Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/04274

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/04274

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, * дүгээр хороо, Баруун баян уул 2-* тоотод оршин суух * овогт ** /рд:*/

Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, Ард аюуш өргөн чөлөө Е март эсрэг талд байрлах * титэм төвд байрлах * ХХК /рд:*

Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3,600,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогч:

нэхэмжлэгч М.*,

хариуцагчийн төлөөлөгч Э.Батзаяа,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.* нь * ХХК-д холбогдуулан цалин хөлс болох 3,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр * ХХК-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулж ресейпшнээр томилогдсон. Тус компанид 4 сар 13 хоног ажилласан. Гэтэл захирлын 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 37 дугаар тушаалаар ямар нэг үндэслэл, шалтгаангүйгээр хөдөлмөрийн гэрээ цуцалж ажлаас чөлөөлсөн. Миний бие тус компанид ажиллах хугацаандаа ямар нэг алдаа дутагдал зөрчил гаргаж байгаагүй. Иймд ажилгүй байсан хугацааны 3,600,000 төгрөг цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.  

 

2. Хариуцагчаас хариу тайлбартаа: М.* нь 2024 оны 10-р сарын 01-нээс эхлэн * ХХК-д ажилд орох хүсэлт гаргасан ба түүний нөхөр С.Эрдэнэбилэг нь * ХХК-д менежерийн албан тушаалтай ажил хийдэг нь давуу тал болж түүнд байгууллагын дотоод журмыг нарийн сайн танилцуулан, өндөр итгэл хүлээлгэн ажилд авсан. Гэвч энэхүү байдлыг буруугаар ашиглаж үйлчлүүлэгч харилцагч нартай ёс бус аашлах, хэрүүл маргаан хийх, хэрэлдэх зэргээр ёс зүйн алдаануудыг гаргаж эхэлсэн. Энэхүү байдлыг засахын тулд байгууллагын менежер * нь түүнд сануулж, учирлан тайлбарлан ойлгуулж, шаардлага тавихад үл тоохоор зогсохгүй урдаас нь хэрүүл үүсгэн байгууллагын дотоод уур амьсгалыг эвддэг байсан. Энэхүү байдал удаан үргэлжлэх юм бол байгууллагын ашиг болоод нэр хүндэд халтай гэж үзэн туршилтын хугацаанд халах гэсэн боловч /дотоод жураманд эхний 3 сар туршилт байна гэж заасан/ өөрийн ээлж болгон дээрээ компанийн орлогоос 100,000-280,000 төгрөгийг дутааж өгдөг нь хүндрэлтэй байдлыг үүсгэсэн. Өөрөө өөртөө дур мэдэж урьдчилгаа цалин тавьсаар ирсэн энэхүү өр төлбөрийг нөхөн төлүүлэх байдлаар 4 сар 13 хоног ажиллуулсан ба энэ хугацаанд М.* нь дараах ёс зүйн алдаа дутагдлуудыг удаа дараа гаргасан. Энэхүү байдлыг шийдвэрлэж ярилцах зорилготой * ХХК-ийн гүйцэтгэх захирал *нь * титэмийн 3-н давхарын оффист уулзахаар ирэхэд М.* нь “Чи муу ямар балиар амьтан бэ? Хүнийг ямар ч шалтгаангүйгээр халдаг, чаддаг юм бол тэр халагдах тушаалаа өгөөдөх, хуулиа мэдэхгүй байна, би угаасаа та нарын сануулга нь дээр чинь гарын үсэг зураагүй” гэх зэргээр хүний ёсноос доогуур орилж хашгаран дайрсан. Дээрх байдлыг үндэслэн тус байгууллагын гүйцэтгэх захирал нь түүнийг ёс зүйн ямар ч хариуцлага хүлээх чадваргүй хүн байна гэж үзэж өөрийнх нь хүсэлтээр ажлаас халах тушаалыг нь бичиж өгсөн. Үүний дараа эвлэрүүлэн зуучлах зорилготойгоор Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс дээр М.* болон тус компанийн менежер * нар дуудагдсан. Энэ үед * ХХК-иас М.*ыг хэрвээ алдаа дутагдлаа засаж байгууллагын дотоод журмыг дагаж ажиллана гэвэл цаашид хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэх саналыг тавьсан боловч М.* нь Үгүй ээ, та нарын ямар ч саналыг хүлээж авахгүй, би шүүхээс 3 сарын халагдсан цалингийн тэтгэмжээ авч байж сална гэх зэргээр Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэнгүүдийн өмнө хэлээд гарсан байдаг. М.* нь * ХХК-ийн дотоод журам болон хөдөлмөрийн тухай хуулийг удаа дараа зөрчиж, сануулга, шаардлагыг үл тоон удирдлагын талаас ямар нэгэн арга хэмжээ авах аргагүй байдлуудыг үүсгэсэн. Энэ хяналтаас гарсан үйлдэл даамжирч байгууллагын гүйцэтгэх удирдлагатай үүссэн нөхцөл байдлын талаар уулзах бүрт халагдах тушаал бичээд өг гэж орилж хашгардаг болсон. Дээрх үйл явдал, нөхцөл байдлаас дүгнэхэд М.* нь * ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дагаж ажиллах бус харин Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлаас халагдсаны тэтгэмжийг авах сонирхолтой байгаа нь илт харагдаж байна. Иймд * ХХК нь иргэн М.*ын гаргаж буй гомдлыг үндэслэлгүй, түүний нэхэмжилж буй 3,600,000 төгрөгийг байгууллагын зүгээс төлөх ямар нэгэн боломжгүй хэмээн үзэж байна гэжээ.       

 

 3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 2/, * ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал /хх 3/, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл /шийдвэр /хх 4-6/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 33/,   

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 9/, хариу тайлбар /хх 13-14/, Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 54/, Иргэдтэй хийх түрээсийн гэрээ /хх 60-62/, Хөдөлмөрийн гэрээ /хх 34-54/,

 

5. Шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: хариуцагч талын хүсэлтээр гэрчээр С.Булганбилэгийг асуусан.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагч * ХХК-д холбогдуулан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалсан гэж ажилгүй байсан хугацааны цалин 3,600,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрсөн. Үүнд: Хариуцагч М.*ыг удаа дараа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан. Мөн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэж тайлбарласан.

 

4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  

 

4.1. М.* нь * ХХК-ийн ресейпшн ажлын байрны ажил үүргийг гүйцэтгэхээр хөдөлмөрийн гэрээг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатайгаар * ХХК-тай байгуулсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.15. “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг гэж зааснаар нэхэмжлэгч М.* болон хариуцагч * ХХК нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна. 

 

Талууд нэхэмжлэгчийг * ХХК-ийн ресейпшн ажлын байрны ажил үүргийг гүйцэтгэж байсан, ресейпшн ажлын байрны үндсэн цалин хөлсийг 1,200,000 төгрөг эсэх талаар маргаагүй.

Харин * ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 1 дүгээр сарын 16ы өдрийн 37 дугаар тушаалын хууль зүйн үндэслэл буюу хөдөлмөрийн харилцааг цуцлах ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан эсэхэд маргасан.

 

4.2. Ажил олгогч буюу хариуцагч * ХХК-иас гүйцэтгэх захирлын 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 37 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйл, Компанийн дотоод журмыг үндэслэн ажилтан М.*той байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөр дуусгавар болгон цуцалжээ.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаанаа урьдчилан хянан шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад хандсан болох нь Баянгол дүүргийн Хөдөлмөр эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 4 тоот тэмдэглэл/ шийдвэрээр тогтоогдож, Хөдөлмөрийн тухай хуулийн 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Хариуцагчаас нэхэмжлэгч М.*ыг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан гэж, мөн ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэсэн тайлбарыг гаргасан.

 

Харин гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд урьдчилан нэрлэн заасан байх ёстой.  

 

М.*той байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт “Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгоно” гэж хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар зогсоох боломжийг зааж өгчээ.

 

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан бөгөөд мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан.

 

Нэхэмжлэгч М.* хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Нөгөөтээгүүр, ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь эрх зүйн баримт бичгийн хувьд хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээ нэхэмжлэгчийг гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзвэл энэ талаарх үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хууль болон гэрээнд нийцсэн байхыг шаарддаг. Гэтэл тушаалд нэхэмжлэгчийг ямар зөрчил гаргасан талаар тодорхой дурдаагүй атлаа хариуцагч нь түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан хэмээн мэтгэлцсэн нь үндэслэл бүхий болж чадахгүй байна.

 

Иймд хариуцагч нь 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 37 дугаар тушаалын үндэслэлээ баримтаар нотолж чадахгүй байх тул уг тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасантай гэж үзэх боломжгүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 3,600,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй. 

 

4.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгохоор заасан.

 

Нэхэмжлэгч нь түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсөөр 3,600,000 төгрөгийг шаардсан нэхэмжлэл гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан 3,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 3,600,000 төгрөгөөс тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч * ХХК-иас 3,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*од олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн дагуу хариуцагчаас 72,550 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан хариуцагч * ХХК-иас 3,600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*од олгосугай.   

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар М.*ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг 3,600,000 төгрөгөөс тооцож сар бүрээр нөхөн бичилт хийхийг хариуцагч * ХХК-д даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч * ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 72,550 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    Ч.БАЯРСҮРЭН