлага өгсөн.” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4 дүгээр хуудас/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-н 8 дугаар хуудас/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 9 дүгээр хуудас/

Хохирогч В.Боргилчулууны:”...2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Ганц модны хоолойд хоосон машинтай Монгол руу орох гээд зогсож байхад Болдоо ах надад хамт уурхай явъя түрүүлж ороод хүлээж байя гэсэн. Тэгээд би 12 цаг өнгөрч байхад Монгол руу ороод Болдоо ахтай утсаар ярихад Баяраа, Э нартай хил гараад зогсож байна гэсэн. Тэд нарыг хилийн цэргийн шалган нэвтрүүлэхээс 500 орчим метрт зогсож байхад нь намайг очиход Болдоо ах, Баяраа, Э нар машинуудаа парклаад тавьчихсан байхаар нь би машинаа хамгийн баруун талд зогсоосон. Тэгээд Болдоо ах надаас оюутан охиндоо төлбөрийн мөнгө зээлье гэхээр нь Э, Болдоо ах бид гурав боомтын банк ороход оочер ихтэй байхаар нь Цагаан хад руу такси барьж очоод мөнгө шилжүүлчихээд 0.75 литрийн 2 шил архи аваад буцаж машин дээрээ очоод Болдоо ахын машины кабинд дөрвүүлээ хувааж уусан. Тэгээд би нэлээд согтчихсон, Э бид хоёр Болдоо ахын машины хажууд зогсчихсон Э миний нүүр рүү  гараараа 2-3 удаа цохиж, хамар, духнаас цус гарахаар нь би машин тойроод зугтаасан. Тэгээд юу болсныг сайн санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/

Гэрч Г.Болдын: ”...Би 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цагийн үед  Хятадаас нүүрсний машинтай Монгол руу ороод хилийн цэргийн шалган нэвтрүүлэх пост гараад замын баруун тард гарч зогссон. Тухайн үед өөрийн төрсөн дүү Эрдэнэбаяр, Э нартай гарч ирээд машинуудаа парклаж тавьчихаад байж байхад Боргилчулуун 2 цаг орчмын дараа араас машинтайгаа гарч ирсэн. Тэгээд бид нар хоол идэж, хүнс авахаар Э, Боргилчулуун бид гурав таксигаар Цагаанхад явсан. Тэгээд тэндээс хоол хүнсний зүйл, 2 шил 0.75 литрийн архи аваад машиндаа буцаж ирсэн. Бид дөрвүүлээ миний машины кабинд архиа хувааж уугаад дуусч байхдаа би гол хэсэгт газан плиткан дээр хоолоо тавьчихсан, Эрдэнэбаяр бид хоёр орон дээр, Боргилчулуун жолоочийн суудалд, Э эсрэг талын суудал дээр суучихсан тэр хоёр хоорондоо хэрэлдээд эхлэхээр нь би “больцгоо” гэж хэлчихээд унтаад өгсөн. Тэд нар юм яриад сууж байсан. Тэгээд нэг сэрэхэд цагдаа нар ирчихсэн намайг сэрээсэн. Би босоод машины гэрэлд Боргилчулууныг харахад миний машины чиргүүлийн зөв талд суучихсан нүүр ам нь нэлэнхүйдээ цус болчихсон сууж байсан. Э цагдаа нартай яриад зогсож байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

Гэрч Х.Эрдэнэбаярын: ”...Би 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад төрсөн ах Болдтой цувж Монгол руу орж ирсэн. Бид хоёр соёмботой хаалга өнгөрөөд машинуудаа замын баруун талд зогсоосон. Араас Э, Боргилчулуун нар цувж ирээд зогссон. Бид нар хоол хийж идэхээр болж тэр гурав  Цагаан хад руу 16 цагийн үед таксигаар явсан. Тэгээд нэг цаг гаруй болсны дараа тэр гурав хоолны материал, 2 шил архитай ирсэн. Бид нар Болд ахын машины кабин дотор нийлээд хоолоо бэлдэж газан плиткан дээр тавьчихаад эхний архиа задалж уусан. Тэгээд хоол болохоор идчихээд архинаас 3 хундага уусан чинь Болд ах “чи ходоод муутай байж архи ууж болж байгаа юм уу” гэхээр нь би машинаас буугаад өөрийнхөө машинд ороод унтсан. Намайг унтаж байхад машины хаалга нүдэхээр нь сэрэхэд Болд ах байсан. Машинаасаа буухад Боргилчулуун миний машины чиргүүлийн хажууд нүүр, ам нь цус болчихсон суусан, харин Э миний машины урд талд намайг хутгалчихлаа гээд цагдаа руу ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №190 дугаартай шинжээчийн: “...В.Боргилчулууны уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, зүүн хацар, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/

Э.Эын яллагдагчаар өгсөн: ”...2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нүүрс тээврийн хэрэгсэл жолоодож Монгол руу орж ирсэн. Тэгээд машинаа Гашуун сухайт боомтын баруун хойно үлдээчихээд Болдоо, Боргио гэдэг 2 ахтай хамт Цагаан хад орж хоолны материал цуглуулж явахдаа 2 шил архи авч буцаж машинууд дээрээ ирсэн. Тэндээ хоол хийнгээ архиа ууцгаасан. Тэгэхэд Болдоо ахын дүү Баяраа хамт байсан. Баяраа ах ходоодоо тайруулсан гэж ярьж байснаа согтчихоор нь бид түүнийг машинд нь оруулж унтуулсан. Үлдсэн архиа ууж байтал Болдоо ах машиндаа унтсан. Боргио ах бид хоёр юм ярилцаж байгаад маргалдсан. Тэгтэл Боргио ах паскнаасаа хутга гаргаж ирээд миний чээж рүү хатгачихаар нь би түүнтэй барилдаж аваад ноцолдсон чигтээ машины баруун талын хаалгаар газар унасан. Унасан хойноо би гараараа Боргио ахын нүүрэн тус газарт 3-4 удаа цохьтол Боргио ах “чамайг гүйцээчихье” гээд хутгаа бариад хөөхөөр нь би өөрийнхөө унаж явсан машины кабинд ороод хаалгыг нь түгжиж байгаад цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

Шүүгдэгч Э.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/

Э.Эын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 36-44 дүгээр хуудас/

Шүүгдэгч Э.Эын гэрэл зураг, гарын дардас /хх-ийн 45-46 дугаар хуудас/

Хохирогч В.Боргилчулууны шүүгдэгч Э.Эт гомдол саналгүй, хохирол төлбөр барагдсан, нэхэмжлэх зүйлгүй тухай баримт /хх-ийн 48 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Э.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Гашуун сухайт хилийн боомтын хойно В.Боргилчулуунтай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хохирогч В.Боргилчулуун нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.

Иймд Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Эын хувийн байдал болон хохирогч В.Боргилчулуунд төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсэгт заасан хөнгөрүүлж үзэх нөхцөл байдалд тооцож, ял шийтгэл оногдуулав.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар дурдвал зохино.

Шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Аргалчин овогт Энхсайханы Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт оногдуулсан 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд тус бүр 200,000 /хоёр зуун мянга/-н төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч В.Боргилчулуун нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Э.Эын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.Эт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН