Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/243

 

 

 

 

 

     2023            3              2                                          2023/ДШМ/243  

                     

 

Г.М, М.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Соёлмаа,

яллагдагч М.Б,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 2022/ШЗ/3563 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Соёлмаагийн бичсэн 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 7 дугаар эсэргүүцлээр шүүгдэгч Г.М, М.Б нарт холбогдох 2102000000188 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Дархан овгийн Г.М, 1985 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төрийн орчуулагч, олон улсын дипломат харилцааны мэргэжилтэн мэргэжилтэй, “Аба плюс” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Эм Эс Би выборг” ХХК-ийн захирал, “Хай куалити органик мийт монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Талын мэлтэс хишиг” ХХК-ийн гүйцэтгэх захирал, "Ногоон хясаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Зэ честнат фанд монголиа” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт .................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................./;

            2. Саминд овгийн М.Б, 1991 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодох бүртгэл мэргэжилтэй, Гарааны эс ти эс фүүдс ХХК-д санхүүгийн албаны дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ............................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:......................................../;

Яллагдагч Г.М нь “Аба плюс” ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа гүйцэтгэх албан тушаалтан буюу нягтлан бодогч М.Бтэй хамтран 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татвараар 1.352.002.644 төгрөг, нийтлэг хувь хэмжээгээр төлөх аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 2.425.359.251 төгрөг, тусгай хувь хэмжээгээр төлөх аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 13.064.494 төгрөг, нийт 3.790.426.389 төгрөгийн татварыг төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг тайланд тусгалгүй зориуд худал тодорхойлсон,

Мөн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Гачууртын зам 86 тоотод байрлах “Аба плюс” ХХК-ийн байранд Монгол улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-д багтсан хүрэн баавгайн түүхий эдийн зүйл болох 4 ширхэг сарвуутай арьсыг хадгалсан,

Яллагдагч М.Б нь “Аба плюс” ХХК-ийн гүйцэтгэх албан тушаалтан буюу нягтлан бодогчоор ажиллаж байхдаа удирдах албан тушаалтан Г.Мтай хамтран 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татвараар 1.352.002.644 төгрөг, нийтлэг хувь хэмжээгээр төлөх аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 2.425.359.251 төгрөг, тусгай хувь хэмжээгээр төлөх аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 13.064.494 төгрөг, нийт 3.790.426.389 төгрөгийн татварыг төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг тайланд тусгалгүй зориуд худал тодорхойлсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Г.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Г.М, М.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ яллагдагч нар нь хамтран нийт 3.790.426.389 төгрөгийн татварыг төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг тайланд тусгалгүй зориуд худал тодорхойлсон гэсэн байх бөгөөд улсад учирсан дээрх 3.790.426.389 төгрөгийн хохирлыг хэн ямар хэмжээгээр хариуцах нь тодорхойгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг хамтран үйлдсэн гэх боловч тэдгээрийн хамтран оролцсон хэлбэрийг тодорхойлоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэргийг яаж үйлдсэн”, 1.5 дахь заалтад “хохирлын хэр хэмжээ” гэж тус тус заасныг тогтоогоогүй гэж үзэх үндэслэл болж байна.

Шүүх тодорхой хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татах эрхтэй боловч тус “АБА плюс” ХХК нь шүүхийн шатанд иргэний хариуцагчаар татагдсан тохиолдолд тус эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн ажиллагааны хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй, үүнийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Түүнчлэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хэргийн материал танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мөрдөн байцаалтыг явуулж дуусган хэргийн материалыг оролцогчид танилцуулна” гэж заасантай нийцээгүйгээс гадна тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд хүсэлт, гомдол гаргах эрхийг нь хязгаарласан гэж үзэх үндэслэлтэй.

Хавтаст хэрэгт тэмдэглэл үйлдэн хүлээн аваагүй бичмэл нотлох баримтуудыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангуулбал зохих бөгөөд шүүх нэгэнт шүүхийн шатанд “АБА плюс” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах тухай асуудлыг шийдвэрлээгүй тул яллагдагчийн өмгөөлөгч П.Одонтунгалагийн гаргасан “гадаад улсын нутаг дэвсгэрт гэрчээр мэдүүлэг авахуулах” тухай хүсэлтийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Иймд яллагдагч нарын үйлдэл, оролцоог тодорхойлох, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн тухайд хохирлыг яллагдагч нарын хэн аль нь ямар хэмжээгээр хариуцахыг тогтоох, “АБА плюс” ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоон холбогдох ажиллагааг явуулах, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хэргийн материал танилцуулах, тодорхой хуулбар баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулах зэрэг ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

Прокурор Б.Соёлмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч Г.Мг “Аба плюс” ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа гүйцэтгэх албан тушаалтан буюу нягтлан бодогч М.Бат- Өлзийтэй хамтран, М.Бг “Аба плюс” ХХК-ийн гүйцэтгэх албан тушаалтан буюу нягтлан бодогчоор ажиллаж байхдаа удирдах албан тушаалтан Г.Мтай хамтран 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татвараар 1.352.002.644 төгрөг, нийтлэг хувь хэмжээгээр төлөх аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 2.425.359.251 төгрөг, тусгай хувь хэмжээгээр төлөх аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 13.064.494 төгрөг, нийт 3.790.426.389 төгрөгийн татварыг төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг тайланд тусгалгүй зориуд худал тодорхойлсон гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр,

Г.Мг 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Гачууртын зам 86 тоотод байрлах “Аба плюс” ХХК-ийн байранд Монгол улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-д багтсан хүрэн баавгайн түүхий эдийн зүйл болох 4 ширхэг сарвуутай арьсыг хадгалсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр яллаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Яллагдагч Г.М нь “Аба плюс” ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу удирдах албан тушаалтнаар, яллагдагч М.Б нь Аба плюс” ХХК-ийн нягтлан бодогч буюу гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байхдаа хамтран, тус компанийн татвар ногдох их хэмжээний орлогыг тайланд тусгалгүй зориуд худал тодорхойлсон буюу “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийг үйлдсэн нь болох нь хавтаст хэрэгт авагдсан, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийн субъектийг “татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан” гэж тодорхой болгосон ба аж ахуйн нэгж буюу хуулийн этгээд нь Татварын хуулийн дагуу орлогоо тооцоолж, татвар төлж, тайлагнах үүрэгтэй байдаг.

Иймд аж ахуйн нэгжийг удирдаж байсан гүйцэтгэх захирал Г.М, нягтлан бодох бүртгэлийн тайланг гаргасан гүйцэтгэх албан тушаалтан буюу нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Б нар нь компанийн дансанд орсон татвар ногдох их хэмжээний орлогыг тайланд тусгалгүй зориуд худал тодорхойлсон гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж үзэх ба аль нэгнийг нь гэмт хэргийг өөрөө, эсхүл бусдаар үйлдүүлсэн гүйцэтгэгч гэж, санаачилсан, удирдсан, үүрэг оролцоог хуваарилсан зохион байгуулагч гэж, мөн бусдыг гэмт хэрэгт татан оролцуулсан, хөлсөлсөн хатгагч, дэмжлэг үзүүлсэн хамжигч гэж журамлах шаардлагагүй юм.

Татвар төлөгч хуулийн этгээд болох “Аба плюс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан удирдах албан тушаалтан болох Г.М, нягтлан бодогч буюу гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байсан М.Б нар нь “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тэнцүү хувааж хариуцах нь нэгэнт тодорхой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад “Аба плюс” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 473024146 дугаартай ам долларын дансанд байсан 907,460.19 ам долларыг, 473024145 дугаартай төгрөгийн дансанд байсан 453,801.38 төгрөгийг, 473024147 дугаартай еврогийн дансанд байсан нийт 1.660.682.28 еврог тус тус Төрийн санд байрших Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн Цагдаагийн албаны төгрөгийн 100900012359 тоот, ам.долларын 106000079941 тоот, еврогийн 106000079955 тоот дансанд тус тус 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр шилжүүлж /28хх-ийн 115-118-р хуудас/ байршуулсан. 

Мөн Кредит банканд /Одоогийн Тээвэр хөгжлийн банк/ байгаа мөнгөн хөрөнгийг хязгаарласан байгаа болно. Яллагдагч Г.М нь “Аба плюс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар албан ёсоор одоог хүртэл ажиллаж байгаа ба өмгөөлөгч С.Энхбат, Т.Хурцбаатар нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Г.Мн өмгөөлөгч гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан бөгөөд компанийн Тээвэр хөгжлийн дансанд байгаа мөнгөн хөрөнгийг хязгаарласан мөн мөрдөх байгууллагын дансанд /Шилжүүлсэн өдрийн ханшаар/ нийт 8.223.174.306 төгрөгийг шилжүүлж байршуулсан байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж зааснаар Аба плюс ХХК-ийг иргэний хариуцагчаар татах үндэслэл байгаагүй болно.

Яллагдагч Г.Мн өмгөөлөгч С.Энхбат, Т.Хурцбаатар нар нь шүүхэд хэргийг шилжүүлснээс хойш үндэслэлгүйгээр “Аба плюс “ХХК-ийн өмгөөлөгчийн байр сууринаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа мэтээр шүүхэд хүсэлт гаргаж маргасан нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулсан болон ирц хэлэлцсэн хурлын тэмдэглэлүүд, шүүхийн шийдвэрүүдээс тодорхой харагдах ба энэ нь хэрэгт “Аба плюс” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах асуудал шүүхийн шатанд хөндөгдсөн болохыг нотолж байна.

Хэрэв шаардлагатай гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Аба плюс” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах бүрэн боломжтой ба компанийг иргэний хариуцагчаар татсантай холбоотойгоор хийгдэх мөрдөн шалгах ажиллагаа байхгүй, Аба плюс ХХК нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрхийг шүүхийн шатанд ч эдлэх бүрэн боломжтой юм.

Яллагдагч Г.М, М.Б нарт холбогдох эрүүгийн 2102000000188 дугаартай хэрэгт Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Доржпүрэв нь мөрдөн байцаалт явуулж дуусган, 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх санал гарган прокурорт ирүүлэхдээ хэргийн оролцогч нар буюу хохирогч Б.Тэнгис, Б.О болон иргэний нэхэмжлэгч Д.О нарт хэргийн материалыг танилцуулсан болно.

Мөн шүүх захирамждаа “тодорхой хуулбар баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулах” гэсэн нь 29 хавтастай хэргийн аль хавтасны хэддүгээр хуудсанд буй хэдэн хуудас, ямар баримт нь шаардлага хангахгүй баримт гэж үзсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч С.Энхбат, Т.Хурцбаатар нараас хуулбар баримт хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгснийг мөрдөгч тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсаргасан байдаг болно.

Иймд хэргийг прокурорт буцаасан Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 3563 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан   прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч М.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд Г.М, М.Б нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж  үндэслэлтэй болжээ.

Прокуророос Г.М нь “Аба плюс” ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа гүйцэтгэх албан тушаалтан буюу нягтлан бодогч М.Бтэй хамтран, М.Б нь “Аба плюс” ХХК-ийн гүйцэтгэх албан тушаалтан буюу нягтлан бодогчоор ажиллаж байхдаа удирдах албан тушаалтан Г.Мтай хамтран 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татвараар 1.352.002.644 төгрөг, нийтлэг хувь хэмжээгээр төлөх аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 2.425.359.251 төгрөг, тусгай хувь хэмжээгээр төлөх аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 13.064.494 төгрөг, нийт 3.790.426.389 төгрөгийн татварыг төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг тайланд тусгалгүй зориуд худал тодорхойлсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Мөн Г.М нь 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Гачууртын зам 86 тоотод байрлах “Аба плюс” ХХК-ийн байранд Монгол улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-д багтсан хүрэн баавгайн түүхий эдийн зүйл болох 4 ширхэг сарвуутай арьсыг хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт тус тус  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, яллагдагч нарын үйлдэл, оролцоог тодорхойлох, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн тухайд хохирлыг яллагдагч нарын хэн аль нь ямар хэмжээгээр хариуцахыг тогтоох, “АБА плюс” ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоон холбогдох ажиллагааг явуулах, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хэргийн материал танилцуулах, тодорхой хуулбар баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулах зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж ирүүлээгүй үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүгчийн захирамжид заасан “улсад учирсан 3.790.426.389 төгрөгийн хохирлыг хэн ямар хэмжээгээр хариуцах, мөн  Г.М, М.Б нарын хамтран оролцсон хэлбэрийг тодорхойлох, мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хэргийн материал танилцуулаагүй” зэрэг ажиллагааг хийх шаардлагагүй бөгөөд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Учир нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О, Д.О нар нь 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хэргийн материалтай танилцаж гарын үсэг зурсан байна. /28хх 103-104/, шаардлагатай тохиолдолд дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд хэргийн материалтай танилцах боломжтой, хавтаст хэргийн хэмжээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заажээ.

Шүүх тодорхой хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татах эрхтэй боловч тус “АБА плюс” ХХК нь шүүхийн шатанд иргэний хариуцагчаар татагдсан тохиолдолд тус эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн ажиллагааны хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад “энэ хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4, 1.5, 1.6, 1.7, 1.8, 1.10, 1.11, 1.12-т  заасан эрх” хэрэгжүүлэх боломжгүй, үүнийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнээд иргэний хариуцагчийг тогтоох  үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан дүгнэлтийг давж заалдах шатны шүүх үнэдэслэлтэй гэж үзээд зөвхөн энэ үнэдэслэлээр шүүгчийн захирамжийг хүлээж авах зүйтэй гэж үзсэн болно.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 2022/ШЗ/3563 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Соёлмаагийн бичсэн 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 7 дугаар эсэргүүцлийн зарим хэсгийг агуулгын хувьд хүлээн авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 2022/ШЗ/3563 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                                ШҮҮГЧ                                          Ш.БАТ-ЭРДЭНЭ

  

                    ШҮҮГЧ                                          Д.МӨНХӨӨ

 

                    ШҮҮГЧ                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ