| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/00571/И |
| Дугаар | 102/ШШ2024/04216 |
| Огноо | 2024-09-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2024/04216
| 2024 оны 09 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2024/04216 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, * дугаар хороо, Оюутны гудамж, Маргад төв, * тоотод байрлах “*” ХХК /рд:*/
Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, Энх тайваны өргөн чөлөө гудамж, 3* байр, * тоотод оршин суух хаягтай,* овогт ** /рд:*/
Нэхэмжлэлийн шаардлага: 11,183,011.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхгэрэл,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч * ХХК нь хариуцагч*холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,183,011.54 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
* ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд бөгөөд манай компаниас* нь 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 9,200,000 төгрөгийн зээл авах хүсэлтээ бичгээр гаргаж, үүний дагуу бидний зүгээс зээлийн хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу *тоот Зээлийн болон барьцааны гэрээнүүдийг байгуулсан сарын 2,9 хувийн хүүтэй, жилийн 34,8 хувь 24 сард багтаан төлүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Зээлдэгч *тоот Зээлийн гэрээний хүрээнд 1 ширхэг Iphone 13 promax /Айфоне промакс/ 256gb гар утас, Magic pencil white /мэжик пэнсил вайт/ өнгөтэй, Ipad pro 11 инч /Ай пад про/, magic keyboard white /мэжик кэйбоурд вайт/ өнгөтэй, гэр ахуйн бараа, эд хогшилыг тус тус барьцаалан үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны гэрээг хуульд заасан үндэслэл журмын дагуу үйлдсэн болно. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр болон зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулах талаар хариуцагчид утсаар болон амаар удаа дараа мэдэгдсэн боловч гэрээний үүргээ биелүүлнэ гэх боловч бодитоор биелүүлэх талаар санал санаачлага огт гаргахгүй өнөөдрийг хүртэл 399 /2024.01.08-ны өдрийн байдлаар/ хоног зээл төлөлтийн хоцролттой байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч нь биелүүлэхгүй байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасны дагуу зээлдүүлэгч * ХХК нь дээрх төлбөрийн үлдэгдэлийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж байна. Зээлийн гэрээгээр талууд харилцан тохиролцохдоо зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заагдсан төлбөрийг хугацаанд нь төлөх, мөн зээл олгогчийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүргийг хүлээсэн боловч удаа дараа зөрчиж байгаа учир хуулиар олгогдсон эрх ашиг сонирхолоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд зээлдэгчээс үндсэн зээлийн үлдэгдэл 7,172,895.75 төгрөг, үндсэн хүүний өр 3,717,747.21 төгрөг, хүүгийн торгууль 292,368.58 төгрөг, нийт 11,183,011.54 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Би энэ байгууллагаас лизингийн зээлээр дурдсан бараануудыг урьдчилгаа зохих хуваарь нь төлөөд үлдэгдэл 9,200,000 төгрөгийг зээлийн гэрээ хийж авсан нь үнэн. Тухайн цаг хугацаанд 2022 оны 5-р сарын 05-ны өдрөөс 2022 оны 11-р сарын 05-ны өдрийг дуустал хүртэл сайн үзүүлэлттэй төлбөрийг хийж байсан. Мөн 2023 оны 9-р сарын 07-ноос 2023 оны 9-р сарын 29-ний хооронд зохих төлбөрийг хийжээ. Давагдашгүй хүчин зүйл буюу өөрөөс үл хамаарах нийгмийн байдлаас үүдэн гарч буй төрийн удирдлагуудын гэнэтийн захирамжууд нь одоогийн төлбөр хийгдэхгүй байгаа гол шалтгаан болсон. Гэвч үүнийг үл харгалзан зээлийн гэрээнд өөрчлөлт хийх зэрэг хувилбар байна гэж үзэж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024.08.08-ны өдрийн №* тоот нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн байна. Уг шаардлагатай танилцаад, хүлээн зөвшөөрөхгүй, дараах тайлбарыг гаргаж байна. * ХХК болон* нар нь 2022.03.31-ний өдөр *тоот Зээлийн гэрээг 24 сарын хугацаатайгаар буюу гэрээний хугацаа 2024.03.31-ний өдөр дуусахаар тохиролцсон. Иргэний эрх зүйн харилцаанд талууд харилцан тохиролцож гэрээ байгуулан хугацаа тохирч тухайн хугацаанд эрх эдэлж, үүрэг хүлээдэг. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4.Үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй ба гэрээг цуцалсан тохиолдолд хугацаанаас өмнө шаардлага гаргах эрхтэй байдаг. Хэргийн материалд авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч нь 2024.01.10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаагаас харахад уг гэрээг нэхэмжлэл гаргасан өдрөөр цуцалсан байна гэж үзэх учир тухайн өдрөөс эхлэн уг гэрээний хүү болон нэмэгдүүлсэн хүү нэмэгдэж бодогдох учиргүй. Мөн*ын зүгээс гэрээний хугацаанд төлсөн төлбөрийг хүүнд тооцсон нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, итгэмжлэл /хх 3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 4/, Хуулийн этээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 5/, Зээлийн гэрээ, зээлийн хүсэлт /хх 6-10/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх 11/, Зээлийн дансны хуулга /хх 12-13/, Нэхэмжлэл гаргах тухай /хх 46-49, хх 71-74/.
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 19/, Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 31-33/, итгэмжлэл /хх 54/, тайлбар /хх 77/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч * ХХК нь хариуцагч*холбогдуулж 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн *дугаар Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,172,895.75 төгрөг, зээлийн хүү 3,717,747.21 төгрөг, хүүгийн торгууль 292,368.58 төгрөг, нийт 11,183,011.54 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Зээлийн гэрээг 24 сарын хугацаатайгаар буюу гэрээний хугацаа 2024.03.31-ний өдөр дуусахаар тохиролцсон. Нэхэмжлэгч нь 2024.01.10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаагаас харахад уг гэрээг нэхэмжлэл гаргасан өдрөөр цуцалсан байна гэж үзэх учир тухайн өдрөөс эхлэн уг гэрээний хүү болон нэмэгдүүлсэн хүү нэмэгдэж бодогдох учиргүй. Мөн*ын зүгээс гэрээний хугацаанд төлсөн төлбөрийг хүүнд тооцсон нь үндэслэлгүй гэж тайлбарласан.
4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Зээлийн гэрээ /Барьцаат зээл/-нээс үзэхэд нэг талаас “*” ХХК, нөгөө талаас* нар байгуулсан байх ба уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 9,200,000 төгрөгийг 24 сарын хугацаатай буюу 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, сарын 2,9 хувь, жилийн 34,8 % хүүтэй зээлж авчээ. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор*ын өмчлөлийн 10,300,000 төгрөгийн бүхий эд хөрөнгийг барьцаалсан байх бөгөөд зээлийг эргэн төлж барагдуулснаар барьцаа зүйл үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөхөөр тохиролцсон байна.
Нэхэмжлэгч * ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй хуулийн этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагджээ.
Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжуудад үндэслэн зээлийн үйл ажиллагааны буюу зээлдүүлэгчийн эрх зүйн байдлыг авч үзвэл Иргэний хуульд зээлийн харилцааг хоёр төрөл хэсэгт хувааж, Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс хэрэгжүүлж байгаа зээлийн харилцааг ажил гүйцэтгэх туслалцаа үзүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэгт, бусад зээлийн харилцааг /барьцаалан зээлдүүлэх газраас олгож байгаа зээл хамаарна/ бусдын өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэгт тус тус хамааруулж зохицуулсан ба эдгээр нь эрх зүйн зохицуулалтаараа ялгаатай болно.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан бөгөөд Иргэний хуулийн 286 дугаар зүйлд барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй гэж, мөн зээлийн хүүг талууд тохиролцон тогтоохоор заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл зохигчдын хооронд барьцаалан зээлдэх газраас зээл олгох харилцаа үүссэн ба зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5 дахь хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэлд “...үлдэгдэл төлбөр болон зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулах талаар хариуцагчид утсаар болон амаар удаа дараа мэдэгдсэн боловч гэрээний үүргээ биелүүлнэ гэх боловч бодитоор биелүүлэх талаар санал санаачлага огт гаргахгүй өнөөдрийг хүртэл 399 /2024.01.08-ны өдрийн байдлаар/ хоног зээл төлөлтийн хоцролттой байгаа” гэж дурдагдсанаас үзэхэд нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардсан гэж үзэхээр байна.
Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.
Харин гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр байх учир нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй.
Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн талаар маргаагүй. Хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн *дугаартай зээлийн дансны хуулгаас үзэхэд хариуцагчаас 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш зээлийн төлбөр төлөөгүй байна.
Нэхэмжлэгч үйл ажиллагааныхаа хүрээнд хариуцагч*тай гэрээ байгуулж, гэрээний дагуу 9,200,000 төгрөгийг хариуцагчийн Хаан банк дахь 5113068965 дугаар дансанд шилжүүлсэн, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 292,368.58 төгрөгийг шаардах эрхгүй. Тодруулбал, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8-д зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд гэж Монголбанкнаас төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, Санхүүгийн зохицуулах хорооноос хадгаламж болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан хуулийн этгээдийг хэлэх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч * ХХК Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болох нь тогтоогдоогүй тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр шаардах эрхгүй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох бөгөөд талууд гэрээний 2.1.2-т зээлийн хүүгийн хэмжээг сарын 2,9 хувь, жилийн 34,8 хувь байхаар тохиролцсон нь хуульд харшлаагүй байна. Иймд гэрээний дагуу хариуцагчийн нэхэмжлэгчийн өмнө хүлээх үүрэг үндсэн зээл 9,200,000 төгрөг, гэрээний хугацааны хүү 3,201,600 төгрөг, нийт 12,401,600 төгрөг байна. Хариуцагч нь 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 4,122,637.60 төгрөг төлсөн байх тул зээлийн гэрээний үүрэг болох 12,401,600 төгрөгөөс 4,122,637.60 хасаж, хариуцагчаас 8,278,963.4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгүүдэд нийцнэ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,158.24 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 147,413 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Ганбаатараас 8,278,963.4 төгрөг гаргуулан нэхэмжлэгч * ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,904,048.14 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,158.24 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*аас 147,413 төгрөг гаргуулан нэхэмжлэгч * ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН