| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 1909046590818 |
| Дугаар | 2023/ДШМ/216 |
| Огноо | 2023-02-16 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Э.Булганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2023/ДШМ/216
2023 02 16 2023/ДШМ/216
Э.М-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Булганчимэг,
хохирогч Ц.Т, түүний өмгөөлөгч Д.Давааням,
нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/52 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, хохирогчийн өмгөөлөгч Д.Д гаргасан давж заалдах гомдлоор Э.М-д холбогдох эрүүгийн 00 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Э-н М, 00 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр 00 аймагт хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 00 дугаар байр 00 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:00/,
Яллагдагч Э.М нь хохирогч Ч.Т “Ц.А нь БНХАУ-аас өрөмдлөгийн машин оруулж ирээд худаг ухаж 3 сарын хугацаанд 118.800 ам доллар олох боломжтой бизнес байна, 150.000.000-200.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх шаардлагатай” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 30.000.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 21.000.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 149.000.000 төгрөгийг 00 дугаартай дансаар, 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 35.000.000 төгрөгийг бэлнээр нийт 235.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Б овогт Э-ийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан үндэслэлээр буюу “шүүгдэгч нас барсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Давааням гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох боломжтой гэж үзэж байна. Энэ гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг юм. Хохирогчид 239.400.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд нэг ч төгрөг буцааж аваагүй. Тухайн этгээдийг шүүхээс гэм буруутайд тооцсоны дараа хохирлоо нэхэмжлэх боломж үүснэ. Анхан шатны шүүхээс хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдийг үндэслэн энгийн журмаар шийдвэрлэх боломжтой байхад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн хэрэгт тогтоогдоогүй олон асуудлууд байдаг. Миний үйлчлүүлэгчийн нэр дээр өрмийн машин шилжүүлсэн байдаг. Үүнийг нөгөө талаас нэхэмжилдэг. Иймд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг зайлшгүй тогтоох шаардлагатай.” гэв.
Хохирогч Ц.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй” гэв.
Прокурор Э.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдлыг хуульчилсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “... яллагдагч, шүүгдэгч нас барсан /нас барсан хүнийг цагаатгах, эсхүл бусад хүнд холбогдох шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас уг хэргийг сэргээж хянан шийдвэрлэх ажиллагаа үүнд хамаарахгүй/. ...” гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Э.М нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн бүртгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 5923 дугаар “нас барсны бүртгэл”-ийн гэрчилгээ /5хх-23/-гээр тогтоогдож байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “... шүүгдэгч нас барсан бол хэргийг хэрэгсэхгүй болгоно. ...” гэж заасны дагуу шүүгдэгч Э.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хохирогч Ц.Т-ийн өмгөөлөгч Д.Даваанямаас “гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэж өгөхийг” хүссэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн ... 1.3-т заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн эс зөвшөөрвөл гомдлоо прокурор, шүүхэд гаргах ба шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээд гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь “яллагдагч, шүүгдэгч нас барсан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд түүнд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхээр гомдол гаргах эрхгүй байхаар хуульчилсан байх тул хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахгүй үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Д.Даваанямын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/52 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Д.Даваанямын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН