| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 2210023131286 |
| Дугаар | 2023/ДШМ/274 |
| Огноо | 2023-03-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Ууганбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2023/ДШМ/274
2023 3 9 2023/ДШМ/274
Б.Цт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Ууганбаяр,
шүүгдэгч Б.Ц,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/787 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Цын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2210023131286 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ж овгийн Б-ийн Ц, 1983 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 39 настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт .................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:.................../;
Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 9 дүгээр сарын 14-ний шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “Хөрш заан” хотхоны 106-95 тоотод согтуурсан үедээ Э.Ц маргалдан улмаар гараараа цохиж тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зулай, дух, шанаа, хацар, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шүүгдэгч Б.Цт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Цт сануулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би ам бүл 5, эхнэр Сарангоо одоогоор хүүхдээ хараад гэртээ байдаг, ажилгүй, 1-12 насны 3 хүүхдийн хамт амьдардаг. Бид гэрлэлтийн баталгаатай, бага охин Ц.Эгнэгтсондор 1 нас 11 сартай, гэдэсний хагалгаанд 2022 оны 12 дугаар сарын 26-нд ороод эх нялхаст хэвтэн эмчлүүлж ээж нь сахиж байгаа тул би хоёр том хүүхдээ гэртээ харж байна. Мөн би “Бөмбөгөр” худалдааны төвд хувцасны лангуунд худалдагчаар болон уг лангууг түрээслэн ажиллуулдаг. Манай гэр бүлийн орлого олдог үүсвэр юм. Би сард 1.200.000-1.500.000 төгрөгийн орлого олдог. Би болсон асуудалд маш их гэмшиж, цаашид ийм асуудал гаргахгүй, үйлдсэн үйлдэлдээ дүгнэлт хийж хохирогчоос уучлалт гуйж, хохирол төлсөн, харилцан эвлэрч, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдэг тул миний ар гэрийн байдал, хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг харгалзан, бага хүүхэд хагалгаанд орж бие нь тааруу байгаа. Эхнэр сахиж байгаа учраас хүүхдээ эмчлүүлэх, үр хүүхдүүд, эхнэрээ тэжээн тэтгэх зайлшгүй амьжиргааны амьдралын нөхцөл үүсч байгааг минь харгалзан үзэж надад оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг уг зүйл ангид заасан торгуулийн ялын доод хэмжээ болох 450.000 төгрөгийн торгох ялаар сольж өгч тусална уу. Би “Бөмбөгөр” худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулдаг өдөр тутмын банкны хуулгаар миний орлого тодорхойлогдоно. ...” гэв.
Прокурор С.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээнд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч Б.Ц нь согтуурсан үедээ Э.Ц маргалдан улмаар гараараа цохиж тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зулай, дух, шанаа, хацар, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Э.Эийн “...найз Баярсайхан болон түүний хоёр найз болох Ц, Цоомоо нартай Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “Хөрш заан” хотхоны 106-95 тоотод очиж архи согтууруулах ундаа ууж байсан. Ц Баярааг дэээрлхэх байдалтай байхаар нь би Цт хандаж Баярааг өмгөөлсөн байр суурьтай үг хэлсэн чинь Ц намайг шууд цохиод авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /хх 11-15/
гэрч М.Ц “...Э Ц ахыг харааж агсан тавиад эхэлсэн, тэгээд тэр хоёр гэнэт л барилцаж аваад хэд хэд бие биенийгээ цохилцсон, тэгээд би голоор нь ороод салгаад Баярааг найзыгаа аваад яв гээд хэлсэн чинь нөгөө Э нь ахиад л янз бүрээр харааж ерөөгөөд зогсоод ахиал Ц ахтай зууралдаад авсан, тэгээд би салгаад байж байтал Э Баяраа хоёр бас зууралцаж аваад хэд хэд цохилцсон. Тэгээд би ахиж салгаад байж байтал Э гэрийнхнийгээ дуудаад цагдаа дуудсан. ...” /хх 21/
гэрч Б.Б “...Ц ах Э хоёрын ярианы өгнө жаахан хэрүүл маргаан үүсэх шинжтэй болчихсон, тэгээд нэг мэдсэн чинь хоорондоо барьцалдаад зууралдаад зогсож байсан. Би Эийг болиоч дээ гээд хэлсэн, тэгсэн чинь болихгүй дүү энэ тэр лүүгээ яриад байхаар нь болиоч дээ гээд утсыг нь авах гэсэн чинь өгөхгүй байхаар нь Этэй зууралдаад тэгээд би үсдэж бариад байж байгаад Эийг толгой руу гараараа нэг араас нь цохисон, тэгээд би үсдэж бариад ирээд намайг салгаад нэг цохихоор нь заа за болъё гээд би салсан. ...” /хх 24-25/,
шүүгдэгч Б.Цын яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 9 дүгээр сарын 14-ний шөнө дүү Цолмонгийн гэрт түүний найз Этэй маргалдаж түүнтэй зодолдож биед нь гэмтэл учруулсан. Э нэлээн согтуу байсан бөгөөд өөрөө агсан тавиад байхаар нь яваад өгөөч гэж зөндөө гуйсан. Би түүний толгой бие рүү нь цохиж гэмтэл учруулсан. ...” /хх 53-54/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 12073 дугаартай “...Э.Эийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зулай, дух, шанаа, хацар, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгих алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарагдана. ...” /хх 40-41/ гэсэн дүгнэлт зэрэг хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.
Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн объектив шинжийг бүрдүүлдэг болно.
Шүүгдэгч Б.Цын үйлдлээс үзэхэд архи ууж согтуурсан үедээ маргалдаж хохирогч Э.Эийг цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн анхан шатны дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр зохицуулсан бөгөөд шүүхээс Б.Цын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал байдлыг зэргийг харгалзан үзэж тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимыг зөрчөөгүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг бөгөөд амьдарлын эх үүсвэр, ажил хийх шаардлага зэргийг харгалзан ялыг заавал тогтоох шаардлагагүй,энэ нь ялын зорилгод хамаарахгүй.
Иймд “...торгох ял оногдуулж өгөх”-ийг хүссэн шүүгдэгч Б.Цын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/787 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Цын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ