Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг,

Улсын яллагч А.Амгалан,

Шүүгдэгч Н.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гүн овогт Нямдаваагийн Бд холбогдох 1729001020002 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө  Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн нутаг Овоогийн хэц гэх газарт иргэн Х.Анхбаатартай маргаж, улмаар эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: “Би 2017 оны 11 дүгээр сарын 29-нд суман дээр найзуудтайгаа архи ууж байгаад орой нь 23 цагийн үед шөнө хөдөө байдаг аавынхаас хүнс авахаар явсан. Тухайн үед согтуу байсан болохоор юу болсон талаар сайн санахгүй байна. Эгчийнд байсан Анхбаатар гэдэг хүнд би гэмтэл учруулсан, гэм буруутай.”  гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4 дүгээр хуудас/

Хохирогч Х.Анхбаатарын:”...хойноос явган гүйж ирээд намайг барьж аваад нүүр рүү гараараа цохиод хөлөөрөө хөл рүү өшиглөөд байхаар нь би гараараа шанаа руу нь 1 удаа цохисон чинь өнхрөөд унасан. Тэгээд согтуу юм чинь дахиж цохиод дэмий байх гэж бодоод газарт сууж байтал босож ирэнгүүтээ миний толгойны орой хэсэгт өшиглөж унагаад газар хэвтэж байхад цээж хавирга таарсан газар руу нэлээн хэд өшиглөхөөр нь би босож ирээд дахиад 1 удаа цохиход уначхаад зугтаагаад явсан. Маргааш нь бие өвдөөд явж чадахгүй болохоор нь түргэн дуудаж үзүүлэхэд эмч эмнэлэг рүү авч явсан. ...миний биеийн байдал сайн байгаа. Эмчилгээний зардалд 130,000 төгрөг гарсан. Надад Б эмчилгээний зардал 130,000 төгрөг өгсөн. Надад санал гомдол байхгүй бид хоёр эвлэрсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/

Гэрч Р.Танягийн: ”...эрүүл хүнийг согтуу хүн яавал гэж бодоод гэртээ ороод байж байтал Анхбаатар “хөөе” гээд орилохоор нь овоо руу яваад очиход Анхбаатар явган сууж байсан. Б Анхбаатарын нүүр рүү өшиглөөд байхаар нь түүнийг татаж салгаад гэртээ оруулсан. Тэгээд гэрээс гарч яваад буцаж ирж хоноод маргааш өглөө явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 05 дугаартай шинжээчийн: ”...Х.Анхбаатарын биед толгойн хуйханд шарх, цээжний зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/

Н.Бгийн яллагдагчаар өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө хөдөө байдаг аавынхаас хүнс авахаар яваад замаараа эгч жижиг Танягийнд очсон. Эгчийнд байсан Анхбаатар гэдэг хүний толгой руу цохиж гэмтэл учруулсан. Тухайн үед согтуу байсан болохоор болсон явдлыг сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх 32-33 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 35 дугаар хуудас/

Н.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах ял шалгуурын хуудас /хх-н 36 дугаар хуудас/

Шүүгдэгч Н.Бгийн гэрэл зураг, гарын дардас /хх-ийн 37-38 дугаар хуудас/

“Өгөөмөр Гавилууд” ХХК-ийн захирал М.Хашбаатарын тодорхойлолт /хх-н 39 дүгээр хуудас/

Н.Бгийн арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 41-50 дугаар хуудас/

Хохирогч Х.Анхбаатарын хохирол барагдуулсан гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбар /хх-н 51 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө  Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн нутаг Овоогийн хэц гэх газарт иргэн Х.Анхбаатартай маргаж, улмаар эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Х.Анхбаатарын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Н.Бгийн хохирогчийг цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь  Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Иймд шүүгдэгч Н.Бг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” хэдий ч энэ хэргийн хохирогч Х.Анхбаатар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд илэрхийлсэн, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 130,000 төгрөгийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг харгалзан, торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гүн овогт Нямдаваагийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд тус бүр 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Х.Анхбаатар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Н.Бгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.Бд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН