Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/04262

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/04262

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, шүүгч Ш.Оюунтуул, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, Баатархайрханы задгайд оршин суух, *овогт * *,

Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, сөүлийн гудамж-42, өөрийн байранд байрлах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам /рд:*/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо * захын зүүн урд байрлах Улаанбаатар Төмөр замын Эрчим хүч, ус хангамжийн 1 дүгээр анги,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, *

Иргэдийн төлөөлөгч* 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч * нь хариуцагч Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар Төмөр замын Эрчим хүч, ус хангамжийн 1 дүгээр анги нараас гэм хорын хохиролд 4,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний 14 настай хүү * нь 2023 оны 2-р сарын 25-ны өдрийн 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо Давааны зөрлөгийн*-* тоот хаягт Улаанбаатар Төмөр замын Эрчим хүч, ус хангамжийн 1 дүгээр ангийн ус түгээх /худаг/-ийн дэргэд мөсөн дээр гулгаж тоглож байгаад 16 метрийн урттай маш хүнд ус дамжуулах трубанд даруулж нас барсан байдаг. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тус дүүргийн прокурорын газрын 2023 оны 10-р сарын 31-ний өдрийн * дугаартай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийн хааж шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн хяналтын Улсын ахлах байцаагч *, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч *, * нарын 2023 оны 8-р сарын 14-ний өдрийн 23/03 тоот Шинжээчийн дүгнэлтээр Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар Төмөр замын Эрчим хүч, ус хангамжийн 1 дүгээр анги нь Монгол улсад мөрддөг Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага MNS4968:2000 стандартын шаардлагын 2.1 дэх заалт, Хот суурины ундны ус түгээх цэг/ байрны/ үйлчилгээний ерөнхий шаардлага MNS575:2014 стандартын 7.1 дэх заалт, мөн Улаанбаатар Төмөр замын Эрчим хүч, ус хангамжийн 1 дүгээр ангийн дарга Ө.Ууганжаргал иргэн *той 2022 оны 4-р сарын 20-ны өдрийн №АХ2022/53 дугаартай Ус түгээх худгийн ашиглалтын гэрээний 2.1-д заасан хяналтын үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас 14 настай хүү нас барсан гэсэн дүгнэлт гарсан байна. Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 3, 4, 5 дэх хэсгийн заалтууд, мөн Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7-р сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.4 дэх заалтуудыг үндэслэн оршуулгын зардалд 4,500,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.      

2. Хариуцагч Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн хүү 2023 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Давааны зөрлөгийн 4-21 тоот хаягт Улаанбаатар Төмөр замын Эрчим хүч ус хангамжийн 1 дүгээр ангийн ус түгээх /худаг/-ийн дэргэд мөсөн дээр гулгаж тоглож байх үедээ ус дамжуулах трубанд даруулж нас барсан асуудлаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар тус дүүргийн прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2031 дугаартай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Дээрх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь эрүүгийн хариуцагч холбогдогчоор оролцоогүй учраас гэм хорын хохирол гаргуулах иргэний хэрэгт хариуцагчаар оролцох хууль зүйн үндэслэлгүй. Дээрх ус түгээх цэг /худаг/-ийг Усны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9-д “усны барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигч нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийн дагуу гэрээний үндсэн дээр усаар хангана” гэж заасны дагуу Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг Эрчим хүч, ус хангамжийн 1 дүгээр анги нь иргэн* 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн * дугаартай Ус түгээх худгийн ашиглалтын гэрээг байгуулсан. Давааны зөрлөгийн худаг түрээслэгч нь тухайн нутаг дэвсгэрт мал болон иргэд байгаагаас шалтгаалж өөрсдийн санаачилгаагаараа мал услах онгоц, ус гаргах хоолой зэргийг байршуулсан байдаг. Энэ талаар тухайн худгийг түрээслэгч * өвөө * 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар төмөр замын ус хангамж, цахилгаан эрчим хүчний албанд гаргасан өргөдөлдөө 1989 оноос одоог хүртэл тохижуулж, тордож байгаа. Үүнд мал услах онгоц, ус гаргах шланк, цонх, хаалга, дотоод гадаад засал, ногоон орчин гэх мэтийг хийж тохижуулсан гэдгээ дурдсан байдаг. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа нь хэлцлийн үндсэн дээр шууд эзэмшигч нь * байгаа, шууд бус эзэмшигч нь Улаанбаатар төмөр зам гэж тооцогдоно. Учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэгч тал шууд эзэмшигчээс шаардах, Улаанбаатар төмөр замаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Иргэдийн төлөөлөгч маргааны талаар дүгнэлтдээ: 18 нас хүрээгүй хүүхдийн үйлдэл бол саваагүй байдаг. Тиймээс томчууд бид хүүхдийн аюулгүй байдлыг алхам тутамдаа анхаарах хэрэгтэй. Энэ үүднээс *ы нэхэмжлэл зөв гэж үзэж байна. Харин хариуцагч тал *гэх хүн дээр буух нь илүүтэй нийцэх мэт боловч өмчлөгч тал мөн ашиглалт дээр хяналт тавьж байх үүрэгтэй гэж үзэж байна. Шууд болон шууд бус эзэмшигч хоёулаа буруутай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, өмчлөгч Улаанбаатар Төмөр зам ус хангамж, ашиглагч *хоёр хохирлыг адил төлөх үүрэгтэй. Магадгүй *илүү ихээр мөнгөн дүнг төлөх ёстой гэжээ.  

4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 3/, Хэрэг бүртгэлийн * тоот хэрэгт гаргасан шинжээчийн дүгнэлт /хх 6-8/, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2031 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол /хх 9-11/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 22-23/, Хүсэлт /хх 81/,    

5. Хариуцагч Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 17/, хариу тайлбар /хх 24/, Ус түгээх худгийн ашиглалтын гэрээ /хх 82-83/, Улаанбаатар Төмөр замын Ус хангамж, цахилгаан эрчим хүчний албанд өргөдөл гаргах нь /хх 84/,

6. Хариуцагч Улаанбаатар Төмөр замын Эрчим хүч, ус хангамжийн 1 дүгээр ангиас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Итгэмжлэл /хх 73/, 

7. Шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Хариуцагч Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хүсэлтээр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын * тоот албан бичиг, хавсралт /хх 28-32/, * тоот албан бичиг, хавсралт /хх 38-72/, 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэл гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Э.* хариуцагч Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар Төмөр замын Эрчим хүч, ус хангамжийн 1 дүгээр анги нарт холбогдуулан 153,275,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шүүхэд гаргасан шаардлагын хэмжээг 4,500,000 төгрөг болгон багасгасан.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага * стандартын шаардлагын 2.1 дэх заалт, Хот суурины ундны ус түгээх цэг/ байрны/ үйлчилгээний ерөнхий шаардлага * стандартын 7.1 дэх заалт, мөн Ус түгээх худгийн ашиглалтын гэрээний 2.1-д заасан хяналтын үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас 14 настай хүү нас барсан” гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөх ба “...Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т зааснаар гэм хорын хохирлыг *шаардах, Улаанбаатар Төмөр замаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй” гэж өөрийн татгалзлын үндэслэлээ тайлбарлав.

4. Хариуцагч Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зөрлөг давааны 4-21 тоотод байрлах худгийн өмчлөгч мөн эсэх талаар, талийгаач *ыг уг худгийн орчим тоглож байх үедээ худгийн төмөрт даруулж нас барсан үйл баримтын талаар маргаагүй.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Талийгаач * 2023 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зөрлөг давааны 4-21 тоотод байрлах худгийн орчим тоглож байх үедээ уг худгийн төмөрт даруулж нас барсан болох нь зохигчийн тайлбар, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2031 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 707 дугаар Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.   

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 500 дугаар зүйлийн 500.1-д заасны дагуу зохих ёсоор арчилж хамгаалаагүй, гэмтэл согогтой байснаас бусад тохиолдолд байшин барилга бүтэн буюу хэсэгчлэн нурсны улмаас учирсан гэм хорыг тухайн барилгыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэ хуульд хэрэглэсэн нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно гэж заасан ба 4.1.1орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг барилга байгууламж гэж тодорхойлсноос үзэхэд Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зөрлөг давааны 4-21 тоотод байрлах худаг нь барилга байгууламжид хамаарч байна.  

Байшин барилгыг өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эзэмшилдээ байлгаж, ашиглаж байгаа этгээдийг эзэмшигч гэдэг бол өмчлөгч нь уг эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байдаг. Өмчлөгч нь тухайн барилга байгууламжийг ашиглалтын дүрэмд заасан хугацаанд барилга байгууламжид үзлэг, шалгалт явуулж, илэрсэн зөрчлийг арилгах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэх зэрэг арга хэмжээ авч, ашиглалтын хэвийн нөхцөл, аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй.

Нэхэмжлэгч Э.* нь гэм хорын хохирол шаардсан нэхэмжлэлдээ Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг болон Улаанбаатар Төмөр замын Эрчим хүч, ус хангамжийн 1 дүгээр ангийг мөн хариуцагчаар тодорхойлсон байна.

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэж тодорхойлсон. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно гэж заасан.

Улаанбаатар Төмөр замын Эрчим хүч, ус хангамжийн 1 дүгээр анги нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын харьяа нэгж буюу бие даасан хуулийн этгээдийн эрхгүй этгээд байх тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Э.*ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэрэгт 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн * Ус түгээх худгийн ашиглалтын гэрээ авагдсан. Уг гэрээг *той Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийг төлөөлөн Эрчим хүч, ус хангамжийн Нэгдүгээр анги байгуулсан байх бөгөөд гэрээгээр Худаг ашиглагч буюу Г.*нь насос ажиллуулахад зарцуулсан болон худаг дотор цахилгаан хэрэгсэл ажиллуулсны цахилгааны зардлыг усны борлуулалтаас тусад нь сар бүр өөрөө худаг ашиглуулагчид төлөх, өр авлага үүсгэхгүй ажиллах, усыг зөвхөн тоолуурын заалтаар борлуулж тооцоог сар бүрийн 30-ны дотор Хаан банкны ЭХУХангамжийн 1-р ангийн 5039008726 тоот дансанд хийх үүргийг, худаг ашиглуулагч нь худгийн барилга, ариун цэврийн бүсийн хашаа, хаалт арматур, ус цэвэршүүлэх төхөөрөмж, усан сан, цахилгааны тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хянаж ажиллах үүргийг тус тус хүлээсэн байна.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т “Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна” гэж заасны дагуу иргэн Г.*нь усны худгийн ашиглагч, харин Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь өмчлөгч буюу шууд бус эзэмшигч нь байна. 

Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.1-д зааснаар нэхэмжлэгчид учирсан гэм хорыг тухайн барилгыг өмчлөгч хариуцах хуулийн зохицуулалттай учир хариуцагч Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...учирсан гэм хорын хохирлыг *оос шаардах” гэх татгалзал үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагч Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн * Ус түгээх худгийн ашиглалтын гэрээний 2.1-д заасан худгийн барилга, ариун цэврийн бүсийн хашаа, хаалт арматур, ус цэвэршүүлэх төхөөрөмж, усан сан, цахилгааны тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хянаж ажиллах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Э.* нь талийгаач *ын төрсөн эх болох нь хэрэгт цугларсан *ын нас барсны гэрчилгээний хуулбар болон бусад баримтуудаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар нэхэмжлэгч нь *ыг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

6. Иргэдийн төлөөлөгчөөс өмчлөгч болох Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийг ашиглалт дээр хяналт тавьж байх үүрэгтэй гэж үзэж хариуцагчаас хохирлыг гаргуулах агуулга бүхий дүгнэлтийг гаргасан.

7. Талийгаач *ыг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал нь хэргийн 60 дугаар талд авагдсан *ХХК-ийн захиалгын гэрээгээр 4,500,000 төгрөг байна. Иймд Э.*ы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс 4,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан хариуцагч Улаанбатар Төмөр замаас гэм хорын хохиролд 4,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 86,950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

  

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Ч.БАЯРСҮРЭН

 

                                 ШҮҮГЧИД                                                          Ш.ОЮУНТУУЛ                     

   А.САРАНТУЯА