| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2018/0007/Э |
| Дугаар | 08 |
| Огноо | 2018-01-09 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Чулуунчимэг,
Улсын яллагч: В.Төгсбаяр,
Шүүгдэгч: Ц.О /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүргэд овогт Цэрэвийн Од холбогдох 1729000900052 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.О нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг дэвсгэрт “Зун мен” ХХК-ийн эзэмшлийн 15-82 УНЗ улсын дугаартай хүнд даацын тээврийн хэрэгслийг тонож, эд ангийг хувьдаа завшин бусдад 8,067,000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О мэдүүлэхдээ: ”...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Нүүрс тээврийн машины 9 ширхэг дугуйг зарсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 5 дугаар хуудас/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 08-13 дугаар хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтөрийн: “...манай компанийн 15-82 УНЗ улсын дугаартай Норд бенз маркийн автомашинаас Ц.О нь чиргүүл болон чирэгчийн тэнхлэгт байх бүх дугуйнуудыг солиод хуучин, элэгдэж муудсан дугуйнууд тавьсан, мөн 2 ширхэг аккумлятор, кабин халаагч, халуун тогоо зэрэг эд зүйлс нь байхгүй байсан. Ингээд Өвөрмонгол хөтөчтэйгөө ярьж байгаад Ц.Оюун-Эрдэнийг олж уулзаад 2 ширхэг дугуй, кабин халаагч, 2 ширхэг аккумлятороо бүрэн бүтнээр нь буцааж авсан бусад зүйлүүдийг зарж, сольсон гэсэн тул цагдаагийн хэлтэст мэдэгдсэн.” гэх мэдүүлэг / хх-ийн 18-19 дүгээр хуудас/
Гэрч А.Цэвэлмаагийн: ”... Уг автомашин хашаанд орж ирэхдээ гадна талаас нь хараад хүлээн авахад автомашины чиргүүлийн зөв талын хамгийн арын хоёр тэнхлэгийн дотор талын 2 ширхэг дугуй байхгүй байсан ба улмаар жолоочид хоёр дугуй байхгүй байна гэж хэлэхэд жолооч нь харин тиймээ наад хоёр дугуй чинь хагарчихсан юм аа гэж хэлсэн гэсэн энэ талаар манай нөхөр сайн мэдэж байгаа. Уг автомашины аккумлятор нь байгааг үзэж шалгаагүй, харин тэгээд компанийн хүмүүс нь ирж үзээд аккумлятор нь байхгүй байна гэж хэлсэн тэгээд би мэдсэн.” гэх мэдүүлэг / хх-ийн 23 дугаар хуудас/
Гэрч С.Цэцэг-Өлзийгийн: “...Уг автомашин хашаанд орж ирэхдээ гадна талаас нь ерөнхийд нь хараад хүлээн авахад автомашины чиргүүлийн зөв талын хамгийн арын хоёр тэнхлэгийн дотор талын хоёр ширхэг дугуй байхгүй байсан ба улмаар аккумлятор нь гадуураа төмөр тагтай байсан болоод байгааг нь сайн хараагүй сүүлд нь байхгүй болсон байсныг мэдсэн.” гэх мэдүүлэг / хх-ийн 25-р хуудас /
“Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн дүгнэлт, үнэлгээний тайлан / хх-ийн 27-34 дүгээр хуудас/
2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн орон нутгийн үнэлгээний комиссын Ц17-53 дугаартай үнэлгээ /хх-н 35 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.Оюун-Эрдэнийн яллагдагчаар өгсөн: “...би 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Зун мен” ХХК-ийн эзэмшлийн 15-82 УНЗ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг Хятадын Ганц мод боомтод нэрийг нь мэдэхгүй хятад хүнээс нэг рейсийг нь 2,500 юаниар тээвэрлэхээр амаар тохиролцож тухайн өдрөө жолоодон явсаар засмал замын 6 дахь километр дээр ирээд байж байтал утсаар гэрээс яриад “”ээжийн бие тааруу байна” гэсэн надад тухайн үед мөнгө байгаагүй учир нөгөө машины чиргүүлийн 7 ширхэг дугуйг тайлж аваад гэр гуанзанд хоол идэж байсан жолооч ахыг гуйгаад 2 ширхэг дугуйг тус бүх 50,000 төгрөгөөр, 5 дугуйг нэг бүрийг 150,000 төгрөгөөр бодож нийт 850,000 төгрөгөөр зараад тэр ахаас оронд нь муу дугуйнуудыг нь авч машинд тавьсан бас чирэгчид тавиад машиныг сумын төв рүү оруулан хоёр шинэ дугуй, кабин халаагч, халуун тогоо зэрэг зүйлсийг нь аваад журмын сахиул ахыг гуйж “машинаа энд нэг хоног тавьчихъя” гэж нэг хоногийн мөнгийг нь өгөөд тэнд оруулж тавихдаа аккумляторыг нь авч орхиод тэндээсээ авах хүн хайгаад олдоогүй учир дээрх эд зүйлсийг хүнгүй хашаанд нууж орхиод буудал олж амарсан. Тэгээд маргааш нь нөгөө зүйлсээ зарах гэж байтал компанийн хүн утсаар ярьж “хаана байна, машин хаана байгаа юм” гэхээр нь би тэр хүнтэй уулзаж нөгөө эд зүйлсүүдийг нь хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг / хх-н 41-42 дугаар хуудас/
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаан чулуут багийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн зохион байгуулагчийн тодорхойлолт / хх-н 43 дугаар хуудас/
Ц.Оюун-Эрдэнийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-н 44 дүгээр хуудас/
Ц.Оюун-Эрдэнийн төрсөн ээж З.Цэрэвийн нас барсны 0141 дугаартай гэрчилгээ / хх-ийн 55 дугаар хуудас /
Ц.Оюун-Эрдэнийн арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл / хх-н 58-61 дүгээр хуудас/
Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл / хх-н 62-66 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг дэвсгэрт нүүрс тээвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулж явуулсан “Зун мен” ХХК-ийн эзэмшлийн 15-82 УНЗ улсын дугаартай хүнд даацын тээврийн хэрэгслийг тонож, 7 ширхэг дугуй, 2 ширхэг аккумлятор, кабин халаагч, халуун тогоо зэрэг эд зүйлсийг завшсан үйлдлийг шүүгдэгч Ц.О нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эд хөрөнгөд халдаж хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Иймд шүүгдэгч Ц.Оюун-Эрдэнийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн буюу гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэв.
Шүүгдэгч Ц.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг харгалзан, торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч Ц.Оэс хохирол төлбөрт 8,067,000 төгрөг төлсөн, хохирогч “Зун мен” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөр нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан, хохирлыг төлж барагдуулсан гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бүргэд овогт Цэрэвийн Оюун-Эрдэнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Од 2,700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Од оногдуулсан 2,700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/-н сарын хугацаанд сар бүр 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Ц.Оюун-Эрдэнийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч “Зун мен” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөр нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Од урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН