Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/04261

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/04261

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, шүүгч Ш.Оюунтуул, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, Цэргийн хотхон 2 гудамж, * тоотод оршин суух, * овогт * * /рд: */

Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * тоотод оршин суух, Баян овогт * * /рд: */           

  

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 3,745,710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Н.*, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал нар оролцов.

/Нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчнь хариуцагч * холбогдуулан гэм хорын хохиролд 3,745,710 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

 

1.1. Миний бие Н.* 2023 оны 3 дугаар сарын 31-ний орой 3, 4 дүгээр хороололд байрлах Auto lux /Авто люкс/ нэртэй авто угаалгын газарт ажилладаг дүүдээ гутал өгөхөөр очиход угаалгын газрын зааланд торон дотор 2 нохой байсан. Дүүдээ юмаа өгчөөд гарч ирээд үүдэнд зогсож байтал тэнд ажилладаг * гэх залуу 2 нохойг дагуулан гарч ирсэн. Нохойгоо аваачээ гээд хашгирахад над руу зэрэг дайраад хамт зогсож байсан дүү болон * хоёр салгах гээд дийлээгүй. Нохой хүзүүвч, хошуувчгүй байсан. Ядаж олон нийтийн газар байлгаж байгаа тэр нохойнд хүзүүвч байсан бол татаж авах боломжтой байсан. Ингээд миний нэг хөлийн булчинд 1 шүд, нэг гуянд 3 шүд тус тус орж зулгаралт хөхрөлтүүд үүссэн. Тэр даруй түргэн дуудаж цагдаад мэдэгдээд гэмтэлд очиж 4 оёдол тавиулсан. Би 16 хоногийн хугацаанд хөлөө өргөж дийлэхгүй сууж, босож чадахгүй байсан учир нөхөр маань 10 хоногийн чөлөө авч асарсан. Би мөн ажлаасаа акт авсан. Гэртээ байх хугацаанд эмчийн бичиж өгсөн эмчилгээг авч зарим үед авч чадахгүй боолтод явж чадахгүй байх үе зөндөө байсан боловч хариуцагч талын авто угаалга болон нохой суллаж салхилуулсан * нар нэг ч удаа асуугаагүй тул гомдолтой байна. Эмнэлэгт очиж оёдлоо тавиулаад байтал цагдаагийн газар мэдүүлэг өг гээд шөнө явуулсан. Дараа нь дахин хэд хэдэн удаа явуулаад гэмт хэргийн шинжгүй тул шүүхэд гомдол гарга гэсэн хариу ирсэн.      

1.2. Иймээс миний цалингийн 16 хоногийн нөхөн төлбөр 1,168,000 төгрөг, нөхрийн цалин 10 хоногийн хугацаанд ачилтанд гарах байсан 1,350,000 төгрөг, таксины зардал зөвхөн банкаар шилжүүлсэн 167,710 төгрөг, Одоо 2 сар болж байхад хөл эдгэхгүй өвдөж байгаа учир эмч хөлний зөөлөн эдийн бичлэг эмра хийлгэ гэсэн, мөн үрэвсэлийн эмчилгээ 700,000 төгрөг, нийт 3,745,710 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.   

 

2. Хариуцагч Б.* хариу тайлбар гаргаагүй байна.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: иргэний үнэмлэхний хуулбар /хх 4/, * ХХК-ийн 23/42-206 тоот албан бичиг /хх 5/, нэхэмжлэгчийн Хас банк дахь дансны хуулга /хх 6-7/, Худалдаа хөгжлийн банк дахь дансны хуулга /хх 8-10/, Голомт банк дахь дансны хуулга /хх 11-12/, * ХХК-ийн А/23/112 тоот албан бичиг /хх 13/, Хөлсөөр ажиллах гэрээ /хх 14-16/, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2483 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол /хх 17/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 4638 дугаар Шинжээчийн дүгнэлт /хх 18-19/, Фото зураг /хх 20-21/,    

4. Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2023 оны 3 дугаар сарын 31-ний орой 3, 4 дүгээр хороололд байрлах Auto lux /Авто люкс/ нэртэй авто угаалгын газарт ажилладаг дүүдээ гутал өгөхөөр очиход угаалгын газрын зааланд торон дотор 2 нохой байсан. Дүүдээ юмаа өгчөөд гарч ирээд үүдэнд зогсож байтал тэнд ажилладаг * гэх залуу 2 нохойг дагуулан гарч ирсэн. Нохойгоо аваачээ гээд хашгирахад над руу зэрэг дайраад ...миний нэг хөлийн булчинд 1 шүд, нэг гуянд 3 шүд тус тус орж, зулгаралт хөхрөлтүүд үүссэн. Иймээс өөрийн цалингийн 16 хоногийн нөхөн төлбөр 1,168,000 төгрөг, нөхрийн цалин 10 хоногийн ачилтанд гарах байсан 1,350,000 төгрөг, таксины зардал 167,710 төгрөг, хөлний зөөлөн эдийн бичлэг MRI /эмари/ хийлгэх, мөн үрэвсэлийн эмчилгээний төлбөр 700,000 төгрөг, нийт 3,745,710 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласан.   

 

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заасан. 

Хариуцагч Б.* нь дээрх нэхэмжлэлийг 2023 оны 8 дугаар сарын 03ы өдөр хүлээн авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар түүний хариу тайлбар гаргах хугацаа 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байжээ. Гэвч хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаараа ямар нэг бичгийн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

4. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

Нэхэмжлэгч Н.*ыг 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүрэг, *дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Auto lux /Авто люкс/ нэртэй авто угаалгын газрын орчим явах үед хариуцагч Б.*гийн дагуулж явсан 2 нохой хазаж, түүний биед дагз, баруун өвдөгний үений дотор хэсэг, баруун шилбэ, зүүн гуянд олон тооны шарх, зулгаралт, цус хуралт гэмтлүүд учруулсан болох нь зохигчийн тайлбар, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2483 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолоор, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 4638 дугаар Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.   

 

Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1-т Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна гэж заасан бөгөөд амьтаны давхих, дайрах, хазах, урах гэх мэт үйлдлийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учирсан тохиолдолд өмчлөгч буюу эзэмшигч нь гэм буруутай байсан эсэхээс үл хамааран хохирлыг арилгана.

 

Хариуцагч Б.*гаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учруулсан 2 нохойны өмчлөгч буюу эзэмшигч нь мөн эсэх талаар маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүү мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй боловч эмчилгээний зардал болон бусад зардал нь баримтаар тогтоогдсон байхыг шаардана.

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 4638 дугаар Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч Н.*ын эрүүл мэндийн гэмтлийг хөнгөн зэрэгт хамаарна гэж тогтоосон.   

 

Нэхэмжлэгч Н.* нь * ХХК-ийн дэлгүүрийн менежер албан тушаалд ажилладаг, сарын үндсэн цалин 2,200,000 төгрөг, сарын тогтмол урамшуулал ажлын гүйцэтгэлээс хамаарч 200,000 төгрөг болох нь * ХХК-ийн 23/42-206 тоот албан бичгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Н.*ын нөхөр болох * нь * ХХК-д жолоочийн ажил эрхэлдэг болох нь хэрэгт авагдсан Хөлсөөр ажиллах гэрээгээр тогтоогдож байх бөгөөд 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд ар гэрийн шалтгааны улмаас ажлаасаа чөлөө авсан, мөн 1,350,000 төгрөгийн цалин олгогдоогүй болох нь * ХХК-ийн А/23/112 тоот албан бичгээр нотлогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Н.*ын Хас банк дахь дансны хуулга, Худалдаа хөгжлийн банк дахь дансны хуулга, Голомт банк дахь дансны хуулга баримтуудаар нэхэмжлэгч нь такси гэсэн гүйлгээний утгатайгаар нийт 167,710 төгрөгийн зардал гаргасан байна.

Иймээс нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас 1,168,000 төгрөгийн цалин хөлс дутуу авсан, нэхэмжлэгчийг асарч сувилахаар түүний нөхөр болох* нь 1,350,000 төгрөгийн цалин хөлсийг авч чадаагүй, нэхэмжлэгчээс такси үйлчилгээний төлбөрт 167,710 төгрөг, нийт 2,685,710 төгрөгийн зардал нэхэмжлэгчээс гаргасан байх бөгөөд уг зардлыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан зайлшгүй зардалд тооцох үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 2,685,710 төгрөгийг шаардах эрхтэй. 

Харин нэхэмжлэлийн шаардлагаас 700,000 төгрөгт холбогдох хэсэг буюу хөлний зөөлөн эдийн бичлэг MRI /эмари/ хийлгэх зардал нь нэхэмжлэгчээс зарцуулаагүй зардал болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон, мөн 360,000 төгрөгт холбогдох зардал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж чадаагүй болно. 

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б.*гаас 2,685,710 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*д олгож, үлдэх 1,060,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.*гаас 2,685,710 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.*д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,060,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,881 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.*гаас улсын тэмдэгтийн хураамжид 57,921 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.*д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ч.БАЯРСҮРЭН

 

                               ШҮҮГЧИД                                                Ш.ОЮУНТУУЛ

                                                                                              А.САРАНТУЯА