| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2017/0079/Э |
| Дугаар | 09 |
| Огноо | 2018-01-09 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Чулуунчимэг,
Улсын яллагч: А.Амгалан,
Хохирогчийн төлөөлөгч: Б.Мөнх-Эрдэнэ
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хулангийнхан овогт Нямаагийн Бд холбогдох эрүүгийн 1729000330019 дугаартай хэргийг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Мөнх цаст транс” ХХК-ийн нүүрсний тээвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулж явуулсан 79-73 БЧ улсын дугаартай чиргүүл бүхий, 53-37 УНМ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт буюу нүүрс тээврийн замын 6 дахь км-т орхиж явахдаа 16 ширхэг дугуй, 100 литр дизель түлшийг авч завшин орон нутгийн зах зээлийн үнэлгээгээр 5,810,000 / таван сая найман зуун арван мянга/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б: “Би мэдүүлэг өгөхгүй. Өөрийн гэм буруугийн талаар маргах зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ: “Анх хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байхад бид хоёр тохиролцсон. Түүнээс хойш надтай огт холбоо бариагүй. Би холбоо барих гэхээр скайтелын дугаар нь холбогддоггүй. Шүүгдэгчийн мэдүүлгийг сонслоо. Бага багаар төлнө гэж байна. Энэ саналыг нь харгалзаад үлдэгдэл мөнгийг 3 хуваагаад төлүүлмээр байна. Өөр хэлэх зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дугаар хуудас/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-23 дугаар хуудас/
Хохирогч Б.Мөнх-Эрдэнийн: “..Үнэлгээний дүгнэлтийг бид хүлээн зөвшөөрч, тогтоогдсон хохирлыг Н.Баас нэхэмжлэнэ. ... Энэ хэргээс болоод бид тээврийн хэрэгслийг урагш нь буцааж засварт оруулах, Цагдаагийн байгууллагад мэдэгдэх, нааш цааш ирж мэдүүлэг өгөх, бичиг баримт хүргүүлэх зэрэгт байнга л зардал нэмэгдэж гарч байна. Эдгээр зардлыг бол мөнгөн дүнгээр тооцож, Баас нэхэмжлэхгүй байгаа. ..... Хэргийн материалтай танилцана. Шүүх хуралд оролцохгүй....” гэх мэдүүлэг /хх- н 19-20 дүгээр хуудас/
“Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн Ц17-44 дугаар дүгнэлт /хх-н 25-31 дүгээр хуудас/
Шүүгдэгч Н.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 40-44 дүгээр хуудас/
Шүүгдэгч Н.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах ял шалгуурын хуудас /хх-н 45 дугаар хуудас/
Шүүгдэгч Н.Бын гэрэл зураг, гарын дардас /хх-ийн 53-54 дүгээр хуудас/
Н.Бын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 78-85 дугаар хуудас/
Шүүгдэгч Н.Б нь хохирогч Б.Мөнх-Эрдэнэтэй гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болох 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн нөхөн төлсөн талаар болон үлдэх 3,810,000 /гурван сая найман зуун арван мянга/ төгрөгний хохирлыг нөхөн төлөх талаар тохиролцож, эвлэрсэн баталгаа /хх-н 93-94 дүгээр хуудас/,
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Мөнх цаст транс” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/08 тоот итгэмжлэл, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоол зэрэг болно.
Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Мөнх цаст транс” ХХК-ийн нүүрсний тээвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулж явуулсан 79-73 БЧ улсын дугаартай чиргүүл бүхий, 53-37 УНМ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг Өмнөговь аймгийн Цогтцэцийн сумын нутаг дэвсгэрт буюу нүүрс тээврийн замын 6 дахь км-т орхиж явахдаа 16 ширхэг дугуй, 100 литр дизель түлшийг авч завшин орон нутгийн зах зээлийн үнэлгээгээр 5,810,000 / таван сая найман зуун арван мянга/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд “Мөнх цаст транс” ХХК-ийн нүүрсний тээвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулж явуулсан 79-73 БЧ улсын дугаартай чиргүүл бүхий, 53-37 УНМ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслэлд учирсан хохирол нь шүүгдэгч Н.Бын тус тээврийн хэрэгслээс 16 ширхэг дугуй, 100 литр дизель түлшийг авч завшин өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эд хөрөнгөд нь халдаж хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Иймд шүүгдэгч Н.Быг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн буюу гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэв.
Шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг харгалзан, торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч Н.Баас хохирол төлбөрт 2,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 3,810,000 төгрөгийн хохирлыг “Мөнх цаст транс” ХХК-д 6 /зургаа/-н сарын дотор төлж барагдуулахаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгах, хохирлыг төлж барагдуулахаа илэрийлсэн гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хулангийнхан овогт Нямаагийн Быг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б 2,800 /хоёр мянга найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 2,800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 14 /арван дөрөв/-н сарын хугацаанд сар бүр 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баас 3,810,000 төгрөгийг гаргуулж 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дотор хохирогч “Мөнх цаст транс” ХХК-д олгосугай.
6. Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Н.Б иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.Бд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН